Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2140

 

  Б.Б-ын нэхэмжлэлтэй,

  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/02295 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.О, Н.О нарт холбогдох

Гэм хорын хохиролд нийт 27 683 472 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н

Хариуцагч Н.О

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчимд ММС Пажеро маркийн 35-75 УББ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Н.О-ийн гэм буруутай үйлдлийн улмаас биедээ хүнд зэргийн гэмтэл авсан. Хариуцагч Н.О нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж миний биед хүнд гэмтэл учруулсан болох нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 429 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 909 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор тус тус тогтоогдсон.

Миний бие ослын улмаас сүүжний 2 яс 4 газраа хугарсан бөгөөд сүүжний яс нь нурууны яс руугаа дээшээ түлхэлт өгч хэвийн биш болсон нь бүрэн эдгэрээгүй. Мөн аарцаг ясны эрвээхий хэлбэрийн хугаралтай үүссэний улмаас хийсвэр хагалгаагаар 2 удаа төрсөн. Өнөөдрийн байдлаар ослын үед хугарсан хэсгүүд байнга өвддөг учир өвчин намдаах эм тогтмол хэрэглэж байнгын эмчилгээнд байдаг.

Шүүхэд гэм хорын хохиролд 38 683 289 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 2 199 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 40 882 289 төгрөг болгосон. Гэмт хэргийн учирсан гэм хорын хохирол  гаргуулах шаардлагаа 14 128 227 төгрөгөөр багасгаж, нийт 26 754 062 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд:

1. Монгол Улсад хийлгэсэн эмчилгээний зардалд 1 758 378 төгрөг буюу Улсын нэгдүгээр төв эмнэлэгт MRI шинжилгээ хийлгэсний төлбөр 150 000 төгрөг, Сонгдо эмнэлэгт рентген, CT зураг авахуулахад 198 000 төгрөг, Зууны эмэгтэй салонд энэ ослоос болж үүссэн шарх, сорви арилгах эмчилгээ хийлгэсний төлбөр 96 000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн н.Шагдарсүрэн эмчид үзүүлэх, зөвлөгөө авахад 35 000 төгрөг, Тод дэлгэц ЭХО оношлогооны эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх, зөвлөгөө авахад 35 000 төгрөг, Оргил рашаан сувилалд сувилуулсны төлбөр сахиурын хамт 673 200 төгрөг, нэмэлт тэжээл авсны төлбөр 586 178 төгрөг.

2. БНС улсад 2 удаа хийлгэсэн шинжилгээ, эмчилгээний болон бусад зардалд 11 185 051 төгрөг болж байна.

а/ Эхний удаа буюу 2012 оны 11 дүгээр сард БНС улсад хийлгэсэн шинжилгээ, эмчилгээний болон бусад зардал 6 810 867 төгрөг буюу БНСУ-ын Чунг ан эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэсний төлбөрт 2 130 799 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Гэмтлийн мэс заслын тасагт амбулаторийн үзлэг, эмчилгээний төлбөрт 60 000 вон буюу 78 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эмэгтэйтэйчүүдийн тасагт эхо шинжилгээ хийлгэсэн амбулаторийн үзлэг, эмчилгээний төлбөр 220 070 вон буюу 286 091 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Эмэгтэйчүүдийн тасагт эхо шинжилгээ хийлгэсний амбулаторийн үзлэг, эмчилгээний төлбөр 1 155 067 вон буюу 1 513 138 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Эмэгтэйчүүдийн тасагт эхо шинжилгээ хийлгэсэн амбулаторийн үзлэг, эмчилгээний төлбөр 55 725 вон буюу 73 000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 18-нд Эмэгтэйчүүдийн тасагт эхо шинжилгээ хийлгэсэн эмчилгээний төлбөр 68 720 вон буюу 90 023 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Эмэгтэйчүүдийн тасагт эхо шинжилгээ хийлгэсэн эмчилгээний төлбөрт 69 120 вон буюу 90 547 төгрөг, БНСУ-д эмчилгээ хийлгэхээр явахад эм, эмчилгээний материал, хоол унааны зардал нийт 704 306 вон буюу 713 306 төгрөг, эмнэлэгт зуучилсан зуучлалын байгууллагад төлсөн төлбөр 2 860 ам.доллар буюу 3 966 762 төгрөг.

          б/ 2016 оны 10 дугаар сард БНСУ-д хийлгэсэн шинжилгээ, эмчилгээний болон бусад зардал 4 374 184 төгрөг буюу БНСУ-руу ирж, очих онгоцны тасалбар 2 294 000 төгрөг, БНСУ-д орон сууц түрээсэлний төлбөр 800 000 вон буюу 1 616 000 төгрөг, шинжилгээ, үзлэг хийлгэсний төлбөрт 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 3000 вон буюу 6 060 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 18 150 вон буюу 36 663 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 192 591 вон буюу 394 811 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 13 000 вон 26 650 төгрөг нийт 464 184 төгрөг болно.

3. Бусад зардал 13 810 633 төгрөг гаргуулах тухайд: Тухайн үед Говь-Алтай аймагт төрсөн гэр маань байдаг байсан учир гэртээ очиж эмчилгээгээ хийлгэж, амарч байхад Улаанбаатар хот руу шинжилгээ өгч, эмчид үзүүлэх шаардлага гарсан. Үүнд: Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу нислэг хийсэн тийзний үнэ 235 900 төгрөг, Говь-Алтайгаас Улаанбаатар чиглэл тийзний үнэ 180 000 төгрөг, илүү ачааны төлбөр 119 400 төгрөг, Говь-Алтай аймгийн Гуулин тосгонд амьдардаг эх н.Отгон, дүү Б.Б, Б.Б нар осол гарснаас болж Улаанбаатар хот руу намайг асарч сувилахын тулд замын унаагаар ирж, буцсаны тээврийн хөлс нэг хүн 153 000 төгрөг, эгч Б.Э, ах Б.Н нар осол гардаг өдөр Говь-Алтай аймагт томилолттой явж байсан бөгөөд Улаанбаатар хотод намайг асарч сувилахаар ирэхэд гарсан шатахууны төлбөр 495 000 төгрөг, эх н.О Говь-Алтай аймгаас ирсэн унааны зардал 205 500 төгрөг, нийт 1 388 800 төгрөг болсон.      

          4. БНСУ руу эмчилгээнд ороход 1 хүн 10 000 000 төгрөгийн барьцаа байршуулах ёстой байсан. Тухайн үед мөнгөний боломжгүй байсан учир 2 хүний /сахиур/ барьцаа төлбөр 20 000 000 төгрөгийг хувь хүнээс 2 сарын 10 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээний хүүд 4 000 000 төгрөг, эрүүгийн хэрэгт нотариатаар баримт бичиг батлуулсны төлбөрт 35 400 төгрөг, энэ хэрэгт 16 400 төгрөг, зураг угаалгасны төлбөрт 2 700 төгрөг, БНСУ-ын Чунган эмнэлэгт хийлгэсэн эмчилгээ, шинжилгээний хариуг орчуулсан төлбөрт 33 000 төгрөг мөн эмчилгээ хийлгэхээр явахад гарсан хоол, унааны зардал орчуулуусан төлбөрт 120 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сард хийлгэсэн орчуулгын зардал 85 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард хийлгэсэн орчуулгын зардалд 94 000 төгрөг болно.

Нэхэмжлэгч миний 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдаж ажилгүй байсан хугацааны төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 2 046 000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд: 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 702 000 төгрөг /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 400/, 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 1 344 000 төгрөг /2013 оны 9 дүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэн 192 000 төгрөг болсон/.

Мөн миний нөхөр Э.Д Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд байрлах “Олон овоот гоулд” ХХК-д ажилладаг байсан ба намайг осолд ороход асарч сувилах шаардлагатай болсон тул орон нутагт ажиллах боломжгүй болж ажлаасаа халагдсан. Уурхайн ажлын цаг ээлжийн системээр явагддаг ба уурхайд 60 /2 сар/ хоног ажиллаад 30 /1 сар/ хоног амардаг, уурхайд ажиллаж байх үед бүх зүйл үнэгүй байсан бөгөөд тухайн үед өглөөний цай 2 000, үдийн цай 4 500, оройн хоол 4 000 төгрөг, нийт 10 500 төгрөгийн үнэтэй байсан. Намайг осолд орсноос хойш байнгын сахиур хийж нийт 5 989 332.96 төгрөг болсон. Иймд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 26 754 062 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн.

Осол болсноос хойш өдийг хүртэл хариуцагч нар нь надад хохирол төлж, надтай ирж уулзаж чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгаагүй ба эрүүгийн хэргийг шалгах явцад надад хохиролд 2 000 000 төгрөг өгсөн гэх баримт байдаг ч надад ирээгүй, хүлээлгэж өгөөгүй, тухайн мөнгийг тэр үед миний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дур мэдэн тооцож авсныг би хожим мэдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа доорх байдлаар ихэсгэж байна. Үүнд: Эрүүгийн хэргийн баримт нотариатаар гэрчлүүлсэн зардал 21 600 төгрөг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гарсан зардалд 20 000 төгрөг, тархины зураг авахуулсан зардал 70 000 төгрөг, Эм Би Эс Мед эмнэлэгт үзүүлсэн үзлэг, оношилгоо, шинжилгээний зардалд 180 000 төгрөг, Люкс мед эмнэлэгт аарцаг ясны зураг /MRI/ авахуулсны зардалд 200 000 төгрөг, Манба дацан уламжлалт анагаах ухааны эмнэлэгт үзүүлсэн үзлэг, оношилгоо, шинжилгээний зардалд 69 000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн үзлэг, оношилгоо, шинжилгээний зардалд 55 000 төгрөг, Монос Улаанбаатар эмийн сангаас эм, тариа авсан зардалд 65 300 төгрөг, Хүрмэн эмийн сангаас эм, тариа авсан зардалд 85 700 төгрөг, Нахиа импекс эмийн сангаас эм, тариа авсан зардалд 162 810 төгрөг нийт 929 410 төгрөгөөр ихэсгэж байна гэжээ. 

     Хариуцагч Н.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Н.О шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсад хийгдсэн эмчилгээний зардалд 1 758 378 төгрөг нэхэмжилснээс Сонгдо эмнэлэгт рентген, СТ зураг авахуулахад зарцуулагдсан 198 000 төгрөгийг эрүүгийн хэрэг шийдэгдэхэд төлсөн. Улсын 1 дүгээр төв эмнэлэгт MRI шинжилгээ хийлгэсний төлбөр 150 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, мөнгө тушаагчийн гарын үсэггүй байна. Оргил рашаан сувилалд сувилуулсны төлбөрт 673 200 төгрөг нэхэмжилсэн байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Б.Б-ыг 2014 онд Оргил рашаан сувилалд заавал сахиуртай хэвтэх ёстойг нотолсон баримт байхгүй дээр эх н.О-ны төлбөрийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй юм. Зууны эмэгтэй салонд шарх, сорви арилгах эмчилгээ хийлгэсний төлбөрт 96 000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Тод дэлгэц эхо оношлогооны эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх, зөвлөгөө авсан 35 000 төгрөгийн баримтаас үзэхэд жирэмсэн болсон учир эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлж, зөвлөгөө авсан баримт байх бөгөөд гэмтэлтэй холбоотой гэх байдал харагдахгүй байна. Мөн үйлчлүүлсэн болоод мөнгө төлсөн хүний нэр байхгүй байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн н.Ш эмчид үзүүлсэн үзлэгийн төлбөрт 20 000 төгрөг төлсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, ямар үйлчилгээ авсан нь тодорхойгүй, мөнгө хүлээн авсан хүний гарын үсэггүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Нэмэлт тэжээл авсны төлбөрт 586 178 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь: хэрэгт авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, эмчийн зааврын дагуу нэмэлт тэжээлийг юуны тулд хэрхэн, яаж хэрэглэсэн нь тодорхойгүй байна.

БНСУ-д 2 удаа хийлгэсэн шинжилгээ, эмчилгээний болон бусад зардалд 11 185 051 төгрөг нэхэмжилснээс БНСУ-ын Chung an эмнэлгийн гэмтлийн мэс заслын тасаг болон эмэгтэйчүүдийн тасагт 6 удаа эхо шинжилгээ хийлгэсэн, амбулаторийн үзлэг, эмчилгээний төлбөрт нийт 1 628 702 вон буюу 2 130 799 төгрөг нэхэмжиснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь: нэхэмжлэгч Б.Б Чунг Эн эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэсний төлбөрт 2 130 799 төгрөг зарцуулсан гэж нэхэмжилж байгаа боловч гаргаж өгсөн нотлох баримтуудын нэгээс бусад нь эмэгтэйчүүдийн тасагт шинжилгээ өгч, зөвлөгөө авсан өөрөөр хэлбэл жирэмсний хяналтад орсон баримт байна гэж үзэж байна. Тухайлбал: Хэрэгт авагдсан тус эмнэлгийн оношны өвчний нэршил гэсэн хэсэгт энгийн жирэмсний хяналт гэж бичжээ. 1. эмнэлгийн дансанд мөнгө байршуулсан тохиолдолд хийлгэсэн эмчилгээний зардлаа суутгуулаад үлдэгдлийг өөрөө буцаан авдаг. Гэтэл энэ талаар ямар нэг баримтгүй. Мөн нэхэмжлэгч 6 удаа үзлэг шинжилгээ хийлгэж нийт 1 628 702 вон төлсөн гэж нэхэмжилж байгаа боловч үүнээс төлбөр хийсэн нь хэргийн 121-123-т байгаа төлбөрийн баримтад бичигдсэн 69 120 воныг Б.Б нь уг эмнэлэгт төлсөн харагдаж байна. 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эхлээд 68 720 воныг /хх-115-117/, дараа нь 400 воныг /хх 121-123/ нэмж төлөөд нийт тухайн өдөр 69 120 воныг төлжээ. Гэхдээ энэ нь эмэгтэйчүүдийн тасагт үзүүлсэн баримт байна. Гэмтлийн мэс заслын тасагт 1 удаа 60 000 воноор үзүүлсэн баримт байгаа боловч төлбөл зохих 60 000 вон төлсөн нь нотлогдохгүй.

Нэхэмжлэгч Б.Б нь жирэмсний хяналтад орсныг хариуцагч Н.О-ийн гэм хор учруулсан үйлдлийн үр дагавар гэж үзэх үндэслэлгүй. Тиймээс дээрх мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эмчилгээ хийлгэхээр явахад эм, эмчилгээний материал, хоол, унааны зардал нийт 704 306 вон буюу 713 306 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч нотлох баримт нь шаардлага хангахгүй, хэн, хэзээ, ямар зориулалтаар авсан нь тодорхойгүй, нотлох баримтыг үнэлэх боломжгүй байх тул төлөхгүй. БНСУ-ын эмнэлэгт зуучилж өгсөн зуучлалын байгууллагад төлсөн төлбөрт 2860 ам.доллар буюу 3 966 762 төгрөгийг зөвшөөрөхгүй. Гадаадад эмчлүүлэх эмчийн заавар байхгүй дээр заавал сахиуртай явах ёстой гэснийг батлах баримтгүй байна. 2016 оны 10 дугаар сард БНСУ руу ирж, очих онгоцны тасалбар 2 294 000 төгрөг, БНСУ-д орон сууц түрээсэлж байрласны төлбөр 800 000 вон буюу 1 616 000 төгрөг, шинжилгээ үзлэг хийлгэсний төлбөрт 464 184 төгрөг нийт 4 374 184 төгрөгийг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна.

3. Бусад. Унааны зардал нийт 1 388 800 төгрөгийг нэхэмжилсөн бөгөөд гэм хорын үр дагавраас үүдэлтэйгээр хэн, хаашаа, хэдий цаг хугацаанд ямар зорилгоор зорчон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдахгүй байна. Тухайлбал, бензиний зардлыг хэний машинаар хаашаа, явахын тулд бензин хийсэн нь тодорхойгүй, тухайн цаг үед эдгээр хүмүүс нэхэмжлэгч Б.Б-ыг асарч сувилж байсан нь нотлогдоогүй, илүү тээшний зардал авч явсан нь хувь хүний зохион байгуулалтын асуудал ба мөн уг гэм хорын асуудлаас болж илүү тээш авч явсан нь нотлогдохгүй байна.

Зээлийн гэрээний дагуу хүүд төлсөн 4 000 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэргийн 57 дугаар талд авагдсан зээлийн гэрээнд Б.Б гарын үсэг зураагүй, Э.Д гэх хүнтэй гэрээг байгуулсан байх ба тухайн үед Э.Д, Б.Б нар гэр бүл болоогүй байсан нь өвчтөний түүхийн нүүр дээр гэр бүлийн байдлыг бичсэн тэмдэглэл болон гэрлэлтийн баталгаа, шийтгэх тогтоолд бичсэн хохирогчийн биеийн байцаалт зэргээр нотлогдож байна. Мөн дээрх гэрээнд 2 сарын хугацаа болон 10 хувийн хүүг тохирсон асуудал байхгүй тул 4 000 000 төгрөг нэхэмжилж байгаагаа нотлоогүй.

Нэхэмжлэгч Б.Б-ын 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 2 046 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Б.Б-ын нөхөр гэх Э.Д ажлаас чөлөөлөгдсөний 5 989 333 төгрөгийг төлөхгүй. Тухайлбал, нийгмийн даатгалын дэвтэр баталгаажаагүй, хөдөлмөрийн гэрээгүй, Б.Б-ыг асарснаас болж ажлаас чөлөөлөгдсөн нь тодорхой бус, тухайн үед Э.Д нь Б.Б-той гэр бүл болоогүй зэргээс үзэхэд уг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжилж буй 26 754 062 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа осол болсноос хойш өнөөдрийг хүртэл хариуцагч нар хохирол төлж, надтай уулзаж чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгаагүй ба ... хохиролд 2 000 000 төгрөг өгсөн гэх баримт байдаг ч уг мөнгө надад ирээгүй, ....тухайн мөнгийг тэр үед миний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дур мэдэн төлбөртөө тооцож авсныг хожим мэдсэн гэжээ. Эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх хүртэл би бүх шатанд хохирогч Б.Б-той уулзах хүсэлтийг тавьсан боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н бидэндтэй уулзуулдаггүй байсан. Иймд би хохиролд төлсөн 2 000 000 төгрөгийн хохиролд төлж, уучлал гуйгаад өмгөөлөгчид нь өгсөн. Иймд намайг уучлал гуйгаагүй, тоогоогүй мэтээр бичснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хуурамч нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн асуудлыг бид шалгуулахаар Цагдаагийн газарт хандсан ба одоогоор энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй. Энэ хэрэгт нотлох баримт гэрчлүүлсний зардал 21 600 төгрөгийг хариуцан төлөхүй. Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн зардалд 55 000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Учир нь эмнэлгээс авсан үйлчилгээний нэр нь ясны сийрэгжилт тодорхойлох багц байх бөгөөд гэмтэлтэй холбоотой үзүүлсэн баримт биш байна. Мамба дацан эмнэлэгт үзүүлсэн зардал 20 000 төгрөг, 49 000 төгрөгийн баримтууд нь ямар оношилгоо, шинжилгээнд хамрагдсан нь харагдахгүй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 20 000 төгрөг нэхэмжилсэн боловч хэн, ямар ажиллагаа хийлгүүлж, юуны учир төлбөр төлсөн нь тодорхойгүй байна. Толгойн зураг авахуулсан зардалд 70 000 төгрөг нэхэмжилжээ. Гэтэл Б.Б-ын биед аарцаг ясны хугарал гэмтэл учирсан болохоос тархины гэмтэл учраагүй. Өөрөөр хэлбэл, зам тээврийн ослоос учирсан гэмтлийг үзүүлж оношлуулаагүй. Эм би эс мед эмнэлэгт үзүүлсэн зардалд 180 000 төгрөг нэхэмжилсэн 3 баримт байх ба өмнө нь эдгээр баримтуудыг шүүх хурал дээр гаргаж өгөөгүй. Эдгээр баримтуудаас үзэхэд 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр буюу 1 өдрийн баримт байх бөгөөд баримтын гүйлгээний утгаас ямар үзлэг оношилгоонд орсон нь харагдахгүй, ойлгомжгүй байна. Люкс мед эмнэлэгт үзүүлсний зардалд 200 000 төгрөг гэж нэхэмжлэлдээ бичсэн боловч баримтаа гаргаж өгөөгүй. Монос Улаанбаатар эмийн сангаас эм, тариа авсны зардалд 85 700 төгрөг, Хүрмэн эмийн сангаас эм тариа авсны зардалд 85 700 төгрөг, Нахиа импекс эмийн сангаас эм, тариа авсны зардалд 162 810 төгрөг гэж тус тус нэхэмжилсэн бөгөөд эдгээр баримтууд нь НӨАТ-ын баримтууд байх бөгөөд хэн, ямар эмчийн заавраар, ямар өвчний учир уух гэж авсан нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Б аарцаг ясны гэмтлийн улмаас эм, тариа авч хэрэглэсэн нь харагдахгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох 929 410 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас 6 хуудас баримт 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн баримт бөгөөд осол 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр болсон тул эдгээр нь хамааралгүй баримт байна. Харин үндсэн нэхэмжлэлд дурдсан 2016 оны 10 дугаар сард БНСУ-д хийлгэсэн шинжилгээ, үзлэг хийлгэсэн төлбөр 464 184 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр БНСУ руу явах буцаж ирэх Б.Б-ын онгоцны тийз 1 147 000 төгрөг нийт 1 611 184 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үүн дээр 1 388 816 төгрөгийг нэмээд 3 000 000 төгрөгийг төлж эвлэрэх саналтай байна. Би өмнө нь эрүүгийн хэрэг шийдэгдэх үед 2 000 000 төгрөг төлсөн гэжээ.  

 Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.О-ээс 6 215 146 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21 468 326 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч Н.О-т холбогдуулсан шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 114 392 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шүүх "...нэхэмжлэлийн шаардлагыг дурдсан үндэслэлээр хариуцагч Н.О-т холбогдуулан шийдвэрлэх үндэслэлгүй байх тул түүнд холбогдуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй..." гэх дүгнэлтийг хийж, хариуцагч Н.О-т холбогдуулсан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч Н.О 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эгч, хариуцагч Н.О-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, миний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, тогтоолоор тогтоосон, тухайн эрүүгийн хэрэгт хариуцагч Н.О иргэний хариуцагчаар тогтоогдон оролцож байсан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу дахин нотлох шаардлагагүй.

Хариуцагч Н.О нь хариуцагч Н.О-т тээврийн хэрэгслээ ашиглах боломж олгосон нь түүний эрүүгийн хэргийг шалгах явцад мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс харагддаг. Түүнчлэн Иргэний хуулийн 497, 499 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Н.О тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувьд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй бөгөөд гэм хорын хохирлыг хамтран хариуцах үүрэгтэй. Иймд нэхэмжлэгчээс хариуцагч Н.О-т холбогдох нэхэмжлэлээс татгалзаагүй байхад шүүх түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээр дурдсанаар тээврийн хэрэгслийн ашиглалтаас миний эрүүл мэндэд хохирол учирсан тул хариуцагч нар гэм хорыг арилгах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хариуцлага хүлээх үндэслэл нь гэм буруутай үйлдэл, учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо байдаг бөгөөд шүүхээс хэрэгсэхгүй болгосон 21 468 326 төгрөгт холбогдох шаардлага нь хариуцагч Н.О-ийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор гарсан бодит хохирол болно. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд би нэхэмжлэлийн шаардлагад холбогдох баримтгүй тул дурдаагүй эмчилгээ, сувилгаа, оношилгоо хийлгэж байсан, одоо ч тогтмол эм тариа хэрэглэдэг, эмчийн хяналтад байж, эмчлүүлж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Н.О, Н.О нарт холбогдуулан гэм хорын хохиролд 27 683 472 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Н.О нь 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны урд замд хариуцагч Н.О-ийн өмчлөлийн ММС пажеро маркийн 35-75 УББ улсын дугаартай автомашиныг жолоодон, замын хөдөлгөөнд оролцож явахдаа явган зорчигч Б.Б-ын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 7767 дугаар шинжээчийн дүгнэлт, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрмйн 429 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 909 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор тогтоогдсон, зохигчид уг үйл баримтын талаар маргаагүй.

       Хариуцагч нар тухайн осол гарсан болон нэхэмжлэгчид гэм хор учирсан явдалд гэм буруугүй болохоо баримтаар нотлоогүй тул шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар түүнийг гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд гэж үзэн бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж үзсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх хариуцагч Н.О-ийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын  хохирол, зардалд: Улсын нэгдүгээр төв эмнэлэгт MRI шинжилгээ хийлгэсний төлбөр 150 000 төгрөг, Сонгдо эмнэлэгт рентген, CT зураг авахуулсан  198 000 төгрөг, Оргил рашаан сувилалд сувилуулсны төлбөр  сахиурын хамт 673 200 төгрөг  нийт 1 021 200 төгрөгт холбогдох мөн, БНСУлсад 2016 оны 10 дугаар сард шинжилгээ, үзлэг хийлгэсэн төлбөр 464 184 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 17-нд БНСУлс руу явах, буцаж ирэх онгоцны тийз 1 147 000 төгрөг /нэг хүний/, 2012 онд БНСУ-ын эмнэлэгт зуучлуулсны хөлс 2860 ам.доллар буюу 3 966 762 төгрөг, орон сууц түрээсэлсэн төлбөр 1 616 000 төгрөг буюу нийт 7 193 946 төгрөг нийт 8 215 146 төгрөг гарсан талаар зөв дүгнэсэн. Мөн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.О-ээс хохиролд төлсөн 2 000 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч гэм хорын хохиролд 6 215 146 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад нийцжээ.

Харин хариуцагч Н.О-ийг гэм хорын хохирлыг хариуцахгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу. Эрүүгийн хэрэгт авагдсан материалууд болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Н.О нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг хариуцагч Н.О-ийн гэрт үлдээсэн нь хариуцагч Н.О-ийн буруутай үйлдлээс шалтгаалахгүйгээр тээврийн хэрэгсэл өөрийнх нь эзэмшлээс гарсан гэж үзэх боломжгүй. Иймээс хариуцагч Н.О Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар уг тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.О нь тээврийн хэрэгслийг ашиглахтай холбоотой үүссэн гэм хорыг хариуцах учиртай.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зардлууд болох төрөл садангийн хүмүүс хөдөө орон нутгаас ирсэн замын зардлууд, БНСолонгос улс руу ннөхөр Э.Д нь хамт явахад гарсан зардал, түүний хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа олох байсан орлого, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хөдөлмөрийн чадвараа алдаж ажилгүй байсан хугацааны төлбөр 2 046 000 төгрөгийг /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон/ хариуцагч Н.О-ийн 2012 онд гаргасан зам тээврийн осолтой шууд шалтгаант холбоотой үүссэн хохирол гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймээс анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь хэрэгт хамааралтай талаар харьцуулан дотоод итгэлээрээ үнэлэх энэ журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь 2012 онд гарсан зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эргэлзээгүй баримтаар нотолж чадаагүй тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/02295 дугаар шийдвэртэй тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ”Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.О, Н.О нараас гэм хорын хохиролд 6 215 146 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 468 326 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад “Н.О-ээс” гэснийг “Н.О, Н.О нараас” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Ш.ОЮУНХАНД

                                                                                                            Д.БАЙГАЛМАА