Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2213

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/02608 дугаар шийдвэртэй Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д-д холбогдох

 

Автомашины үлдэгдэл төлбөрт 9 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, хариуцагч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би Д-д 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Тоёота Тундра маркийн, 5TBBV54108S496302 арлын дугаартай, 5700сс хөдөлгүүрийн багтаамжтай, ачааны задгай тэвштэй, 2008 онд үйлдвэрлэсэн автомашиныг худалдсан. Би эхнэрийн хамт 2006 оноос 2012 оны хооронд АНУ-д ажиллаж, амьдарч байхдаа дээрх автомашиныг Монгол Улс руу ачуулсан. Тус автомашиныг эхнэрийн дүү Д.Энхтүвшин өөрийн компанийн нэр дээр хүлээн авсан ба намайг Монголд иртэл бусдад шилжүүлээгүй байсан. Д нь уг автомашиныг худалдан авахдаа эхлээд 9 000 000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 46 000 000 төгрөгийг 2013 оны 07 дугаар сард багтаан өгнө гэсэн хэлцэл хийсэн. Гэвч тухайн оны 07 дугаар сард 30 000 000 төгрөг өгсөн. Гэхдээ тус төлбөрийн 10 000 000 төгрөгт нь Мерседес бенз С200 маркийн автомашиныг оролцуулсан. Ийнхүү олон удаа бага багаар цувуулсаар хамгийн сүүлд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1 000 000 төгрөг авсан. Би өөрийн машиныг 55 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон ба одоо машины төлбөрт дутуу төлөгдсөн 9 500 000 төгрөгийг Д-аас гаргуулна гэжээ.

 

Хариуцагч Д-ы тайлбарт: Б нь 2013 оны 07 сард надаас 30 000 000 төгрөг бэлнээр авсан гэж худлаа бичсэн байна. Тэрээр Тоёота Тундра маркийн автомашины үлдэгдэл төлбөрт миний дүүгийн Чех улсаас оруулж ирсэн номер дугаараа аваагүй зарах гэж байсан Ниссан Патпендер маркийн автомашиныг өгснөөр тооцоо дуусч, машинаа нэр дээрээ шилжүүлж авсан. Хэд хоногийн дараа нэг залуу “танай оруулж ирсэн Ниссан Патпендер маркийн автомашиныг ХХХ гэх хүнээс худалдаж авахдаа өөрийн Мерседес С200 автомашин дээр бэлэн мөнгө өгсөн” гэж хэлэхэд нь би Бгээс асуухад “наад залуутай наймаа хийгээд зөрүү мөнгөө аваад тохирчихсон, бичиг баримтыг нь шилжүүлээд өгчих” гэж хэлсэн тул би уг автомашиныг тэр залуугийн нэр дээр шилжүүлсэн.

Би Тоёота Тундра маркийн автомашиныг Сибукторн гэдэг компанитай гэрээ байгуулж авсан. Захирлыг нь Энхтүвшин гэдэг. Гаалиар 22 300 000 төгрөгөөр орж ирсэн. 9 000 000 төгрөг, мөн Ниссан маркийн машинаа өгөөд үлдэгдэл 6 000 000 төгрөгийг дараа өгнө гэж тохиролцоод авсан. Үлдэгдэл 6 000 000 төгрөгийг өгсөн. Б машины түлхүүр өгөхгүй байсан тул 500 000 төгрөг нэмж өгөөд машинаа авсан. Машины гаалийн бичигт Б-ийн нэр байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д-аас 9 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б-д олгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 166 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Учир нь анх шүүхэд гарган өгсөн нотлох баримт болох хэргийн 4 дүгээр хуудасны ар талын нотлох баримт, мөн хавтаст хэргийн 12 дугаар хуудасны ар талд байх нотлох баримтыг засварласан, нотлох баримтын шаардлагыг илт хангахгүй байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчиж, нотлох баримтыг хэрэгт хамраалтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэж үзэж байна.

Мөн хариуцагч Д миний биеийг 2013 оны 05 сарын 28-ны өдөр баталгаа гаргасан гэж шүүх дүгнэсэн бөгөөд Ниссан Патпендер маркийн автомашины үнийг 30 000 000 төгрөг гэж, нэхэмжлэгч Б нь өөрийн гараар үлдэгдэл 6 000 000 төгрөг гэж бичсэн баримтаа засварласан байхад энэ засвартай нотлох баримтын шаардлага илт хангахгүй баримтыг үнэлэн 9 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг  бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Б нь хариуцагч Д-д холбогдуулан автомашины үлдэгдэл төлбөрт 9 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2013 оны 02 дугаар сард Тоёота Тундра маркийн автомашиныг хариуцагчид 55 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцон өмчлөлд нь шилжүүлж, хариуцагч нь автомашины үнэд 9 000 000 төгрөг төлсөн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон боловч талууд автомашины үлдэгдэл төлбөр бүрэн төлөгдсөн эсэхэд маргаж байна.

 

Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн хэдий ч хэргийг шийдвэрлэхдээ талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон бусад бичгийн баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлээгүй байна.

 

Хариуцагч нь автомашины үлдэгдэл төлбөрт 46 000 000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд, үүнээс 30 000 000 төгрөгт нь Ниссан Патпендер маркийн автомашин тооцон өгч, өөрийн дүү Д.Э-ийн дансаар дамжуулан 6 500 000 төгрөгийг нэхэмжлэгчийн эхнэр Х.Э-д шилжүүлэн төлсөн нь гэрч Б.А, Д.Э, Д.Э, Х.Э нарын мэдүүлэг, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар тогтоогдсон гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Зохигчид Ниссан Патпендер маркийн автомашиныг хэдэн төгрөгт тооцон авсан талаар маргадаг боловч гэрч Б.А-ийн “Ниссан Патпендер маркийн автомашиныг 28 000 000 төгрөгөөр худалдан авсан” гэх мэдүүлэг, автомашиныг 16 445 831 төгрөгөөр үнэлсэн тухай хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэргийг хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан дүгнэж, нэхэмжлэгчийн уг автомашиныг 30 000 000 төгрөгт тооцсон гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь өөрийн гараар “дутуу 6 000 000 төгрөг” гэж бичсэн баримтаа засварласан байхад анхан шатны шүүх 9 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хэргийн 4, 12 дугаар талд авагдсан нотлох баримтын арын хэсэгт бичигдсэн “6 000 000 төгрөг дутуу” гэх бичвэрийг тосон балаар дарж балласан гэдгээ Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн болон энэ өдрийн шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн.

 

Зохигчдын хэн алинд нь бичгээр хийсэн гэрээ, тооцоо нийлсэн баримт байхгүй тул  тухайн үед автомашин худалдан борлуулсны үлдэгдэл төлбөрийн талаар хэрхэн тохиролцсоныг тогтооход дээрх шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан талуудын тайлбарыг үнэлэх боломжтой. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь автомашины үлдэгдэл төлбөр 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй гэж үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт үнийн дүнгийн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/02608 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “9 500 000 төгрөг” гэснийг “6 000 000 төгрөг” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “56.1” гэснийг “56.2” гэж, “хэвээр үлдээж” гэсний дараа “хариуцагчаас 110 950 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                 ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

             ШҮҮГЧИД                     Д.БАЙГАЛМАА

 

                                                    А.МӨНХЗУЛ