Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/461

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Сосорбарам,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Шүүгдэгч: С.Б- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Б-т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905018140551 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Б-, .....тоот регистртэй,

Шүүгдэгч С.Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б-той хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Б.Б-ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Уран зочид буудалд өрөө аваад байж байхад Золбоо руу бааранд танилцсан 2 охины 1 нь залгаад миний гар утас алга байсан. “Та нар авсан уу, авсан бол өгчих та нар хаана байна уулзъя” гэсэн. Тэгэхээр нь бид нар гар утсыг нь аваагүй учир үнэн учраа олъё гээд байгаа газраа зааж өгсөн. Тэгээд байж байхад шөнийн 03 цаг өнгөрч байхад “гадаа чинь ирчихлээ” гэж хэлсэн. Ингээд Золбоо гэх найз маань түрүүлж гараад гадаа нилээн удаад байхаар нь араас нь гарсан. Тэгээд нөгөө хоёр охин гар утсаа нэхээд байсан. Золбоо би аваагүй миний бичиг баримтыг одоо аваад маргааш цагдаадаа ханд гэж хэлсэн. Тэгэхэд хажууд зогсож байсан өндөр туранхай залуу намайг шилдэж дараад утсыг нь өгөөч гэхээр нь “боль зүгээр байгаарай” гэж хэлэхэд хажуунаас халзан толгойтой залуу шууд миний хамар хэсэгт 1 удаа цохьсон. Цохих үед шууд манараад арагш ухраад суусан чинь дээрээс толгой хэсэг рүү өшиглөөд байсан. Нөгөө хоёр охин болиоч ээ гээд салгасан. Нөгөө залуучууд машинд суугаад яваад өгсөн. Тэр залуучууд тавуулаа явсан бөгөөд машин барьж явсан залуу гарч ирээд намайг зодсон. Бусад залуучууд нь бол цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 19/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Нэг охин нь буугаад нэг залуутай уулзаад байсан. Тэр үед Анхбаяр бааранд танилцсан Жамъяан гэх залуутай хамт яваад очсон. Тэгээд Анхбаяр хар куртиктэй залуутай маргалдаад байсан. Тэгсэн чинь машинаас Болдбаатар ах бууж очоод хар куртиктэй залуугийн нүүр рүү 2 удаа цохиж байсан. Өөр хүн бол тэр залууг цохиж зодоогүй...” гэсэн дүгнэлт /хх-н 8/,

Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Найз нь гэх хар куртиктэй залуу гарч ирээд бид нар гар утас авахаар хүмүүс биш гээд дайраад маргалдсан. Намайг цохиж авах гэж үзсэн. Тэгээд Болдбаатар очоод нүүр рүү нь 2 удаа цохьсон. Тэгээд Батбилэг бид нар салгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10/,

Гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Машинтай ирсэн залуучууд бууж ирээд зочид буудлын үүдэнд очих үед хар өнгийн куртиктэй залуу гарч ирсэн. Тэгээд би хар өнгийн куртиктэй залуу дээр очоод маргалдаад явж байхад бараан хар хувцастай залуу хүрч ирээд надтай маргалдаж байсан, залуугийн хамар руу нь цохьсон..” гэсэн мэдүүлэг /хх-н 12/,

Гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хамт явсан залуучуудаас 2 нь билүү хамт очоод маргалдаж эхэлсэн. Тэгээд машинаас жолооч залуу бууж очоод хар куртиктэй залуугийн нүүр рүү нь цохьсон. Хамарнаас нь цус гарсан. Тэгээд зодоон болох гээд би орилоод татаад холдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14/,

Шинжээчийн 4400 тоот дүгнэлтэд: “...Б.Б-ийн биед зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд нүүрний хэсэгт хүч үйлчлэх үед үүснэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н /хх-н 25/,

Яллагдагчаар С.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Баарны үүдэнд гараад зогсож байтал үл таних 2 охин таараад танилцсан. Тэгтэл нэг охин нь гар утсаа өгөөч хамт байсан залуучууд гар утас аваад явчихсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд утсаа өгөөд яриулсан чинь “Стелла” баарны замын урд талын Уран гэх нэртэй зочид буудлын гадаа очсон. Тэгтэл нэг улаан цамцтай залуу гарч ирээд гар утсаа алдсан охинтой уулзаад зогсож байсан. Тэгтэл буудлаас хар куртиктэй залуу гарч ирээд манай найз Анхбаяртай маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь машинаас бууж очоод хажууд нь зогсож байсан Жамъяаныг татаж холдуулаад хар куртиктэй залуугийн хамар руу нь гараараа 2 удаа цохьсон. Тэгтэл манай найзууд салгаад бид нар машиндаа суугаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 32-35/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, Яаралтай тусламжийн хуудас /хх-н 3-4/, хохирлын баримтууд /хх-н 23/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 36-46/, хохирогчийн хүсэлт /хх-н 50/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б-той хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Б.Б-ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Б-ийн: “...Золбоо гэх найз маань түрүүлж гадаа нилээн удаад байхаар нь араас нь гарсан. Тэгээд нөгөө хоёр охин гар утсаа нэхээд байсан. Золбоо “би аваагүй миний бичиг баримтыг одоо аваад маргааш цагдаадаа ханд” гэж хэлсэн. Тэгэхэд хажууд зогсож байсан өндөр туранхай залуу намайг шилдэж дараад “утсыг нь өгөөч” гэхээр нь “боль зүгээр байгаарай” гэж хэлэхэд хажуухнаас халзан толгойтой залуу шууд миний хамар хэсэгт 1 удаа цохисон. Цохих үед шууд манараад арагш ухраад суусан чинь дээрээс толгой хэсэг рүү өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19/, гэрч Б.Б-ийн: “...Анхбаяр хар куртиктэй залуутай маргалдаад байсан. Тэгсэн чинь машинаас Болдбаатар ах бууж очоод хар куртиктэй залуугийн нүүр рүү 2 удаа цохиж байсан. Өөр хүн бол тэр залууг цохиж зодоогүй...” гэсэн дүгнэлт /хх-н 8/, гэрч Б.А-ын: “...Найз нь гэх хар куртиктэй залуу гарч ирээд “бид нар гар утас авахаар хүмүүс биш” гээд дайраад маргалдсан. Намайг цохиж авах гэж үзсэн. Тэгээд Болдбаатар очоод нүүр рүү нь 2 удаа цохисон. Тэгээд Батбилэг бид нар салгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10/, гэрч Б.А-гийн: “...Машинтай ирсэн залуучууд бууж ирээд зочид буудлын үүдэнд очих үед хар өнгийн куртиктэй залуу гарч ирсэн. Тэгээд би хар өнгийн куртиктэй залуу дээр очоод маргалдаад явж байхад баруун хар хувцастай залуу хүрч ирээд надтай маргалдаж байсан, залуугийн хамар руу нь цохисон..” гэсэн мэдүүлэг /хх-н 12/, гэрч Б.Д-гийн: “...Хамт явсан залуучуудаас 2 нь билүү 2 нь хамт очоод маргалдаж эхэлсэн. Тэгээд машинаас жолооч залуу бууж очоод хар куртиктэй залуугийн нүүр рүү нь цохисон. Хамарнаас нь цус гарсан. Тэгээд зодоон болох гээд би орилоод татаад холдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14/, шинжээчийн 4400 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Б- нь хохирогч Б.Б-той маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, 120.000 төгрөг болон эмчилгээний зардал авсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.                                                              

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР