Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 904

 

С.Б-т холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

хохирогч Б.Балдорж,

шүүгдэгч С.Б-,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Б.Балдоржийн гаргасан давж заалдах гомдлоор С.Б-т холбогдох эрүүгийн 1905018140551 дугаартай хэргийг 2019 оны 9 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржгон овгийн С.Б-, 1988 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын хэл судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эмэг эхийн хамт Баянгол дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

             С.Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Балдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

            Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлжээ.             

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, С.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

            Хохирогч Б.Балдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие өнөөдрийг хүртэл С.Б-тай эвлэрээгүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт гаргаагүй. Прокурор Г.Ганхөлөг миний эрх зүйн мэдлэг дутмаг, үүсэх хууль зүйн үр дагаврыг бүрэн тооцоолж чадахгүй байдлыг маань ашиглаж “Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн утгатай албан бичиг бичүүлж хэрэгт хавсаргасан байдаг. “Эвлэрсэн”, “Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлтүүд өөр хоорондоо утга зүйн хувьд эрс ялгаатай. Прокурор Г.Ганхөлөг нь Б.Б- бид хоёрыг дуудаж уулзаад “Б- чамд хохирлыг чинь барагдуулж өгнө гэж байна. Тийм болохоор чи ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн утгатай бичиг гялс бичээд өгчих” гэж хэлээд бичүүлсэн. Мөн “Шүүх хуралдаанд оролцох онцын шаардлагагүй, шүүх танд хохирол төлбөр олгохоор шийдвэрлэнэ” гэж хэлээд надаар “шүүх хуралдаанд оролцохгүй” гэж бичүүлсэн. Гэтэл прокурор шүүх хуралдаанд оролцохдоо хохиролгүй гэж яллах дүгнэлтдээ дурьдсанд туйлын гомдолтой байна. Тухайн хохирол хэрхэн төлөгдсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх хохирол төлбөргүй гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж миний эрхийг ноцтой зөрчсөн. С.Б- нь миний хохирлыг барагдуулаагүй. Эмчилгээний зардлыг бүрэн хариуцна гэж хэлчихээд холбоо барилгүй удсан учир би давж заалдах гомдол гаргасан. Өнөөдрийн байдлаар 1.120.000 төгрөгийн хохирол төлөгдсөн байгаа. Одоо үлдэх хохирлоо барагдуулж авахыг хүсэж байна...” гэв.

            Шүүгдэгч С.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...мөрдөн байцаалтын явцад хохирол төлбөрийг нөхөн төлөх талаар хохирогчтой тохиролцсон. Одоогийн байдлаар 1.120.000 төгрөгийг төлсөн байгаа...” гэв.   

            Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Балдорж зүгээс хохирол төлбөр барагдаагүй, гэхдээ С.Б-тай сайн дураар эвлэрсэн, миний хохирлыг төлсөн тохиолдолд түүнд гомдол саналгүй талаар мэдүүлэг өгсөн. Тэрээр 120.000 төгрөгийн эмчилгээний баримтыг гаргаж өгсөн байдаг. Эдгээрийг үндэслэн яллагдагч, хохирогч нарыг дуудаж уулзахад яллагдагчийн зүгээс хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн бол хохирогчийн зүгээс хохирлоо барагдуулахыг хүссэн. Би тэдэнд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хуульд заасан шаардлагыг танилцуулж, тайлбарласан. Үүнийг яллагдагч, хохирогч нарын хэн аль нь хүлээн зөвшөөрсөн ба яллагдагч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой сайн дураар эвлэрсэн тухай хүсэлтээ тус бүр бичиж өгсөн тул хуульд заасан шаардлага хангагдсан гэж үзээд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нь 120.000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлсөн байсан. Харин хохирогч цаашид хийлгэх 2.500.000 төгрөгийн эмчилгээний баримтаа гаргаж өгөөгүй. Гэхдээ шүүгдэгч нь тухайн эмчилгээг хийлгэсэн тохиолдолд уг зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд шүүх хуралдааны дараа 1.000.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн байдаг. Түүнчлэн хохирогчийн зүгээс “120.000 төгрөг болон цаашид хийлгэх эмчилгээний зардлыг С.Б- нөхөн төлнө. Иймд түүнтэй эвлэрч байна. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэх хүсэлтээ шүүхийн шатанд гаргаж өгсөн байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

С.Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Балдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Б.Балдорж нь “...Золбоо руу бааранд танилцсан хоёр охины нэг нь залгаад “Миний гар утас алга, та нар авсан уу, авсан бол өгчих, хаана байна уулзъя” гэсэн. Тэгэхээр нь бид нар гар утсыг нь аваагүй учир үнэн учраа олъё гээд байгаа газраа зааж өгсөн... шөнийн 3 цаг өнгөрч байхад “Гадаа чинь ирчихлээ” гэж хэлсэн. Ингээд Золбоо түрүүлж гараад гадаа нэлээн удаад байхаар нь араас нь гарсан... Тэгэхэд хажууд зогсож байсан өндөр туранхай залуу намайг шилдэж дараад “Утсыг нь өгөөч” гэхээр нь “Боль зүгээр байгаарай” гэж хэлэхэд хажуунаас халзан толгойтой залуу шууд миний хамар хэсэгт 1 удаа цохисон. Цохих үед шууд манараад арагш ухраад суусан чинь дээрээс толгой хэсэг рүү өшиглөөд байсан. Тэр залуучууд тавуулаа явсан бөгөөд машин барьж явсан залуу гарч ирээд намайг зодсон. Бусад залуучууд нь бол цохиж зодоогүй...” /хх-ийн 19/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан гэх этгээдийн талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч Б.Батбилэгийн “...Анхбаяр хар куртиктэй залуутай маргалдаад байсан. Тэгсэн чинь машинаас Б- ах бууж очоод хар куртиктэй залуугийн нүүр лүү 2 удаа цохиж байсан...” /хх-ийн 35/,

гэрч Б.Анхбаярын “...найз нь гэх хар куртиктэй залуу гарч ирээд “Бид нар гар утас авахаар хүмүүс биш” гээд дайраад маргалдсан. Тэгээд Б- очоод нүүр лүү нь 2 удаа цохисон...” /хх-ийн 10/,

гэрч Б.Дэлгэрмаагийн “...машинаас жолооч залуу бууж очоод хар куртиктэй залуугийн нүүр лүү нь цохисон. Хамарнаас нь цус гарсан...” /хх-ийн 14/,

яллагдагч С.Б-ын “...хар куртиктэй залуу гарч ирээд манай найз Анхбаяртай маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь машинаас бууж очоод хар куртиктэй залуугийн хамар луу нь гараараа 2 удаа цохисон...” /хх-ийн 32-35/ гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4400 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/ зэргээр давхар нотлогдсон болно.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, яллагдагч С.Б-ын зүгээс өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч Б.Балдоржид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба хохирогч Б.Балдорж нь “С.Б- миний хохирлыг барагдуулна гэсэн. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн тул хэргийг шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэсэн утгатай мэдүүлгийг удаа дараа өгч, энэ тухай хүсэлтээ бичгээр гаргасныг үндэслэн прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулан зөвшөөрлийг гарын үсгээр баталгаажуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч С.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, шүүх яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар бичсэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч С.Б-ыг  тухайн зүйл, хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлүүдэд заасан “Эрүүгийн хэргийг хялбаршуулан хянан шийдвэрлэх журам”-ыг үйл ажиллагаандаа баримталжээ.

Хохирогч Б.Балдорж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад, компьютер томографийн шинжилгээ хийлгүүлсэн 120.000 төгрөгийн баримт гаргаж өгснөөс гадна, цаашид хийлгэх эмчилгээний зардалд 2.500.000 төгрөгийг шүүгдэгч С.Б-аас нэхэмжилсэн.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б- нь хохирол төлбөрт нийт 1.120.000 төгрөгийг /бэлэн бус гүйлгээгээр/ нөхөн төлсөн хэмээн мэдүүлэх бөгөөд энэ нь хохирогч Б.Балдоржийн уг мөнгийг хүлээн авсан тухай мэдүүлгээр тогтоогдож байна.

Хэдийгээр хохирогч Б.Балдорж нь цаашид гарах эмчилгээний зардлыг тодорхойлсон нотлох баримтаа өгөөгүй боловч түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан прокурор тодорхой санал гаргаагүй, анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан хохирогчийн эрхийг хангах үүднээс түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогч Б.Балдорж нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсан нэмэлт заалт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогч Б.Балдорж нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                                                                                        

         

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

                                 ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН