Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/483

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

улсын яллагч: Ш.Нямдорж,

шүүгдэгч: Н.С, түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Ст холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902002300115 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.С, ......тоот регистртэй,

Шүүгдэгч Н.С нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруун хараа сумын нутаг дэвсгэрт байрлах С- гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 2.4473 грамм жинтэй “Каннабис” гэх мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг түүж бэлтгэн 2019 оны 3 дугаар арын 28-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 25 дугаар байрны 107 тоотод өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Н.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Н.С “миний биед буюу өмсөж яваа гадуур куртикны дотор талын зүүн халаасанд “Өвс” гудамжны нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамалыг 2018 оны 8 дугаар сарын дундуур байх, өдрийн нь санахгүй байна, өөрийн хүү Эрмүүнтэй уулзах гээд Орхон аймаг руу явж байхад замдаа нэг хөшөөн дээр очиход уг хөшөөг С- гэж нэрлэдэг байсан болохоор зургаа авахуулахаар буухад хажууд нь Каннабис буюу татаж хэрэглэдэг өвс ургасан байхаар нь түүж аваад сонинд боогоод тухайн үед өмсөж байсан гадуур куртикныхаа энгэрийн халаасанд хийчихсэн юм, тэр өвснөөс үлдсэн нь одоо надад байгаа” гэж хариулаад өөрийн өмсөж байгаа хар өнгийн нимгэн куртикны дотор талын зүүн энгэрийн халааснаас нунтаг ногоон өнгийн “Өвс” гэх гудамжны нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг гаргаж өгснийг цагаан цаасанд тавьж цахилгаан жин дээр жинлэхэд цаасны хамт 3.89 грамм жинтэй байсаныг шинжилгээнд хүргүүлэхээр цаасанд битүүмжилэн, зиплок уутанд хийж хураан авав. Мөн Н.Сийн гаднах куртикны баруун халааснаас хуниралдсан тугалган цаас шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав...” гэжээ /хх-н 12-15/,

Шинжээчийн 2129 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд хуйлсан тугалган цаас, “өвс мэт зүйл” гэж хаягласан цаасанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйлийг гялгар уутанд хийн битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “өвс мэт зүйл” гэж хаягласан цаасанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 2.4473 грамм байв. Шинжилгээнд ирүүлсэн хуйлсан тугалган цаас, “өвс мэт зүйл” гэж хаягласан цаасанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно...” гэсэн дүгнэлт /хх-н 27-28/,

Шинжээчийн 2130 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд AV7226134 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, JN7668063 серийн дугаартай Монгол Улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, AM0190726 серийн дугаартай Монгол Улсын 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг гялгар уутанд хийн битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн AV7226134 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, AM0190726 серийн дугаартай Монгол Улсын 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртэд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн JN7668063 серийн дугаартай Монгол Улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 32-33/,

Шинжээчийн 2133 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Н.С 2019.03.28” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabino/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...” гэсэн дүгнэлт /хх-н 37-38/,

Шинжээчийн 2128 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд Айпоне 5 маркийн цагаан өнгийн гар утас, бараан өнгийн утасны гэр, “Хамгийн сайн асаагуур” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн асаагуурыг гялгар уутанд хийн битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн бараан өнгийн гар утасны гэрээс делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн Айпоне 5 маркийн цагаан өнгийн гар утас, “Хамгийн сайн асаагуур” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн асаагуураас мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 42-43/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 594 тоот дүгнэлт: “...Н.С нь 2017 оны намраас эхлэн Каннабинойд /өвс/ татаж хэрэглэдэг болсон байна. Одоо Н.С нь Каннабинойдын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Н.С нь Каннабинойдын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Н.С нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.С нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 8 дугаар сараас 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрүүдэд хэрэг хариуцах чадвартай байсан байна. Н.С нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. Н.Ст эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Н.С нь Каннабинойдын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй байна....” гэсэн дүгнэлт /хх-н 47-49/,

Сэжигтэн, яллагдагчаар Н.Сийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2018 оны 8 дугаар сарын дундуур Орхон аймагт амьдарч байгаа хүү Эрмүүн дээр очих гэж яваад замдаа С- гэх хөшөөтэй тааралдаад миний нэртэй адилхан хөшөө байна гэж бодоод зураг авахуулаад явах гэхэд хажуу талд нь Каннабис буюу Өвс гэх гудамжний нэршилтэй ургамал ургасан байхаар нь 2-3 атгыг аваад сонинд ороогоод өмсөж явсан хувцасныхаа энгэрийн халаасанд хийсэн. ...2019 оны 3 дугаар сарын 20-ны үед би хавар намрынхаа савхин куртикыг гаргаж өмсөхөд дотор энгэрийн халаасанд нь нөгөө ургамал байхаар нь би одоо өмсөж байгаа куртикны дотор энгэрийн халаасанд хийгээд биедээ авч явсан юм... би 2019 оны 3 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед өөрийн амьдардаг байрны гаднах цэцэрлэгийн хашааны гадна өөрийн биед хадгалж байсан өвсөө үзлэгийн явцад миний халааснаас гарч ирсэн тугалаган цаасыг ашиглан мөнгөн дэвсгэртүүдээр сорж хэрэглэсэн юм. ...би өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсч, хадгалсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 51-52/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-11/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 18/, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-н 20-22/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 23/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 63-65, 77/ зэрэг болно.    

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Н.С нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруун хараа сумын нутаг дэвсгэрт байрлах С- гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 2.4473 грамм жинтэй “Каннабис” гэх мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг түүж бэлтгэн, 2019 оны 3 дугаар арын 28-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 25 дугаар байрны 107 тоотод өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Н.С “миний биед буюу өмсөж яваа гадуур куртикны дотор талын зүүн халаасанд “Өвс” гудамжны нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамалыг 2018 оны 8 дугаар сарын дундуур байх, өдрийн нь санахгүй байна, өөрийн хүү Эрмүүнтэй уулзах гээд Орхон аймаг руу явж байхад замдаа нэг хөшөөн дээр очиход уг хөшөөг С- гэж нэрлэдэг байсан болохоор зургаа авахуулахаар буухад хажууд нь Каннабис буюу татаж хэрэглэдэг өвс ургасан байхаар нь түүж аваад сонинд боогоод тухайн үед өмсөж байсан гадуур куртикныхаа энгэрийн халаасанд хийчихсэн юм, тэр өвснөөс үлдсэн нь одоо надад байгаа” гэж хариулаад өөрийн өмсөж байгаа хар өнгийн нимгэн куртикны дотор талын зүүн энгэрийн халааснаас нунтаг ногоон өнгийн “Өвс” гэх гудамжны нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг гаргаж ирсэнийг ...хураан авав” гэжээ /хх-н 12-15/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /хх-н 16-17/, шинжээчийн 2129, 2130, 2133, 2128 тоот дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын 594 тоот дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа гялгар ууттай ногоон өнгийн 4 грамм ургамал мэт зүйл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Сийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.С нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Харин хэрэгт авагдсан “Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэлд: “...THC хэсгийн Т, С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/...” гэсэн атлаа, уг хэрэгт хамааралгүй хүнийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй” гэж бичсэн нь уг нотлох баримтыг үнэлэх боломжгүй байх тул нотлох баримтаас хасах нь зүйтэй гэж үзсэн болно. /хх-н 16-17/,

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Н.Сийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Н.Ст ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт 01 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Н.Сийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг түүж бэлтгэсэн, хадгалсан, уг бодисоо хэрэглэсэн, уг гэмт хэргийн улмаас Үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн эрх ашигт учрах хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй  гэж үзлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, Үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулах тул бусдад төлөх бодит хохиролгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг үндэслэлээр ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж шүүх үзлээ.  

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа гялгар ууттай ногоон өнгийн 4 грамм ургамал мэт зүйл, бараан өнгийн гар утасны гэрийг устгах, AV7226134 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, JN7668063 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, AM0190726 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг Монгол банканд шилжүүлэх, IPhone 5 маркийн гар утас 1 ширхэгийг шүүгдэгч Н.Ст буцаан олгохыг тус тус Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Сийг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сийг 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ст оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа гялгар ууттай ногоон өнгийн 4 грамм ургамал мэт зүйл, бараан өнгийн гар утасны гэрийг устгах, AV7226134 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, JN7668063 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, AM0190726 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг Монгол банканд шилжүүлэх, IPhone 5 маркийн гар утас 1 ширхэгийг шүүгдэгч Н.Ст буцаан олгохыг тус тус Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ст цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.ОТГОНБАЯР