Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 758

 

Н.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Нямдорж,

шүүгдэгч Н.Сийн өмгөөлөгч Ч.А,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 483 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Сийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдлоор Н.Ст холбогдох эрүүгийн 1902002300115 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Н.С, 1989 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .......................... тоотод амьдарч байсан, ял шийтгэлгүй, /РД:........................../;

Н.С нь 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруун хараа сумын нутаг дэвсгэрт байрлах Н.С гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 2.4473 грамм жинтэй “Каннабис” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 25 дугаар байрны 107 тоотод өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Сийг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сийг 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Ст оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/ гялгар ууттай ногоон өнгийн 4 грамм ургамал мэт зүйл, бараан өнгийн гар утасны гэрийг устгах, AV7226134 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, JN7668063 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АМ0190726 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг Монгол банкинд шилжүүлэх, “Iphone 5” загварын гар утас 1 ширхэгийг шүүгдэгч Н.Ст буцаан олгохыг тус тус Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ст цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Сийн өмгөөлөгч Ч.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Н.Сийн хувийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Н.С нь 9 настай байхдаа авто машины осолд орж хүнд бэртсний улмаас баруун хөл өвдөгнөөс доош 11 хугаралтай, мөн сүрьеэ өвчнөөр 2019 оны 4 сард өвдөж Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн хяналтанд эмчлүүлж, зүүн уушги устсан гэсэн Улсын 3 дугаар төв эмнэлгийн томографийн рентген зургаар оношлогдсон боловч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хорих ял авч одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 461 дүгээр хаалттай хорих ангид хоригдож байгаа. Хүнд өвчтэй, 0-2 насны хүүхэдтэй, хоригдсон өдрөөс хойш эмчилгээ тасалдсан. Энэ талаар хорих ангийн даргад гомдол гаргасан. Н.С нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр түүнд хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээ хэрэглэх, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй хүнд хэрэглэх заалтыг хууль тогтоогчийн зүгээс хуульчилж өгсөн. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж үзэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 483 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь хэсгийг хүчингүйд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ш.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Н.Ст холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Н.С нь 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруун хараа сумын нутаг дэвсгэрт байрлах Н.С гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 2.4473 грамм жинтэй “Каннабис” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 25 дугаар байрны 107 тоотод өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Тэрээр “Н.С” гэх нэртэй газраас каннабис буюу өвс гэх нэршилтэй ургамал ургасан байхаар нь 2-3 атгыг сонинд боож авсан, өөрийн биед хадгалж байгаад тугалган цаас ашиглаж, мөнгөн дэвсгэртээр ороож, сорж хэрэглэсэн гэдгээ хүлээн мэдүүлсэн /хх-52/ ба түүний мэдүүлгүүд нь хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-15/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-20-22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2129, 2130, 2133 дугаартай дүгнэлтүүд /хх-27, 32, 37/, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 594 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-48/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Н.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Н.Сийг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн, Н.Сийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Н.Сийн өмгөөлөгч Ч.Атарболд нь “... Н.Ст хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” заалт, 7.1 дүгээр зүйлд заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” заалт нь шүүхэд үүрэг болгосон заалт бус, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэглэдэг учиртай тул уг заалтыг заавал хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг ихтэй тул Н.Ст хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөлтэй ба анхан шатны шүүхээс Н.Сийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Сийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 483 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 483 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Сийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ   

ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН