Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 202/ÌÀ2017/00031

 

 

Т.Э-ийн нэхэмжлэлтэй 

  иргэний хэргийн тухай

  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2017/00328 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: Т-ын Э -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ц-ын Г-т холбогдох, 

2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Дорноговь аймгийн  Сайншанд сумын 2 дугаар б аг, *** тоот 42,63 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтэст дээрх орон сууцыг Ц.Г-ийн нэр дээр гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Эийн нэр дээр болгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй, 

Гуравдагч этгээд *** банкны “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” тухай буюу Дорноговь аймгийн Сайншанд сумын *, *** тоот хаягт орших, 42,63 м2  талбай бүхий орон сууцны барьцааны эрхийг 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3021-14/169 тоот “Санхүүгийн түшиг зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу шударгаар олж авсан шударга, хууль ёсны барьцаалагч болохыг тогтоолгох, уг барьцаа хөрөнгөөр 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3021-14/169 тоот “Санхүүгийн түшиг зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах бие даасан шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч,  гуравдагч этгээд *** банкны төлөөлөгч Ч.Э, Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Баярмаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г-ийн хадам болох Ц гэгчтэй нэг нутаг усных тэр тусмаа нэг байгууллагад 20 гаруй жил хамт ажиллаж байгаа учраас 2014 оны 06 сард Сайншанд сумын * 47 дугаар байрны 14 тоот 2 өрөө орон сууцыг банкинд барьцаалж зээл авахад туслаач гэсэн гуйлтыг зөвшөөрч, байрны гэрчилгээг өөрчилж Цгийн хүргэн Гийн нэр дээр болгож өгсөн билээ. Энэ хугацаанд тэдний хүргэн Г гэгч нь манай байрны гэрчилгээг *** банкны зээлийн барьцаанд тавьж, 25 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд тэрээр зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлж чадаагүйн улмаас тус банк нь 2015 оны 05 дугаар сард Сум дундын шүүхэд хандаж шүүхийн шийдвэр гарч улмаар 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолыг манай хаягаар ирүүлсэн байна. Энэ талаар Г-т удаа дараа зохих ёсны шаардлагыг тавьж байсан боловч тэрээр бэлэн сайхан амлалтуудыг өгч болчих бүтчих мэтээр намайг хуурсаар мэхэлсээр өдийг хүрсэн. Миний эзэмшлийн байр Гийн хууль бус үйлдлээс болж хураагдах хэмжээнд хүрч, миний өмчлөх эрх зөрчигдөж байна. Иймд намайг Сайншанд сумын *ийн 47 дугаар байрны 14 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч Т.Э болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. 1. 2014-06-09-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2. Дорноговь аймгийн Сайншанд сумын *, *** тоот 42,63 м.кв 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох, 3. дээрх 2 өрөө орон сууцыг Ц.Гийн нэр дээр гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Э миний нэр дээр болгохыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү. 2014-06-09-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болох нь гэрч Цгийн мэдүүлэг болон хариуцагч Ц.Г, нэхэмжлэгч Т.Э нарын тайлбараар нотлогддог учир уг орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ц.Г нь Цгийн хүргэн бөгөөд Сайншандад хувийн хаус барьж байгаа, ордерийг нь гартал байраа түр банкны барьцаанд тавьж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу худалдах, худалдан авах гэрээг хийсэн нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл байдаг. Ц.Гийн нэр дээр гарсан уг байрны орон сууц өмчлөх гэрчилгээ нь Т.Э минийх гэдэг учир Т.Э-ийг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Мөн уг шаардлагыг Г хүлээн зөвшөөрдөг ба гэрч С, Наранцацрал, С нарын мэдүүлэг, Ч ХХК-иас гаргаж өгсөн нотлох баримтуудаар уг байр нь Т.Эийн өмчлөлийнх гэдэг нь нотлогддог гэжээ. 

Хариуцагч Ц.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би 2014 оны 06 дугаар сард Дорноговь аймаг дахь *** банкнаас зээл авахаар хөөцөлдөхөд заавал барьцаа хөрөнгө тавьж байж зээл авах шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд энэ байдлаа өөрийн хадам Ц болон төрсөн ээждээ хэлтэл хадамын танил болох Э эгч өөрийнхөө байрыг барьцаанд тавиулахыг зөвшөөрсөн байсан. Тэгээд *** банкны эдийн засагчтай уулзахад орон сууцаа өөрийнхөө нэр дээр заавал шилжүүлэх шаардлагатай гэсэн. Тэгээд Э эгчийн байрыг орон сууц худалдах худалдан авах гэрээгээр үнэ төлбөргүй шилжүүлэн аваад барьцаанд тавьж зээл авсан. Би банкны зээлээ төлж чадахгүй болсон ба 6 сараас эхэлж банк уг байрыг зарж борлуулна гэх болсон. Би банкинд “наадах чинь хүний байр, миний байр биш” гэж хэлж удаа дараа хэлсэн боловч байрыг хурааж авахаар боллоо гэсэн. Сүүлд хүнээс хуулийн зөвлөгөө авахад анхнаасаа хүчингүй гэрээ хийгдсэн байна гэхээр нь банкинд очиж буцаагаад би байрыг нь хүнд нь өгмөөр байна гэхээр банк байрны гэрчилгээг өгөхгүй байсаар байгаад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хураагдах мэдэгдэх хуудсыг надад өгсөн. Иймээс би *** банкнаас тухайн байрны гэрчилгээг гаргуулан авч Т.Эт шилжүүлэн өгмөөр байна. Бид харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээний үнийг төлж аваагүй учир Э-т өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.  

Хариуцагч Ц.Г болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2014 оны 6 дугаар сард Дорноговь аймаг дахь *** банкнаас зээл авахаар хөөцөлдөхөд заавал барьцаа хөрөнгө тавьж байж зээл авах шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд энэ байдлаа өөрийн хадам Ц болон төрсөн ээждээ хэлтэл хадамын танил болох Э эгч өөрийнхөө байрыг барьцаанд тавиулахыг зөвшөөрсөн. Тэгээд *** банкны эдийн засагчтай уулзахад орон сууцаа өөрийнхөө нэр дээр заавал шилжүүлэх шаардлагатай гэсэн. Тэгээд Э эгчийн байрыг орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр үнэ төлбөргүй шилжүүлэн аваад барьцаанд тавьж зээл авсан. Би банкны зээлээ төлж чадахгүй болсон учир банк уг байрыг зарж борлуулна гэх болсон. Иймээс би *** банкнаас тухайн байрны гэрчилгээг гаргуулан авч Т.Э-т шилжүүлэн өгмөөр байна. Бид харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээний үнийг төлж аваагүй учир Эт өгөхөд татгалзах зүйлгүй. Гэрч Ц, Ц, С, С нарын мэдүүлэг, тухайн байрны ус, дулаан тогны мөнгийг төлж байсан зэрэг баримтуудыг харахад Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэг “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр”-т зааснаар өөрсдийнх нь хүсэл зоригийн дагуу худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй гэдэг нь харагддаг. Мөн хариуцагч Гийн тайлбарт банк уг байрыг өөрийн нэр дээр шилжүүл гэсний дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрийн нэр дээр шилжүүлсэн. Миний хувьд уг байрыг худалдж авах санхүүгийн эс үүсвэр байхгүй гэдгийг тайлбартаа дурдсан. Мөн бусад нотлох баримтаар нотлогддог учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ. 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *** банк нь шүүхэд ирүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Барьцааны эрхийг шударгаар олж авсан буюу шударга барьцаалагч болохыг тогтоолгох шаардлагын талаар: ... иргэн Ц.Г нь иргэн Т.Э-тэй 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээ байгуулсаны дагуу тус банк нь Ц.Г-той 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 3021-14/169 тоот “санхүүгийн түшиг зээлийн гэрээ”-г байгуулж, 27,300,000 төгрөгийг, жилийн 27,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл олгосон. Мөн Ц.Г нь 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 3021-14/169 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г тус банктай байгуулж, дээр дурьдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон өөрийн өмчлөлийн *** тоот гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн Y-*** тоот дугаартай, Дорноговь аймаг, Сайншанд сумын *** тоот хаягт орших 42,63 м.кв бүхий орон сууцыг барьцаалсан. Тус банк нь уг зээлийн барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, барьцааны эрхээ баталгаажуулсан болно. Гэтэл тус барьцаа хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн байх бөгөөд үүнтэй холбогдуулж банк дараах шаардлагыг гаргасан болно. Үүнд: Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д “Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ” гэж заасан байдаг бөгөөд энэ дагуу банк нь тус хөрөнгийг шударгаар барьцаалсан юм. Банк дээрх иргэдийн хооронд хийгдсэн тохиролцоо, үүссэн маргаан болон өмчлөлийн эрхтэй холбоотой асуудлыг огт мэдэхгүй байсан юм. Өөрөөр хэлбэл банк нь иргэн Т.Э болон Ц.Г нарын хоорондын яриа хэлцэл, хүсэл зоригийн талаар мэдээгүй, мэдэх боломжгүй, мэдэх ч шаардлагагүй юм. Учир нь үл хөдлөх эд хөрөнгө нь Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй байдаг бөгөөд бүртгэлд тусгагдсаны дагуу өмчлөлийг тодорхойлдог. Улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу банк тэрхүү бүртгэлд итгэхээс өөр арга байхгүй юм. Иймд *** банк нь тухайн орон сууцыг барьцаалах үед иргэн Ц.Г нь тус орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан тул тухайн иргэнийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж барьцааны гэрээг байгуулан зээл олгосон. 

Мөн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 3021-14/169 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний 7.1 дэх заалтын дагуу барьцааны хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохоо, түүнчлэн барьцааны гэрээг байгуулах өдөр болон түүнээс өмнөх хугацаанд хамрагдах барьцааны зүйлтэй ямар нэг өр төлбөр, маргаан, гэрээний үүрэг хариуцлага байхгүй болохоо тус тус батал, маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус банкны эзэмшилд хадгалуулсан байдаг тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу орон сууцны барьцааны эрхийг шударгаар олж авсан юм. Нөгөөтэйгүүр иргэн Т.Э-ийн нэхэмжлэл болон шүүхэд гаргаж өгсөн баримт материалаас үзэхэд Т.Э болон Ц.Г нар нь тус банкнаас зээл авахын тулд дээрх хөрөнгийг барьцаанд тавихаар харилцан тохиролцсон гэдэг нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл хүсэл зоригоо илэрхийлж талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулж банкнаас зээл авч, хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас банк хохирох ёсгүй юм. 

Хоёр. Барьцаа хөрөнгөөр 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 3021-14/169 тоот “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын талаар: 

Зээлдэгч Ц.Г нь дээр дурьдсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, зээлийн эргэн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаандаа төлөхгүй байсан тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүний төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөхийг банкны зүгээс удаа дараа шаардсан. Гэтэл тус банкны шаардлага болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул зээлдэгч Ц.Г-той байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 3021-14/169 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу дор дурдсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 38,570,307 төгрөгийг, урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт зээлдэгч Ц.Гоос гаргуулах нэхэмжлэлийг Дорноговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 136/ШШ2017/00198 тоот хүчин төгөлдөр шүүгчийн захирамж гарч шийдвэрлэгдсэн болно. 

Иймд тус банкийг Дорноговь аймгийн Сайншанд сумын *, *** тоот хаягт орших 42.63 м.кв талбай бүхий орон сууцны барьцааны эрхийг шударгаар олж авсан буюу шударга, хууль ёсны барьцаалагч мөн болохыг тогтоож, улмаар уг барьцаа хөрөнгөөр 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 3021-14/169 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэр гаргаж өгнө үү. *** банк нь Иргэний хууль, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхээр энэхүү шаардлагыг гаргаж байгаа тул бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Эийн нэхэмжлэлтэй Ц.Г-т холбогдох 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Дорноговь аймгийн Сайншанд сумын *, *** тоот 42.63 м.кв 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Дорноговь аймгийн Сайншанд сумын *, *** тоот 42.63 м.кв 2 өрөө орон сууцыг Ц.Гийн нэр дээр гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Э миний нэр дээр болгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “*** банк” ХХК-ийг Дорноговь аймаг, Сайншанд сумын *, *** тоот хаягт орших, 42,63 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны шударга эзэмшигч, болохыг тогтоож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Г шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны зүйл болох Дорноговь аймгийн Сайншанд сумын *, *** тоот, 2 өрөө 42,63 м.кв талбай бүхий орон сууцыг албадан худалдахыг Дорноговь аймгийн Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгаж,  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.Эээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 636150 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *** банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гоос 140400 төгрөгийг гаргуулж бие даас ан шаардлага гаргасан гуравдагч этгээд *** банк ХХК-нд буцаан олгож, … зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Т.Эийг өөрөө хүсэж Ц.Г-той орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна гэж дүгнэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргалаа. Т.Э нь байраа худалдах ямар ч хүсэл зориг байгаагүй, Ц.Г ч худалдан авах хүсэл зориг байгаагүй. Харин 2 сарын хугацаатай банкны барьцаанд тавиад буцааж өгнө гэдгийг бол мэдэж байсан. Энэ талаар гэрч Ц тодорхой мэдүүлдэг. Банк Т.Э, Ц.Г 2 уг байрыг худалдах, худалдан авах гэрээг хүсэл зоригоо илэрхийлж хийсэн харин дүр үзүүлж хийсэн гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж шүүхэд маргаж бие даасан шаардлага гаргасан. Гэтэл банкны эдийн засагч Ч.Э нь өөрөө барьцааны зүйлээ өөрийн нэр дээр болго гэж зөвлөсөн байдаг. Энэ талаараа шүүх хуралдаан дээр Ч.Э мэдүүлэхдээ ...байрыг очиж үзэж зураг авахад барьцааны зүйлээ Ц.Г өөрөө бариад явж байсан гэж мэдүүлж байгаа нь Ц.Гийн шүүхэд удаа дараа өгсөн тайлбар, гэрч С, Ц нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Тиймээс банкы зөвхөн байрыг барьцаанд тавих болзолтойгоор худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэдгийг мэдэж байсан байна. Тиймээс анхан шатны шүүхийн 136/ШШ2017/00328 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *** банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Э-ээс Г нь худалдах худалдан авах гэрээ хийж Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээгээ өөрийн нэр дээр болгосон байдаг. Үүний дагуу банк Гт 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулан зээл олгосон. Энэ зээлийн гэрээний барьцаанд Гийн өмчлөлийн тухайн маргаан бүхий орон сууцыг барьцаалсан. Ингэхдээ банк тухайн үл хөдлөх хөрөнгө нь хууль журмын дагуу Гийн нэр дээр байгаа учраас түүнийг барьцаалж зээл олгосон. Худалдах худалдан авах гэрээн дээр төлбөрөө бүрэн төлж дууссан гэсэн заалт байгаа учраас 25 сая төгрөгийг авсан гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл дүр үзүүлсэн хэлцэл гэж яриад байгааг ойлгохгүй байна, энэ хүмүүс юмны учир мэдэхгүй жаахан хүүхдүүд биш шүү дээ. Хэрвээ дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм бол ямар хэлбэрээр дүр үзүүлсэн хэлцэл юм бэ гэдэг нь тодорхой биш байдаг, тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *** банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл олгохоос өмнө банк барьцаа хөрөнгийг шалгах ёстой байдаг. Миний бие 2014.06.13-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн барьцааны хөрөнгийг шалгах хуудсыг үйлдэн Г-оор хаягийг заалгаад тухайн барьцаа хөрөнгөтэй очиж танилцаад, 6 сарын 17-ны өдөр зээл гаргасан. Тухайн үл хөдлөх хөрөнгө Гийн нэр дээр 2014.06.13-ны өдөр шилжсэн байдаг. Барьцаа хөрөнгийг очиж үзэхэд гэрт нь 2-3 хүн байсан, хэний хамаатан садан гэдгийг мэдэхгүй. Г зээл судлуулахдаа надад нэг байр байгаа, байрныхаа гэрчилгээг гаргаагүй байгаа, орлогоо тогтоох баримтуудаа авчирч зээл авах боломжтой байна уу гэж ирэхээр нь тухайн зээл 5 жилийн хугацаатай учраас барьцааны хөрөнгө таны нэр дээр байх шаардлагатай шүү гэдгийг хэлсэн. Миний хэлсэн энэ үгийг гуйвуулаад яваад байгаа. Тэрнээс биш байрыг өөрийнхөө нэр дээр болго гэсэн шаардлагыг банкны зүгээс тавьсан асуудал байхгүй. Дараа нь Г өөрийнхөө нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авчирсан, яг өөрийнх нь нэр дээр байгаа учраас банкнаас яг хэний өмч вэ, хууль ёсны өмчлөгч мөн үү, биш үү  гэдгийг тодруулах шаардлагагүй, боломжгүй. Харин ямар нөхцлөөр энэ хүн дээр шилжсэн бэ гэдэг Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа авч, үүн дээр үндэслэдэг.  Г барьцааны зүйлийг 2 сарын дараа солино гэсэн хүсэлтийг гаргаж байгаагүй, зөвхөн зээл авах хүсэл зорилготой ирсэн. Г сард уг зээлэнд 500000 төгрөг төлж байгаа, зээлийн төлбөрөөс 4 сая төгрөг хасагдсан байгаа гэв.                                                 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.Э нь шүүхэд нийт 3 удаа нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, зарим шаардлагаас татгалзаж, өөрчилсөн байх бөгөөд анх 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Ц.Г-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ /1-р хх-01/ Дорноговь аймгийн Сайншанд сумын *ийн нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны 14 тоот 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгохоор, 

2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Т.Ц, Д.Ж нарт холбогдуулан шаардлагаа нэмэгдүүлж гаргасан нэхэмжлэлдээ /1-р хх-102/ 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 202 тоот “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээг хүчингүй болгох, 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар гэрчилгээ, Ү-***  улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгох, Дорноговь аймгийн Сайншанд сумын *, *** тоот 42,63 мкв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор, 

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ /1-р хх-238/ хариуцагч Д.Ж, Т.Ц нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, 

2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ /2-р хх-77/ “2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Дорноговь аймгийн Сайншанд сумын *, *** тоот, 42,63 м2  талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Дорноговь аймгийн Сайншанд сумын *, *** тоот, 42,63 м2  талбай бүхий 2 өрөө орон сууцны Ц.Гийн нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Э-ийн нэр дээр бүртгэхийг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шийдвэр гаргуулах “ гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. 

Хариуцагч Ц.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг боловч *** банк бие даасан шаардлага гаргаж гуравдагч этгээдээр оролцжээ.

Гуравдагч этгээд *** банк нь  Дорноговь аймгийн Сайншанд сумын *, *** тоот хаягт орших, 42,63 м2  талбай бүхий орон сууцны барьцааны эрхийг 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3021-14/169 тоот “Санхүүгийн түшиг зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу шударгаар олж авсан буюу шударга, хууль ёсны барьцаалагч болохыг тогтоолгох, уг барьцаа хөрөнгөөр 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3021-14/169 тоот “Санхүүгийн түшиг зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай бие даасан шаардлага /2-р хх-99/ гаргасныг нэхэмжлэгч, хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч Т.Э-ийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч Ц.Гийн нэр дээр шилжүүлж, барьцаанд тавихыг банкнаас шаардсан гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба түүний гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зохицуулсан хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. 

Энэ нь нэхэмжлэгч Т.Э, хариуцагч Ц.Г нар нь 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Дорноговь аймгийн Сайншанд сумын * *** тоот, 42,63 мкв талбайтай орон сууцыг хариуцагч Ц.Гийн нэр дээр шилжүүлж, 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэл хийгдэж, улмаар хариуцагч Ц.Г уг үл хөдлөх эд хөрөнгийг буюу  Дорноговь аймгийн Сайншанд сумын * *** тоот, 42,63 мкв талбайтай орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр *** банкинд зээлийн барьцаанд тавьсан ба хариуцагч Ц.Г нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэнээс гэрээний үүргийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах нөхцөл үүссэн тухай үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Ц.Г-т түүний хадам ээж болох Ж.Цгаар дамжуулан итгэл үзүүлж өөрийн өмчлөлийн орон сууцыг банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч улмаар өмчлөх эрхийг хариуцагч Ц.Гт шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон гэрч Ж.Цгийн мэдүүлгээр /1-р хх-37, 2-р хх-141/ тогтоогджээ. 

Эндээс дүгнэж үзвэл нэхэмжлэгч хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцны хувьд өмчлөх эрхийг шилжүүлэхдээ тэдний хүсэл зоригийн илэрхийлэл нь худалдах худалдан авах агуулга, зорилго байгаагүй ба харин барьцаанд тавих зорилгоор өмчлөх эрхийг хариуцагч Ц.Г-т шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.Э нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч Ц.Г-т банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч улмаар талууд уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ц.Гийн өмчлөлийн эд хөрөнгө болгож зээлийн барьцаанд тавихын тулд худалдах худалдан авах гэрээг байгуулсан байх ба талууд худалдах худалдан авах гэрээний үр дагаврыг буюу үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Гийн өмчлөлд бодитоор шилжүүлэхийг хүсээгүй, хариуцагч Ц.Г нь гэрээнд заасан орон сууцны үнэ болох 25 000 000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч Т.Эийн нэхэмжлэлийн шаардлагын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ. 

Харин хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд *** банк болон хариуцагч Ц.Г нарын хооронд дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд  байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба энэхүү барьцааны гэрээ нь хэлбэр, агуулгын хувьд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлд нийцсэн байна. 

Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар хууль ёсны өмчлөгч нь барьцааны зүйлийг хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардах эрхтэй байх бөгөөд хариуцагч Ц.Гийг уг барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул тухайн эд хөрөнгийн хувьд барьцааны эрх дуусгавар болоогүй ба нэхэмжлэгч Т.Э нь уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн буюу мэдэж байсан тул түүнийг барьцааны гэрээнээс үүсэх үр дагаврыг мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Тодруулбал Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцаа гэдэг бол үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байхыг хэлэх бөгөөд нэхэмжлэгч Т.Э нь өөрийн өмчлөлийн орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ц.Г-т барьцаанд тавихыг зөвшөөрч өмчлөх эрхээ шилжүүлсэн тухай үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон тул энэхүү хуульд заасан үр дагаврыг нэхэмжлэгч мэдээгүй байх, мэдэх боломжгүй байх үндэслэл тогтоогдоогүй байна. 

Харин нэхэмжлэгч Т.Э нь тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2 сарын хугацаанд банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч өмчлөх эрхийг хариуцагч Ц.Гт шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч хэрэгт цугларсан нотлох баримтаар ийнхүү хугацаа заасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүйн гадна энэ нь хариуцагч Ц.Гийн барьцааны гэрээнээс үүсэх үр дагаврыг хариуцахгүй байх, улмаар барьцаагаар үүргийг хангуулахгүй байх үндэслэл болохгүй. 

Улмаар Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох бөгөөд гуравдагч этгээд *** банк нь дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу барьцааны зүйлийн өмчлөх эрхийг хариуцагч Ц.Г хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олж авсан болохыг мэдэж байсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй. 

Хариуцагч талаас энэхүү нөхцөл байдлыг нотлуулахаар хүсэлт /2-р хх-121-122/ гаргаж  Э.Х /2-р хх-132/, Г.С /2-р хх-135/ нараас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Э.Х нь гуравдагч этгээд *** банк нь хариуцагч Ц.Гийг барьцааны зүйлийн өмчлөх эрхийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олж авсан болохыг мэдэж байсан болохыг нотлоогүй, харин гэрч Г.С нь уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих гэж байгаа талаар *** банкны ажилтанд хариуцагч Ц.Г тайлбарлаж байсан талаар мэдүүлсэн ба тэрээр нэхэмжлэгч Т.Эийн төрсөн хүү тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “... гэр бүлийн гишүүд, эцэг эх- … ийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхтэйн гадна түүний мэдүүлэг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эын “урт хугацаатай зээлийн гэрээнд барьцаа хөрөнгө нь өөрийн өмчлөлд байх шаардлагатай гэсэн шаардлагыг хариуцагч Ц.Гт хэлж байсан” гэсэн тайлбарыг үгүйсгээгүй байна. 

Энэ утгаараа гуравдагч этгээд *** банк ХХК нь хариуцагч Ц.Гийг барьцаа хөрөнгийг өмчлөх эрхийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлж авсан болохыг мэдэж байсан, ийнхүү өмчлөлдөө шилжүүлэхийг гуравдагч этгээдээс шаардсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул гуравдагч этгээд *** банк болон хариуцагч Ц.Г нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Дорноговь аймгийн Сайншанд сумын * *** тоот, 42,63 мкв талбайтай орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй юм.

Ийнхүү гуравдагч этгээд *** банк болон хариуцагч Ц.Г нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба гуравдагч этгээд *** банк ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн  хувьд хүчин төгөлдөр барьцааны эрхтэй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар буюу 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр шилжүүлсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын * *** тоот, 42,63 мкв талбайтай орон сууцыг хариуцагч Ц.Г нэхэмжлэгч Т.Эт буцаан өгөх боломжгүй болжээ.

Энэ нь талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны үнийг 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-нд заасан 25000000 төгрөгөөр тооцож энэхүү үнийг үндэслэн хариуцагчаас 25000000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Нэгэнт маргаан бүхий орон сууцыг хариуцагч Ц.Г буцаан өгөх боломжгүй буюу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээдэд барьцааны эрхтэй тул нэхэмжлэгч Т.Эийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох болон энэ талаар улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах  хууль зүйн үндэслэлгүй ба харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар нэхэмжлэгч Т.Э нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт учирсан хохирлоо шаардах эрхийг хэрэгжүүлэхэд энэхүү шийдвэр саад болох учиргүй болно. 

Гуравдагч этгээд *** банк нь шаардлагаа Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт үндэслэсэн байх боловч энэ нь барьцааны зүйл хариуцагч Ц.Гийн эзэмшилд ашиглагдаж байсан тохиолдолд хамаарахаар байгааг анхан шатны шүүх анхаараагүй гуравдагч этгээдийн шаардах эрхийн үндэслэл болгож хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. 

Гэхдээ гуравдагч этгээд *** банкинд барьцааны эрх хууль ёсоор үүссэн тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 153.2-т зааснаар *** банк нь барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг шаардах давуу эрхтэй бөгөөд барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй боловч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын нэг болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл нь энэ хэргийн гуравдагч этгээдийн хувьд гаргах бие даасан шаардлагад хамаарахгүй буюу өөр харилцаанаас үүдэлтэй учир тусдаа бие даасан нэхэмжлэлээр шийдвэрлэх нь зүйтэй. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.Э болон хариуцагч Ц.Г нарын хооронд үүссэн өмчлөх эрхтэй холбоотой маргаанд гуравдагч этгээд *** банк ХХК болон хариуцагч Ц.Г нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаанаас үүссэн буюу барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан маргааны зүйлийн талаарх шаардлага болохгүй ба гагцхүү зээлийн гэрээний үүрэгт үүргийн гүйцэтгэлийн хангах арга болох барьцааны эрхийн хувьд түүний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн талаар гуравдагч этгээд нь бие даасан шаардлага гаргах эрхтэй ба энэ нь гуравдагч этгээдээс гаргасан маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны барьцаалагч болохыг тогтоолгох тухай шаардлагад хамааралтай тул энэхүү гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаас энэхүү шаардлагыг хангахаар шийдвэрлэв. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан ба нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг илүү төлсөн байгааг анхаараагүй тул энэ үндэслэлээр шийдвэрт мөн өөрчлөлт оруулна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж гомдолд дурдсан үндэслэлэээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байгаа тул нэхэмжлэгч Т.Э-ийн давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 423350 төгрөгийг буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2017/00328 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгч Т.Э болон хариуцагч Ц.Г нарын хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Ц.Гоос 25000000 /хорин таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Дорноговь аймгийн Сайншанд сумын *, *** тоот, 42,63 м2  талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Дорноговь аймгийн Сайншанд сумын *, *** тоот, 42,63 м2  талбай бүхий 2 өрөө орон сууцны Ц.Гийн нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Э-ийн нэр дээр бүртгэхийг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шийдвэр гаргуулах” тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 

2 дугаар заалтыг  “Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 153.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд *** банк ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд сумын *, *** тоотод байршилтай, орон сууцны зориулалттай, 42,63 м2  талбайтай, улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хүчин төгөлдөр барьцааны эрхтэй хууль ёсны барьцаалагч болохыг тогтоож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаас барьцаа хөрөнгөөр 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3021-14/169 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

3 дугаар заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1,  56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн нэхэмжлэгч Т.Э-ийн нийт 636150 төгрөгнөөс 423350 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *** банк ХХК-ний 140400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г-оос улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *** банк ХХК-д, 282950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Э-т тус тус олгож, нэхэмжлэгч Т.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 212800 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Т.Э-ээс төлсөн нийт 423350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

    4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БОЛОРМАА

                      ШҮҮГЧИД                                Г.ТЭГШСУУРЬ 

                                                                     Н.БАТЧИМЭГ