Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 68

 

Б.Хонгорзул нарын 9 иргэний

итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаярын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч Ш.Жаргалсайхан, Б.Батцоож, Б.Хонгорзул, З.Мөнхжаргал, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаяр нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 756 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0783 дугаар магадлалтай, Б.Хонгорзул нарын 9 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаярын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд “Хүлэгт хаадын зам” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 756 дугаар шийдвэрээр: 1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5, 33 дугаар зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 1, 39 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр 19-ны өдрийн “Зэт Эм Эл” ХХК-д газар ашиглах зөвшөөрөл олгосон А-337 дугаар тушаал, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Хүлэгт хаадын зам” ХХК-д олгосон А/433 дугаар тушаалаас нэхэмжлэгч Б.Хонгорзул, Б.Ганбат, Б.Батцоож, Б.Мөнхзул, Ж.Надмидцэрэн, Ж.Магсаржав, Б.Баярбаясгалан, З.Мөнхжаргал нарын 8 иргэний оршин суудаг газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож,

2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Хонгорзул, Б.Ганбат, Б.Батцоож, Б.Мөнхзул, Ж.Надмидцэрэн, Ж.Магсаржав, Б.Баярбаясгалан, З.Мөнхжаргал нарын 8 иргэний оршин сууж буй газрыг ашиглах эрх олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж,

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ганболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0783 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 756 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 44 дүгээр зүйлийн 44.8, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 дугаар тушаалын “Зэт эл эм” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар “Хүлэгт хаадын зам” ХХК-д ашиглуулсан газраас нэхэмжлэгч Б.Хонгорзул, Б.Ганбат, Б.Батцоож, Б.Мөнхзул, Ж.Надмидцэрэн, Ж.Магсаржав, Б.Баярбаясгалан, З.Мөнхжаргал нарын амьдарч буй газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгож, эдгээр иргэдэд тус тусын амьдарч буй газрыг ашиглах эрхийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2, 4-ийг 3, 5-ыг 4 болгон бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд “Хүлэгт хаадын зам” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нарантуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0783 дугаар магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байгаа тул дараах гомдлыг гаргаж байна.

1. ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...хариуцагч захиргааны байгууллагаас гуравдагч этгээдэд газар ашиглуулах шийдвэр гаргах үедээ Газрын тухай хуулийн 31.3 дахь хэсэгт заасан бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байх шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, тухайн газарт нь үзлэг, хэмжилт хийж, координатжуулах ажлыг хийж гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна" гэсэн бөгөөд энэ нь гуравдагч этгээд Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу маргаан бүхий газрыг ашиглах зөвшөөрөл авсан байтал харин ч нэхэмжлэгч иргэдийн эзэмшиж, ашиглаж байгаа газрын асуудлыг сайтар шалгахгүйгээр гуравдагч этгээдэд давхцуулж газар олгон нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзсэнийг ойлгохгүй байна.

Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах зөвшөөрөл /эрхийн гэрчилгээ/ үндэслэл, журмыг Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд тодорхой заасан байдаг. Хариуцагчийн уг маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд ашиглуулахаар олгосон шийдвэр нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчөөгүй, Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжид нийцсэн гэж үзэж байна.

Хариуцагчаас гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгох шийдвэр гаргах үеийн эрх зүйн зохицуулалтаар нэхэмжлэгч иргэдэд Газрын тухай хулийн 44 дүгээр зүйлийн 44.8, Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу газар ашиглах эрх хуулийн дагуу үүсэх ямар ч үндэслэлгүй /одоо ч Төрийн тусгай хамгаалалтын хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар төрийн тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд иргэнд амьдрах зориулалтаар газар ашиглах эрх олгох зохицуулалт байхгүй/ байсан тул уг маргаан бүхий газрыг ашиглах эрхийг “Зэт Эл Эм” ХХК-д олгосон хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан хугацаанд буюу “хариуцагч захиргааны байгууллагаас гуравдагч этгээдэд газар ашиглуулах шийдвэр гаргах үед” /үеийн/ эрх зүйн зохицуулалтаар нэхэмжлэгч иргэд одоо амьдарч байгаа гэх маргаан бүхий газрыг ашиглах эрх авах боломжгүй байсан гэдгээ шүүхэд хандан гаргасан анхны нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд энэ нь иргэд хууль бусаар тухайн газарт амьдарч байсан учраас уг газрыг ашиглах эрх авах үндэслэлгүй байсан төдийгүй хариуцагч гуравдагч этгээдэд газар ашиглуулах шийдвэрээ гаргах үед нэхэмжлэгч иргэдэд уг газрыг ашиглах эрх олгогдоогүй, олгох ч хууль зүйн үндэслэлгүй байсныг нотолж байгаа юм.

Иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс тусгай хамгаалалттай газарт удаан жил амьдарч байгаа иргэдийн амьдарч байгаа газрыг нь бүртгэлжүүлж, гэрчилгээ олгох тухай Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэр нь хэдийгээр холбогдох хууль тогтоомжид нийцээгүй ч иргэдэд амьдарч байгаа газраа ашиглах зөвшөөрөл авах боломжийг нэг удаа олгосон. Гэхдээ иргэдийн амьдарч байгаа газар нь “бусад иргэн, хуулийн этгээдэд олгосон газартай давцалгүй байх” шаардлагыг шийдвэрт тусгайлан заасан байдаг.

БОНХАЖ-ын яамнаас “хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажиллагааг зохион байгуулж эхлэх үед” /цаг хугацааны хувьд/ хариуцагч Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу маргаан бүхий газрыг “Зэт Эл Эм” ХХК-д олгох шийдвэрийг нэгэнт гаргасан байсан тул нэхэмжлэгч иргэдэд “хуулийн этгээдэд ашиглах эрх олгосон газартай давхцалтай” гэсэн үндэслэлээр газар ашиглах эрх олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

“Хүлэгт хаадын зам” ХХК нь “Зэт Эл Эм” ХХК-иас газар ашиглах эрхийг нь Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын Хориглох үйл ажиллагаа гэсэн тав дахь хэсгийн 5.2-д зааснаар “ашиглаж байгаа газраа зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, түрээслүүлэх, дамжуулан ашиглах" гэсэн хориглосон заалтыг зөрчөөгүй харин ч байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын “зөвшөөрөлтэйгээр” зохих журмын дагуу шилжүүлэн авсан.

Гэтэл захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж нэхэмжлэгч иргэдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэн тул “Хүлэгт хаадын зам” ХХК-ийн маргаан бүхий газрыг ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрээд байгаа тул гомдолтой байна.

2. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа маргаан бүхий газарт "Он удаан жил буюу 30 гаруй жил" амьдарч ирсэн боловч эрх зүйн зохицуулалтын улмаас газар ашиглах эрхээ авч чаддаггүй байсан гэсэн байдаг бөгөөд энэхүү он удаан жил амьдарсан гэдгээ нотолсон олон нотолгоо, баримтуудыг хэрэгт авахуулсан байдаг.

"Иргэдийг тусгай хамгаалалттай газарт удаан жил амьдарсан" гэдгийг амьдарч буй газрыг нь бүртгэлжүүлж гэрчилгээ олгохдоо шалгуур болгохыг Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэрт заасан байгаа бөгөөд нэхэмжлэгч иргэд үүнийг нэхэмжлэлийнхээ шаардлагын гол үндэслэлээ болгож байгаа юм.

Нэхэмжлэгч иргэд нь бид уг маргаан бүхий газрыг сонгон он удаан жил буюу 30 гаруй жил амьдарч байгаа тул тэргүүн ээлжинд уг газрыг ашиглах зөвшөөрөл авах эрхтэй тул газар ашиглах зөвшөөрөл олгохыг эрх бүхий байгууллагад даалган, хариуцагчийн маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага тавьсныг анхан болон давж заалдах шатны шүүх хангаж, гуравдагч этгээдэд ашиглах зөвшөөрөл олгосон маргаан бүхий газраас нэхэмжлэгч иргэдийн амьдарч буй газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч иргэд “бид Хан-Уул дүүрэгт төрж өссөн энэ л дүүрэгт би газар авах ёстой, он удаан жил амьдарсан тул төрж өссөн дүүргийнхээ хүссэн газартаа өөрөө сонголт хийж амьдрах нь миний эрх” гэсэн байдлаар асуудалд хандаж байгаа байдал нь тэдний өгсөн тайлбарууд болон цуглуулсан нотлох баримтуудаас харагдаж байна.

Гэтэл хэн нэгэн этгээд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт он удаан жил амьдарсанаа онцлог, давуу тал болгож, Монгол улсын хууль тогтоомжийг зөрчин. өөрийн дураар сонголт хийж, хүссэн газартаа хашаа, гэр барин амьдарч болохгүй гэдгийг хүн бүр мэдэх тийм цаг үед бид амьдарч байна.

Харин үүнийг нэхэмжлэгч нар сайн мэдэж байгаа боловч хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “... хэрэгт авагдсан нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, хуучин улаан паспорт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны тодорхойлолт зэрэг баримтуудаар хариуцагч компани “Зэт Эл Эм” компанид ашиглуулахаас өмнө нэхэмжлэгч нар маргаан бүхий 11 дүгээр хороо 5 дугаар хэсэг, Соёмботын 1 дүгээр гудамжны 50, 51, 52, 52А, 52Б хаягт байрших газарт амьдарч байсан болох нь тогтоогджээ" гэсэн байна.

Шүүхийн магадлалд дурдсан нэхэмжлэгч нарыг маргаан бүхий газарт амьдарч байсныг 2003 оны Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, хуучин улаан паспорт зэргээр тогтоогдож байна гэсэн нь тэднийг тухайн газарт олон жил буюу 13 ба түүнээс дээш жил амьдарч байгааг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзжээ.

Гэтэл нэхэмжлэгчид анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд 2009 оноос маргаан бүхий газарт амьдарч эхэлсэн гэдэг ч маргаан бүхий газарт 2012 оноос хашаа барин сууршин амьдарч эхэлсэн байдаг бөгөөд хэрэгт зарим нэхэмжлэгчийн тухайлбал, Мөнхжаргал 2010 онд Мал эмнэлгийн техникумын байранд амьдарч байсан тухай Мал эмнэлгийн техникумаас ирүүлсэн тодорхойлолт, Б.Ганбат 2011 онд тус хаягт шилжин ирсэн тухай бүртгэл материал талийгаач Б.Ганболд, З.Мөнхжаргал нарт 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр олгосон иргэний үнэмлэхэд маргаан бүхий газрын хаягийг бүртгэсэн, түүнчлэн нэхэмжлэгч Б.Баярбаясгаланд 2013 оны 12 дугаар сарын 19-нд олгосон иргэний үнэмлэхэд оршин суух хаяг нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, 6-р хэсэг, 28 дугаар байр, 5 тоот гэсэн нь одоо амьдарч байгаа гэх, маргаан бүхий газрын хаягаас зөрүүтэй байгаа зэрэг нь хариуцагч нар маргаан бүхий газарт 30 гаруй жил амьдарсан гэдгийг үгүйсгэж байгаа буюу маргаан бүхий газарт удаан хугацаагаар амьдарсаны нотолгоо болгон өгсөн баримтууд нь өөр хоорондоо зөрүүтэй, бодит байдалд нийцэхгүй байгаа юм.

Үүний зэрэгцээ нэхэмжлэгч Б.Мөнхзулд 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон иргэний үнэмлэхэд /хэргийн 53-р хуудас/ одоо талуудын маргаж байгаа газрын байршиж буй /шүүхийн магадлалд бичсэн/ хаяг тэмдэглэгдсэн байгаа юм. Нэхэмжлэгч нар маргаан бүхий газарт 2011- 2012 оноос хойш хашаа барин сууршин амьдарч эхэлсэн байдаг бөгөөд энэ хугацаанаас хойш одоо талуудын маргаан бүхий газарт хаягжилт хийгдэх ёстой.

Гэтэл анх маргаан бүхий газарт амьдарч эхэлсэн гэх Б.Мөнхзулд маргаан бүхий газарт амьдарч эхлэхээс өмнө олгосон үнэмлэхэд маргаан бүхий газрын байршиж байгаа гэх хаяг бичигдсэн байгаа нь эдгээр иргэд маргаан бүхий газар сууршихаас өмнө амьдарч байгаа газрын хаягаа хэрэглэж байж болзошгүй гэсэн эргэлзээг төрүүлж байгаа юм.

Иймд нэхэмжлэгч иргэдийн хэрэгт авахуулсан нотлох баримтууд нь тэднийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амьдарч байсан гэдгийг нотлохоос одоо амьдарч байгаа маргаан бүхий газарт 30 гаруй жил амьдарсныг нотлохгүй гэж үзэж байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын тухайн газарт он удаан жил буюу 30 гаруй жил амьдарсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ гэж үзсэнд гомдолтой байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт "шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нарын шаардлагын үндэслэлээ нотолж хэрэгт авахуулсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх талаар анхан шатны болон давж заалдах шатны шүүх төдийлөн анхаарал хандуулалгүй иргэдийн газар ашиглах ашиг сонирхол гуравдагч этгээдээс түрүүлж үүссэн гэсэн дүгнэлтийг хийж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд анхаарал хандуулж үндэслэл бүхий шийдвэр гаргаагүйд гомдолтой байна.

Иймд Б.Хонгорзул нарын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337, мөн сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 433 дугаар тушаалыг хэвээр үлдээж өгнө үү ... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0783 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс “...нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газар буюу 30 гаруй жил оршин сууж буй газар нь гуравдагч этгээд “Хүлэгт хаадын зам” ХХК-ийн ашиглаж байгаа газартай давхцаж байна гэсэн үндэслэлээр газар ашиглуулах тухай шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэснийг дараах байдлаар эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүх нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газар буюу маргаж байгаа газар дээр 30 гаруй жил оршин сууж байгаа хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэжээ. Гэтэл тухайн иргэд нь маргаан бүхий газарт 2008, 2010 оноос хойш амьдарч байсан нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар тогтоогдож байдаг. Гэтэл анхан шатны шүүх яг маргаж байгаа газарт хэдэн жил амьдарсныг тогтоолгүй 30 жил амьдарсан, олон жил гэр бүлийн хамт оршин сууж байгаа гэж тогтоож, нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн. 

Түүнчлэн иргэд нь тухайн газар үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулсан гэдэг боловч шүүхээс хийсэн газрын үзлэгийн зургаар ямар ч үл хөдлөх эд хөрөнгө авагдаагүй байдаг ба шүүх хоосон газрын зургийг л хэрэгт авч хавсаргасан байдаг. Мөн шүүхийн үзлэгийн тэмдэглэл зурагт тайлбар авагдаагүй ба нэхэмжлэгч иргэдийн хэнийх нь маргаан бүхий газар болох нь тодорхойгүй байдаг болно.

“Нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна” гэж шүүх дүгнэсэн.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан тэгвэл эзэмших” гэдгийг Газрын тухай хуулийн 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ гэж заасан байдаг. Гэтэл хууль ёсны дагуу ашиглах зөвшөөрөлтэй этгээдийг хэлнэ гэж ойлгож байна. Түүнчлэн ашигтай чанар гэдгийг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахыг хэлж байна.

Шүүх хуульд заасан үндэслэлээр газар ашиглах эрх яаж үүссэн бэ, тэр үүссэн газар ашиглах эрх дээр өөр этгээдийн газар ашиглах эрх яаж давхцаж байна бэ гэдгийг харгалзан үзэх ёстой байсан. Гэтэл зөвшөөрөлгүйгээр бууж байгаа иргэдийн асуудал дээр Газрын тухай хуулийн 31.3 яригдах боломжгүй. Ашиглах эрх үүсээгүй байхад шүүх 31.3-ийг үндэслэж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

2. Одоо ТХГНТХуульд гэр бүлийн хэрэгцээнд зориулж газар эзэмших, ашиглах зохицуулалт байхгүй. Гэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах 4,  11  дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж,   гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгээс гарсан шийдвэрийн дагуу 1-т “нэг хашаанд амьдарч байгаа иргэдийн дундаас хамгийн олон жил тухайн газартаа буюу 1994 оноос өмнө /Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдахаас өмнө/ амьдарч байсан нэг иргэнд хамаарна. 2-т Аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулах газрын хэмжээг 0,05 га-гаас хэтрүүлэхгүй. 3-т газар ашиглах зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгжийн газар дээр зөвшөөрөлгүй буусан айлуудад уг арга хэмжээ хамаарагдахгүй гэсэн шийдвэрт хүрч ТХГНТХуульд нийцүүлж, аялал жуулчлалын зориулалтаар ашиглах хүсэлт гаргасан, мөн хууль батлагдахаас өмнө амьдарч байсныг батлах тодорхойлолт зэргийг үндэслэн иргэдэд бичил эко аялал жуулчлалын төслөөр 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийг олгож шийдвэрлэсэн. Энэ нь захиргааны байгууллагаас гаргаж байгаа нэг удаагийн шийдвэр байсан, шүүх хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд үндэслэж энэ маргааныг шийдэх ёстой байсан. Магадгүй иргэд оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй байх гэхдээ энэ нь газар ашиглах эрхийн зөвшөөрөлгүйгээр газар ашиглах, эсвэл олгох боломжгүй газар, газар эзэмших ёстой гэсэн үг биш юм.

3. Нэхэмжлэгч нар нь 2015 оны 6 дугаар сараас өмнө газар ашиглах хүсэлтээ Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаанд гаргаж байгаагүй байдаг. Гэтэл “Зэт Эм Эл” ХХК-иас “Хүлэгт хаадын зам” ХХК-д газар ашиглах эрх 2014 онд үүссэн байгаа.

Иргэд олон жилийн өмнөөс зайсан орчмын газарт амьдарч байсан байж болно. Гэхдээ өнөөдрийн маргаж байгаа газар дээр олон жил буюу 30 жил амьдарч байснуу гэвэл үгүй байдаг. Газрын тухай хуулийн 27.1 “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4 “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байдаг.

Тиймээс БОАЖ сайдад өөрт олгогдсон эрхийн дагуу “Хүлэгт хаадын зам” ХХК-д олгож шийдвэрлэсэн тушаалыг хүчингүй болгох шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль хэрэглэж маргааныг шийдвэрлэдэг. Гэтэл хэрэгт авагдсан баримтад нэхэмжлэгч нар нь хууль ёсны эрхтэйг тогтоосон баримт авагдаагүй, тухайн маргаан бүхий газарт 30 жил амьдарсан гэсэн баримт байхгүй байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

-... маргаан бүхий газарт “Зэт Эм Эл” ХХК, “Хүлэгт хаадын зам” ХХК-ийн газар ашиглах эрхийн талаар:

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд (тухайн үеийн нэрээр)-ын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/337 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг тус тус үндэслэн, “Зэт Эм Эл” ХХК-нд Богдхан уулын дархан цаазат газар, Зайсангийн аманд, аялал жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаагаар, 0.8 га газрыг ашиглах эрх олгохоор шийдвэрлэсэн, газар ашиглагч “Зэт Эм Эл” ХХК нь уг газарт төсөл хэрэгжүүлэхээр “Хүлэгт хаадын зам” ХХК-тай “Хөрөнгө оруулах замаар хамтран ажиллах гэрээ” байгуулж, хөрөнгө оруулалтын 90 хувийг “Хүлэгт хаадын зам” ХХК санхүүжүүлэх, газар ашиглах эрх шилжүүлэхээр тохиролцон “эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад хүсэлт гаргасан, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд (тухайн үеийн нэрээр)-ын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар дээрх газрыг “Хүлэгт хаадын зам” ХХК-нд ашиглуулахаар шийдвэрлэсэн, уг тушаалын дагуу одоо уг газрыг “Хүлэгт хаадын зам” ХХК ашиглах эрхтэй байна.

Б.Хонгорзул нарын 9 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаяраас дээрх тушаалуудын  “Зэт Эм Эл” ХХК,  “Хүлэгт хаадын зам” ХХК –иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Соёмботын 1 дүгээр гудамжинд олон жил (30 гаруй жил) оршин суусан 9 иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, ... эдгээр иргэдийн оршин суугаа газарт давхцуулан газар ашиглуулах эрх олгосон нь .../хууль бус/” гэж маргажээ.

Маргаан бүхий захиргааны актуудаар “Зэт Эм Эл” ХХК, “Хүлэгт хаадын зам” ХХК-нд ашиглуулахаар олгосон, нэр бүхий 9 иргэний амьдардаг гэх газар нь Богдхан уулын дархан цаазат, тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах, Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Зайсангийн ам, Соёмбот уулын зүүн бэлд байршилтай, талууд уг баримттай маргаагүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “дархан цаазат газрын ... хязгаарлалтын бүс ... газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болох”-оор, 35 дугаар зүйлийн 1-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа ... -нд гаргах”-аар, 36 дугаар зүйлийн 1-д “/тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн/ төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын ... хязгаарлалтын бүс ... газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг ... гаргах”-аар тус тус зааснаас үзэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуульд заасан журмын дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүст газар ашиглах хүсэлтийг тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд гаргах, төрийн захирггааны төв байгууллага (яам) нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг үндэслэн, тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргахаар байна.

Үүнээс үзэхэд, Богдхан уулын дархан цаазат, тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүст “Зэт Эм Эл” ХХК, “Хүлэгт хаадын зам” ХХК-нд тус тус газар ашиглуулахаар шийдвэрлэсэн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/337,  2015 оны А/433 дугаар тушаалууд нь дээрх хуулийн заалтуудтай нийцсэн, захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд гарсан шийдвэр байна.

Нэхэмжлэгчээс “... газар ашиглах эрхийг шилжүүлэхийг хуулиар хориглосон байхад ... “Хүлэгт хаадын зам” ХХК-нд шилжүүлсэн нь ... хууль бус” гэх боловч, “Зэт Эм Эл” ХХК нь “Хүлэгт хаадын зам” ХХК-тай “Хөрөнгө оруулах замаар хамтран ажиллах гэрээ” байгуулсан, газар ашиглах эрх шилжүүлэхээр тохиролцсон, “эрх шилжүүлэх” талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад хүсэлт гаргасан, үүнийг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны А/433 дугаар тушаалаар уг газар ашиглах эрхийг “Хүлэгт хаадын зам” ХХК-нд олгосон нь нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

Өөрөөр хэлбэл, “Зэт Эм Эл” ХХК нь өөрийн ашиглах эрхтэй газартаа “Хүлэгт хаадын зам” ХХК-тай хамтран төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, санхүүжилт гаргах талдаа газар ашиглах эрхээ шилжүүлэхээр харилцан тохиролцсон, үүнд холбогдох баримтаа хавсаргаж, “газар ашиглуулах эрх олгох” эрх бүхий этгээдэд хүсэлт гаргасан, уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн хариуцагчийн маргаан бүхий 2015 оны А/433 дугаар тушаал нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд дүгнэлт хийгээгүй, “...нэхэмжлэгч нарын газартай давхцуулж, “Зэт Эм Эл” ХХК, “Хүлэгт хаадын зам” ХХК-нд газар ашиглуулах эрх олгосон” гэх маргааны үйл баримтууд, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар буюу “...“Зэт Эм Эл” ХХК-ийн газар ашиглах эрх хүчин төгөлдөр байхад ... давхцуулан “Хүлэгт хаадын зам” ХХК-нд газар ашиглах эрх олгосон нь ... хууль бус”, “...“Зэт Эм Эл” ХХК нь газраа бусдад дамжуулан ашиглуулахыг хориглосон байхад ... хариуцагчаас ... Хүлэгт хаадын зам” ХХК-нд газар ашиглуулах эрх олгосон /маргаан бүхий/ тушаал гаргасан нь хууль зөрчсөн” гэх зэргээр дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

-...маргаан бүхий газарт нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн газар ашиглах эрхийн талаар:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлээр дархан цаазат газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг тогтоохдоо иргэдэд “хашааны” эсхүл “гэр бүлийн хамтын хэрэгцээний” зориулалтаар газар ашиглах, эзэмших эрх олгохыг зөвшөөрөөгүй, харин дээр дурдсаны дагуу аялал жуулчлалын зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулж болохоор заажээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар тусгай хамгаалалттай газар нутагт он удаан жил суурьшин амьдарч байгаа иргэдийн талаар хэлэлцэн, уг хуралдааны 17 дугаар тэмдэглэлээр “.../уг/ иргэдийн газар ашиглах эрхийн асуудлыг судалж шийдвэрлэх”-ийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгасан, үүний дагуу  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаалаар “... Зайсангийн амны 11 дүгээр хороо...-нд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг газар дээр нь шалгаж, бүртгэлжүүлэх” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан, үүнийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалттай уялдуулан авч үзвэл, 1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдахаас өмнө тухайн байршилд суурьшин амьдарч эхэлсэн иргэдийн хувьд тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс, уг хуулийн үйлчлэлд хамааруулахгүйгээр, тусгай хамгаалалттай газарт он удаан жил суурьшин амьдарч байгаа газрыг нь “хашааны” зориулалтаар олгох зохицуулалт гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэр нь 1994 оноос өмнө Богдхан уулын дархан цаазат газар, Зайсангийн аманд хашаа хатган суурьшин амьдарч байгаа иргэдийн хувьд 1994 онд батлагдсан хуулийн үйлчлэлд хамааруулахгүйгээр, иргэдэд өөрийн он удаан жил суурьшин амьдарсан хашааны газраа цаашид ашиглах эрхийг төрөөс баталгаажуулах зорилготой, харин уг тогтоолоор Зайсангийн аманд гэр бүлийн хамт амьдарч байсан бүх хүн уг амны аль нэг хэсэгт дураараа хашаа хатган, газар ашиглах “давуу эрх”-ийг олгоогүй юм.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Бат-Очирын Хонгорзул, Бат-Очирын Ганбат, Бат-Очирын Батцоож, Бат-Очирын Мөнхзул нар нь төрсөн ах дүүс бөгөөд тэдний эцэг А.Бат-Очир нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмботын 2 гудамжны 1 тоотод хүүхдүүдийн хамт “он удаан жил амьдарч” байгаа, “.../хүүхдүүд нь/ насанд хүрч, тус тусдаа өөрийн гэсэн газартай болохыг хүссэн” нь хэрэгт авагдсан Б.Хонгорзул, Б.Мөнхзул, Б.Батцоож, Б.Ганбат нараас 11 дүгээр хорооны Засаг даргаар уламжлан Хан-Уул дүүргийн Газрын албанд хандаж гаргасан гэх өргөдөл, тус хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэх зэргээр тогтоогдсон байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Загдсүрэнгийн Мөнхжаргал нь “1982 оноос Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлэгийн сургуульд ажиллаж”, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, 28 дугаар байрны 5 тоотод хүү Баасангийн Баярбаясгалангийн хамт “он удаан жил амьдарсан” нь З.Мөнхжаргал, Б.Баярбаясгалан нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, ажлын газрын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Мөн Жаргалсайхан овогтой Надмидцэрэн, Жаргалсайхан овогтой Магсаржав нар нь төрсөн ах дүүс, эцэг Ш.Жаргалсайхан нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Соёмбот 1 дүгээр гудамжны 1а тоотод оршин суудаг, Ж.Магсаржав, Ж.Надмидцэрэн нар нь эцэг, эхийн хамт уг хаягт оршин сууж байгаад “...өөртөө 0.05 га газар салгаж амьдарсан” болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайханы шүүхэд гаргасан мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Хонгорзул, Б.Мөнхзул, Б.Батцоож, Б.Ганбат нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Соёмботын 1 дүгээр гудамжны 50 тоот” гэх хаягт тус тус, З.Мөнхжаргал, Б.Баярбаясгалан нар нь “Соёмботын 1 дүгээр гудамжний 51 тоот” гэх хаягт тус тус, Ж.Магсаржав нь “Соёмботын 1 дүгээр гудамжны 52А”  гэх хаягт, Ж.Надмидцэрэн нь “Соёмботын 1 дүгээр гудамжны 52Б” гэх хаягт байршил заан маргаж байх бөгөөд эдгээр иргэдийн зааж буй газар нь маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээд “Зэт Эм Эл” ХХК-нд олгогдсон газартай давхцсан, талууд эдгээр үйл баримттай мөн маргаагүй байна.

Эдгээрээс дүгнэж үзвэл, иргэн Б.Хонгорзул, Б.Ганбат, Б.Батцоож, Б.Мөнхзул, Ж.Надмидцэрэн, Ж.Магсаржав, З.Мөнхжаргал Б.Баярбаясгалан нар нь гэр бүлийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд (өөр хаягт) оршин сууж байсан нь тогтоогдох боловч, маргаж буй “Соёмботын 1 дүгээр гудамжны 50 тоот”, “Соёмботын 1 дүгээр гудамжний 51 тоот”, “Соёмботын 1 дүгээр гудамжны 52А”, “Соёмботын 1 дүгээр гудамжны 52Б” гэх байршилтай газарт “он удаан жил (30 жил)” амьдран суусан болох нь тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, эдгээр иргэд нь Зайсангийн аманд, өөрийн эцэг, эх, гэр бүлийн хамт “он удаан жил амьдарч байсан” хашааны газар биш, өөр газарт шинээр хашаа хатган, түүнийгээ Засгийн газрын дээрх шийдвэрийн хүрээнд “ашиглах эрхтэй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийж, дээрх хууль болон Засгийн газрын шийдвэрийн агуулга, зорилгыг буруу тодорхойлж шийдвэр гаргасан байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх нотлох баримтуудыг буруу үнэлсэн, ... хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзлээ.

Харин, дээрх нэр бүхий иргэдийн хувьд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэх шаардлагыг хангасны үндсэн дээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д заасны дагуу “...газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа ... -нд гаргах”, үүний дагуу бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай тэгш эрхийн үндсэн дээр тус газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олж авах хуулийн боломжтой, шүүх иргэдийн уг эрхийг үгүйсгээгүй болно.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/337 дугаар тушаалаар “Зэт Эм Эл” ХХК-нд газар ашиглах эрх олгогдохоос өмнө маргаан бүхий газарт газар ашиглах тухай хүсэлтийг нэхэмжлэгч иргэдээс тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд гаргаж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй,  нэхэмжлэгч нарын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад хандан “газар ашиглах эрх олгохыг хүссэн” өргөдөл гаргасан, уг өргөдөлд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/6222 дугаар албан бичгээр “... төрийн захиргааны төв байгууллагаас зохих ёсны дагуу газар ашиглах эрх авсан “Зэт Эм Эл” ХХК-ийн газартай давхцаж байгаа тул ... газар ашиглах эрх олгох боломжгүй” гэх хариуг Б.Хонгорзул, Б.Ганбат, Б.Батцоож, Б.Мөнхзул, З.Мөнхжаргал, Б.Баярбаясгалан нарт ирүүлсэн нь хэрэгт авагдсан, энэ нь Газрын тухай хуулийн дээрх заалтад нийцсэн байх тул бусдын хууль ёсоор ашиглаж байгаа газрыг нэхэмжлэгч иргэдэд ашиглуулахыг шүүхээс хариуцагчид даалгах, энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актын гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр, гуравдагч этгээд “Хүлэгт хаадын зам” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 756 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0783 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Б.Хонгорзул нарын 9 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаярын “... Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн “Зэт Эм Эл” ХХК-д газар ашиглах эрх олгосон А-337 дугаар тушаал, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Хүлэгт хаадын зам” ХХК-д газар ашиглах эрх олгосон А-433 дугаар тушаалаас нэр бүхий 9 иргэний газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “Хүлэгт хаадын зам” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нарантуяагаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА