Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00421

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/00939 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1202 дугаар магадлалтай,

Б.А-ын нэхэмжлэлтэй,

ДБ ХХК холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие ДБ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Дотоод хяналтын албаны гишүүнийг томилох тухай 11/17 дугаар тогтоолыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дотоод хяналтын албаны хянагчийн ажилд томилогдон хөдөлмөрийн гэрээг туршилтын 3 сарын хугацаатай байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа дуусч ахин 3 сарын хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан. Хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацааг сунгасан хугацаа дуусч ДБ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Дотоод хяналтын албаны хянагчийг томилох тухай 21/18 дугаар тогтоолыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаагаар байгуулан Дотоод хяналтын албаны хянагчийн ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 3 сарын хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Мэдэгдэл хүргүүлэх тухай 2/158 албан тоотыг надад өгч Хөдөлмөрийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр дуусгавар болгосныг мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд улирал бүр гэрээг сунгаж байсан ба тухай бүр тайлан гаргаж, Дотоод хяналтын албаны ахлах хянагчаар дүгнүүлэн Төлөөлөн удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхий захиралд тайлагнаж байсан ба ажлын үр дүнгийн үзүүлэлт 98 хувиас дээш үзүүлэлттэй байсан. Ажиллаж байх хугацаанд зөрчил дутагдал гаргаж, байгаагүйн зэрэгцээ хамт олон байгууллагын зүгээс зохион байгуулж буй олон нийтийн ажилд идэвхи санаачилгатай оролцдог байсан. Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйл 23.2.1-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй; гэж зааснаар ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хууль, тогтоомжийг зөрчиж хөдөлмөрийн гэрээ байгуулж, мөн гэрээг дуусгавар болгосон тул ажилд эгүүлэн тогтоож, ажилд эгүүлэн томилогдох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын бичилтийг хийлгүүлж өгнө үү. Хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр оны эцсийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал дээр миний гэрээний хугацаа дууссантай холбоотойгоор гэрээг хэлэлцэж, ажлын үр дүн, тайланг дүгнээгүй. Ахлах хянагчаар хянуулаад 98%-тай үнэлүүлсэн ба хамгийн сүүлийн ТУЗ-ийн хурлаар оруулах байсан боловч түүнийг үнэлж өгөөгүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал дээр миний гэрээг цааш үргэлжлүүлэх талаар хэлэлцээгүй. ТУЗ-өөс ямар ч шийдвэр гараагүй. Миний асуудлыг хэлэлцээгүй гэрээг дуусгавар болсон гэсэн хуудас өгсөн. Үүнийг би хүчинтэй хуудас гэж үзэхгүй байна. Нэгдүгээрт ажлын цаг дууссан байхад өгсөн, хоёрдугаарт ТУЗ-өөс гарсан шийдвэр биш. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ДБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд 21.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тусгасан байх гол нөхцөлийг тодорхой заажээ. Тодруулбал, ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл тус тус хамаарч байна. Мөн зүйлийн 21.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1 дэх хэсэгт заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэж заасан байна. Иргэн Б.А- болон ДБ ХХК-ийн хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд 21.1 дэх хэсэгт заасан бүх нөхцөлүүд туссан, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан тул гэрээг хууль зөрчиж байгуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Нөгөөтэйгүүр, Иргэний хуульд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурсан, мөн тодорхой асуудлаар саналаа зохих хугацаанд /үед/ гаргаагүй буюу илэрхийлээгүй бол гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна гэж, мөн зүйлийн 23.2.2-т хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулахаар тус тус хуульчилсан байна. Хуульд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах эрхийг талуудад олгосон байна. Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 01/18 дугаартай хөдөлмөрийн гэрээний 2.5-д Энэхүү гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг үндэслэн талууд харилцан тохиролцож 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулав гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, талуудын харилцан тохиролцож гэрээг хугацаатай байгуулсан болох нь нотлогдож байна. Нэхэмжлэгч Б.А- нь 2015 онд Монголын хуульчдын холбоонд гишүүнээр элссэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй тул дээрх заалттай холбоотой аливаа үл ойлголцол гараагүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлтэй гэж заасан байна. Хуулийн хүрээнд түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж заасан тул Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон өдрөөс хойших хугацаанд ногдох цалин хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргийг тус компани хариуцахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/00939 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.2, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч ДБ ХХК-ийн Дотоод хяналтын албаны хянагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг хийлгүүлэх нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1202 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/00939 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.А-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хуулийн дээрх заалтаар байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах бөгөөд хугацаатай гэрээ байгуулах тохиолдолд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулахаар хуульчилсан байх ба уг гэрээг хугацаатай байгуулах болсон үндэслэл, шаардлагыг гэрээнд тодорхой тусгахаар зохицуулсан байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хугацаатай гэрээ байгуулсан тохиолдолд уг гэрээний хугацаа дууссанаар ажилтныг чөлөөлөх эрх ажил олгогчид байдаг ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэгт заасанд нийцжээ гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж туйлын гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэх, мөн зүйлийн 40.3 дахь хэсгийн “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэх заалтаар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг дараах байдлаар илтэд ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Шүүх хэрэгт авагдсан Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 104 дугаар тогтоолоор баталсан Ди Би Эм Ассөт Мөнежмент ХХК-ийн дүрмийн 12.1, 12.1.6 дахь заалт, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 8 сарын 23-ны өдрийн 69 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан Ди Би Эм Ассет Менежмент ХХК-ийн Дотоод хяналтын журмын 3.5, 3.6, 3.7 дахь заалтаар Ди Би Эм Ассет Менежмент ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод хяналтын албаны хянагчийн ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан байнгын ажлын байр болох нь нотлогдсон байхад хуулийн шаардлагыг зөрчиж хийсэн 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг хуульд нийцсэн гэж дүгнэн хөдөлмөрийн хуулийг зөрчиж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, мөн дуусгавар болгосон гэх тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй талаар шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэх дүгнэлтийг хийсэн. Иймд гомдлыг хүлээн авч, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.А-, ДБ ХХК холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.А-, хариуцагч ДБ ХХК-д хугацаатай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр дотоод хяналтын албаны хянагчийн ажил гүйцэтгэж байгаад гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа, “байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж, хугацаа дууссан гэж ажлаас чөлөөлсөн нь  хууль зөрчсөн, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэрээг дуусгавар болгох эрхгүй” гэснийг, хариуцагч  татгалзахдаа, “ гэрээг тохиролцож хугацаатай байгуулсан, хугацаа дуусгавар болсноор дахин сунгаагүй, хууль зөрчсөн зүйл байхгүй” гэжээ.

Зохигчийн хооронд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулагдсан, уг хугацааг талууд тохиролцож нэг удаа сунгасан, уг хугацаа дууссанаар ажил олгогч гэрээг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэхдээ хэргийн үйл баримт зохигчийн маргааны зүйлийг зөв тодорхойлж тухайн харилцаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах боловч мөн зүйлийн 23.2.2-т талууд тохиролцсон бол байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж болохыг заажээ. Зохигч харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, уг гэрээг мөн хугацаагаар сунгаж байсан тул  гэрээг хугацаатай байгуулсныг үгүйсгэх үндэслэлгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгахгүй бол тухайн гэрээ дуусгавар болдог байна. Гэрээний нэг тал ажил олгогч, гэрээг цааш сунгахгүй гэж шийдвэрлэж, энэ тухайгаа ажилтанд мэдэгдсэн байх тул нэхэмжлэгч Б.А-ыг ажлаас чөлөөлсөн шийдвэр хууль зөрчөөгүй, энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/00939 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1202 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.А-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ