Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 0009

 

   Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч Сү.Уранчимэг, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                       

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              Ц.Гэрэлбаатар

                    Шүүгдэгч                                               Ч.Б, Т.М,       

                                                                                  Г.О, Д.М

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Х.Оюунбат, Р.Цэрэнханд

         Нарийн бичгийн дарга                         С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолтой  Ч.Б, Т.М, Г.О, Д.М нарт холбогдох 1815000360029 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ц.Гэрэлбаатарын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... Х овогт Ч-ын Б.

Монгол Улсын иргэн, ... А овогт Д-ийн М.

Монгол Улсын иргэн, ..., Б овогт Т-ын М.

Монгол Улсын иргэн, ... У овогт Г-ын О.

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт хүргэн ах Д.Э-тэй маргалдаж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, 2018 оны  04 дүгээр сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт байрлах худалдааны гудамжинд нийтийн хэв журмыг зөрчиж иргэн Б.Б-ийг зодож Б.Б-ийн гар утсыг авч 180000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт,

шүүгдэгч Д.М, Г.О, Т.М нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт байрлах худалдааны гудамжинд нийтийн хэв журмыг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор:

 Шүүгдэгч Х овогт Ч-ын Б-ыг Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг, шүүгдэгч А овогтой Д-ийн М, Б овогт Т, У овогт Г-ын О нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг болгон тус тус өөрчилөн зүйлчилж,

Шүүгдэгч Х овогт Ч-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч А овогтой Д-ийн М, Б овогт Т-ын М, У овогт Г-ын О нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцон, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-ын Буянбатыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Шүүгдэгч А овогтой Д-ийн М, Б овогт Т-ын М, У овогт Г-ын О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийг 1 хоногийн хорих ялтай нийцүүлэн 30 хоногийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ын 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Д-ийн М, Б овогт Т-ын М, У я овогт Г-ын О нарт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Д-ийн М, Б овогт Т-ын М, У я овогт Г-ын О нарт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийвэл хорих ялаар солих болохыг тус тус сануулж,

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч Д.Э гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Б.Б цаашид гарсан эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, шүүгдэгч Д.М, Г.О, Т.М нарын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Гэрэлбаатар эсэргүүцэлдээ: “...Яллагдагч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн, яллагдагч Д.М, Г.О, Т.М нарыг мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг "яллагдагч Ч.Б-ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Д.М, Г.О, Т.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг" гэж тус тус өөрчлөн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь: Яллагдагч Ч.Б, Д.М, Г.О, Т.М нар нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын "Уурхайчин" багийн нутаг дэвсгэрт байрлах олон нийтийн худалдааны гудамжинд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн Б.Б-ийн биед хүч хэрэглэн, халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь зөрчиж зодсон, улмаар Ч.Б нь хохирогч Б.Б-ийн эд хөрөнгө өмчлөх эрхийг нь зөрчин гартаа атгаж барьсан байсан гар утсыг нь хүчээр мулталж аван зугтааж 180000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч Б.Б-ийн "...гурван мотоцикльтой залуучууд худалдааны гудамжаар орж ирсэн. Тэр мотоциклтой залуучууд зэрэгцэж зогсож байгаад С бид хоёр руу гэрлээ тусгаад байсан. Тэгэхээр нь би тэр мотоциклтой залуучууд руу яасан бэ гэж асуусан чинь нэг мотоцикл нь ойртож ирээд яадаг юм бэ гээд эрэгтэй хүн хэлээд миний нүүр рүү цохисон. ...Тэгж байгаад нөгөө залуучууд мотоцикл дээрээс бууж ирээд намайг тал талаас цохиж зодсон. ...Намайг босох гээд эргэх үед араас нэг мотоцикл нь ирээд миний нуруу руу дайрсан. Дайруулаад газар хэвтэж байсан чинь дээрээс зодож байгаад нэг залуу нь миний гарт барьсан байсан гар утсыг нь хүчээр мулталж аваад мотоциклио унаад баруун зүгт зугтаасан" гэх мэдүүлэг /хх-н 208-209/

Гэрч Ж.С-ийн "...бид хоёр маргалдаад худалдааны гудамжаар явж байсан чинь гэнэт мотоцикльтой залуучууд гарч ирээд Б-тэй муудалцаад байснаа санаж байгаа юм. ...Нэг ухаан орсон чинь Б хүмүүст зодуулсан гээд нүд, нүүр нь гэмтсэн байсан" гэх мэдүүлэг /хх-н 213/

Гэрч Б.Б-гийн "...баарнаас гарч яваад хөдөөний мотоцикльтой залууучуудад зодуулаад гар утсаа дээрэмдүүлсэн гэж ярьж байна лээ. ...Худалдааны гудамжинд явж байсан чинь мотоцикльтой залуучууд тал талаас гэрэл тусгаж байгаад хоёр гурвуулаа зэрэг зодож байгаад гарт байсан гар утсыг минь аваад явсан гэж ярьсан" гэх мэдүүлэг /хх-н 214-215/

Гэрч  Б.Э-ны "...баарны үүдэнд зогсож байсан чинь бараан захын хойд талд байдаг худалдааны гудамжинд хүмүүс орилолдоод тус гудамжны баруун талаас гурван мотоцикльтой залуу их хурдтай давхиж гарч ирээд тойроод урагшаа төв зам руу нийлээд явсан. Би тухайн үед эд нар чинь ямар их хурдтай явж байна даа. Хүн дайраад алчих юм биш байгаа даа гэж бодоод өнгөрсөн. Тэгээд би такси аваад гэр лүү явсан. Намайг такси аваад гар лүү явж байсан чинь Б танихгүй дугаараас залгаад хаана байна гэхээр нь гэртээ харих гээд явж байна чи хаана байна гэж асуусан чинь Б найз нь танихгүй хүмүүст зодуулчихлаа гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-н 216-217/

Насанд хүрээгүй гэрч А.М-ын "...худалдааны гудамжинд очсон чинь тухайн гудамжинд нэг ах нэг эмэгтэй хүн зодож байсан. ...Очоод Б ах мотоцикльноосоо буугаад шууд нөгөө ахыг зодсон. Тухайн үед араас нь бас М болон М-ий найз гэх залуучууд буугаад тэр ахыг хамт зодсон. ...М-тай барицалдаж яваад М хохирогчийн гар луу нь хоёр, гурван удаа цохисон. ...М түүний гар, мөр луу нь мөн цохиж байсан. Б ах хохирогчийг хавсарч унагаад дээрээс нь цохиж өшиглөөд зодож байгаад Б ах хохирогчийн гарт байсан гар утсыг аваад эргэж ирээд бид нар зугтаасан. ...О нэг удаа хохирогч ахын нүүр рүү цохисон. Б ах хохирогчийг цохиж унагаад дээрээс нь цохиод байсан. Харин М, М хоёр   намайг харж байхад хохирогчийн гар луу цохиод байсан" гэх мэдүүлэг /хх-н 218-219/

Гэрч Г.О-ын "...Б нэг залуутай маргаж байсан чинь М-ий найз гэх залуу нь миний мотоциклоор тухайн залууг мөргөж унагасан. ...Б ах, М болон М-ий найз тэр 3  зодоод байсан. ...сүүлд  М-тай утсаар ярьсан чинь М Б ах нөгөө залуугийн гар утсыг нь авсан байна гэж хэлж байсан. ...Б орилоод байсан эмэгтэй хүний хажууд байсан эрэгтэй хүнтэй барьцалдаад авсан байсан. Тэгэхээр нь эргэж очоод М мотоциклоороо Б ахтай барьцалдаад байсан залууг хальт шүргээд цаад талд нь зогссон. ...Намайг мотоциклоос буусан чинь нөгөө ах миний баруун талын шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би газарт унасан. Босч ирээд нөгөө ахын нүүрний баруун талын шанаа руу гараараа нэг удаа цохисон. ...намайг мотоцикль дээр суух үед хохирогч ах газар хэвтэж байсан. ...М хохирогчийг газар хэвтэж байхад нь нэг хоёр удаа өшиглөсөн" гэх мэдүүлэг /хх-н 220-222/ зэрэг өөр хоорондоо эх сурвалжаа зааж байгаа дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгийг ямар нотлох баримтуудаар няцааж үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолын "ТОДОРХОЙЛОХ нь:" хэсэгт тодорхой тусгаагүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 "шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурьдаагүй" гэсэн заалт мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах хэсэгт заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй ба шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Шийтгэх тогтоолын "ТОДОРХОЙЛОХ нь:" хэсэгт: ...Учир нь шүүгдэгч Ч.Б-ыг бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа бусдын эд зүйлийг дээрэмдэж авсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн хэдий ч хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд бусдын эд хөрөнгийг илээр хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцох нь зүйтэй байна. ...” гэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б-ийн "...Дайруулаад газар хэвтэж байсан чинь дээрээс зодож байгаад нэг залуу нь миний гарт барьсан байсан гар утсыг нь хүчээр мулталж аваад мотоциклио унаад баруун зүгт зугтаасан" гэх мэдүүлэг /хх-н 208-209/

Гэрч   Б.Б-гийн   "...баарнаас   гарч   яваад   хөдөөний   мотоцикльтой залууучуудад зодуулаад гар утсаа дээрэмдүүлсэн гэж ярьж байна  лээ. Худалдааны   гудамжинд явж байсан чинь мотоцикльтой залуучууд тал талаас гэрэл тусгаж байгаад хоёр гурвуулаа зэрэг зодож байгаад гарт байсан гар утсыг минь аваад явсан гэж ярьсан" гэх мэдүүлэг /хх-н 214-215/

Гэрч Б.Э-ны "...баарны үүдэнд зогсож байсан чинь бараан захын хойд талд байдаг худалдааны гудамжинд хүмүүс орилолдоод тус гудамжны баруун талаас гурван мотоцикльтой залуу их хурдтай давхиж гарч ирээд тойроод урагшаа төв зам руу нийлээд явсан. ...Намайг такси аваад гэр лүү явж байсан чинь Б танихгүй дугаараас залгаад хаана байна гэхээр нь гэртээ харих гээд явж байна чи хаана байна гэж асуусан чинь Б найз нь танихгүй хүмүүст зодуулчихлаа гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-н 216-217/

Насанд хүрээгүй гэрч А.М-ын "...худалдааны гудамжинд очсон чинь тухайн гудамжинд нэг ах, нэг эмэгтэй хүн зодож байсан. ...Очоод Б ах мотоцикльноосоо буугаад шууд нөгөө ахыг зодсон. Тухайн үед араас нь бас М болон М-ий найз гэх залуучууд буугаад тэр ахыг хамт зодсон. ...тэр үед Б ах нэг гар утас дээлнийхээ өврөөс гаргаж ирсэн. Тухайн үед би хэний гар утас вэ гэж асуухад Саяны зоддог хүний гар утас гэж хэлж байсан. ...Б ах хохирогчийг хавсарч унагаад дээрээс нь цохиж өшиглөөд зодож байгаад Б ах хохирогчийн гарт байсан гар утсыг аваад эргэж ирээд бид нар зугтаасан" гэх мэдүүлэг /хх-н 218-219/ зэрэг нотлох баримтуудаар

Шүүгдэгч Ч.Б нь Д.М, Г.О, Т.М нарын хамт худалдааны гудамжинд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн Б.Б-ийн биед хүч хэрэглэн, халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь зөрчин зодож, улмаар Ч.Б хохирогч Б.Б-ийн эд хөрөнгө өмчлөх эрхийг нь зөрчин гартаа атгаж барьсан байсан гар утсыг нь хүчээр мулталж аван зугтааж 180000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хангалттай нотлогдож тоггоогдож байхад Ч.Б-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Хэрэв Ч.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд заасан "Дээрэмдэх" гэмт хэрэг гэж үзвэл Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авсан" гэмт хэрэг бус харин мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан "бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон" гэмт хэрэг үйлдсэнээр зүйлчлэх тул эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж ойлгогдохоор байна.

Мөн шүүх дүгнэлт хийхдээ шүүгдэгч Ч.Б нь хохирогч Б.Б-ийг зодож байх явцдаа гар утсыг нь хүчээр авсныг нотлож байгаа нотлох баримтуудыг дурьдаж "...бусдын эд хөрөнгийг илээр хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцох зүйтэй байна." гэж дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийлдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна" гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дугаар зүйлийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолыг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар ... прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна...Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Б-ыг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт хүргэн ах Д.Э-тэй маргалдаж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, 2018 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт байрлах худалдааны гудамжинд нийтийн хэв журмыг зөрчиж иргэн Б.Б-ийг зодож Б.Б-ийн гар утсыг авч 180000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт,

Д.М, Г.О, Т.М нарыг 2018 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт байрлах худалдааны гудамжинд нийтийн хэв журмыг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Ч.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Д.М, Г.О, Т.М нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч прокурор Ц.Гэрэлбаатар эсэргүүцэл бичсэн байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурор Ц.Гэрэлбаатарын эсэргүүцлийг үндэслэн тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Учир нь Ч.Б, Д.М, Г.О, Т.М нар нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын "Уурхайчин" багийн нутаг дэвсгэрт байрлах олон нийтийн худалдааны гудамжинд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн Б.Б-ийн биед хүч хэрэглэн, халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь зөрчиж зодсон,

Ч.Б нь хохирогч Б.Б-ийн эд хөрөнгө өмчлөх эрхийг нь зөрчин гартаа атгаж барьсан байсан гар утсыг нь хүч хэрэглэн авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б, насанд хүрээгүй гэрч А.М, гэрч Г.О нарын мэдүүлгээр тогтоогдож байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлгүй байна.

Шүүх дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгийг ямар нотлох баримтуудаар няцааж үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхой тусгаагүй байх бөгөөд мөн шүүгдэгч Ч.Б-ын үйлдлийг бусдын эд хөрөнгийг илээр хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Прокурор Ц.Гэрэлбаатарын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ч.Б, Д.М, Г.О, Т.М нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                М.ХҮРЭЛБААТАР                           

                               ШҮҮГЧ                                                  Сү.УРАНЧИМЭГ                                                                                     

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН