Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 00182

 

   Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч П.Шижиртуяа,

хохирогч Д.Э , Б.Б

гэрч О.Цогзолмаа, О.Энх-Амгалан, Д.Алтанбагана, М.Жигмэддорж, Э.Ма ,

шүүгдэгч Ч.Б , түүний өмгөөлөгч Х.Оюунбат,

шүүгдэгч Т.М , Г.О , Д.М нар, тэдний өмгөөлөгч Р.Цэрэнханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ханжаргалант овогт Чинбатын Ч.Б , мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М, Т.М , Г.О  нарт холбогдох эрүүгийн 1815000360029 дугаартай, 163/2018/0085/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Ч.Б  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , урьд ял шийтгэлгүй, Аовогтой Д.М

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй,  овогтой Т.М

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн  Бугат суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, У овогтой Г.О  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б  нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт хүргэн ах Д.Э тэй маргалдаж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, 2018 оны  04 дүгээр сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт байрлах худалдааны гудамжинд нийтийн хэв журмыг зөрчиж иргэн Б.Б ийг зодож Б.Б ийн гар утсыг авч 180000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.М, Г.О , Т.М  нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт байрлах худалдааны гудамжинд нийтийн хэв журмыг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б ын өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 21-ээс 22-ны өдөрт шилжих шөнө таньдаг айлд байж байгаад тамхи авъя гээд дэлгүүрийн гадна яваад очиход Т.М, Д.М, Г.О , Ма  дөрөв мотоцикльтой зогсож байсан. Тэгээд бид хэд ярилцаж байгаад дэлгүүрээс 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво аваад М гэрт очиж уусан. Пиво шөнийн 01:00 цагт ууж дуусчихаад Эрдэнэт явъя гэж ярьсан. Эрдэнэт ороод “Тайгер” нэртэй баар луу очиход хаах гэж байсан. Бид хэд явъя гээд гарахад хохирогч Б.Б  гэдэг ах нэг эмэгтэй хүнтэй маргалдаад байсан. Нөгөө эмэгтэй нь авраарай, туслаарай гээд хашгираад байсан. Тэгэхээр нь би гүйж очоод хүүш та болиочээ, эмэгтэй хүнийг ингэж болохгүй ш дээ гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлсэн. Тэгэхэд Г.О  гүйж ирээд хохирогч Б.Б ийг цохих гэсэн чинь өөдөөс нь цохиод унагаасан. Г.О  босож ирээд хохирогчийг цохьсон. Хохирогч уначихаад босож ирээд Д.Мийн мотоциклоос зууралдаад байсан. Д.М мотоциклоосоо бууж ирээд өшиглөхөд унасан. Унахад нь Д.М, Г.О , Т.Мбид хэд нийлж зодсон. Хохирогч дахиж босож ирээд Т.Мтэй зууралдаад авсан. Тэгэхэд Т.Ммотоцикль дээрээ сууж байсан ба цаашаа гээд түлхэсэн. Энэ үед Ма  миний мотоциклийг бариад зогсож байсан. Зодож байхдаа одоо болно, явцгаая гэж хэлээд явах гээд мотоцикль руугаа очих замд газарт нэг утас хэвтэж байсныг аваад өвөртөө хийсэн. Газарт хэвтэж байхад утасны дэлгэцийн гэрэл нь ассан байсан. Энэ хэд түрүүлээд яваад өгсөн. Араас нь Ма  бид хоёр яваад Эрдэнэт хотоос гарахад байдаг “Шунхлай” колонк дээр бензин авахаар зоссон. Ингэж зогсож байхдаа авсан утсаа гаргаж ирээд энэ хэний утас вэ? гэж Ма аас асуухад мэдэхгүй байна гэсэн. Нөгөө хэдээс энэ та нарын утас мөн үү? гэж асуухад биш гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ утас хохирогчийн утас болохыг мэдсэн. Тэгэнгүүт гар утсыг замын боржуур дээр тавьсан. Тэгж байтал цагдаа нар ирэхээр нь “яасан бэ” гэсэн чинь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гээд биднийг аваад явсан.

2018 оны 01 дүгээр сарын 08-ний өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө манай гэрт ээж, би, хүргэн ах Д.Э гийн том охин, бага охин бид унтаж байсан. Оройны 10 цагийн үед Д.Э  ах Эрдэнэт явлаа гээд гарсан. Тэгэхэд ээж маань надад дүүгээ аваарай гэж хэлсэн. Би орноосоо босоод гутал, хувцасаа өмсөөд араас нь гарахад хүргэн ах Д.Э  яг машиндаа суугаад явах гэж байсан. Би гүйж очоод “хүүе та болиочээ, харанхуй шөнө, ийм хүйтэн байхад хүүхэд авч явж яах гэсийн бэ?, замдаа янз бүрийн асуудал үүсвэл яана, үлдээчихээд яв” гэж хэлэхэд “үгүй, миний хүүхэд чамд ямар хамаатай юм бэ?, би хүүхдээ мэдэж байна” гэж хэлэхээр нь “замд машин тэрэг чинь саатвал яах болж байна, үлдээчихээд яв” гэж хэлсэн чинь “үгүй, би мэдэж байна, чамд хамаагүй” гээд зөрүүдлээд байсан. Зөрүүдлээд байхаар нь бага хүүхдийг нь авах гээд татаж, чангаахад Д.Э  ах хажуу талаараа гараараа тулаад газар унасан. Босож ирээд надтай барьцалдаж аваад хэрэлдэж, маргалдаад салахгүй болохоор нь “та одоо яах гээд байгаа юм бэ? харанхуй, ийм хүйтэй шөнө энэ хүүхэд хөлдөнө шүү дээ” гэж хэлээд хавсарч унагаасан. Тэгэхэд бөгсөөрөө унасан. Бөгсөөрөө унахдаа миний зүүн гарын цамцны ханцуйнаас зууралдсан байсан ба уг ханцуйг ураад унасан. Энэ үед би Д.Э  ахын толгой тархи руу огт цохиогүй. Д.Э  ахын биед учирсан гэмтэл нь миний үйлдлийн улмаас учраагүй байх гэж бодож байна. Бид хоёр гадаа маргалдаад 30-40 минут зогссон байх. Арай гэж хүүхдийг Д.Э  ахаас аваад ээжид оруулж өгөхөд ээж маань “хүүш, хөлдчихсөн байна ш дээ” гэж хэлээд хүйтэн усаар шавшиж ээжтэй хамт унтсан. Тэгж унтаж байхад Энх-Амгалан ах орж ирээд хүүхдийг дахиад аваад гарсан. Энэ үед Энх-Амгалан, Д.Э , Алтанбагана нар Номин-Эрдэнийг аваад Эрдэнэт хот явсан байна лээ. Тэгээд “нуурын толгой” гэх газарт явж байгаад машин нь эвдрээд манай дүү болох Ганзориг, Жигмэддорж ахтай хамт явж авчирсан байна лээ. Тэгэхэд бас л хүүхдийнх нь хөл гар нь даарчихсан, хөлдчихсөн байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М : Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О : Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Э гийн өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн орой бага хүүхдээ авч явахаас болж шүүгдэгч Ч.Б тай маргалдсан нь үнэн. Тухайн үед манай эхнэр, том охин хоёр хотод байсан. Бага охин маань ганцаараа байсан. Ч.Б тай маргалдах үед Энх-Амгалан хүүхдийг маань аваад гэрт орчихсон байсан. Ч.Б  бид хоёр худгийн хажууд очиж зууралдсан. Ч.Б  намайг 2-3 удаа хавсарч унагаасан. Тэндээс Эрдэнэт хот руу явлаа гэж гарсан нь худлаа. Харин Алтанбаганы гэрт очихоор явсан. Тэгээд Алтанбаганы гэрт очсон. Нуурын толгой гэх газарт явж байхад Энх-Амгалан, Алтанбагана нар байхгүй байсан. Үүнд: Ч.Б ын дүү Ганзориг өөрөө машин барьж явсан. Замдаа явж байгаад зогсохоор нь Жигмэддоржийг утсаар дуудаж ирүүлээд цааш нь явсан. Миний толгойны зүүн талын яс нь 9 мм-ын цус хуралттай гээд гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж дитан төмөр хийлгэсэн. Тухайн үед байнга эм уудаг байсан. Одоо хааяа нэг эмчийн заавраар эм ууж байгаа. Надад эмчилгээний зардал гэж 2.600.000 төгрөгийг гарсан. Одоо гомдол, саналгүй, нэхэмжилж байгаа зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б ийн өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шөнө найзуудын хамт “Тайгер” нэртэй бааранд суусан. Энэ үед манай эхнэр бас найзуудтайгаа хамт өөр газар сууж ууж байсан. Тэгээд эхнэр бид хоёр дуусаад хамт харъяа гэж ярьсан байсан. Хэсэг хугацааны дараа манай эхнэр над руу утсаар залгаад “дуусчихлаа, чи хаана байгаан бэ?, би яваад очъё” гэж хэлээд миний байсан бааранд хүрээд ирсэн. Эхнэр маань нилээн уусан, их согтсон шинжтэй байхаар нь уур хүрээд “чи олон нийтийн газар биеэ зөв авч явсангүй, хэтрүүлж уусан байна, явъя” гэж хэлээд сугадаад баарнаас гараад явахад гуйваж дайваад явж өгөхгүй байсан. Тэр худалдааны гудамжинд сандал байвал суучих гээд байсан. Би явъя гэж хүчлээд байж байтал 3 мотоцикльтой залуу урдаас гэрлээ тусгаж давхиж тулж ирэхэд нь яасан бэ? гэж асуухад яасан ч яадаг юм гээд байсан. Гэрлээ тусгахаа болиоч, яах гээд байгаа юм бэ? гэж уурлахад нэг нь гүйж ирээд цохьсон. Тэр нь шүүгдэгч Г.О  юм шиг байсан. Би явуулахгүй цагдаа дуудна гэж хэлээд гүйж очоод мотоциклоос нь бариад авахад тэнд байсан залуус намайг өшиглөж, цохиж, бөөнөөр нийлж зодсон. Тэгэхээр нь 50-60 метрийн зайтай байрлах хогийн савны тийшээ зугтаасан. Тэгэхэд араас мотоцикльтойгоо хаазалж ирсэн. Би хогны савны ард зогсож байтал хаазлаад ирэнгүүт нь хөлөөрөө жийх гэтэл хий жийгээд унасан. Намайг унахад бүгдээрээ нийлж зодсон. Энэ үед би гар утсаа нэг гартаа барьчихсан, хоёр гараараа нүүр, толгойгоо хамгаалаад хэвтэж байсан. Тэгэхэд нэг нь миний гараас чангаасаар байгаад миний утсыг авсан. Утас аваад л тэр зодоон дууссан. Тэгээд би араас нь та нар чинь яаж байгаан бэ? баригдана шүү дээ гэж орилоход яваад өгсөн. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн цагаас хойш шүүгдэгч нар нэг ч удаа надад хохирол, гомдол юу байна, яах уу энэ тэр гэж утсаар залгаж, ярьж байгаагүй. Би бүр гайхаад Эрдэнэт хотод бүгдийг нь дуудаж уулзсан. Ер нь энэ хугацаанд шүүгдэгч нарын араас би өөрөө хөөцөлддөг байсан. Өнөө өглөө надад хохирлын мөнгө гэж 200000 төгрөг өгсөн. Хамгийн гол нь миний утсан дээр миний найз нөхөд, үр хүүхэд, эхнэртэйгээ авахуулсан нарийн нандин, дурсамжтай зурагнууд, бичлэгнүүд их байсан учир үүнд л харамсаж байна. Би шүүгдэгч нарт “утас яах вэ, гол нь миний утсанд байсан мемори картыг олоод өгчих” гэж хэлсэн боловч өдий болтол олж өгөөгүй. Би гомдолтой байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.Цогзолмаагийн өгсөн: Болсон явдлыг мэдэхгүй..., Ч.Б  охиныг аваад ороод ирэхэд хөл, гар нь их даарчихсан орж ирсэн. Тэгээд би хөл, гарыг нь бүлээн усанд угаагаад хөнжилдөө оруулаад унтаж байтал би хүүхдээ авна гээд аваад явсан. Тэгэхээр нь би хүүгээ араас нь гаргасан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.Энх-Амгалангийн өгсөн: Хоорондоо хүүхэд авна, өгч явуулахгүй гэж маргалдаад байсан. Ч.Б  болохоор та согтуу хүйтэн байхад хүүхэд авч явах гэлээ гээд байсан..., хоорондоо маргалдаж байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Алтанбаганы өгсөн: Би машин дотор сууж байсан болохоор мэдэхгүй байна..., хараагүй харин Ч.Б  надад би ахыгаа хоёр хавсраад унагаачихсан юм гэж ярьж байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Жигмэддоржийн өгсөн:...хохирогч Д.Э  зодуулсан шинж харагдаагүй. Учир нь харанхуй байсан. Мөн их хүйтэн байсан болохоор очингуутаа хүмүүсээ суулгаад буцаад наашаа ирсэн. Бие хаа өвдөж байна энэ тэр гэж ерөөсөө хэлээгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Ма ын өгсөн: Эхлээд Буянаа ах бид хоёр хохирогч ах руу мотоциклтойгоо явж очоод нүүрэн тус газарт гэрэлээ тусгасан. Тэгэхэд хохирогч ах нүүрээ маажуулсан байсан. Энэ үед Г.О  нөгөө эмэгтэйг босгоод сандал дээр суулгаж байсан. Хохирогчийг цаашаа зугтаахад Ч.Б  бид хоёр араас нь очсон. Яваад очтол хохирогч Б.Б  ах сандал, хогийн сая хоёрын хооронд зогсож байсан. Тэгээд Ч.Б  намайг мотоцикль барьж бай гээд үлдээсэн. Хохирогч Б.Б  Т.Мдээр очоод түүнийг мотоциклноос нь татаж унагаасан. Татаж унагаах явцад Т.Мхохирогчийн гар луу нэг, хоёр удаа цохиж байсан. Дараа нь хохирогч ах Д.М дээр очоод мотоциклын түлхүүрийг аваад гэтэл бас гар луу хоёр, гурван удаа цохиж байсан. Тэгээд Ч.Б  ах явж очоод унагаагаад дээрээс нь цохиод байсан. Тэгж байхдаа хохирогчийн гарнаас шүүгдэгч Ч.Б  утсыг нь авсан. Эхлээд Т.М, Г.О , Д.М нар түрүүлээд явсан. Сүүлд нь Ч.Б  ах бид хоёр араас нь явсан. Явж байхад бензин дуусаад зогсож байтал эргүүлийн цагдаа таарсан. Цагдаа таарахад Ч.Б  ах сууж байсан газартаа хохирогч ахын гар утсыг орхисон. Тэгээд эргүүлийн цагдаатай явсан гэв.

 

1815000360029 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Д.Э гийн өгсөн:...хадам дүү болох Ч.Б тай маргалдаад хашааны гадна гартал намайг хэд хэдэн удаа толгойн тус газарт цохиод 2-3-н удаа хавсарч унагасан. Би согтуу байсан учраас өөдөөс нь ямар нэгэн байдлаар эсэргүүцэж чадаагүй…, миний нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж газарт унагаад босоод ирэхээр хавсарч унагаад байсан. Б унахдаа толгойгоороо юм мөргөж унасан бололтой өвчин орчихсон үүдэн 1 шүд хөдөлж өвчин орсон байсан…, миний тархины баруун талд цус хуралт үүсч хагалгаанд орж авахуулсан…, миний толгой их өвдөж мартамхай болсон байна. Уналт таталтын эсрэг эм тариа байнга хэрэглэж байна. Өвчин намдаах эм байнга хэрэглэж хүнд юм өргөж болохгүй хүчтэй босч, сууж болохгүй гэх мэт зовиур ихтэй байна" гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,

Гэрч Д.Алтанбаганийн...Д.Э  над дээр 18 цагийн үед Эрдэнэтээс ирэхдээ согтуу ирээд бид 2 гэрт нь очиж нэг том пиво хувааж уугаад нилээн согтсон байсан. Би гараад сууж байтал Д.Э  хэсэг байж байгаад араас орж ирээд Буянаа манай хүүхдийг аваад явчихлаа хойноос нь явж авчирнаа гэхээр нь “чи согтуу байгаа юм чинь тэгэлгүй яахав” гэж хэлтэл цааш яваад өгөхөөр нь би харих гээд машинаас нь буугаад алхаад явсан…, Д.Э  маргааш нь хот яваад манай эхнэр Оюунгэрэл рүү залгаад “би хот явж байна өчигдөр хадам дүү Буянаад зодуулсан” гэж хэлсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,

Гэрч Ц.Ууганцэцэгийн...орой 22 цагийн үед гэртээ Алтанбагана, Энх- Амгалан нарын хамт очоод 3-н настай охин Номин-Эрдэнийг авч гарах гээд байхаар нь манай дүү Ч.Б  та хүүхдээ дагуулж архи уух гэлээ одоо боль гэж хэлтэл өөдөөс нь “би хүүхдээ яах нь чамд хамаагүй” гэж хэлэхээр нь манай дүү Ч.Б  уурлаж 2 удаа хавсарч унагаад манай хүүхдийг аваад үлдсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,

Гэрч Ч.Ганзоригийн…орой манай хүргэн ах Д.Э  архи уучихсан согтуу байх үедээ өөрийн хүүхэд болох 3-н настай охин Э.Номин-Эрдэнийг оройн цагаар хүйтэнд авч гарах гэхэд нь манай ах Ч.Б  нь “согтуу байж хүүхэд авч явах гэлээ гэж” хэлээд хүүхдийг нь авсан байсан. Би тухайн үед гадаа машинд сууж байсан.    Тэгээд хүргэн ах Д.Э г Ч.Б  хавсраад унагаачихлаа гээд Алтанбагана ах ярьж байсан..., Алтанбагана ах машинд орж ирэхдээ Ч.Б  хүргэн ах Д.Э г хавсраад унагаачихлаа гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,

Гэрч О.Энх-Амгалангийн...манай хамаатны дүү болох Ч.Б  гарч ирээд Д.Э г согтуу байж хүүхэд авч явах гэлээ гээд маргалдаад хоёулаа зууралдаж аваад хашаанаас гараад урд талд байдаг худаг хүрээд буцаад ирсэн. Тухайн үед Д.Э  надад хандаад “Ч.Б  намайг зоддог болчихсон” юм байна сая намайг цохиж зодлоо гэж хэлж байсан. Маргалдаад л чанга чанга дуугаралдаад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуудас/,

Гэрч  Х.Эрдэнэбатын...хүргэн ах Д.Э  Булган аймгийн Бугат сумаас орой 20 цагийн үед ирсэн. Ирэхэд ах хэвийн зүгээр сууж байсан. Тэгээд гэрч байсан жимсний дарс хийж өгөөд бид хоёр хувааж уугаад сууж байтал ах гэнэт таталт өгөөд эхэлсэн. Тэгээд шууд ухаан алдаад унасан. Эмнэлэгт үзүүлээд тархины зураг авахуулсан тархиндаа хүнд гэмтэлтэй хагалгаанд орох шаардлагатай гэж үзээд хагалгаанд орсон гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,

Гэрч Д.Содонцэцэгийн…тухайн үед нь би Ч.Б  руу утсаар залгаж холбогдоход юун сүртэй юм бэ, хоёр л алгадаа биз гэж юу ч болоогүй юм шиг үл тоомсорлосон байдалтай хандсан…, Бугат суманд байж байхдаа өөрийнхөө хашаан дотор Ч.Б тай маргалдаад тэгээд миний дүүгийн тархи руу цохисон гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 57 тоот дүгнэлтээр... Д.Э гийн биед баруун зулай чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эмнэлгийн бичиг  баримт шинжилгээнүүдээс үзэхэд хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /хх-ийн 38-39 хуудас/,

Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч  эмчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 566 тоот дүгнэлтээр...Д.Э гийн биед тархины баруун тал бөмбөлөгийн дух, чамархай зулай хэсгийн хатуу хальсан доорх хуванцар цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайлбал толгойн баруун ар хэсэг рүү гар, хөлөөр цохих, цохигдох, толгойн баруун ар хэсгээр газар унах үйлчлэлийн аль алинаар үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 81 хуудас/,

Яллагдагч Ч.Б ын…хавсраад унагатал эргээд босоод ирэхээр нь дахиад нэг хавсарч унагаад хашааны гадна зууралдаж гараад урд талд байх худаг хүртэл зууралдаад хувцаснаас нь чирч очоод “эгчийг минь бага дээрлэхээрэй” би сонссон шүү гэж хэлтэл юу сонссон гэж хэлэхээр нь та намайг мэдээгүй гэж бодоо юу гэж хэлтэл намайг хүмүүс хүнтэй явалдсан гэж яриад байгаа юм гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуудас/,

Хохирогч Б.Б ийн өгсөн: “...бид хоёрыг маргалдаад байж байтал 6 дугаар микрийн урд талын аюулгүйн тойрог талаасаа гурван мотоциклтой залуучууд худалдааны гудамжаар орж ирсэн. Тэр мотоциклтой залуучууд зэрэгцэж зогсож байгаад Сувдаа бид хоёр руу гэрлээ тусгаад байсан. Тэгэхээр нь би тэр мотоциклтой залуучууд руу яасан бэ гэж асуусан чинь нэг мотоцикль нь ойртож ирээд яадаг юм бэ гээд эрэгтэй хүн хэлээд миний нүүр рүү цохисон. Тэр үед нөгөө хоёр мотоциклтой залуучууд нь ч гэсэн над руу шахаад байсан. Тэгж байгаад нөгөө залуучууд мотоцикль дээрээс бууж ирээд намайг тал талаас цохиж зодсон. Би зодуулж байгаад баруун тийш зугтаасан. Зугтааж байгаад хогийн сав сандал хоёрын хооронд орж зогссон. Хоёр мотоцикльтой залуу хоёр талаас ирэхээр нь нэгийг нь өшиглөх гэж байгаад өөрөө газарт унасан. Намайг босох гээд эргэх үед араас нэг мотоцикл нь ирээд миний нурууг дайрсан. Дайруулаад газар хэвтэж байсан чинь дээрээс зодож байгаад нэг залуу нь миний гарт барьсан байсан гар утсыг нь хүчээр мулталж аваад мотоциклоо унаад баруун зүгт зугтаасан. Гурван мотоцикльтой 5-6 залуу байсан гэх мэдүүлэг /хх-ийн 208-209 хуудас/,

Гэрч Ж.Сувдаагийн...бид хоёр маргалдаад худалдааны гудамжаар явж байсан чинь гэнэт мотоцикльтой залуучууд гарч ирээд Б.Б тэй муудалцаад байснаа санаж байгаа  юм.  Нэг хэсэг согтсон  байсан.  Нэг ухаан орсон чинь Б.Б  хүмүүст зодуулсан гээд нүд, нүүр нь гэмтсэн байсан. Тэгээд гэртээ харьсан. Энэ хэргийн улмаас Б.Б ийн толгой хавдаж, баруун талын нүдний доод зовхи нь урагдсан байсан. Гар хөл нь халцарсан байсан. Маргааш өглөө нүд нь хавдаж хөхөрсөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 213 хуудас/,

Гэрч Б.Баатархүүгийн...баарнаас гарч яваад хөдөөний мотоцикльтой залуучуудад зодуулаад гар утсаа дээрэмдүүлсэн гэж ярьж байна лээ..., Худалдааны гудамжинд явж байсан чинь мотоцикльтой залуучууд тал талаас гэрэл тусгаж байгаад хоёр гурвуулаа зэрэг зодож байгаад гарт байсан гар утсыг минь аваад явсан гэж ярьсан гэх мэдүүлэг /хх-ийн 214-215 хуудас/,

Гэрч Б.Эрдэнэсайханы "...баарны үүдэнд зогсож байсан чинь бараан захын хойд талд байдаг худалдааны гудамжинд хүмүүс орилолдоод тус гудамжны баруун талаас гурван мотоцикльтой залуу их хурдтай давхиж гарч ирээд тойроод урагшаа төв зам руу нийлээд явсан…, Б.Б  танихгүй дугаараас залгаад хаана байна гэхээр нь гэртээ харих гээд явж байна чи хаана байна гэж асуусан чинь Б.Б  найз нь танихгүй хүмүүст зодуулчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 216-217 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч А.Ма ын…2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Бугат сумаас Орхон аймгийн Баян-Өндөр суманд Мөнх- Эрдэнэ, Г.О ,  Ч.Б , Мөнх-Эрдэний найз гэх нэг залуу бид 5 хамт 3 мотоцикльтой орж ирсэн. Худалдааны гудамжинд очсон чинь тухайн гудамжинд нэг ах нэг эмэгтэй хүн зодож байсан. Тэгэхээр нь бид нар 3 мотоцикльтой яваад очоод Ч.Б  ах мотоцикльноосоо буугаад шууд нөгөө ахыг зодсон. Тухайн үед араас нь бас Т.Мболон Мөнх-Эрдэний найз гэх залуучууд буугаад тэр ахыг хамт зодсон…, тэр үед Ч.Б  ах нэг гар утас дээлнийхээ өврөөс гаргаж ирсэн. Тухайн үед би хэний гар утас вэ гэж асуухад “саяны зоддог хүний гар утас” гэж хэлж байсан. Би Ч.Б  ахын мотоцикльтой хамт ард нь сууж явсан. Т.Мганцаараа мотоцикльтой явсан. Г.О ын мотоцикльтой Мөнх-Эрдэний найз гэх залуу би яг одоо нэрийг нь сайн мэдэхгүй байна…, миний харснаар Г.О  хохирогч дээр түрүүлж очоод хохирогчийг цохих гэж байгаад өөрөө цохиулаад газарт унаад босч ирээд хохирогчийг нэг удаа цохиж байсан. Үүний дараа Т.Мтэй барицалдаж яваад Т.Мхохирогчийн гар луу нь хоёр, гурван удаа цохисон. Т.Мэс салаад   хохирогч ах Д.Мтой барицалдаж аваад Д.М түүний гар, мөр луу нь мөн цохиж байсан.  Ч.Б  ах хохирогчийг хавсарч унагаагаад дээрээс нь цохиж өшиглөөд зодож байгаад Ч.Б  ах хохирогчийн гарт байсан гар утсыг аваад эргэж ирээд бид нар зугтаасан…, Г.О  нэг удаа хохирогч ахын нүүр рүү цохисон. Ч.Б  ах хохирогчийг цохиж унагаад дээрээс нь цохиод байсан. Харин Т.М, Мижиддорож хоёр намайг харж байхад хохирогчийн гар луу цохиод байсан…, замын цагдаа ирж байхад Баянбат ах цаашаа хэсэг яваад нөгөө гар утсаа шидсэн. Ч.Б  ахын авсан гар утас Самсун маркийн гар утас байсан гэх мэдүүлэг /хх-ийн 218-219 хуудас/,

Гэрч Г.О ын...Ч.Б  нэг залуутай маргаж байсан чинь Мөнх-Эрдэний найз гэх залуу нь миний мотоциклоор тухайн залууг мөргөж унагасан…, Ч.Б  ах,  Т.Мболон  Мөнх-Эрдэний  найз гэх залуу гурав зодоод байсан…, сүүлд Ма тай утсаар ярьсан чинь Ма  Ч.Б  ах нөгөө залуугийн гар утсыг нь авсан байна гэж хэлж байсан…, бид нарыг "Тайгер" баарны хойд талд зогсож байхад нэг эмэгтэй хүн орилоод хажууд нь байсан эрэгтэй хүн нөгөө эмэгтэй хүнийг чирээд байсан. Д.М бид хоёр мотоцикльтой урд нь орж явж байгаад эргээд харсан чинь Ч.Б  орилоод байсан эмэгтэй хүний хажууд байсан эрэгтэй хүнтэй барьцалдаад авсан байсан. Тэгэхээр нь эргэж очоод Д.М мотоциклоороо Ч.Б  ахтай барьцалдаад байсан залууг хальт шүргээд цаад талд нь зогссон. Тэгсэн чинь нөгөө ах хүрээд ирсэн. Намайг мотоциклоос буусан чинь нөгөө ах миний баруун талын шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би газарт унасан. Босч ирээд нөгөө ахын нүүрний баруун талын шанаа руу гараараа нэг удаа цохисон…, намайг мотоцикль дээр суух үед хохирогч ах газар хэвтэж байсан. Д.М хохирогчийг газар хэвтэж байхад нь нэг хоёр удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 220-222 хуудас/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 358 тоот дүгнэлтээр...Б.Б ийн биед зүүн нүдний доод зовхинд язарч урагдсан шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун нүдний дээд доод зовхи, зүүн завжинд зөөлөн эдэд 2 тооны хуралт, зүүн тохой, зүүн шилбэнд 4 тооны зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, салтын цус харвалт доод зовхины язарч урагдсан шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн завжны цус  хуралт зүүн тохой, шилбэний зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 235 хуудас/,

Алдагдсан эд зүйлийн үнэлгээ гаргасан шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 26 ны өдрийн 2018/7-0166 тоот дүгнэлтээр…Самсунг Жи прайм маркийн гар утсыг 180000 /нэг зуун наян мянга/ төгрөгөөр үнэлсэн гэх /хх-ийн 243-246 хуудас/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 1 хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 51, 2-р хх-ийн 21-27 хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 58 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Б  нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт хүргэн ах Д.Э тэй маргалдаж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б ын...надтай барьцалдаж аваад хэрэлдэж, маргалдаад салахгүй болохоор нь “та одоо яах гээд байгаа юм бэ? харанхуй, ийм хүйтэй шөнө энэ хүүхэд хөлдөнө шүү дээ” гэж хэлээд хавсарч унагаасан гэх, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Э гийн...Ч.Б  бид хоёр худгийн хажууд очиж зууралдсан. Ч.Б  намайг 2-3 удаа хавсарч унагаасан гэх мэдүүлэгүүд,

хавтас хэрэгт авагдаж шүүхйин хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан хохирогч Д.Э гийн....хадам дүү болох Ч.Б тай маргалдаад хашааны гадна гартал намайг хэд хэдэн удаа толгойн тус газарт цохиод 2-3-н удаа хавсарч унагасан. Би согтуу байсан учраас өөдөөс нь ямар нэгэн байдлаар эсэргүүцэж чадаагүй…, миний нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж газарт унагаад босоод ирэхээр хавсарч унагаад байсан. Би унахдаа толгойгоороо юм мөргөж унасан бололтой өвчин орчихсон үүдэн 1 шүд хөдөлж өвчин орсон байсан гэх, гэрч Д.Алтанбаганийн...Д.Э  маргааш нь хот яваад манай эхнэр Оюунгэрэл рүү залгаад “би хот явж байна өчигдөр хадам дүү Буянаад зодуулсан” гэж хэлсэн байсан гэх, гэрч Ц.Ууганцэцэгийн...манай дүү Ч.Б  уурлаж 2 удаа хавсарч унагаад манай хүүхдийг аваад үлдсэн байсан гэх, гэрч Ч.Ганзоригийн…хүргэн ах Д.Э г Ч.Б  хавсраад унагаачихлаа гээд Алтанбагана ах ярьж байсан гэх, гэрч О.Энх-Амгалангийн...хоёулаа зууралдаж аваад хашаанаас гараад урд талд байдаг худаг хүрээд буцаад ирсэн. Тухайн үед Д.Э  надад хандаад “Ч.Б  намайг зоддог болчихсон” юм байна сая намайг цохиж зодлоо гэж хэлж байсан гэх, гэрч Х.Эрдэнэбатын...хүргэн ах Д.Э  Булган аймгийн Бугат сумаас орой 20 цагийн үед ирсэн…, жимсний дарс хийж өгөөд бид хоёр хувааж уугаад сууж байтал ах гэнэт таталт өгөөд эхэлсэн. Тэгээд шууд ухаан алдаад унасан. Эмнэлэгт үзүүлээд тархины зураг авахуулсан тархиндаа хүнд гэмтэлтэй хагалгаанд орох шаардлагатай гэж үзээд хагалгаанд орсон гэх, гэрч Д.Содонцэцэгийн…тухайн үед нь би Ч.Б  руу утсаар залгаж холбогдоход юун сүртэй юм бэ, хоёр л алгадаа биз гэж юу ч болоогүй юм шиг үл тоомсорлосон байдалтай хандсан…, Бугат суманд байж байхдаа өөрийнхөө хашаан дотор Ч.Б тай маргалдаад тэгээд миний дүүгийн тархи руу цохисон гэсэн гэх мэдүүлэгүүд болон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 57 тоот дүгнэлтээр...Д.Э гийн биед баруун зулай чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо..., амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх, шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 566 тоот дүгнэлтээр...Д.Э гийн биед тархины баруун тал бөмбөлөгийн дух, чамархай зулай хэсгийн хатуу хальсан доорх хуванцар цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо…, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайлбал толгойн баруун ар хэсэг рүү гар, хөлөөр цохих, цохигдох, толгойн баруун ар хэсгээр газар унах үйлчлэлийн аль алинаар үүсгэгдэнэ…амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлтүүд зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.Цогзолмаа, Н.Жигмэддорж, О.Энх-Амгалан, Д.Алтанбагана нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэг өгч, одоо шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа мэдүүлэг үнэн зөв гэж тус тус мэдүүлж байгаа хэдий ч гэрч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүрэгтэйгээ танилцаж үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан, тэднийг дарамталж мэдүүлэг авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, хэргийн нөхцөл байдал болон бусад нотлох баримтуудтайгаа хамаарал бүхий нотлох баримт гэж үзэж үнэлсэн болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат нь шүүгдэгч Ч.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгүүдээр үгүйсгэгдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан нотлох баримт хангалттай нотлогдоогүй байна. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ. 

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар шүүгдэгч Ч.Б ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Д.М, Г.О , Т.М  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг болгон өөрчилөн зүйлчилэх нь зүйтэй байна.

Учир нь шүүгдэгч Ч.Б ыг бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа бусдын эд зүйлийг дээрэмдэж авсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн хэдий ч хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд бусдын эд хөрөнгийг илээр хууль бусаар авсан гэмт хэргийг шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцох нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Ч.Б , Д.М, Г.О , Т.М  нарыг бүлэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хавтас хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаас дүгнэхэд олон нийтийн амгалан тайван байдлыг хэрхэн яаж алдагдуулсан талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ч.Б  нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б ын...зодож байхдаа одоо болно, явцгаая гэж хэлээд явах гээд мотоцикль руугаа очих замд газарт нэг гар утас хэвтэж байсныг аваад өвөртөө хийсэн. Газарт хэвтэж байхад утасны дэлгэцийн гэрэл нь ассан байсан гэх, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б ийн...намайг унахад бүгдээрээ нийлж зодсон. Энэ үед би гар утсаа нэг гартаа барьчихсан, хоёр гараараа нүүр, толгойгоо хамгаалаад хэвтэж байсан. Тэгэхэд нэг нь миний гараас чангаасаар байгаад миний утсыг авсан. Утас аваад л тэр зодоон дууссан гэх, гэрч А.Ма ын...Ч.Б  ах явж очоод унагаагаад дээрээс нь цохиод байсан. Тэгж байхдаа хохирогчийн гарнаас шүүгдэгч Ч.Б  утсыг нь авсан..., цагдаа таарахад Ч.Б  ах сууж байсан газартаа хохирогч ахын гар утсыг орхисон гэх, эд зүйлийн үнэлгээ гаргасан шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2018/7-0166 тоот дүгнэлтээр…Самсунг Жи прайм маркийн гар утсыг 180000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Ч.Б , Д.М, Г.О , Т.М  нар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм бургуугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ч.Б ын...хохирогч уначихаад босож ирээд Д.Мийн мотоциклиос зууралдаад байсан. Д.М мотоциклиосоо бууж ирээд өшиглөхөд унасан. Унахад нь Д.М, Г.О , Т.Мбид хэд нийлж зодсон гэх, шүүгдэгч Д.М, Г.О , Т.М  нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б ийн...намайг унахад бүгдээрээ нийлж зодсон гэх, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Сувдаагийн...нэг ухаан орсон чинь Б.Б  хүмүүст зодуулсан гээд нүд, нүүр нь гэмтсэн байсан…, Б.Б ийн толгой хавдаж, баруун талын нүдний доод зовхи нь урагдсан…, гар хөл нь халцарсан..., өглөө нүд нь хавдаж хөхөрсөн байсан гэх, гэрч Б.Баатархүүгийн...Худалдааны гудамжинд явж байсан чинь мотоцикльтой залуучууд тал талаас гэрэл тусгаж байгаад хоёр гурвуулаа зэрэг зодож байгаад гарт байсан гар утсыг минь аваад явсан гэж ярьсан гэх, гэрч Б.Эрдэнэсайханы...худалдааны гудамжинд хүмүүс орилолдоод тус гудамжны баруун талаас гурван мотоцикльтой залуу их хурдтай давхиж гарч ирээд тойроод урагшаа төв зам руу нийлээд явсан…, Б.Б  танихгүй дугаараас залгаад...найз нь танихгүй хүмүүст зодуулчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэгүүд болон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 358 тоот дүгнэлтээр...Б.Б ийн биед зүүн нүдний доод зовхинд язарч урагдсан шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун нүдний дээд доод зовхи, зүүн завжинд зөөлөн эдэд 2 тооны хуралт, зүүн тохой, зүүн шилбэнд 4 тооны зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, салтын цус харвалт доод зовхины язарч урагдсан шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн завжны цус  хуралт зүүн тохой, шилбэний зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөөлөхгүй гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Ч.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, мөн шүүгдэгч Д.М, Г.О , Т.М  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Б , Д.М, Г.О , Т.М  нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дах хэсэгүүдэд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хор уршгийн хэр хэмжээ, хохирол төлбөр, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон засан хүмүүжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

 Шүүгдэгч Ч.Б  нь хохирогч Б.Д.Э д төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Ч.Б , Д.М, Г.О , Т.М  нар нь хохирогч Б.Б д 330000 төгрөг төлсөн, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч Б.Б  цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Х овогт Ч.Б ыг Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг, шүүгдэгч А овогтой Д.М, Б овогт Т, У овогт Г.О  нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг болгон тус тус өөрчилөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Х овогт Ч.Б ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч А овогтой Д.М, Б овогт Т, У овогт Г.О  нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч А овогтой Д.М, Б овогт Т, У овогт Г.О  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийг 1 хоногийн хорих ялтай нийцүүлэн 30 хоногийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б ын 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Д.М, Б овогт  Т.М, У овогт Г.О  нарт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тус тус тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт  Д.М, Б овогт Т.М, У овогт Г.О  нарт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийвэл хорих ялаар солих болохыг тус тус сануулсугай.

9. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч Д.Э  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Б.Б  цаашид гарсан эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Б ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, шүүгдэгч Д.М, Г.О , Т.М  нарын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.

          11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

         12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ж.ДЭЛГЭРМӨРӨН