Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00423

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/01071 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1251 дугаар магадлалтай,

Б.Б-ын нэхэмжлэлтэй,

ЭЭСК ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, ажилласан хугацааны буюу 2014 оны 06 сарын 13-ны өдрөөс ажлаас халсан тушаал гарсан өдөр хүртэлх хугацааны олгогдоогүй илүү цагийн болон долоо хоногийн амралтын өдрүүдэд ажилласны нэмэгдэл хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...ЭЭСК ХХК-д 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс ерөнхий инженерээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Хөдөлмөрийн гэрээнд долоо хоногт 5 өдөр 40 цаг ажиллана гэж заасан. Гэтэл ажлын 6 хоногоор өглөө 09 цагаас орой 20 цаг хүртэл ажилладаг байсан. Миний зүгээс ...илүү цагаар, амралт баяр ёслолын өдөр, шөнө томилолтоор ажиллаж байна, илүү цагийн хөлс олгох уу, цагийн бүртгэл хөтлөхгүй юм уу гэж удаа дараа захиралд хүсэлт гаргаж байсан боловч хариу өгдөггүй байсан. 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойших илүү цагийн хөлсийг олгох эсхүл би их ядарч байна ажлын дарамт ч их байна гэж өргөдөл гараар бичиж өгсөн. Байгууллагын хувьд улирлын чанартай ажил эрхэлдэггүй, 4 улирлын турш тасралтгүй ажилладаг. Гэтэл захирал дуудаж орчуулагчтайгаа цуг удтал загнаад ...мөнгө нэхэж байгаа бол өргөдлөө өгөөд гар, чи өөрөө хүслээрээ л илүү цагаар ажиллаж байсан, явдаг газраараа яваарай гэж загнасан. Ингээд өргөдөл бичүүлж авсан. Халсан тушаалыг 8 дугаар сарын 13-ны өдөр надад өгсөн. Миний хувьд олон жил илүү цагаар ажилласан, цалингаа авах хүсэлт гаргасныхаа төлөө ажлаасаа халуулж, ажил олгогч өөрөө илүү цагийн бүртгэлээ хөтлөөгүйн төлөө ажилласан цалин хөлсөө авч чадахгүй байгаад гомдолтой байна. Ажил олгогч ...сайн дураараа ажилладаг байсан гэж загнаж байсан гэтэл миний хувьд өөрийн хүсэлтээр илүү цагаар ажилласан бус, ажлын зайлшгүй шаардлагаар ажил олгогчоос шаардсаны дагуу ажлын 6 өдрөөр, байнга илүү цагаар, ачаалал их өдөр бүр 20 цаг хүртэл сунгаж ажилладаг байсан. Тухайлбал, түүхий эд болох бетоны бэлэн зуурмаг хэдэн цагт ирсэн тухайн өдрийн хүлээн авах тооцоо хийх бүх ажлаа дуусгах ёстой гэж шаарддаг. Ийнхүү ажлын өдрүүдэд илүү цагаар, амралт, баярын өдрүүдэд ажиллаж байсан нь ажиллах хугацаанд буюу 2014 оны 6 дугаар сараас 2018 оны 7 дугаар cap хүртэлх хугацаанд ажил үүргийн дагуу түүхий эд хүлээн авсан тухай бүр хөтөлж санхүүд өгч байсан бараа материал хүлээлцсэн актаас тодорхой харагдана. Илүү цагийн нэмэгдэл хөлс олгодоггүй байсан нь cap бүр цалин тавьж олгон гарын үсэг зуруулж байсан цалингийн хүснэгтээр нотлогдоно. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ЭЭСК ХХК-ийн ерөнхий инженерийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халсан тушаал гарсан өдрөөс хойш анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, ажилласан хугацааны буюу 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс ажлаас халсан тушаал гарсан өдөр хүртэлх хугацааны олгогдоогүй ажлын болон амралтын өдрүүдэд илүү цагаар, нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласны нэмэгдэл хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...ЭЭСК ХХК нь барилгын угсралтын үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд нэхэмжлэгч Б.Б-ыг анх гүйцэтгэх захирлын 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 04/14 тоот тушаалаар компанийн ерөнхий инженерийн албан тушаалд томилон ажиллуулсан бөгөөд түүний нэг сарын цалинг 2.500.000 төгрөгөөр тогтоож, 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 02-14 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүрэг гүйцэтгүүлсэн. Гэрээний хугацаанд Б.Б-ыг ажлын байрны тодорхойлолтод заасан компанийн ерөнхий инженерийн албан тушаалд ажиллуулж байсан ба нэг сарын цалингийн хэмжээг ЭЭСК ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 01 сарын 08-ны өдрийн 03/14 тоот тушаалаар баталсан хэмжээгээр цалинг олгож байсан бөгөөд жил бүр цалингийн хэмжээг нэмэгдүүлсээр ирсэн. Мөн ээлжийн амралтыг жил бүр Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олгож байсан ба 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Б.Б-ын хүсэлтийг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 17-к-18 тоот тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасны дагуу ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд байгууллагын захиргаанд ажилтан Б.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ...илүү цаг болон илүү хоногийн амралтыг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу эдлэхийг хүсч байна, хамтрах амралт нь зөвхөн 2018 оны 5 дугаар cap болон 6 дугаар cap болно. Энэ амрах хугацаанд хамтарч ажиллах болон эс ажиллахыг албан ёсоор мэдэгдэнэ үү... гэсэн хүсэлт гаргаж мөн өдрөө дахин хүсэлт нэмэгдүүлсэн цалин хөлсийг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна... гэж заасан байх ба ажилтан Б.Б-ын хувьд илүү цагаар ажилласан гэдгээ өөрөө нотлох үүрэгтэй. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд илүү цагийн хөлсний талаар харилцан тохиролцсон зүйл байхгүй бөгөөд гэрээгээр тохирсон цалин хөлсөө авч байсан болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/01071 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 53 дугаар зүйлийн 53.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ыг хариуцагч ЭЭСК ХХК-ийн ерөнхий инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 44 255 800 төгрөг, илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан хугацааны нэмэгдүүлсэн хөлс 1 534 878 төгрөгийг тус тус хариуцагч ЭЭСК ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, Б.Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч хариуцагч ЭЭСК ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 109 135 454 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч ЭЭСК ХХК-иас 457 103 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1251 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/01071 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386 910 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүх Б.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай нэг бүрчлэн харьцуулан үзэж, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Ажил олгогч нь ажилтныг чөлөөлсөн тушаалын үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг баримтлаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй...” гэж дүгнэсэн нь давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн алдаатай хэсгийг олсон ч утга агуулгын хувьд илэрхий алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажил олгогч талд хандан 2 удаа бичгээр өргөдөл гаргасан нь үнэн бөгөөд өргөдлүүдийн агуулгаас үзвэл “...2018 оны 05, 06 саруудад илүү цагаар болон илүү хоногийн амралтын нөхөн амралт олгохыг хүсч, амрах хугацаанд хамтарч ажиллах эсэхийг мэдэгдэх талаар...”, мөн “...2014-2018 онуудад илүү цагаар ажилласан, хагас сайн өдрүүдийн нөхөн амрах хоног, 2017 оны ээлжийн амралтын дутуу хоног, 2018 ны 5, 6 сард амралтгүй ажилласан, хөдөө томилолтоор ажилласан зэрэг бүх илүү хоногуудын тооцоог хааж гэрээг цуцлах талаар...” бичгээр хүсэлтээ илэрхийлсэн тул ажилтаны өөрийнхөн гаргасан өргөдлийг үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Энэ талаар шүүхээс огт дүгнээгүй байна. Ажилтаны гаргасан дээрх өргөдөлүүдийн агуулга нь цаашид тухайн байгууллагад үргэлжлүүлэн ажил үүргээ гүйцэтгэх хүсэл сонирхолгүй байсан. Шүүхээс уг өргөдлүүдийн агуулга, ажилтаны хүсэл зоригийн илэрхийллийг хуульд нийцүүлэн хууль хэрэглээний хувьд тайлбарлах ёстой байсан боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохих ба хэрэв баримтлаагүй бол ажилтныг хууль бусаар ажлаас халсан гэж үздэг. Хариуцагч тал нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн тухай татгалзлаа, мэтгэлцсэнийг үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хариуцагчид гаргасан 2018.07.06-ны өдрийн өргөдлийг хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ажилтны хүсэл зориг гэж үзэхгүй тул хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг ажлаас халсан гэж үзэн нэхэмжлэгч Б.Б-ыг хариуцагч ЭЭСК ХХК-ийн ерөнхий инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв...” гэж дүгнэсэн нь хууль бус болсон байх ба хэрэгт авагдсан ажилтаныг ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэлээс өөр агуулгаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь хэрэгт авагдсан Б.Б-ыг ажлаас чөлөөлсөн тушаалаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалсан талаарх үйл баримт нотлогдохгүй байхад шүүх өөрийн санаачилгаар заавал хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлах ёстой гэж дүгнэж байгаа нь туйлын тодорхойгүй, ойлгомжгүй болсон бөгөөд давж заалдах шатны шүүх энэ үйл баримт дээр дүгнэлт хийсэн ч анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзнэ. Түүнчлэн шүүхээс гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолох, тооцох арга аргачлалын талаар буруу дүгнэлт хийсэн байх ба хариуцагч байгууллагын зүгээс ажилтныг ажилд орсон цагаас нь хойш нь ээлжийн амралтын нөхөн олговор, илүү цаг ажилласны төлбөр тооцоог бүрэн төлж байсан баримтуудыг нотлох баримтаар гарган өгсөөр байхад эдгээр санхүүгийн баримт, ажил олгогчийн гаргаж байсан тушаалууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй мэргэжлийн алдаа гаргасан гэж үзэхээр байна. Ажил олгогчийн зүгээс ажилтаныг ажлаас чөлөөлөх хүртэл хугацаанд ээлжийн амралтын олговор, илүү цагийн хөлсийг олгож байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад уг баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй нь шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Мөн хариуцагч ЭЭСК ХХК-ийн барьж гүйцэтгэсэн цэвэр байгууламжийн барилгын ажил нь улирлын чанартай ажил бөгөөд байнгын тогтмол ажил биш болно. Нөгөө талаар анхан шатны шүүхийн шийдвэр давж заалдах шатны шүүхийн магадлалын агуулга нь өөр хоорондоо зөрүүтэй, утга агуулгын алдаатай, зарим дүгнэлтүүд нь туйлын ойлгомжгүй байгааг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Б-, ЭЭСК ХХК-д холбогдуулан ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин, хөлстэй тэнцэх олговорт 44.255.800 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх,  2014 оны 06 сарын 13-наас 2018.07.06-ны өдөр хүртэлхи хугацааны илүү цагийн 37.071.135 төгрөг, амралтын өдрүүдэд ажилласны нэмэгдэл хөлс 73.599.197 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

1. Б.Б-, ЭЭСК ХХК-д 2014 оноос ерөнхий инженерээр ажиллаж байгаад тус компанийн захирлын 2018.08.10-ны өдрийн 17-к-18 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

Б.Б-ыг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг тушаалд ажилтны хүсэлтээр гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг баримталжээ.

Хариуцагч ЭЭСК ХХК нь Б.Б-ын 2 удаагийн өргөдлийг түүний ажлаас халах хүсэлт гэж тайлбарласан боловч тухайн хүсэлтэд нэхэмжлэгч ажлаас халагдах хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иймээс “ажилтан санаачилсан” гэж Б.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг  цуцалсан  ЭЭСК ХХК-ийн захирлын 17-к-18 тоот тушаал хуульд нийцээгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцнэ.

2. Зохигчийн хооронд үүссэн маргааны зүйлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл байгаагүй  атал анхан шатны шүүх уг хуулийн зохицуулалтын хэрэглээгүй гэж дүгнэсэн нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүх магадлалд заасан байна.

3. Илүү цагийн болон амралтын өдрөөр ажилласан нэмэгдэл хөлс гаргуулах нэхэмжлэлээс анхан шатны шүүх нийт 1.534.878 төгрөг гаргуулжээ.

Уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүх маргааны эдгээр үндэслэлийн талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхий л талаас нь харьцуулан үзсний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 53 дугаар зүйлийн 53.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/01071 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1251 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч ЭЭСК ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 386.910 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ