Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 182/2019/00655/И |
Дугаар | 001/ХТ2020/00420 |
Огноо | 2020-07-23 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2020/00420
Ж.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/00766 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1280 дугаар магадлалтай,
Ж.Б-ын нэхэмжлэлтэй,
ЦЕГт холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 25.104.756 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Ж.Б- нь ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байгаад 2016.09.28-ны өдрийн Б27 дугаар тушаалаар ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн. Уг тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, цалин хөлсөө гаргуулах тухай нэхэмжлэлийг Хууль зүйн яам болон ЦЕГ-т холбогдуулах захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд шүүх 2017.02.09-ний өдрийн 106 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрийг давж заалдаж, 2017.04.06-ны өдөр 273 дугаар магадлал гарч Хууль зүйн дотоод хэргийн сайдын Б27 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.Б-ыг ЦЕГ-ын дэд даргаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хянагдаагүй хүчин төгөлдөр болсон. Дараа нь 2016.09.28-ны өдрөөс 2017.02.09-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 8,608,021 төгрөгийг гаргуулахаар иргэний шүүхэд хандсан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрийг давж заалдсан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018.05.02-ны өдрийн 1029 дугаартай магадлалаар Ж.Б-ыг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, цалин хөлсөнд 25,093,014 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр мөн хянагдаагүй хүчин төгөлдөр болсон. Дээрх шийдвэрүүдийн дагуу Ж.Б- нь олговруудыг бүхэлд нь авсан. Гагцхүү Ж.Б-ыг өнөөдрийг хүртэл ажилд нь эгүүлэн тогтоохгүй байгаа. Тийм учраас бид Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар 2018.03.14-ний өдрөөс 2019.03.14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 22,828,356 төгрөг гаргуулна гэж нэхэмжилсэн. Харин бид үнийн дүн тавих шаардлагагүй байж, тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа 2018.03.14-ний өдрөөс өнөөдрийн шүүхийн шийдвэр гаргах хүртэл Ж.Б-ын ажилгүй байсан дундаж цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэж тодруулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.04.06-ны өдөр 273 дугаар магадлалаар Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2016.09.28-ны өдрийн Б27 дугаартай тушаалыг хүчингүй болгож Ж.Б-ыг өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулсан. Үүний дагуу ЦЕГ-аас 8,000,000 гаруй төгрөгийг нэхэмжлэгчид олгосон байгаа. Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.02-ны өдрийн 1029 тоот шийдвэрийг Ж.Б-ыг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 25,093,014 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Энэ мөнгийг ч бид Ж.Б-ад өгчихсөн байгаа. Цагдаагийн албаны тухай 2014.01.01-ний өдрийн болон 2017.03.02-ны өдрөөс хэрэгжсэн хуулиудаар ЦЕГ-ын дэд даргын албан тушаалыг Хууль зүйн дотоод хэргийн сайд томилж, чөлөөлнө гэсэн зохицуулалттай буюу нэхэмжлэгчийн албан тушаал нь Хууль зүйн дотоод хэргийн сайдын эрх хэмжээний асуудал болсон. Тэгээд Захиргааны хэргийг шүүхийн шийдвэр гарснаас хойш Хууль зүйн дотоод хэргийн сайдаас буцаан томилсон тухай тушаал ирээгүй байгаа болохоор бид ажил албан тушаал бууруулж томилж болохгүй байгаа юм. Дээр нь цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ЦЕГ-аас авах уу, Хууль зүйн дотоод хэргийн сайдаас авах уу гэсэн маргаантай асуудлууд ч байна. Мөн Төсвийн тухай хуулиар төсвийн шууд захирагч нь батлагдсан цалингаас орон тоогоор ажилчдын цалин хөлсийг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж байдаг. Хууль зүйн дотоод хэргийн сайд хүн томилсон болохоор цалингийн төсвөөрөө нөгөө томилогдсон хүнийг цалинжуулаад байгаа болохоор уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгчийг сайдаас буцаагаад томилчих юм бол бидэнд татгалзаад байх зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/00766 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас 25 998 951 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, Ж.Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ЦЕГт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ын гомдол нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ын тэмдэгтийн хураамжид төлсөн 272 100 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-ад олгож, хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас 287,945 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1280 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/00766 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Цагдаагийн Ерөнхий газрын давж заалдах журмаар гаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Ж.Б-ыг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа үр дагаврыг Цагдаагийн өрөнхий газар хариуцах учиртай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд захиргааны хэргийн шүүхийн шийдвэр биелүүлээгүйн улмаас үүссэн үр дагаврыг бусдад хариуцуулж шийдвэрлэж буй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0273 дугаар магадлалаар Ж.Б-ыг Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Б-ыг Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын ажилд эгүүлэн тогтоохыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 8.608.021 төгрөгийг олгохыг ЦЕГт тус тус даалгаж шийдвэрлэсний дагуу Цагдаагийн ерөнхий газраас өөрт хамаарах шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл болон одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Цагдаагийн албаны тухай хуульд Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлөхөөр заасан бөгөөд тодруулбал Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын хувьд ажил олгогч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд байна. Ж.Б-ыг ажилд нь эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарснаас хойш эрх бүхий албан тушаалтнаас түүнийг ажилд томилсон талаар ямар нэг шийдвэр ирээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Ж.Б-, ЦЕГт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 25.104.756 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “нэхэмжлэгчийг томилох шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд хэрэгжүүлээгүйгээс манай байгууллага энэ хугацааны олговор төлөх ёсгүй” гэж маргажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзлээ.
Хэргийн баримтаас үзвэл Ж.Б- Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад Хууль зүйн сайдын 2016.09.28-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар ажлаас халагджээ. Тэрээр Хууль зүйн яам болон Цагдаагийн ерөнхий газрыг хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.04.06-ны өдрийн 273 дугаар магадлалаар Хууль зүйн сайдын тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, харин ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулж шийдвэрлэжээ.
Үүний дараа ажилд эгүүлэн тогтоолгох шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Б- өмнөх шийдвэр гарснаас хойшхи ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжилж шүүхэд хандахдаа Цагдаагийн ерөнхий газрыг хариуцагчаар татсаныг анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.02-ны өдрийн 1029 тоот магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангажээ.
Дээрх хоёр шийдвэрт заасан Ж.Б-ад олгох олговрыг ЦЕГ төлж, шүүхийн шийдвэр биелүүлснийг зохигч маргаагүй байна.
Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ж.Б- 2016.09.28-ны өдөх ажлаас халагдсан бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Цагдаагийн албаны тухай хуулийн /2013 оны/ 18 дугаар зүйлийн 18.4-т, шинээр батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн /2017 оны/ 20 дугаар зүйлийн 20.4-т зааснаар тус газрын дэд даргыг Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн томилж, чөлөөлдөг байна.
Энэ утгаараа нэхэмжлэгч анх ажлаас үндэслэлгүй халсан тухай гомдлоо Хууль зүйн сайдад холбогдуулж гаргасныг шүүх хангаж тухайн эрх бүхий этгээдэд нэхэмжлэгчийг ажилд авахыг даалгаж шийдвэрлэсэн байх тул “ажилд эгүүлэн авах” энэхүү шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд биелүүлэх үүрэгтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ...олговорыг хууль бусаар ажлаас халснаас ажилтны ажилгүй байх хугацаанд учирсан хохирол гэж үздэг бөгөөд Ж.Б-ыг одоо болтол ажилд нь авч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйд хариуцагч Цагдаагийн ерөнхий газрыг буруутгах үндэслэлгүй. Эдгээр байдлыг хоёр шатны шүүх анхаараагүй байна.
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.02-ны өдрийн 1029 тоот магадлалаар нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлийг хангасан боловч уг магадлалд зохигч гомдол гаргаагүй, уг маргаан хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдээгүй тул Цагдаагийн ерөнхий газраас олговорыг гаргуулсан нь энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд саад болох учиргүй байна.
Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Харин энэ тогтоол нь нэхэмжлэгч Ж.Б-, Хууль зүйн сайдад холбогдуулж нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/00766 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1280 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Цагдаагийн Ерөнхий газраас ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор 25.104.756 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгахыг хүссэн Ж.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ЦЕГ нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ