| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2016/0071/э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2016-09-06 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг;
улсын яллагч: П.Бямбасүрэн /томилолтоор/;
хохирогч: Б.Батлхагва;
гэрч: А.Анужин;
шүүгдэгч: С.Төгөлдөр, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш;
шүүгдэгч: А.Энхзориг, түүний өмгөөлөгч О.Ичинхорол нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Амгаланбаатарын Энхзориг, Бэсүүд овогт Сэргэлэнгийн Төгөлдөр нарт холбогдох эрүүгийн 201625020581 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ам бүл 4, эх, эгч, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Хилчин” хотхоны 12 дугаар байрны 5 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УЗ91111752 регистерийн дугаартай, Боржигон овогт Амгаланбаатарын Энхзориг,
2. Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, өвөг эцэг, эмэг эхийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 4 дүгээр байрны 15 тоотод оршин суух, Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 377 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, УП92020636 регистерийн дугаартай, Бэсүүд овогт Сэргэлэнгийн Төгөлдөр.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч А.Энхзориг нь яллагдагч С.Төгөлдөртэй бүлэглэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин олон нийтийг илтэд үл хүндэтгэн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр "VIР" караокены гадна хохирогч Б.Батлхагвыг үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож танхайрсан,
яллагдагч нь С.Төгөлдөр нь яллагдагч А.Энхзоригтой бүлэглэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин олон нийтийг илтэд үл хүндэтгэн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр "VIР" караокены гадна хохирогч Б.Батлхагвыг үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Төгөлдөр мэдүүлэхдээ: Батлхагва бид хоёрыг зодолдоход Энхзориг хамт байгаагүй. Батлхагва намайг тоосгоор хоёр удаа цохиход найзууд нь салгаж авсан. Өөрөө намайг цохиогүй гээд байдаг. Батлхагва дахин тоосго барихад Энхзориг тоосгыг салгаж авсан. Энхзориг Батлхагвыг цохисон асуудал байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Энхзориг мэдүүлэхдээ: Хэрэг болсон өдөр бүгд хоорондоо маргалдсан. Батлхагва бид хоёр зодолдоогүй барилцсан. Шалтгаан нь газраас чулуу авахад нь би үсэрч очиж чулууг нь унагааж барьж авсан. Өөр зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батлхагва мэдүүлэхдээ: Төгөлдөр намайг гадаа цохиж дагзаар цементэн дээр унагаасан. Би Төгөлдөрийн толгой руу хатуу зүйлээр цохиогүй. Дараа нь Энхзориг гарч ирээд миний хүзүү рүү 2-3 удаа хүчтэй цохиж цааш чирээд хувцас урсан. Сүүлд би биеэ хамгаалах үүднээс тоосго барьсан. Гэхдээ Энхзориг намайг салгаагүй. Манай найзууд салгасан. Миний хүзүү, толгой, нүдэнд эрүүл мэндийн асуудалтай байгаа. “Лаксмед” эмнэлэгт үзүүлэхэд хүзүү, толгой, нүдэндээ эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Эмчилгээний зардалд нийт 2.800.000 төгрөг хэрэгтэй байгаа. Төгөлдөрийн өвөөгийн биеийн байдлыг харгалзан 1.500.000 төгрөг өгвөл болно гэж тохирсон. Одоогоор Төгөлдөрөөс 500.000 төгрөг авсан. “Эмрайд” харуулахад 240.000 төгрөг гарсныг шүүгдэгч нар хувааж төлсөн байгаа. Одоо шүүгдэгч нараас 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгч нар шүүх хурал дөхөхөөр надтай холбогддог. Бусад үед утсаа ч авдаггүй. Хэрэгт Энхзоригийн урсан хувцасны үнэ 70.000 төгрөгийн баримт байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Анужин мэдүүлэхдээ: Хохирогчийг би танихгүй. Тэр өдөр л танилцсан. Караокед байхад Батлхагва манай нөхөр рүү рунка шидсэн. Бид Батлхагвыг явуулах нь зүйтэй гээд Төгөлдөр Батлхагвыг аваад гарсан. Гэтэл ширээн доор Батлхагвын түрийвч унасан байсан тул би өгөх гээд араас нь гарахад намайг Батлхагва “гичий” гэж хэлсэн. Тухайн үед Батлхагва нилээд согтолттой байсан. Хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Зодоон болсны дараа бүгдээрээ гадаа гарсан байсан. Тэгээд Батлхагвын найз нь түүнийг дагуулж яваад нүүрийг нь угаалгаад ирсэн. Гэтэл Батлхагва өрөөтэй байсан тоосгоноос нэгийг аваад Төгөлдөрийг хараагүй байхад нь араас нь цохих гэж байсан. Тэр үед Энхзориг Батлхагваас тоосгыг авч болиулсан. Хэрэв болиулаагүй байсан бол Төгөлдөрийг Батлхагва тоосгоор цохих байсан гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Батлхагва /хх-ийн 5-6/, гэрч М.Болортуяа /хх-ийн 7/, Т.Жаргалмаа /хх-ийн 8/, Н.Энхзолбоо /хх-ийн 9-10/, А.Анужин /хх-ийн 31-32/, Г.Мөнхбаатар /хх-ийн 33/, Т.Энх-Ундрал /хх-ийн 48-49/, Б.Цэнгүүн /хх-ийн 51-52/, С.Батбаяр /хх-ийн 69/, З.Батсуурь /хх-ийн 70-72/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2649 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14/, А.Энхзоригийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39/, А.Энхзоригийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 40-43/, С.Төгөлдөрийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 40-43/, С.Төгөлдөрийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 53/, А.Энхзоригийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 61-64/, С.Төгөлдөрийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 65-67/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч А.Энхзориг, С.Төгөлдөр нарыг бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 19-ний шөнийн 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “VIP” караокены гадна бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Батлхагвыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт яллагдах үндэслэлтэй хэмээн үзжээ.
Гэвч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн болон хэрэгт цугласан нотлох баримтуудаас дүгнэн үзвэл шүүгдэгч А.Энхзориг нь бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй, шүүгдэгч С.Төгөлдөрийг бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Хохирогч, гэрч нар мөрдөн байцаалтад гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, уг гэмт хэргийг хэн үйлдсэн талаар харилцан адилгүй зөрүүтэй мэдүүлжээ.
Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдүүлсэн гэрч нар хохирогч Б.Батлхагвын “...Төгөлдөр, Энхзориг нар ямар ч шалтгаангүйгээр намайг зодсон…” гэх мэдүүлгийн эх сурвалжийг үгүйсгэж, тухайлбал Н.Энхзолбоо /хх-ийн 9-10/ “…Батлхагва нь Цэнгүүн рүү “Би чамайг Улаанбаатар хотод гишгүүлэхгүй” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэр үед Энхзориг, Төгөлдөр хоёр салгаад, би Энхзоригтой хамт бие засах өрөө орж тамхи татчихаад ирэхэд өрөөнд Энхзоригийн эхнэр ганцаараа сууж байсан. Гадаа гараад ирэхэд Батлхагва, Төгөлдөр хоёр зодолдсон байдалтай, Батлхагвын нүд нь хавдаад улайчихсан, хувцас нь урагдчихсан байсан. Батлхагва нь газраас гартаа чулуу аваад барихад Энхзориг тэр чулууг нь тавиулаад газар хаяулсан. Энхзориг нь Батлхагвыг караокены гадна чулууг нь тавиулсан болохоос цохиж зодсон зүйл байхгүй. Батлхагва нь их хэмжээний согтолттой байсан, ангийнхантайгаа ууж байгаад ирсэн байсан. Миний бодлоор Батлхагва нь өөрийгөө жолоодох чадваргүй байсан…” ,
гэрч З.Батсуурь /хх-ийн 70-72/ “…Намайг караокены хаалгаар гарахад Батлхагва газар унасан, Төгөлдөр гэдэг залуу цохиод унагаасан байхаар нь Батлхагвыг татаж босгоод “юу болов, яав, ийв?” гэсэн чинь юу ч дуугарахгүй салаад хоёр тийш болсон…Караокены гадна Энхзориг Батлхагвыг цохиж зодсоныг хараагүй…”,
гэрч А.Анужин /хх-ийн 31-32/: “… Энхзориг Батлхагвыг агсраад байхаар нь “эр хүн байж ямар хаашаа зантай юм бэ, больчихооч” гэж хэлсэн чинь Энхзориг руу ширээн дээр байсан хундага аваад шидсэн бөгөөд тэр нь оноогүй. …Батлхагва нь намайг хэлсэн үү, өөр хүнийг хэлсэн үү “гичий минь зайл, ална шүү” гэх зэргээр Төгөлдөр бид хоёрт хэлээд байсан юм. Тэгсэн Төгөлдөр түүнийг аваад гарсан. …Төгөлдөр Батлхагва нар нь хоорондоо муудалцсан байдалтай, Батлхагвын хамар амнаас нь цус гарсан харагдаж байсан. Намайг харж байхад Батлхагва нь Төгөлдөрийн толгойн дагз хэсэг рүү нэг хатуу зүйлээр цохьсон. Энхзолбоо Батлхагвыг Төгөлдөрөөс салгаад зогсож байхад Батлхагва нь дотогшоо бие засах өрөө рүү орж нүүр гараа угаачихаад гарч ирээд газраас тоосго аван агсарч эхлэхэд Энхзориг очоод тоосгыг нь тавиулсан бөгөөд Батлхагвыг нэг найз нь дотогш оруулсан. …Энхзориг нь Батлхагвыг огт цохиогүй, харин гараас нь барьж тоосгыг салгаж авсан…”,
гэрч Т.Энх-Ундрал /хх-ийн 48-49/ “…Батлхагва караокед байсан бүх хүмүүстэй муудалцаж эхэлсэн…Батлхагва нь гартаа пивоны шил барьсан байсан…Намайг түрүүлж караокенээс гараад гадаа зогсож байхад Батлхагва гарч ирээд нэг залуутай маргалдаж муудалцаж байгаад уг залуу караоке руу орох гэтэл Батлхагва уг залуугийн толгой тус газар нь ар талаас нь, газраас тал тоосго авч нэг удаа цохиход уг залуу эргэж хараад Батлхагвыг дэгээдэж газар унагааж нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж байхад караоке дотроос Энхзолбоо найз нарынхаа хамтаар гарч ирээд Батлхагва, уг үл таних залуу хоёрыг салгасан…”,
гэрч Б.Цэнгүүн /хх-ийн 51-52/ “…Батлхагва араас нь дагаж гараад Энхзоригийн биеэс зуурч татаад “зодолдъё” гээд тухираад байсан…Караокенээс гарахад үүдэнд “Батлхагва газраас тоосго аваад Энхзоригийн толгой руу нь цохьчихлоо” гээд хоорондоо маргалдаад байсан…Батлхагва Энхзоригийг бүх хүмүүсийн нүдэн дээр өдөж хоргоогоод зодолдох гээд байсан…” хэмээн тус тус мэдүүлсэн байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл шүүгдэгч А.Энхзоригийг бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрсөн тул прокуророос шүүгдэгч А.Энхзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан “…гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй…” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөн дээрх гэрч нарын мэдүүлэг, хэргийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч С.Төгөлдөрийн хохирогчийг зодсон үйлдлийг үл ялих зүйлээр шалтаглаж танхайрсан гэж дүгнэхэд учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл хэт согтсоны улмаас бусадтай хэрүүл маргаан үүсгэн, бусдыг хэл үгээр доромжилсон хохирогчийн зүй бус ажиллагаанаас үүдэн бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч С.Төгөлдөрийн үйлдэл нь хувийн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ байдал нь яллах дүгнэлтэд дурьдсан “үл ялих зүйлээр шалтагласан” урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн, эмх замбараагүй шинж бүхий танхайн сэдэлттэй гэж үзэх боломжгүй.
Шүүгдэгч С.Төгөлдөр нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний шөнийн 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “VIP” караокены гадна хохирогчийг зодсоны улмаас Б.Батлхагвын биед “тархи доргилт, нүдний салстын цус харвалт, зовхи, хүзүүний цус хуралт, тохойн арьсны зулгаралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2649 дугаартай акт, гэрч нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Төгөлдөрийн гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч С.Төгөлдөрт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй бөгөөд түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч С.Төгөлдөр нь урьд хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан боловч түүний ялтай байдал нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамаарагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Дээрх өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд энэ нь шүүгдэгч С.Төгөлдөрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болов.
Шүүгдэгч С.Төгөлдөрийн үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тэрээр 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дээрх хэргийг үйлдсэн бөгөөд шүүхэд хэрэг хянагдах шатанд уг эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Батлхагва цаашид хийлгэх эмчилгээний зардалд нийт 1.000.000 төгрөгийг нэхэмжилсэн болно.
Шүүгдэгч С.Төгөлдөр нь хохирогчид учирсан гэм хорын нөхөн төлбөрт бэлэн 500.000 төгрөг, эмчилгээнд 240.000 төгрөгийг төлсөн байна. Хэрэгт хохирогч Б.Батлхагвад 70.000 төгрөгийн (хх-ийн 53) материаллаг хохирол учирсан талаарх баримтаас өөр баримт авагдаагүй байх тул шүүгдэгч С.Төгөлдөрийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч нь цаашид эмчилгээтэй холбогдож гарах зардалаа хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч А.Энхзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Прокуророос шүүгдэгч С.Төгөлдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. Бэсүүд овогт Сэргэлэнгийн Төгөлдөрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Шүүгдэгч С.Төгөлдөрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар С.Төгөлдөрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
5. Шүүгдэгч А.Энхзориг, С.Төгөлдөр нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.Батлхагва нь цаашид эмчилгээтэй холбогдож гарах зардалаа хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч С.Төгөлдөр, А.Энхзориг нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл уг тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Энхзориг, С.Төгөлдөр нарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ