Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 09

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багийн иргэн ЧЭ-н нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч У.Э, улсын байцаагч Д.О нарт холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/60 тоот, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31-01/81 тоот актуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Э, хариуцагч У.Э, Д.О, гэрч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ч.Э шүүхэд гаргасан Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх” тухай 31-01/60 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлдээ:

1.Актын удиртгал хэсэгт “...тус албаны даргын баталсан 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 24 тоот удирдамжийн хүрээнд ...”, “...2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажлын 10 хоногт ... шалгалт хийлээ” гэжээ. Ийнхүү хяналт шалгалтын удирдамж батлагдахаас 11 хоногийн өмнө хяналт шалгалтыг эхлүүлсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх...”, 5.7-д хяналт шалгалтыг зөвхөн удирдамжид заасан асуудлын хүрээнд гүйцэтгэнэ гэсэн заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл удирдамжгүйгээр хяналт шалгалт хийжээ.

2.Актад “...аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод...” гэсэн нь тэр том байгууллагын 8 сарын хугацааны цалин хөлс орлогын санхүүгийн баримтад ажлын нэг хоногт багтаан санхүүгийн шалгалт хийгээд илэрсэн зөрчилд тухайн өдөртөө акт тавьсан харагдаж байна. Мөн “... аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 3/901 тоот хүсэлтийн дагуу...” гээд тухайн өдрөө хяналт шалгалтын удирдамжийг баталж, мөн өдөртөө “Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай”31-01/60 тоот актыг тавьсан байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Хяналт шалгалтыг холбогдох шалгалтын талаар урьдчилан дүгнэлт гаргаж түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, хяналт шалгалт хийсэн дүр эсгэж, урьдчилан бэлтгэсэн акт, дүгнэлтээ баталсан гэж үзэж байна.

 

Хяналт шалгалтын улсын байцаагч нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 3/901 тоот хүсэлтийг хүлээн авмагцаа тухайн хяналт шалгалтын удирдамжийг баталсан, шалгалт хийсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.2-т “энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн.

 

3. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаандаа нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, шийдвэрийн төслийг танилцуулж тайлбар авах, сонсох, мэдэгдэх ажиллагаа явуулж оролцогчийн эрх ашгийг хангах үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 3, 4 дүгээр бүлэгт тодорхойлсон. Гэтэл Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас хуульд заасан сонсох ажиллагааны талаар мэдэгдэл хүргүүлээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар гаргах, эрх ашгаа хамгаалах боломжийг олголгүйгээр төлбөрийн акт тавьсан нь Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон журмыг зөрчсөн. Энэхүү журмыг зөрчсөн нь тухайн байгууллага актаа  гэрийн хаягаар шуудангаар  явуулсныг миний бие хүлээн авч танилцсан, өөрийн эсрэг захиргааны шийдвэр гарсныг мэдсэнээр нотлогдох юм.

            4. Би аймгийн Засаг даргын захирамжаар ажлаас халагдаж 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажилтныг  томилох, чөлөөлөх хуулиар олгогдсон бүрэн эрх дуусгавар болж, дараагийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчид ажилтныг ажилд томилох, шийдвэр гаргах эрх шилжих учиртай. Надаас хойш Г.С, Ж.Т нар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан, одоо П.М үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа болно. Тэд хэнийг, хэдийд ажилд томилох, чөлөөлөхийг би мэдэхгүй. Гэтэл актаар 2018 оны 10 дугаар сарын 22-ныг хүртэл ажилдаа томилогдоогүй гэх А.Ч, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа томилогдоогүй гэх Б.МУ, 2018 оны 11 дүгээр сарын 27-ныг хүртэл ажилдаа томилогдоогүй гэх С.Б, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд шүүхийн шийдвэр гарсан Ж.Б, Д.У нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг надаар төлүүлэхээр тогтоосон байна. Энэ хугацааны цалинг шийдвэр гаргах, ажилтныг томилох эрх бүхий, ажилд нь томилоогүй албан тушаалтан хариуцах ёстой. Хариуцлага хүлээлгэхдээ хариуцлагын хэр хэмжээ, зааг ялгааг нарийн тогтоох шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2.5-т “аливаа асуудалд шударга бодит байдалд нийцүүлэн хандаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах” 6.3.1-т “... нэг бүрчлэн акт ...-ыг хууль тогтоомж болон баримт нотолгоонд үндэслэн гаргах”, 6.3.4-т “... акт, тоо баримтын үндэслэл нотолгооны үнэн зөвийг хариуцах” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

            Ийнхүү акт нь хууль болон дүрмийг зөрчиж, иргэн миний эрх ашгийг хохироож байх тул Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны  06 дугаар сарын 28-ны өдрийн “Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай” 31-01/60 тоот актыг  хүчингүй болгож өгөхийг хүсч өргөдөл гаргав гэжээ.

 

           Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31-01/81 тоот актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагадаа:

Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч У.Э, улсын байцаагч Д.О нар нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/61, 31-01/62 тоот “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” актаар Г.С, Ж.Т нарт төлбөр ногдуулсныг Сангийн сайдын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 13-2/5777, 13-2/5759 тоот албан бичгээр актуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар төлбөр хариуцагч нарт мэдэгдэж, хувийг аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд хүргүүлжээ.

Гэтэл улсын ахлах байцаагч У.Э, улсын байцаагч Д.О нар нь дээрх хүчингүй болсон актаар тогтоогдсон төлбөрийг надад хариуцуулан дахин 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31-01/81 тоот “Төсвийн хөрөнгө төлүүлэх” тухай акт үйлдсэн байна.

Улсын байцаагч хяналт шалгалт хийх төлбөрийн акт тогтоох хуулиар олгогдсон эрхтэй хэдий ч Сангийн сайд, улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар хуульчилсан. Харин хүчингүй болсон актаар тогтоогдсон төлбөрийг бусдад дамжуулан төлбөрийн акт тавих эрхийг олгоогүй байхад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хэрэгжүүлж, дахин акт тавьж байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, миний эрх ашиг хөндөгдөж байгаа тул Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31-01/81 тоот актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргав гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах байцаагчийн 3 актыг хүлээж авсан. Энэ гурван актын нэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Тиймээс Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/60 тоот, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31-01/81 тоот актуудыг хүчингүй болгуулах гэж шүүхэд хандсан. Уг актуудыг хүчингүй болгуулах хэд хэдэн үндэслэл байгаа. Актаар тогтоогдсон төлбөр нь шүүхийн шийдвэрээс зөрүүтэй байгаа. Санхүүгийн хяналт шалгалт явуулахдаа хуулийн хүрээнд явуулаагүй, бодит байдлыг бүрэн тогтоогоогүй. Мөн улсын байцаагч нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, хуулиас гадуур эрх мэдлээ хэтрүүлж акт тавьсан. Шүүхийн шийдвэрээр 8 албан хаагч ажилдаа эгүүлэн тогтоогдсон байдаг. Энэ 8 албан хаагчтай холбоотой нийт 16 захирамж, шийдвэр гарсан. Гэтэл актад 15 шийдвэр, захирамжийг үндэслэл болгосон. 31-01/60, 31-01/81 тоот актуудад захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12, 13, 30, 32, 33, 31 гэсэн шийдвэр байдаг. Тус актад 2018 оны 17, 507 тоот захирамжууд, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 428, 646, 605, 603, 536, 558, 604 гэсэн захирамжууд байдаг. 31-01/60 тоот актад цалин хөлсний нөхөн олговорт 79,776,547 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 11,128,880 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 13,258,873 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1,675,825 төгрөг, нийт 105,840,125 төгрөгийг олгогдсон. 31-01/81 тоот актад цалин хөлсний нөхөн олговорт 10,100,370 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 1,011,038 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 1,122,264 төгрөг, нийт 12,233,672 төгрөг олгогдсон. Хоёр актаар нийт 118,073,797 төгрөг тогтоогдсон. Өмнө нь 41,730,623 төгрөгийг акт тавигдсан. Гурван удаагийн актаар 159 сая төгрөгийн акт тавьсан. Актад нийт 15 захирамж, шийдвэрийг үндэслэл болгосон. Эдгээрийг тус бүрээр нь авч үзвэл А.Ч-д холбогдох 3 шийдвэр, захирамжийн 18,557,684 төгрөгийн нөхөн олговорт, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, 264,145 төгрөг, Б.МУ-д 2 шийдвэрийн 3,867,066 төгрөгийг нөхөн олговор, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, 35,412 төгрөг. У.Б-д 1 шийдвэр, 1 захирамжийн 20,018,792 төгрөгийн нөхөн олговор, 70,200 төгрөг, 113,926 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж, Д.А-д 1 шийдвэр, 1 захирамжийн 20,111,790 төгрөгийн нөхөн олговор, 70,200 төгрөг, 120,129 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид, Х.Э-т 1 шийдвэр, 1 захирамжийн 19,982,626 төгрөгийн нөхөн олговор, 70,200 төгрөг, 112,378 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид, С.Б 1 шийдвэр, 1 захирамжийн 24,551,774 төгрөгийн нөхөн олговорт, 70,200 төгрөг, 123,590 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид тус тус гарсан. Ж.Б-д 1 шийдвэр гарсан боловч мөнгөн дүн заагаагүй. Нягтлан бодогчийн дүнгээр 4,041,509 төгрөгийн нөхөн олговорт, 35,100 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид олгосон байдаг. Д.У-д Захиргааны хэргийн шүүхийн 507 тоот захирамж гэж актад заасан боловч Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ийм захирамж гараагүй байдаг.  

   Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 507 тоот шийдвэр гарсан байдаг. Эдгээр захирамж шийдвэр нь улсын байцаагчийн актад дурдагдсан захирамж, шийдвэр юм. Эдгээр 15 захирамжид дурдагдсан нийт цалин хөлс, нөхөн олговорт 129,154,985 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 421,200 төгрөг, улсын төсвийн орлогод оруулах улсын тэмдэгтийн хураамжид 964,009 төгрөг, нийт 121,544,167 төгрөг болсон байдаг. Хэдийгээр би санхүүгийн хүн биш боловч актад тавигдсан тоо баримтыг түүж энэ дүнг гаргаж ирсэн. Шүүхийн шийдвэрт тухайн нэхэмжлэгч нарт цалин, нөхөн олговор тогтоож, уг олговроос эрүүл мэнд, нийгмийн даатгалыг шимтгэлийг тооцохоор заасан байдаг. Гэтэл Тамгын газар цалин бодохдоо шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөр дээр эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж тооцсон байдаг. Үүнээс болж зөрүү гарч, байгууллагаас гарах зардал нэмэгдсэн гэж үзэж байгаа. Нийт 3 актаар 159,804,420 төгрөгийг Тамгын газраас зарлагдсан гэж акт тогтоосон. Үүнийг надад төлбөр тавьж, Тамгын газраас зарлагдсан гэдэг боловч Э гэж хүний халаасанд нэг ч төгрөг ороогүй.

   Актын үндэслэл болсон шүүхийн 15 захирамж, шийдвэрийн төлбөр нь 31-01/60, 31-01/81 тоот актуудаар тогтоосон төлбөр хоорондоо 38,264,253 төгрөгийн зөрүүтэй байна гэж үзэж байгаа. Энэ зөрүү нь  шүүхийн шийдвэр, акт, цалин олгосон жагсаалт зэргээс тодорхой харагдана. Захиргааны хэргийн шүүхээс огт гараагүй 507 дугаар захирамжийг актын үндэслэл болгосон. Энэ нь мөн зөрүүнд нэмэгдэж харагдана гэж үзэж байна.

Ийм зөрүүтэй байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10 дахь хэсэг зөрчигдсөн. Шүүхийн захирамж, шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг үндэслэж гарсан. Энэ хэсэгт ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байгаа. Хөдөлмөр, Нийгэм хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар дундаж цалин хөлс олгох журмыг тогтоосон. Уг журмын 7 дугаар зүйлийн 7а-д дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлохоор заасан. Гэтэл Засаг даргын Тамгын газар сүүлийн 3 сараар бодоогүй, журмын 4 дэх заалт буюу ажилтанд олгож байгаа бүх төрлийн тэтгэмжүүд, нөхөх олговор, хөнгөлөлтийн орлогыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэснийг зөрчөөд хоолны зардал, бусад зардлыг бодож олгосон байсан. Гэтэл үүнийг улсын байцаагч илрүүлээгүй шалгалтыг хийсэн байсан. Энэ нь хөндлөнгийн аудитын хийсэн шалгалтаар тогтоосон байгаа. Үүнийг санхүүгийн аудитын шалгалтаар илрүүлж чадаагүй. Нийт улсын тэмдэгтийн хураамж 1,385,209 төгрөг байгаа. Актаар 1,675,825 төгрөг гэж гарсан. Үүнээс зөрөө харагдаж байгаа. 290,616 төгрөгийн зөрүү байгаа. Надад огт хамаагүй Б.Э, Х.Т гэж хүний улсын тэмдэгтийн хураамжийг шилжүүлсэн байдаг. Энэ нь төлбөрийн акт, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж шилжүүлсэн жагсаалт, гэрч Э нарын мэдүүлэг, аудитын акт зэргээр тогтоогдож байгаа. Шүүхийн  шийдвэрээр тогтоосон цалингаас илүү цалин хөлс олгосон байхад аудитын байгууллага үүнийг илрүүлж тогтоогоогүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар аудитын байгууллага шалгалт хийж, зөрчлийг илрүүлж, бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлж чадаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан субъект болж байгаа. Тиймээс мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бодит байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт бүрдүүлэх, 26 дугаар зүйлд заасан оролцогчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Үүнээс гадна захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд нийцсэн байх ёстой.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэснийг зөрчсөн тул захиргааны шийдвэр нь хуульд нийцэж гаргаагүй. Хариуцагч тайлбартаа Э-т утсаар мэдэгдэхэд “... очиж чадахгүй”, “...утас нь холбогдохгүй” байсан гэсэн гар бичмэл хийсэн байсан. Энэ нь сонсох ажиллагаа хийх шаардлагыг хангаагүй, хуульд заасан журам зөрчсөн гэж үзэж байна. Миний бүрэн эрх дуусгавар болсноос хойших асуудлыг надад хамааруулж акт тавьсан. 

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж заасан. Би 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, 08 дугаар сарын 01-ний өдрөөс миний бүрэн эрх дуусгавар болсон. Үүнээс хойш би ажилтан томилох, чөлөөлөх эрхгүй болсон. Намайг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш шүүхийн шийдвэрээр томилогдсон хүнийг хугацаанд нь томилоогүй гэж надад акт тавьсан.

Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.8 дахь хэсэгт албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан тохиолдолд түр орлон гүйцэтгүүлж болно гэж заасан. Надаас хойш түр орлон гүйцэтгэгчээр 3 хүн томилогдсон. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт түр орлон гүйцэтгэгч нь тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлнэ. Шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацаа болон шаардлагатай бол зарим бүрэн эрхийг хязгаарлах талаар тусгана гэж заасан. Зарим чиг үүргийг хэрэгжүүлэхгүй байх талаар захирамжид дурдаж болно. Гэтэл томилсон захирамжид ийм зүйл тусгаагүй. Бүрэн эрхийг хэрэгжүүлээд явж байгаа албан тушаалтнууд байсаар байхад хугацаанд нь ажилд томилоогүйгээс зардал гарсан гэж төлбөрийн акт тогтоосон. 31-01/60 тоот актыг гаргахдаа 10 хоног өмнө хяналт шалгалт хийгээд явж байсан. Гэтэл удирдамж батлагдахаас 10 хоногийн өмнө шалгалт хийсэн байдаг. 2019 оны 06 дугаар сарын 28-нд нэмэлт удирдамж баталсан байдаг. Энэ өдөр Засаг даргын Тамгын газраас хүсэлт ирүүлж, 24 тоот удирдамжийг баталсан. Ингээд энэ өдөр 31-01/60 тоот актыг гаргасан. Хяналт шалгалт хийх, хүсэлт ирэх, акт тавих энэ бүхэн 1 хоногийн өдөр явагдсан. Тиймээс Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дүгээр хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэснийг зөрчсөн гэж үзэж байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх гэснийг зөрчсөн. 06 дугаар сарын 28-ны өдрийн шалгалтаар төсвийн хөрөнгө төлүүлэх тухай 61, 62  тоот акт гаргасан байдаг. Уг актыг холбогдох хүмүүс нь хүлээн зөвшөөрөхгүй гэж дээд шатны байгууллагад хандаж, актыг хүчингүй болгосон байдаг. Гэтэл хүчингүй болсон актаар 9 дүгээр сарын 31-ний өдөр надад төлбөр тавьсан. Шалгалтын удирдамжид 10 хоногт хийнэ гэсэн байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд 5 хоногт танилцуулж, нэгдсэн бүртгэлд хөтөлнө гэсэн заалт байдаг. Гэтэл хяналт шалгалт хийж дууссанаас хойш 3 сарын дараа 31-01/81 тоот актыг тавьсан. Хуулиар тогтоосон хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд улсын байцаагчийн бүрэн эрхийг зааж өгсөн. Гэхдээ дээд шатны байгууллагын шийдвэрээр хүчингүй болгосон актыг дахин өөрчилж, дахин акт тавих эрх олгоогүй. Хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж акт тогтоосон нь миний эрх ашгийг зөрчиж байна. Энэ актыг тавихад сонсох, мэдэгдэх ажиллагаа явуулаагүй. Дээрх үндэслэлүүдээр актыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Нийт 12,302,149 төгрөгийн зөрүүтэй байна гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэр, акт 2 зөрүүтэй байгаа. Улсын тэмдэгтийн хураамж, цалин, нөхөн олговор зөрүүтэй байгаа тул актуудыг хүчингүй болно гэж үзэж байгаа. Би Сангийн яамтай хэд хэдэн удаа холбогдсон. Тэгэхэд улсын байцаагчийн акт 1 тоо зөрсөн тохиолдолд хүчингүй болгох үндэслэлтэй байдаг. Та шүүхээр явах учраас шүүхэд эрх мэдлийг нь үлдээж, актыг буцаасан гэж хэлдэг.

 

Гэрч З.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Э-ийн хүсэлтийн дагуу санхүүгийн аудитын актад аудит хийсэн. Шүүхийн шийдвэрээр ажилд томилогдох хүртэл цалинг гаргахдаа сүүлийн 3 сарын дунджаар тооцсон. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалыг нөхөн олговор олгоход баримтлана гэсэн байгаа. Тиймээс сүүлийн 3 сарын цалингийн тооцооллыг хийсэн. Ингээд 1 өдрийн дундаж цалинг гаргасан. 2 дугаар хавсралтаар ажилгүй байсан хоногийг гаргасан. 1 өдрийн дундаж цалинг ажилгүй байсан өдөрт үржүүлж бодсон. Миний дүгнэлт, санхүү аудитын дүгнэлт 2 зөрсөн шалтгаан нь ирээдүйд авах цалинг бодсон байсан. Дундаж цалин хөлс авах журам бол сүүлийн 3 сард авсан дундаж цалин хөлс гэсэн байгаа. Унаа байр, хоолны мөнгийг оруулахгүй гэж заасан. Гэтэл санхүүгийн аудит оруулж бодсон байсан. Тиймээс уг зардлыг хасаж тооцсон. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн Х.Т, Б.Э хоёрын төлбөрийг хассан. Ч.Э-ийг Тамгын газрын дарга байхад гарын гарын үсэг зураагүй, холбоогүй байсан учраас хассан. Хууль зүйн яамнаас олгосон нэг удаагийн тэтгэмж байгаа. Тамгын газрын зүгээс ажилгүй байсан хугацааны цалинг хасахдаа энэ хоёр хүнээс хассан. Энэ нь  хэмнэлт болж үлдсэн. Ажилгүй байсан хугацаанд олгосон тэтгэмжийг Тамгын газраас нэг удаа олгосон. Үүнийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлж, гар дээр олгосон. Энэ нь ажилгүй байсан хугацааны тэтгэмжид орсон байгаа. Тиймээс төсөв хохиролгүй болсон гэсэн үг. Тиймээс ажилгүй байсан хугацаанд олгосон цалинд энэ 2 тэтгэмж орсон байгаа гэсэн үг. У.Б-гийн оронд ажиллаж байсан О.О ажлаас халагдаад, У.Б-г ажилд орох хүртэлх хугацаанд хүн аваагүй байсан. Энэ хугацааны 1 сая гаруй төгрөг хэмнэгдсэн байдаг гэв.

 

            Хариуцагч Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх” тухай 31-01/60 тоот актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартаа:

             Тус албанд ирүүлсэн Сүхбаатар аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019  оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/20 СБА-2019/126/СТА-ТШЗ тоот албан шаардлагад “шүүхийн шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс цалин хөлстэй тэнцэх олговор болон нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр шилжүүлэн олгож тэтгэмж, урамшууллын зардалд тайлагнасан байна. Энэ нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2 дахь заалтын дагуу төсөвт учирсан хохирлыг буруу шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтнаар эргүүлэн төлүүлэхээр заасан бөгөөд тухайн буруутай шийдвэр гаргаж, төсвийг хохироосон холбогдох албан тушаалтнаар тухайн хөрөнгийг төлүүлж, хариуг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор ирүүлнэ үү” гэжээ.

Дээрх Сүхбаатар аймаг дахь Төрийн Аудитын газраас ирүүлсэн албан шаардлагын дагуу Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны даргын баталсан 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21 тоот удирдамжийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор У.Э, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор Д.О нар 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын явцад аймгийн Засаг даргын Тамгын  газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 3/901 тоот хүсэлт ирж “шүүхийн шийдвэрийн дагуу ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудын цалин хөлсний нөхөн олговрыг 2019 онд Тамгын газрын төсвөөс олгосон. Иймд манай байгууллагыг хохиролгүй болгож, буруутай этгээдээр төлүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүсье” гэсэн хүсэлтийн дагуу албаны даргын  24 тоот нэмэлт удирдамжаар тус газрын 2019 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэлх хугацааны цалин хөлсний урамшууллын зардлыг хянаж шалгасан юм.

Улмаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэсний дагуу ажлаас үндэслэлгүй халагдсан 8 албан хаагчдад шүүхийн шийдвэрээр олгосон цалин хөлсний зардал болон төлбөрийн хүсэлт, тус албан хаагчдыг эгүүлэн ажилд томилоогүйгээс олгосон цалингийн зардал, ажилд нь эгүүлэн томилсон тушаал, шүүхийн шийдвэрт шилжүүлсэн цалингийн зардлыг хүн тус бүрээр нь шалгахад дээрх албан хаагчдад аймгийн Засаг даргын Тамгын газраас нийт 118073800  төгрөг  олгогдсон байна.

             Түүнчлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар Ч.Э нь 2017 оны 02 дугаар сараас 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан ба энэ хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газраас ажлаас үндэслэлгүй халагдсан 8 албан хаагчдад шүүхийн шийдвэрээр нийт 145539435 төгрөг олгогдсон  ба үүнээс улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 31-03/54 тоот актаар 39553308 төгрөг тогтоогдсон бөгөөд үлдэх 105840127 төгрөгийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар  зүйлийн 10.12.2, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-д “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна”, Дотоод аудитын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийг  тус тус үндэслэн Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн дагуу  Ч.Э-ээр төлүүлэхээр 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/60 тоот  акт тогтоосон юм. Ч.Э нь тус актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж Улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан байна. Уг гомдлыг улсын ерөнхий байцаагч хянаж үзээд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 13-2/5994 албан тоотоор акт тогтоосон нь үндэслэлтэй гэж үзсэн байна.

              

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ ...” гэсний дагуу улсын ахлах байцаагч У.Э миний бие Ч.Э-тэй 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 31 минутад хяналт шалгалт хийгдэж байгаа талаар болон буруутай албан тушаалтны шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад шүүхийн шийдвэрээр олгогдсон цалин хөлсөн дээр нөхөн төлбөр тогтоогдох нь байна шүү гэж ярихад “би биеэр ирж уулзаж чадахгүй” гэсэн хариу өгсөн. Мөн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 08 цаг 40 минутад улсын байцаагч Д.О80083748 дугаартай утаснаас 99512044 дугаартай утас руу залгасан боловч утас нь ярьж байгаа дохио өгөөд утсаа аваагүй болно.

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31-01/81 тоотыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартаа:

             Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар Ч.Э нь 2017 оны 02 дугаар сараас 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан ба энэ хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газраас шүүхийн шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан 8 албан хаагчдад нийт 145393435 төгрөг олгогдсон  ба үүнээс улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 31-03/54 тоот актаар 39553308 төгрөгийн, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/60 тоот актаар 105840127 төгрөгийн тус тус акт тогтоогдсон, үлдсэн 12233672 төгрөгийг Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна”, Дотоод аудитын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Г.С-аар 1551863 төгрөгийг  төлүүлэхээр санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/61 тоот акт, мөн оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ж.Т-р 10681810 төгрөгийг төлүүлэхээр санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/62 тоот актыг тус тус тогтоосон ба Г.С, Ж.Т нар нь тус актуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэж Улсын ерөнхий байцаагчид гаргасан гомдлыг Улсын Ерөнхий байцаагч хянаж үзээд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэсэн заалтыг үндэслэн Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 08 сарын 21-ний өдрийн 13-2/5759, 2019 оны 08 сарын 21-ний өдрийн 13-2/5777 тоотоор тус тус хүчингүй болгосон болно.  

          Энэ талаар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны даргын Зөвлөл 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хэлэлцээд Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх хэсгийг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ч.Э-ээр төлүүлэхээр акт тогтоохоор шийдвэрлэж, улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31-01/81 тоот акт тогтоосон ба Ч.Э нь тус актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж Улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан байна. Уг гомдлыг Улсын ерөнхий байцаагч хянаж үзээд 2019.11.21-ний өдрийн 13-2/7789 тоотоор тус актыг тогтоосон нь үндэслэлтэй гэж үзсэн байна.

             Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ ... гэсний дагуу улсын байцаагч миний бие Ч.Э-тэй 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр утсаар  “шүүхийн шийдвэрээр дээрх 8 хүнд олгогдсон 12.0 сая төгрөгийг таниар төлүүлэхээр акт тогтоох нь байна та ирж уулзана уу” гэж ярихад Ч.Э “би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд шүүх хуралтай явж байна очих боломжгүй ...” гэж хэлсэн болно гэжээ.

 

Хариуцагч улсын ахлах байцаагч У.Э шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч албан тушаалаа өгснөөс хойших хугацаанд акт тавьсан гэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай хуулийг барьж эрх бүхий албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэдгийг барьж ажил хүлээн авсан хүмүүст акт тавьсан. Анх буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан нь төлөх ёстой гэсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийг барьж актыг хүчингүй болгосон учраас байгууллагын зөвлөлөөр хэлэлцээд Ч.Э даргад акт тавьсан. Албаны даргын 24 тоот удирдамжаар 1 хоногийн дотор шалгалт хийсэн гэж яриад байгаа, өмнөх удирдамжаар 10 хоногийн шалгалт хийгээд дуусаж байсан учраас төлбөрийг актад оруулсан. Б.Э, Х.Тнарын улсын тэмдэгтийн хураамжийн 227,464 төгрөгийг төлбөрөөс хасаж тооцож болно. У.Б-гийн оронд ажилд томилогдсон О.О нь 2018 оны 03 дугаар сарын 20-нд ажлаас чөлөөлөгдсөн түүний оронд хүн томилоогүй учраас 2018 оны 3-10 сар хүртэлх хугацааны цалинг төлбөрт оруулж тооцсон нь үндэслэлгүй гэсэн асуудлыг дахин хянаж үзнэ гэв.

 

Хариуцагч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Орон нутгийн төсөвт төлөвлөгдөөгүй маш их зардал гарсан тул уг актыг тогтоосон. Ингэхдээ холбогдох хууль тогтоомжийн дагуу хийсэн. Нийт 8 нэр бүхий албан хаагчид 108,703,797 төгрөг олгосон байсан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар сонсох ажиллагаа хийсэн. Засаг даргын Тамгын газарт төлөвлөөгүй маш их зардал гарсан байсан, тиймээс буруутай шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтнаар төлүүлэх, сонсох ажиллагаа хийсэн. Ч.Э даргад утсаар хэлэхэд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд шүүх хуралтай явж байна, очих боломжгүй байна гэсэн. Утсаар ярьсан учраас сонсох мэдэгдэх ажиллагааг хийсэн гэж үзнэ. Бид анхан шатны баримтад тулгуурлаж шалгалт хийдэг. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг олгосон эсэх, нийгмийн даатгалын шимтгэлд, татварт, улсын тэмдэгтийн хураамжид хэдэн төгрөг шилжүүлсэн зэргийг хардаг. А.Ч-д 2 шатны шүүхийн шийдвэрээр 20,759,273 төгрөг, Х.Э-т 22,575,259 төгрөг, У.Б- 20,018,792 төгрөг, Б.МУ-д 12,887,203 төгрөг, Ж.Б-д 4,041,509 төгрөг, Д.У-д 9,023,744 төгрөг, Д.А-д 27,488,470 төгрөг, С.Б-д 27,017,111 төгрөгийг шүүхийн шийдвэрээр олгосон байсан. Гарт нь 90,263,017 төгрөг, шимтгэл 12,138,918 төгрөг, ХАОАТ-ын зардал 14,381,136 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 12,289,725 төгрөг, нийт 108,703,797 төгрөг олгосон байдаг. Үүнийг Ч.Э даргаар төлүүлэхээр акт тогтоосон. Актын гол зорилго бол улсын төсөвт учирсан хохирлыг төлүүлэх байсан. Шүүхийн шийдвэр, ажил олгогчоос олгосон цалин хөлсний олговрын хооронд зөрүү байхгүй, нэхэмжлэгч ажил олгогчоос олгосон ажлаас халагдсаны тэтгэмжийн мөнгийг шүүхийн шийдвэрээс тогтоосон цалин хөлсний олговроос хасаж тооцоод байна. Үүнийг төсвөөс гарсан цалин хөлсний зардал, шүүхийн шийдвэрт туссан учир хасаж тооцохгүй.

Шүүхийн шийдвэр гарсан байхад шүүхийн шийдвэрийг зөв, буруу гэх эрх бүхий албан тушаалтан бид бишээ. Шүүхийн шийдвэрийн дагуу олгосон байна уу? үгүй байна уу? гэдэгт л шалгалт хийдэг. Улсын тэмдэгтийн хураамжид Б.Э, Х.Т нарт өгсөн төлбөрийн 227,464 төгрөгийг хасаж тооцож болно гэв.

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Ч.Э-ээс  шүүхэд Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн  2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-01/60 тоот, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн  2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-01/81 тоот актуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Э-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагч У.Э, улсын байцаагч Д.О нарт холбогдох 122/2019/0032/3 индекстэй захиргааны хэрэгт, Ч.Э-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагч У.Э, улсын байцаагч Д.О нарт холбогдох 122/2019/0038/3 дугаартай захиргааны хэргийг нэгтгэж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад энэхүү шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэв.

 Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, гэрчүүдийн мэдүүлэг, актын үндэслэл болсон хэрэгт авагдсан шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд болон аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад цалин хөлсний нөхөн олговор олгосон санхүүгийн анхан шатны баримтуудыг үнэлэн дараах үндэслэлээр маргаан бүхий төлбөр тогтоосон захиргааны актуудыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн  2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-01/60 тоот актаар Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/20 СБА-2019/126/СТА-ТШЗ албан шаардлагаар албаны даргын баталсан 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн удирдамж болон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 3/901 тоот хүсэлтийн дагуу албаны даргын баталсан 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 24 тоот удирдамжийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны цалин, хөлс түүнтэй адилтгах орлогод санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор У.Э, санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор Д.О нар шалгалт хийхэд 2017 онд бүтэц орон тоо шинэчлэгдсэнтэй холбогдуулан албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 тоот тушаал нь шүүхийн шийдвэрээр хууль бус болох нь тогтоогдсоны улмаас А.Ч, Х.Э, С.Б, Д.А, У.Б-, Б.МУ, Д.У, Ж.Б нарын албан хаагчдад ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажил олгогчоос олгох тэтгэмж урамшууллын зардлаас дээрх хугацаанд цалин хөлсний нөхөн олговорт 79,776,547 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 11,128,880 төгрөг, хувь хүний орлогын албан татварын зардалд 13,258,873 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1,675,825 төгрөг нийт 105,840,125 төгрөг олгогдсон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, 41 дүгээр зүйлийн 41.2.2-д “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах” гэж заасантай нийцэхгүй байна гэж үзээд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 103 дугаар зүйлийн 103.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан төсвийн 105,840,125 төгрөгийг  2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан Ч.Э-ээр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн дээрх үндэслэлээр Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн  2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-01/81 тоот актаар 12,233,672 төгрөгийг Ч.Э-ээр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн төлбөр тогтоосон актуудыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Сангийн сайдад гомдол гаргаж, Сангийн сайдаас тухайн актуудыг хууль зүйн үндэслэлтэй гэж  хариу өгснийг гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч төлбөр тогтоосон актуудыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ удирдамжгүйгээр хяналт шалгалтыг хийсэн, улсын байцаагчид нь албаны бүрэн эрхээ хэтрүүлэн  хууль тогтоомж зөрчсөн, шүүхийн шийдвэрүүдээр тогтоосон цалин хөлсний нөхөн олговор, ажил олгогчоос олгосон цалин хөлсний олговор хоорондоо эрс зөрүүтэй буюу шүүхийн шийдвэрээр тогтоосноос илүү цалин хөлсний олговор олгосон, цалин хөлсний олговор, нийгмийн даатгалын шимтгэлийг буруу бодсон, хууль эрх зүйн хэлтсийн дарга У.Б-гийн оронд томилогдсон О.О нь  2018 оны 03 дугаар сарын 20-нд ажлаас чөлөөлөгдсөн түүний оронд хүн томилоогүй учраас 2018 оны 3-10 сар хүртэлх хугацааны цалин аймгийн Засаг даргын Тамгын газарт хэмнэлт болон үлдсэн мөнгийг болон Б.Э, Х.Т нарын улсын тэмдэгтийн хураамжийн 227,464 төгрөгийг төлбөрт оруулж тооцсон нь үндэслэлгүй, утсаар ярьсныг сонсох, мэдэгдэх ажиллагаа явуулсан гэж үзэхгүй гэж,  хариуцагчаас Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын албан шаардлага,  аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын хүсэлт, албаны даргын баталсан удирдамжийн хүрээнд хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалтыг хийсэн,  шүүхийн шийдвэр, ажил олгогчоос олгосон цалин хөлсний олговрын хооронд зөрүү байхгүй, утсаар ярьсан учраас сонсох мэдэгдэх ажиллагааг хийсэн гэж үзнэ, харин Б.Э, Х.Т нарын улсын тэмдэгтийн хураамжийн 227,464 төгрөгийг төлбөрөөс хасахыг зөвшөөрнө, У.Б-гийн оронд ажилд томилогдсон О.О нь 2018 оны 03 дугаар сарын 20-нд ажлаас чөлөөлөгдсөн түүний оронд хүн томилоогүй учраас 2018 оны 3-10 сар хүртэлх хугацааны цалинг төлбөрт оруулж тооцсон нь үндэслэлгүй гэсэн асуудлыг эргэж судлаж үзье гэж маргаж байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4-т мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах, 10.9.11-д улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах гэж тус тус заажээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь шалгалтын явцад илэрсэн зөрчлийг зөв тогтоох, акт тогтоосон тоо баримтын үндэслэл, төлбөрийг нотлох үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна.

Тодруулбал төлбөр тогтоосон 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31-01/81 тоот актад[1] аймгийн Засаг даргын Тамгын газрын ажил олгогчоос олгох тэтгэмж урамшууллын зардлаас цалин хөлсний нөхөн олговорт дээрх албан хаагчдад нийт 157,327,107 төгрөгийг олгосон гэж, мөн хариуцагчаас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн хариу тайлбарт [2] аймгийн Засаг даргын Тамгын газраас ажлаас үндэслэлгүй халагдсан 8 албан хаагчдад шүүхийн шийдвэрээр нийт 145,539,435 төгрөг олгогдсон ба үүнээс улсын ахлах байцаагчийн 2018-10-08-ны өдрийн 31-03/54 тоот актаар 39,553,308 төгрөг тогтоогдсон ба үлдэх 105,840,127 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон, 2019-12-10-ны өдөр ирүүлсэн хариу тайлбарт[3] аймгийн Засаг даргын Тамгын газраас ажлаас үндэслэлгүй халагдсан 8 албан хаагчдад шүүхийн шийдвэрээр нийт 145,539,435 төгрөг олгогдсон ба үүнээс улсын ахлах байцаагчийн 2018-10-08-ны өдрийн 31-03/54 тоот актаар 39,553,308 төгрөгийн, 2019-06-28-ны өдрийн 31-01/60 тоот актаар 105,840,127 төгрөгийн  тус тус тогтоогдсон, үлдсэн 12,233,672 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон гэж нэхэмжлэгчийн хууль бус шийдвэрийн улмаас төсөвт учирсан хохирлыг зөрүүтэй дүгнэсэн байна. Сүүлд ирүүлсэн хариу тайлбарт дурдсан  шүүхийн шийдвэрээр нийт 145,539,435 төгрөг олгогдсон ба үүнээс улсын ахлах байцаагчийн 2018-10-08-ны өдрийн 31-03/54 тоот актын 39,553,308 төгрөг, 2019-06-28-ны өдрийн 31-01/60 тоот актын 105,840,127 төгрөгийг тус тус хасаж тооцвол, 12,233,672 төгрөг үлдэхээргүй байхын зэрэгцээ актын үндэслэл болсон аймгийн Засаг даргын Тамгын газрын “ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад тэтгэмж, цалин хөлсний нөхөн олговрын жагсаалт”[4]-д нийт дүн 158,513,694 төгрөг, ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдын шүүхийн шийдвэрийн нэгтгэлд[5] цалингийн дүн 143,811,361 төгрөг гэж дүгнэгдсэн байна.

           Ийнхүү маргаан бүхий төлбөр тогтоосон акт, хариуцагчийн тайлбар, актын үндэслэл болсон санхүүгийн баримтуудад нэхэмжлэгчийн хууль бус шийдвэрийн улмаас  албан хаагчдад ажил олгогчоос цалин хөлсний нөхөн олговорт нийт хэдэн төгрөг олгосон нь зөрүүтэй тогтоогдсон учраас шүүх маргааны үйл баримт, тооцоололд үндэслэлтэй зөв дүгнэлт хийх боломжгүй байна.

Нэг талаар төсөвт учирсан хохирлыг хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаар төлүүлэх нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг, нөгөө талаар шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон цалин хөлсний нөхөн олговрыг шүүхээс өөрчлөх, үгүйсгэх боломжгүй учраас төлбөр тогтоосон захиргааны актын  хууль зүйн үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийлгүй, хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзэн маргаан бүхий төлбөр тогтоосон захиргааны актуудыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, тооцооллыг дахин хийж, шинээр акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Хэргийн нөхцөл байдлыг тодруулах гэдэгт актаар тогтоогдсон төлбөрийг  цаашид тодруулах буюу ажлаас үндэслэлгүй халагдсан албан хаагчдад аймгийн Засаг даргын Тамгын газраас олгосон цалин хөлсний нөхөн олговор /гарт олгосон цалин, ажил олгогчоос шилжүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний   орлогын албан татвар/ нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон цалин хөлсний нөхөн олговроос илүү гарч байгаа эсэхэд дүгнэлт хийж, тооцооллыг актад тусгах, Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхэд ирүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/1379 тоотод[6]  А.Ч-д Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцаас 1.441.117 төгрөгийг шилжүүлсэн гэж  аймгийн Засаг даргын Тамгын газрын “ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад тэтгэмж, цалин хөлсний нөхөн олговор олгосон жагсаалт”[7]-д А.Ч-д Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцаас 1,370,917 төгрөг шилжүүлсэн гэж зөрүүтэй тусгагдсан байх тул зөрүүг гаргаж, А.Ч, Б.МУ нарт  Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцаас шилжүүлсэн мөнгө нь актад хамаарах эсэх, ажлаас үндэслэлгүй халагдсан албан хаагчдын оронд нь өөр хүн ажиллуулж цалин хөлс давхардуулан олгож төсвийг хохироосон үндэслэлээр акт тавьсан тул хууль эрх, зүйн хэлтсийн дарга У.Б-гийн оронд томилогдсон О.О нь 2018 оны 03 дугаар сарын 20-нд ажлаас чөлөөлөгдсөн түүний оронд хүн томилоогүй учраас 2018 оны 3-10 сар хүртэлх хугацааны цалин аймгийн Засаг даргын Тамгын газарт хэмнэлт болж үлдсэн бол энэ хугацааны цалинг хохиролд оруулж тооцох эсэх, шүүхийн шийдвэрээр аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан орон нутгийн төсөвт оруулахаар шийдвэрлэсэн улсын тэмдэгтийн хураамжийг төсөвт учирсан хохиролд хамааруулан актад тусгах эсэх асуудлыг шалган тогтоосны эцэст  дахин шинэ акт гаргах шаардлагатай юм.

Хэрвээ захиргааны байгууллага нь шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргахгүй бол Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн  2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-01/60 тоот, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-01/81 тоот актууд хүчингүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11, 10.12.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103,1, 103.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-01/60 тоот, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн  2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-01/81 тоот актуудыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчид даалгасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргахгүй бол Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-01/60 тоот, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-01/81 тоот актууд хүчингүй болохыг мэдэгдсүгэй.

 3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БАЯРЦОГТ