Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 276

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Адаацаг суманд 1999 онд төрсөн, эмэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р багт оршин суух, Зуут овогт Лхагва-Очирын Даариймаагаас үрчлэлт хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 06 сарын 05-ны өдөр 139/2017/00207/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Даариймаа, гэрч Ц.Лхагва-Очир, П.Энхтуяа, П.Сэндмаа, С.Цогзол, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Л.Даариймаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Лхагва-Очир овогтой Даариймаа миний бие 1999 оны 07 сарын 02-нд аав Лхагва-Очир, ээж Энхтуяа нарын 3 дахь хүүхэд болж мэндэлсэн. Төрсөн цагаасаа өвчин ороогдож монгол ёс заншлын дагуу төрсөн ээж П.Энхтуяагийн эгч болох П.Сэндмаа, С.Цогзол нарт 2000 оны 10 сарын 22-ны өдөр үрчлэгдэж очсон боловч аав, ээжийгээ санан байж чадахгүй байсан учир 2002 оны 05 сарын 28-нд өөрийн нэрээ сольж, даахиа үргээлгэн, эрэгтэй хувцаслаж, сайн өдөр өөрийн төрсөн аав, ээждээ очиж одоог хүртэл өвдөж зоволгүй, эрүүл саруул амьдарч байна. Засаг даргын 33 тоот захирамжаар 2001 оны 05 сарын 25-нд үрчилсэн гэрчилгээ олгосон байсан нь 2017 оны 04 сард үрчилж авсан ээж П.Сэндмаа нь одонгийн мөнгө авах зорилгоор сөхсөнөөс болж Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж ШУТИС-ийн барилгын инженерийн 1-р курст амжилттай суралцаж байтал Цогзолын Дайриймаа гэсэн овгийн зөрчил илэрч оюутны виза карт, иргэний үнэмлэх солих, автобусны карт солих гэх зэргээр маш их хүндрэлтэй байх тул үрчлэлтийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж байна. Одоо энэ хэвээр үргэлжилбэл оюутны вэб устах аюултай тул яаралтай үрчлэлийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Л.Даариймаа нь үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

           Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч Л.Даариймаа нь шүүхэд хандаж үрчлэлтийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд байна.

           Нэхэмжлэгч Л.Даариймаа нь 2000 оны 10 сарын 20-нд иргэн С.Цогзол, П.Сэндмаа нарт үрчлэгдэн үрчлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн боловч 2002 оны 05 сарын 28-нд өөрийн эцэг эхдээ ирж одоог хүртэл төрсөн эцэг, эх болох Ц.Лхагва-Очир, П.Энхтуяа нарын асрамж халамжид амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн мэдүүлэг, гэрч Ц.Лхагва-Очир, П.Энхтуяа, С.Цогзол, П.Сэндмаа нарын гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

           Мөн нэхэмжлэгч Л.Даариймаа нь 2017 оны 07 сарын 02-нд 18 насанд хүрсэн байх тул асрамжийн асуудлыг шүүхээс шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.

          

           Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6-д  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д зааснаар 1999 оны 07 сарын 02-нд төрсөн Л.Даариймааг гэрч С.Цогзол, П.Сэндмаа нарт 2000 оны 10 сарын 20-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Даариймаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.БАЯРДАВАА