| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 182/2019/00796/И |
| Дугаар | 001/ХТ2020/00419 |
| Огноо | 2020-07-23 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2020/00419
Ц.С-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/00941 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1154 дугаар магадлалтай,
Ц.С-гийн нэхэмжлэлтэй,
ХНХЯ-анд холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 25.104.756 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.С-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 6/113 тоот тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилогдон ажилласан бөгөөд ажлаа гүйцэтгэж байгаад тархины судасны эмгэг сүлжээрэл, цүлхэн өвчний улмаас Бүгд Найрамдах Солонгос Улсад тархины хагалгаанд орж ирээд Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед Хөдөлмөрийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 6/206 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг захиргааны актыг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний 6/206 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.С-г ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоохыг даалгасан шийдвэр гарсан боловч ХНХЯ- шүүхийн шийдвэрийг одоог хүртэл биелүүлээгүй. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2017 онд хандсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Өнөрбаяртай удаа дараа уулзаж, утсаар холбогдож байсан боловч удахгүй шийдвэрлэнэ гэж явсаар өнөөдрийг хүрсэн. Энэ нөхцөл байдлаас болоод Ц.С- нь 3 жилийн турш ажил хөдөлмөр эрхлээгүй. Иймд 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажлын 694 хоног, нэг өдрийн дундаж цалин хөлс 36.174 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 25.104.756 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч ХНХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 13-ны өдөр 654 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэдэг нь тогтоосон бөгөөд энэ хугацаанаас эхлэх 3 сарын дотор цалин хөлсөө нэхэмжлэх ёстой байтал дээрх хугацааг хэтрүүлсэн. Шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/00941 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ХНХЯ-наас 25 104 756 төгрөг гаргуулж Ц.С-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны Ц.С-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг ХНХЯ-анд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Ц.С-гийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, ХНХЯ-наас улсын тэмдэгтийн хураамжид 283 473.78 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1154 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/00941 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, О.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг нэмж шаардаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Энэ хугацааг зогссон болон тасалдсантай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарах үед СХД-ийн хөдөлмөрийн хэлтэс татан буугдсан учраас шүүхийн шийдвэрийг биелүүлэх бодит боломжгүй болсон. Иймд тухайн шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тайлбар авсан бөгөөд шүүх нэхэмжлэгчийг ажлын байраар хангах арга хэмжээ авах нь зүйтэй болохыг тайлбарласан. Энэ дагуу бид нэхэмжлэгчид холбогдох ажлын байрыг санал болгож байсан бөгөөд сүүлд санал болгосон ажлын байрнаас нэхэмжлэгч өөрөө татгалзсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
ХНХЯ-анд холбогдуулан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор 25.104.756 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах Ц.С-гийн нэхэмжлэлийг хангахдаа анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна. Ц.С-г Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дугаар сарын 13-ны өдрийн 654 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор... олгох”-оор заажээ.
Ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилтанг ажилд нь эгүүлэн авах, түүнийг ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч ХНХЯ- /тус яамны сайд/ шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нь тогтоогдсон байна.
Иймд Ц.С-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 5 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй талаархи шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана”, 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэжээ.
Дээр дурдсан хуулийн зүйл, заалтуудаас дүгнэхэд нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан маргааны шүүхэд хандах эрхийн хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан ба уг хугацаа 3 сар байна.
Гэвч ажилтан ажлаас халагдсан үеэс цалин хөлс авах эрх нь нэгэн адил зөрчигдөж эхлэх боловч ажлаас халсан ажил олгогчийн тушаалыг хууль зөрчсөнийг шүүх дүгнэж, ажилтанг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бол шүүхийн шийдвэр бодитоор биелэгдэх хүртэл уг эрх зөрчигдсөн хэвээр үргэлжлэх тул энэ хугацааны цалинг нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар шаардах эрхтэй.
Шүүхийн шийдвэр гарснаас хойш 3 сарын хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүйгээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага татан буугдснаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх бодит боломжгүй болсон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар Ц.С-тай тохиролцож өмнөх ажил, албан тушаалтай дүйцэхүйц ажлыг санал болгох үүрэгтэй бөгөөд ийм ажлын байрыг санал болгосон нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.
Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/00941 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1154 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, О.Г нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ХНХЯ- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ