Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2018/1038/З |
Дугаар | 0500 |
Огноо | 2020-08-11 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 0500
2020 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 128/ШШ2020/0500 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Х.Нямдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “З” ХХК
Хариуцагч: ХУДтхтуб Б.М, О.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Туб нарын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 230014051, 230014052 тоот актуудыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, түүний өмгөөлөгч Н.Н, хариуцагч Нийслэлийн татварын газрын ТубБ.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “З” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 04 дугаар сарын 06-ны өдрийн 010, 011 тоот тогтоол, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 116,117 тоот тогтоол, болон 230014051,230014052 тоот татварын улсын байцаагчийн актууд нь хууль эрх зүйн үндэслэлгүй, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн тогтоол, актууд тул бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:...
1. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн Татварын хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуү эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлан гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ ”, мөн хуулийн дагуу 4 дүгээр зүйлийн 4.1-д “Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татварын төлөгчөөр татварын албанд. ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж заасны дагуу манай компани санхүү болон татварын тайлангаа буруу гаргасан гэсэн үндэслэлээр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар. хувь хүний орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварын нэмж мэдүүлсэн тайланг гаргаж татварын албанд, санхүүгийн тайлангаа санхүүгийн хэлтэст хүргүүлсэн.
2. Гэтэл татварын улсын байцаагчид “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн дагуу 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно” гэж заасаар байтал нэмж мэдүүлсэн тайланд тусгасан худалдан авалтыг зөрчил гэж үзэн, татварын улсын байцаагчийн 230014051, 230014052 тоот акт үйлдэн, хариуцлага хүлээлгэж байгааг хууль бус гэж үзэж байна.
3. Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлөөс Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаар тогтоолоор баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.1.1 -д /“нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1- д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага.. албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.1.1-д /татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, эсхүл татварын тайлан гаргаагүй буюу буруу гаргасан бол шинэчилсэн тайланг харьяалах. татварын албанд мэдүүлэх/ гэж заасныг зөрчсөн гэж үзэн актыг хэвээр баталсан нь хуульд үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.
Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс татварын хяналт шалгалт хийхдээ “Б” ХХК-ийн захирал Б.Бхолбогдох эрүүгийн 201526020496 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161 дүгээр тогтоол. “Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Жд холбогдох 2014260001093 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 464 дугаар тогтоол, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 07/663 тоот албан бичгийг үндэслэл болгож, акт тогтоожээ.
Манай компани нь барилгын материал худалдан авсан бөгөөд эдгээр компанийг хуурамч, хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан тараадаг гэдэг хяналт тавих үүргийн хуулиар хүлээгүй. Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161. 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 464 дүгээр тогтоолуудыг огт мэдэгдээгүй прокурорын тогтоол гарсныг гардуулж өгсөн бол тухайн өөрсдийн гэм буруугүй болохоо нэг мөр шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх байсан.
Харин татварын албанд шууд шилжүүлснээр бүх эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг үндэслэл болгож, хяналт шалгалт хийж татварын улсын байцаагчийн акт тогтоож байгаа нь бидний эрхийг зөрчиж хууль бусаар гэм буруутай болгож баталгаажуулсан байна. Энэ тохиолдолд хэргийн оролцогчийн эрхийг хангахгүй хууль хяналтын байгууллага өөрийн эрх хэмжээг хэтрүүлж байгаа юм. Хэрэв тухай бүр хэргийн оролцогчийн эрхийг хангаж байсан бол тухайн үед нь засч залруулж бид эд хөрөнгө, нэр төрөөрөө хохирохгүй байх боломжтой. Одоо үйл ажиллагаагаа жигд явуулах ямар ч боломжгүй хэн ч хууль шүүхийн байгууллагын дүгнэлтийг л эцсийн байдлаар зөв гэж ойлгоход хүрч байна.
4. Мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д /Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусна / гэж ил болгож мэдээлэх хугацааг заажээ.
Гэтэл татварын улсын байцаагчдын хяналт шалгалт хийх үндэслэл болгосон Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 464 дүгээр тогтоол, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 07/663 тоот албан бичиг нь нэмж мэдүүлсэн |тайлан гаргасны дараа татварын албадад шалгуулж, акт тогтоосон нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлийг мэдүүлэх. нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг тайлагнах” гэж хуулиар олгосон тайлагнах, мэдүүлэх, бүртгүүлэх эрхийг ноцтойгоор зөрчиж байна.
Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж байгууллагын эрх ашгийг хөндөж байх тул 230014051, 230014052 тоот татварын улсын байцаагчийн актуудыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Татварын ерөнхий газрын удирдамжийн дагуу манайд шалгалт хийсэн. Он сарын хугацааг нь Улсын дээд шүүхийн тогтоолд бичсэн. Тийм учраас 51, 52 тоот акт нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хамаарах хугацаанаас хойш тавьсан акт юм. Хууль 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хэрэгжиж эхэлсэн. Үйлчлэлийн хугацаа 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байсан. Манайх 02 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд тайлагнасан. Нуун дарагдуулсан орлогоо тайлагнасан байгаа. Актын хугацааг анхаарч харгалзаж үзнэ үү гэж хүсч байна.
...Тубнар нь биднийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамаарахгүй гэж үзэж байгаа. Хамаарах, хамаарахгүй тухай ойлголтыг улсын байцаагч нар өөрсдөө мэдээд тулгаж тавьсан. Нуун дарагдуулсан хөрөнгөө ил болгох үүднээс тайлан гаргасан. Ийм учраас хуулийг зөрчиж гаргасан актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсч байна” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Н шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Хариуцагчийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлийн шаардлага бол улсын байцаагч нарын 2016 оны 12 дугаар сард тавьсан 230014052, 230014051 дугаартай акт байгаа.
...Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нэг удаагийн үйлчлэлтэй татварын бааз суурийг бий болгох татвар төлөгчдийг ил тодоор татвараа тайлагнах мөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлээсэй, татвар ихээр төлөгдсөнөөрөө төр захиргааны байгууллагад төрийн сан нэмэгдэх эргээд нийгмийн халамж хариуцлагыг бэхжүүлэх боломжтой байдлаар хууль үйлчилсэн. Хуулийн дагуу нэхэмжлэгч компани нь 2012, 2013 онуудад татварын байгууллагад тайлагнаагүй орлогоо ил болгож аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ-ын тайлангаа буруу гаргасан талаар татварын байгууллагад өгч улмаар хүлээж авсан.
...Тогтоож байгаа актуудыг тавих эрхийг Татварын ерөнхий хуулийн дагуу удирдамж 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын даргын албан бичгийн хүрээнд мөн Баянгол дүүргийн прокурорын газрын дугаар бүхий 1161464 дугаартай тогтоолыг үндэслэж хийсэн гэдгийг харах юм бол тухайн эрүүгийн хэрэгт А ХХК болон Б ХХК-иудыг шалгах явцад З ХХК-ийн хий бичилттэй падаан дээр үндэслээд тавьсан хууль бус акт гэж харагдаж байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулинд зааснаар сайн дураараа нууна дарагдуулсан орлого, хөрөнгө тайлагнаагүй татвараа буруу гаргасан тайлангаа зөвтгөж залруулсан хувь хүн хуулийн этгээдийн нууцыг хадгална гэсэн заалтыг зөрчсөн. Албан бичгийн тухайд ямар компани ямар тайлан гаргасан талаарх бичиг байна гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгож байна. Энэ албан бичиг өөрөө удирдамж биш юм. Хяналт шалгалт орохдоо зөвхөн хий бичилттэй падааны хувиар орсон бол харамсалтай байна. 2012, 2013 онуудын нэхэмжлэгч компанийн тайлангууд хэрэгт авагдаагүй. Хэргийн оролцогчид нотлох баримтаа бүрдүүлж өгөх үүрэгтэй. Хариуцагч няцаасан тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж өгөх үүрэгтэй. Мөн захиргааны хэргийн шүүх нотлох баримт цуглуулах үүрэгтэй. З ХХК-ийн 2012, 2013 онуудын тайлан байхгүй байхад тайлагнасан байгаа нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамаарах эрхгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм.
Мөн прокурорын тогтоол байгаа талаар шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсч байна. Бид буруу өгсөн тайланг залруулж байгаа нь өөрөө тайлан гаргах эрхийг нээлттэй эдлэх ёстой гэдгийг харуулж байгаа. Эрүүгийн баримтуудыг үндэслээд шалгалт хийж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг зөрчиж илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Мөн хариуцагч тал захиргааны хариуцлага хүлээлгэсэн гэж байна. Гэтэл хуулиар дахин захиргааны хариуцлага хүлээлгэхийг хориглоно гэсэн заалт байгаа. Иймд актыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсч байна” гэв.
Хариуцагч нараас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн татварын хэлтэстэй харьцдаг 2693542 тоот регистрийн дугаартай “ З” ХХК-ийн 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч О.Б, Б.М, нар “Татварын хяналт шалгалт хийх томилолт”, ерөнхий удирдамж”, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161 дугаар тогтоол, мөн газрын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 464 дүгээр тогтоол, Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалт арга зүйн газрын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 07/663 тоот албан бичиг зэргийг үндэслэн хэсэгчилсэн шалгалтыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хийж 230014051 тоот акт тогтоосон. Татварын хяналт шалгалтаар 2,135,440,273.0 төгрөгийн зөрчилд 213,544,027.0 төгрөгийн төлбөр ногдуулсан нь дараах үндэслэлтэй болно.
Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн 2012 оны 8, 11, 12 дугаар саруудын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт доорх компаниудын хий бичилттэй падаануудаар худалдан авалтын хасалт хийж татвар ногдуулах орлогоо бууруулсан. Үүнд:
1. “Б” ХХК-ийн 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 12291049 тоот падаанаар 160,194,818.0 төгрөгийн, 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 12291050 тоот падаанаар 139,454,545.0 төгрөгийн,
2. “А” ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11715516 тоот падаанаар 909,090,910.0 төгрөгийн, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11715519 тоот падаанаар 926,700,00.0 төгрөгийн,
“Б”, “А” ХХК-удын нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь цагдаагийн байгууллагаар хий бичилттэй нь тогтоогдож Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161 дүгээр тогтол, мөн газрын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 464 дүгээр тогтоол, Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалт арга зүйн газрын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 07/663 тоот албан бичгүүдээр тогтоогдож Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль , Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтуудыг үндэслэн 213,544,027.3 төгрөгийн нөхөн татвар, 0.00 төгрөгийн торгууль, алданги, хүү ногдуулсан байна.
“ З” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 230014052 тоот актын тайлбар:
Хан-Уул дүүргийн татварын хэлтэстэй харьцдаг 2693542 тоот регистрийн дугаартай “ З” ХХК-д Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 464 тоот тогтоолыг үндэслэн 2013-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн ТубБ.М, О.Б нар ирж бүрэн шалгалтыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хийж 230014052 тоот акт тогтоосон. Татварын хяналт шалгалтаар 2,413,015,481.2 төгрөгийн зөрчилд 237,204,197.8 төгрөгийн төлбөр ногдуулсанаас 10,582,047.8 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, 226,622,150.0 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрсөн болно.
Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн 2013 оны 6, 9 дугаар саруудын тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа» хэсэгт “А” ХХК-ийн хий бичилттэй 13288546, 13288547, 13288548, 14318832, 14318836, 14318837, 14318839 дугаартай падаануудаар нийт 2,226,221,500.0 төгрөгийн худалдан авалтын хасалт хийж татвар ногдуулах орлогоо бууруулсан.
“А” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь цагдаагийн байгууллагаар хий бичилттэй нь тогтоогдож Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 464 дүгээр тогтоолоор тогтоогдож Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 заалтыг үндэслэн 226,622,150.0 төгрөгийн нөхөн татвар, 0.00 төгрөгийн торгууль, алданги, хүү ногдуулсан болно.
1. Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд: “74.1.Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол...татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.4-д “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх”; 74.3-д “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.”, мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ.”, 10 дугаар зүйлийн 10.7-д “Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасныг үндэслэн захиргааны хариуцлага ногдуулсан болно” гэжээ.
Хариуцагч, ТубБ.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З ХХК-д Татварын ерөнхий газрын албан бичгийн дагуу татварын шалгалт хийгдсэн. Баянгол дүүргийн 1161, 464 дугаар тоот тогтоол болон прокурорын тогтоолыг үндэслэж нөхөн татвар тавигдсан. Торгууль алдангийн талаар Өршөөл үзүүлэх хуулийн дагуу өршөөлд хамааруулж шийдсэн.
... Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа худалдан авалт нь зардал учир Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулинд хамаарахгүй гэж үзэж байна ... орлогоо бууруулаагүй, зардлаа өндөр болгож төлөх ёстой татвараа бууруулсан.
... Татварын хяналт шалгалтаар тогтоосон зүйл байхгүй. Хий бичилттэй гэдгийг цагдаагийн байгууллага шалгаад Б ХХК болон Арвижих Од ХХК нь ямар ч бодитой борлуулалт хийгээгүй гэдгийг тогтоогоод шийдвэр гарсан. Шийдвэр дээр үндэслээд татварын байгууллага татварын улсын байцаагчийн акт бичсэн асуудал байгаа” гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын газраас З ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үндэслэлийн тухайд гэм буруугаа хүлээгээд татварыг нөхөн төлөхөөр болоод Өршөөлийн үзүүлэх хуульд зааснаар өршөөл үзүүлсэн. А ХХК болон Б ХХК нь хий бичилттэй борлуулалт хийсэн. Улмаар бодитой худалдан авалт хийгээгүй талаарх мэдүүлэг болоод эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсоны үндсэн дээр хэрэг хэрэгсэхгүй болсон.
... З ХХК-ийн 2012 онд тайлагнасан тайлан нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдах боломжгүй юм. Татвар төлөгч өөрөө тайлангаа гаргах эрхтэй ... Өмгөөлөгч болохоор орлогоо нууж дарагдуулсан гэж үзэж ил тодын тайлан өгсөн гэж яриад байна. Нэхэмжлэгчийг ямар хөрөнгө нууна дарагдуулсан бэ? гэж зөндөө асуусан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон түүнийг хэрэгжүүлэх журманд тодорхой заасан. Нууна дарагдуулсан хөрөнгө болон орлого гэж хоёр зүйл л байгаа. Худалдан авч байгаа нь зардал гаргадаг. Зардал борлуулж байгаа хүн нь ашиг олдог.
....нэхэмжлэгч өөрөө худалдан авсан буюу зардал гарч байгаа этгээд болж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасан. Нэхэмжлэгч компанийн хувьд тайландаа бүх тайлангаа тусгаад өгсөн. Үүнийг нууна дарагдуулсан гэж үзэх боломжгүй. Эрх бүхий байгууллагаар нэхэмжлэгч компанийн зөрчил аль хэдийн тогтоогдсон тул байцаагч нар акт тавьсан. Иймд Тубнарын актыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсч байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараахь үндэслэлээр татварын улсын байцаагчийн 230014051, 230014052 дугаартай актуудаар нэхэмжлэгч хуулийн этгээдээр төлүүлэхээр тогтоосон төлбөрийг багасгаж шийдвэрлэв. Үүнд:
ХУДтхтуб О.Б, Б.М нараас,
1/ “З” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 230014051 дугаар актаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь “Б” ХХК-ийн
- 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 12291049 тоот падаанаар 160,194,818.0,
- 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 12291050 тоот падаанаар 139,454,545.0,
“А” ХХК-ийн
- 2012 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 011715516 падаанаар 909,090,910.0,
- 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 011715519 тоот падаанаар 926,700,000.0 төгрөгийн, нийт 2,135,440,273.0 төгрөгийн бараа худалдан авсан мэтээр тайланд тусгаж тус дүнгээр хасалт хийж, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд нийт 213,544,027.3 төгрөгийн нөхөн татвар ногдуулахаар ,
2/ “З” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 230014052 тоот актаар
- “А” ХХК-ийн 2013 оны 6, 9 дүгээр саруудын 7 ширхэг падаанаар 2,266,221,500.00 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайланд тусгаж энэ дүнгээр хасалт хийж, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд 226,622,150.0 төгрөгийн нөхөн татвар,
- 2013-2015 онуудад 16,088,818.8 төгрөгийн суудлын автомашины сэлбэг худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар/цаашид НӨАТ гэх/-ыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцсон зөрчилд 1,608,881.9 төгрөгийн нөхөн татвар, 482,664.6 төгрөгийн торгууль, 532,366.6 төгрөгийн алданги,
- 2013-2014 оны татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд 5,413,697.1 төгрөгийн торгууль, 2,544,437.6 төгрөгийн алдангийг тус тус ногдуулж, нийт 237,204,197.8 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тус тус тогтоожээ .
Нэхэмжлэгчээс дээрх актуудыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хэлэлцээд гаргасан нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 11 дүгээр тогтоолоор маргаан бүхий 230014051 дугаартай актыг хэвээр үлдээж, мөн зөвлөлийн 10 дугаар тогтоолоор 230014052 тоот актаар тогтоосон төлбөрөөс 5,413,697.1 төгрөгийн торгууль, 2,544,437.6 төгрөгийн алдангийг өршөөлд хамруулж, 228,231,031.9 төгрөгийн нөхөн татвар, 482,664.6 төгрөгийн торгууль, 532,366.6 төгрөгийн алданги, нийт 229,246,063.1 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 29 болон 30 дугаар тогтоолуудаар нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 10 болон 11 дүгээр тогтоолуудыг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх 230014051, 230014052 тоот актуудаар тогтоосон төлбөрөөс суудлын автомашины сэлбэг худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцсон зөрчилд ногдуулсан 1,608,881.9 төгрөгийн нөхөн татвар, 482,664.6 төгрөгийн торгууль, 532,366.6 төгрөгийн алдангийг төлсөн тул маргахгүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн.
Харин маргаан 230014051 дугаартай актаар 213,544,027.3 төгрөгийн, 230014052 дугаар актаар 226,622,150.0 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр тогтоосныг эс зөвшөөрч “...Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар манай компани санхүүгийн болон татварын тайлангаа буруу гаргасан үндэслэлээр нэмж мэдүүлсэн, холбогдох татварын байгууллага тайланг хүлээн авч баталгаажуулсан байхад уг тайлангаар мэдүүлсэн худалдан авалтыг зөрчил гэж үзэж нөхөн татвар ногдуулсан нь хууль бус” гэж маргасан.
Хариуцагч нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “З ХХК-ийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашиглаж зардлаа ихэсгэх замаар төсөвт төлөх ёстой татвараа бууруулсан зөрчил нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.
Шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, маргаан бүхий актуудаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэв. Үүнд:
Хууль тогтоогчоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилтыг “...хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсноос үзвэл, нуун дарагдуулсан хөрөнгө, орлогыг ил болгуулах үйл ажиллагаа нь хууль зүйн хариуцлага болон ногдох татвараас чөлөөлөх, аливаа хариуцлага хүлээлгэхгүй байдлаар хэрэгжихээр байна.
Гэхдээ хууль тогтоогч нь дээрх хууль хэрэгжих үндсэн нөхцөлийг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “... сайн дурын үндсэн дээр шинээр гаргаж өгсөн ... татварын тайланг тухайн ..., хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс, мэдүүлэг гэж тус тус үзэх бөгөөд эдгээр тайлан, мэдүүлэгт ... шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй” гэж тодорхойлсны зэрэгцээ мөн зүйлийн 5.4 дэх заалтаар “Энэ хуулийн 5.1, 5.2, 5.3-т зааснаас бусад албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлийг албан татвараас чөлөөлөхгүй” гэсэн хязгаарлалтыг тогтоожээ.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын хоёрдугаар зүйлийн 2.1.1-д ““нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байх” гэсэн нэмэлт нөхцөлийг журамлажээ.
Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, татвар төлөгч нь хууль тогтоомжоор зөвшөөрсөн дээрх нөхцөлүүдийг зэрэг хангасан тохиолдолд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.4-т заасан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх боломжтой байна.
Нэхэмжлэгч “З” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 34,9 тэрбум төгрөгийн орлого, түүнд ногдох 268,913,607.49 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, 7,246,228,639.29 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг холбогдох тайлангуудаар шинээр мэдүүлсэн байх ба ингэж мэдүүлсэн нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд заасан “2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө” гэсэн хугацаанд хамаарч байх тул дээрх 34,9 тэрбум төгрөгийн орлого, түүнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварт маргаан бүхий тоот актуудаар тогтоогдсон зөрчил түүнд ногдох НӨАТ хамаарч байгаа эсэхийг Тубболон шүүх шалган тогтоох эрх хэмжээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн “татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар 23-ны өдрийн 230014052 тоот актаар тогтоосон 2,266,221,500.00 төгрөгийн зөрчил, түүнд ногдуулсан 226,622,150.0 төгрөгийн нөхөн татвар нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу чөлөөлөгдөх ёстой” гэсэн тайлбар цаг хугацааны хувьд үгүйсгэгдсэнгүй.
Гэвч маргаан бүхий актуудаар тогтоосон нийт 2,266,221,500.00 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайланд тусгаж энэ дүнгээр хасалт хийж, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил нь хууль тогтоогчоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар тогтоосон сайн дурын үндсэн дээр тайлагнасан, тайланд шинээр тусгасан, төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байх байх гэсэн нөхцөлүүдийг хангахгүй байна. Тодруулбал,
- нэхэмжлэгч хуулийн этгээд нь “Б” ХХК-ийн 0012291049, 0012291050 дугаартай 2 ширхэг, “А” ХХК-ийн 2012 оны 0011715516, 0011715519, 2013 оны 0013288546, 0013288548, 0013288547, 0014318832, 0014318836, 0014318837, 0014318839 дугаартай ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй нийт 11 ширхэг падааныг ашиглаж “Б” ХХК-иас 299,649,363.00 төгрөгийн, “А” ХХК-иас 2012 онд 1,835,790,910.00, 2013 онд 2,266,221,500.00 төгрөгийн бараа худалдан авсан мэтээр тайланд тусгаж, эдгээр дүнгээр худалдан авалтын хасалт хийж, татвар ногдох орлогыг бууруулсан болох нь эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэсэн 2015 оны 1161 болон 2016 оны 464 дугаартай Прокурорын тогтоолууд болон мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдсон гэж үзнэ. Учир нь:
Хан-Уул дүүргийн Туб Л.Н, Г.Л нараас “З” ХХК-ийн 2012 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж илрүүлсэн 7,356,316,600.0 төгрөгийн зөрчлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн 230017 тоот дүгнэлтэд дээрх 11 ширхэг падаанд бичигдсэн худалдан авалт хамаарахгүй байх боловч энэ нь цагдаагийн байгууллагаас гэмт хэргийг шалгахгүй байх үндэслэл болохгүй.
Мөн Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161 дүгээр тогтоолоор “...яллагдагч Б.Б нь...“ З” ХХК-д 12291049, 12291050 тоот падаанаар 299,649,4 мянган төгрөгийн...хуурамч борлуулалтыг хийсэн мэтээр НӨАТ-ын падаанд хий бичилт хийж бичиг баримт хуурамчаар байнга үйлдсэн гэм буруутай үйлдэлд Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн...” гэж, мөн газрын прокурорын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 464 дугаар тогтоолоор “З ХХК-ийн захирал Дамба Н нь “А” ХХК-ийн 9 ширхэг НӨАТ-ын падааныг авч нийт 4,102,012,409 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж тайлагнан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон, ...татвар төлөхөөс зайлсхийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэж тус тус дүгнэн сэжигтнээр тооцогдсон Б.Б, Б.Ц, Д.Н ... нарт холбогдох эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хэдийгээр “З” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ... Д.Н, нягтлан Б.Ц нарт холбогдох татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 464 дугаартай тогтоол нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн Эдийн засгийн илт тод байдлыг дэмжих хуулийн дагуу шинээр гаргаж өгсөн тайлангаас цаг хугацааны хувьд хойно байх боловч тухайн үед З ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Н, нягтлан Б.Ц нарыг сэжигтнээр тооцсон ахлах мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолууд, мөн өдрийн сэжигтнээр байцаасан тэмдэглэлүүдийн агуулгаас үзвэл, маргаан бүхий актуудаар тогтоогдсон зөрчил нь мөрдөн байцаалтын шатанд илэрхий болсон, харин хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол нь цаг хугацааны хувьд шинээр мэдүүлсэн тайлангаас хойно гарсан гэж үзэхээр байна.
- мөн нэхэмжлэгч хуулийн этгээд нь худалдан авалт хийгээгүй атлаа хийсэн мэтээр “Б” ХХК-ийн 2ш, “А” ХХК-ийн 9 ширхэг падаанаар бараа материалын худалдан авалт тайлагнасан нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад илэрхий болсон байх тул нэхэмжлэгчийн уг орлогыг сайн дураар ил болгож тайлагнасан гэж үзэхгүй.
- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Б” ХХК-ийн 2ш, “А” ХХК-ийн 9 ширхэг падаанууд нь хий бичилттэй болохын хүлээн зөвшөөрсөн ба эдгээр падаанд бичигдсэн худалдан авалтыг “З” ХХК нь өөрийн 2012 оны 08, 12, 2013 оны 06, 09 саруудын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тус тус тайлагнасан болох нь Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 29, 30 дугаар тогтоолуудын үндэслэх хэсэгт “...татварын албаны цахим мэдээллийн сангийн мэдээллээр нотлогдож байна” гэж бичигдсэнээр тогтоогдож байх тул маргаан бүхий актуудаар тайлагнасан НӨАТ, түүнд хамаарах орлогыг татвар төлөгч Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу шинээр мэдүүлсэн гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, татвар төлөгч нь хөрөнгө, орлогоо нуун дарагдуулж мэдүүлээгүй байснаа ил болгож шинээр мэдүүлсэн тохиолдолд уг хөрөнгө орлогод хамаарах татваруудыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамааруулж татвар болон хариуцлагаас чөлөөлөх боломжтой, харин цаг хугацааны хувьд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар өмнө тайлагнасан орлогыг татвар төлөгч “шинээр ил болгосон” гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “З ХХК-ийн 2012 онд тайлагнасан тайлан нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдах боломжгүй” гэсэн тайлбар үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Дээрхээс нэгтгэн үзвэл, нэхэмжлэгч “З” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/2006/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг зөрчиж “Б” ХХК, “А” ХХК-аас бараа материалыг бодитоор худалдан аваагүй атлаа авсан мэтээр тайлагнаж, татвар ногдох орлогоо бууруулсан байх тул хариуцагч Тубнар нь 230014051, 230014052 тоот актуудаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, Тубтатварыг нөхөн төлүүлж... ногдуулна” гэж заасныг үндэслэн нөхөн татвар ногдуулсан үндэслэлтэй.
Харин нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдөр шүүхэд ирүүлсэн лавлагаагаар “Б” ХХК нь “З” ХХК-д бичиж олгосон падаануудаар борлуулалт тайлагнаагүй, харин - “А” ХХК нь маргаан бүхий
- 230014051 тоот актаар тогтоосон нөхөн татварт хамаарах 926,700,000.00 төгрөгийн борлуулалтад ногдох 92,670,000.0 төгрөгийн татварыг 0011715519 тоот падаанаар 2013 оны 12 дугаар сарын НӨАТ-ын тайлангаар тайлагнасан,
- 230014052 тоот актаар тогтоосон нөхөн татварт хамаарах 284,090,045.00 төгрөгийн борлуулалтад ногдох 28,409,004.5 төгрөгийн татварыг 0013288547 тоот падаанаар, 459,863,909.00 төгрөгийн борлуулалтад ногдох 45,986,390.9 төгрөгийн татварыг 0013288548 тоот падаанаар НӨАТ-ын тайлангууддаа тайлагнасан болох нь тогтоогдов[1].
Энэ тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/2006 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:”, гэж, 16.1.1-д “тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө” гэж тус тус заасны дагуу дээрх 3 ширхэг падаанаар тайлагнасан НӨАТ-ыг борлуулагч болох “Аривижих Одод” ХХК төлөхөөр байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдийг мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1 дэх заалтуудыг үндэслэж худалдан авалтын хасалт хийж тайлагнасныг буруутгах боломжгүй байна.
Иймд маргаан бүхий 230014051 тоот актаар “З” ХХК-иар төлүүлэхээр тогтоосон нөхөн татвараас 92,670,000.0 төгрөгийг, 230014052 тоот актаар тогтоосон төлбөрөөс 74,395,395.4 төгрөгийг, нийт 167,065,395.0 тус тус хасч багасгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.7, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/2006/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасныг тус тус баримтлан ХУДтхтубБ.М, О.Б нарын 230014051 тоот актаар “З” ХХК-аас төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 92,670,000.0, 230014052 тоот актаар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 74,395,395.4, нийт 167,065,395.0/нэг зуун жаран долоон сая жаран таван мянга гурван зуун ерэн таван/ төгрөгийг хасч багасган, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР
[1] 2 дугаар хавтаст хэргийн 158-167 дахь талд