Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2017/02017

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.О -ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: С.Д/-д холбогдох

 

 74.074.500 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Д.Б, гэрч С.Т, Н.Э, С.Б Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр С.Д болон Ч.О нарыг хооронд эрх зүйн харилцаа үүссэн. Өөрөөр хэлбэл 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Ч.О нь С.Дд их хэмжээний мөнгийг өгсөн байдаг. Талуудын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 30.000.000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн байсан боловч тухайн зээлийн харилцаа төгс дууссанаас хойш талуудын хооронд мөнгөний харилцаа үргэлжлээд явж байсан. Ч.О нь С.Дтай найз нөхдийн харилцаатай байсан учраас шаардлагатай үед нь мөнгөөр тусалж байсан. Мөн “Хайрхан капитал” ББСБ-аас авсан зээлийг төлж байсан. 

Хаан банкны ......................тоот данснаас 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1.500.000 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 3.000.000 төгрөг, 08 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг, 09 дүгээр сарын 25-ны өдөр 85.000 төгрөг, 10 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг, 12 дугаар сарын 09-ний өдөр 1.200.000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 63.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2.500.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 3.000.000 сая төгрөг, 07 дугаар сарын 21-ний өдөр 100.000 төгрөг, нийт 16.448.000 төгрөг шилжүүлсэн.  

Хаан банкны ................... данснаас 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, 09 дүгээр сарын 09-ний өдөр 1.500.000 төгрөг, 11 дүгээр сарын 16-ны өдөр 116.000 төгрөг, 12 дугаар сарын 13 өдөр 800.000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 15.000.000 төгрөг, 05 дугаар сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөг, 05 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг, 05 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөг, нийт 31.916.000 төгрөг шилжүүлсэн. 

2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Х........... капитал” ББСБ-ын зээлийн хүүнд 3.617.000 төгрөг, мөн 04 дүгээр сарын 18-ны өдөр 2.429.000 төгрөг тушаасан. 

 Мядагмаа гэж хүний Голомт банкны дансанд 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 2.170.000 төгрөг өгсөн. 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр С.Дд бэлнээр 3.260.000 төгрөг хүлээлгэж өгсөн.  2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр С.Дгийн 453152691 тоот данс руу А. 5.297.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр С.Дгийн Хаан банкны данс руу Н.Э.р 29.000.000 төгрөг хийлгэсэн. 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Л.Т.ын Хаан банкны................... тоот данснаас 10.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Ч.О нь нийт 104.737.000 төгрөгийг С.Дд өгсөн. 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүү 1.500.000 төгрөгийг хасаад 65.258.500 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан. Мөн 8.816.000 төгрөгийг бусдад өр төлбөртэй байсан зээлээ төлүүлсэн, энэ мөнгө Ч.Огаас бодитойгоор гарсан. Иймд нийт 74.074.500 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч С.Д нэхэмжлэгч Ч.Огаас 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 30.000.000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн. Нийт 40.000.000 төгрөг зээлсэн байдаг. 40.000.000 төгрөгийн төлөлтийг хийгээд тооцоо нийлсэн акт үйлдсэн. С.Дгийн Хаан банкны 5................ данснаас 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 15.000.000 төгрөг шилжүүлээд үүний 11.000.000 төгрөг үндсэн зээл, 4.000.000 төгрөг хүүнд тооцогдсон байдаг. 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 12.500.000 төгрөг шилжүүлж үндсэн зээлд 10.183.333 төгрөг, хүүнд 2.316.667 төгрөг, 03 дугаар сарын 24-ний өдөр 3.000.000 төгрөг шилжүүлж үндсэн зээлд 2.780.772 төгрөг, хүүнд 219.527 төгрөг төлсөн. 04 дүгээр сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны данс руу Ариунаа гэсэн нэрээр 5.297.000 төгрөг шилжүүлж үндсэн зээлд 5.003.000 төгрөг, хүүнд 293.997 төгрөг төлсөн. 04 дүгээр сарын 18-ны өдөр 3.617.000 төгрөгөөр “Хайрхан капитал” ББСБ-ын зээлийн хүүг төлсөн. Тооцоо нийлсэн актад 300.000.000 төгрөгийн алданги тооцож, харилцан тохиролцож гарын үсэг зурсан. 300.000.000 төгрөг төлсөн асуудал нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. 

2014 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Энхбатаас гэсэн нэрээр Хаан банкны дансруу 29.000.000 төгрөг шилжүүлж, үндсэн зээлд 3.670.631 төгрөг, хүүнд 178.981 төгрөг төлж, 40.000.000 төгрөгийг тооцоо нийлж, акт үйлдээд гарын үсэг зурсан байдаг. 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 300.000.000 төгрөгийн алдангийг төлж эхэлсэн. 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөг, 05 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг, 05 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөг, шилжүүлсэн. 05 дугаар сарын 21-ний өдөр авсан 3.000.000 төгрөгийг 05 дугаар сарын 22-ны өдөр Ч.Долгормаа өөрийн биеэр “Хайрхан капитал” ББСБ-ийн зээлийн хүүнд төлсөн. Зээлийн хүүнд 249.600 төгрөг, зээлийн сунгалтын шимтгэл 6.000 төгрөг төлсөн. 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 2.170.000 төгрөгийг “Хайрхан капитал” ББСБ-ын захирал Мядагмаад төлсөн. С.Дгийн данс руу 1.000.000 төгрөгийн зээлийн төлөлт хийгдсэн. 2.170.000 төгрөгийн төлөлтийг 300.000.000 төгрөгийн зээлийн алдангид тооцохоор анх харилцан тохиролцоод гарын үсэг зурсан. 04 дүгээр сарын 18, 05 дугаар сарын 21, 06 дугаар сарын 23-ны өдрийн мөнгө нийлээд 8.816.000 төгрөгийг нэхэмжилсэн. Ч.О, С.Д нарын хооронд зээлийн харилцаа үүсээд зээлээ төлсөн. 300.000.000 төгрөг хэрэгтэй байна гээд ББСБ-аас зээл аваад Дарханд 6 давхар барилга барьсан. Өмнө гэрч энэ талаар хэлсэн байдаг. 40.000.000 төгрөг зээлсэн хүүгээ төлсөн, 300.000.000 төгрөгийн алдангийг өгсөн. Энэ нь нотлох баримтаар нотлогдож байгаа. Ямар нэгэн байдлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийг хариуцагчийн зүгээс зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. С.Д, С.Б., Ч.О нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна. Мөнгө шилжүүлсэн баримтаар эрх зүйн харилцаа үүссэн байхад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж байгаа нь үндэслэлгүй байна. Тооцоо нийлсэн актын гарын үсэг, баримтуудаар 400.000.000 төгрөг тооцоо дуусгавар болж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тооцоо нийлэхэд 2 тал заавал байх ёстой гэж байна. Тооцоо нийлэхэд 2 тал хоёулаа байх шаардлагагүй. 2013 онд харилцаа үүссэн байхад үүнээс хойш ийм их мөнгө зээлээд нэхэхгүй гэж байна гэж байхгүй. С.Дгаас Ч.Оруу хийсэн гүйлгээ байдаггүй. Гэрч С.Б.авлигатай тэмцэх газар шалгагдаж байсан. Сүүлдээ зээлийн гэрээний мөнгөө төлж чадахгүй болоод 300.000.000 төгрөгөөр барьцааны гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн тодруулж чадахгүй байна. Нэг бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, эсхүл зээлтэй холбоотой харилцаа үүссэн гэж ярьж байна. Энд ганцхан зээлийн харилцаа үүссэн. Энэ зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 300.000.000 төгрөгийг авах эрх үүсээгүй гэж байна. Ч.О нь С.Баянбаттай хамтран амьдарч байсан, хүүхэдтэй. Найз нөхөд гэдэг үүднээс Ч.О нөхрийнхөө төлөө тооцоог хийж байсан нь хэрэгт авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлгийн явцад бүрэн тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв”

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч С.Дд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 74.074.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч С.Д нь 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ болон 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13/001 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний дагуу Ч.О хариуцагч С.Дд шилжүүлж, талууд тооцоо нийлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1. Талуудын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 30.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног дутамд 0,2 хувийн алданги тооцохоор харилцан тохиолдцсон байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...зээлийн гэрээний дагуу 30.000.000 төгрөг, бэлнээр 10.000.000 төгрөг нийт 40.000.000 төгрөг зээлсэн ба уг зээлийг талууд тооцоо нийлсэн баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргасан” гэж тайлбарлаж байгаа бол, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Бид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаагүй, нийт 104.137.000 төгрөгийг С.Дгийн дансанд шилжүүлсэн, 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 30.000.000 төгрөг, хүү 1.500.000 төгрөгийг суутгаж, үндэслэлгүйгээр шилжүүлсэн 74.074.500 төгрөгийг шаардаж байгаа” гэж тус тус тайлбарласан.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг бүрэн төлөгдсөн, зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй гэж тайлбарлаж байх боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг зээлтэй холбоотой гэж маргаж байгаа тул зээлийн гэрээний үүргийн талаар дүгнэх нь зүйтэй гэж үзэв.

 

2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээний 1-т зааснаар үндсэн зээл 30.000.000 төгрөг, зээлийн хүү нэг сарын 5 хувиар тооцоход 1.500.000 төгрөг, нийт 31.500.000 төгрөгийг үүргийг хүлээх талаар талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Ч.О зээлийн гэрээний хугацаа дууссан 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойш эхний төлөлтийг 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хийх хүртэл хугацаагаар буюу 150 хоногоор зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн байх тул алданги 9.000.000 төгрөгийг нэхэмжлэгч нь төлөх үүргийг хүлээжээ.

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 40.500.000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч С.Дд төлөх үүрэг хүлээсэн банйа.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид бэлнээр 10.000.000 төгрөг зээлсэн гэж тайлбарлаж, 1161021019 дүгээр Голомт банкны зарлагын мэдүүлэг /хх-ийн 98 дугаар тал/-ээр нотолж байх боловч уг баримт нь нэхэмжлэгч Ч.Од мөнгө шилжүүлсэн баримт бус, харин Ё.Долгормаа банкнаас бэлэн мөнгө хүлээн авсан баримт тул Ч.Од 10.000.000 төгрөг зээлсэн болохыг шууд нотлох баримт болохгүй.

 

Түүнчлэн талуудын хооронд 40.000.000 төгрөгийг зээлийн тооцоо нийлсэн баримт /хх-ийн 92 дугаар тал/ нь зохигчдын хооронд 40.000.000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэнийг нотолно гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн татгалзлын баримт болгож тайлбарлаж байна.

 

Уг тооцоо нийлсэн акт нь хэн, хэзээ хаана бичсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгч Ч.О гарын үсэг зурсан гэх боловч уг тооцоог зөвшөөрч зурсан эсэх нь тодорхой бус, мөн уг баримт нь засвартай зэргээс үзэхэд нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

 

2. Нэхэмжлэгч Ч.Огаас 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 21-ний хооронд С.Дгийн ХААН банкны .....................тоот дансанд нийт 19 удаагийн гүйлгээгээр нийт 48.364.000 төгрөг шилжсэн болох нь ....................... тоот Ч.Огийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ....................тоот С.Баянбат, Ч.О нарын хамтын эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх ба талууд маргаагүй болно.

 

Түүнчлэн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр С.Дд бэлнээр 3.260.000 төгрөг өгсөн болох нь зарлагын тасалбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч С.Дгийн дансанд Ариунзаяагаад дамжуулан 5.297.000 төгрөг, Н.Энхбатаар дамжуулан 29.000.000 төгрөг, Л.Түмэнбаяраар дамжуулан 10.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь гэрч Ариунзаяа, Н.Э.т, Л.Т., С. нарын мэдүүлгээр нотлогдов. Хариуцагч энэхүү үйл баримтад маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч С.Дд нийт 95.921.000 төгрөг шилжүүлжээ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заажээ.

 

Хариуцагч С.Д, “Сувдан алх” ХХК, С.Баянбат нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13/001 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”, “Орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалан бариулах захиалгын гэрээ” тус тус байгуулагдаж, хариуцагч С.Дгаас С.Баянбатын ХААН банкны 5064161117 тоот дансанд 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 200.000.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 100.000.000 төгрөг, нийт 300.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож байх бөгөөд уг гэрээний дагуу Дархан Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 41-4 давхарт байрлах оффисс, үйлчилгээний зориулалттай, 285.3 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч С.Дгийн өмчлөгчөөр бүртгэгджээ. /хх-ийн 102 дугаар тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...С.Баянбаттай байгуулсан барьцаат зээлийн гэрээний хүү /алданги/-д зориулж уг төлбөрийг төлсөн” гэх тайлбараас дүгнэхэд Ч.О, С.Д нарын хооронд эрх зүйн харилцаа /үүрэг/ үүсээгүй байхад мөнгө шилжүүлсэн нь С.Дг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн хариуцагч нь талууд тооцоо нийлж, өр төлбөргүй талаар харилцан тохиролцсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд мөнгө шилжсэн өдөр, мөнгөний дүнтэй уг тооцоо нийлсэн баримт тохирч байгаа боловч талуудын хооронд үүрэг үүсээгүй байхад тооцоо нийлсэн нь үндэслэлгүй, мөн ямар гэрээ, хэлцлийн талаар хэн хэний хооронд тооцоо нийлсэн тодорхойгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.О нь “Сувдан алх” ХХК, С.Баянбат нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13/001 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”, “Орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалан бариулах захиалгын гэрээ”-ний дагуу бусдад төлбөр төлөх, хохирлыг барагдуулах үүрэг хүлээхгүй.

 

Иймд нэхэмжлэгч Ч.О нь С.Дг шилжүүлсэн мөнгийг шаардах эрхтэй гэж үзэв.

 

С.Д нь дээрхи гэрээний дагуу уг гэрээний талуудаас шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

3. Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч С.Дгаас зээлийн хүүнд гэж Хайрхан капитал ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 3.617.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2.429.000 төгрөг, С.Мядагмаад 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 2.170.000 төгрөг, нийт 8.216.000 төгрөгийг шилжүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно.” гэж заажээ.

 

Хариуцагч С.Дгийн бусдад төлөх зээлийн хүүг нэхэмжлэгч төлсөн ба С.Д нь зээлийн хүүгийн үүргээс чөлөөлөгдсөн байх тул Ч.О нь зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Дээр дурдсанаас дүгнэхэд Ч.О С.Дд нийт 104.137.000 төгрөгийг шилжүүлсэн ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хасч /104.137.000-40.500.000= 63.637.000/ үлдэх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөнгө буюу 63.637.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1-т зааснаар хариуцагч С.Дгаас 63.637.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.437.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 529.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид 476.135 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Од буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР