Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2141

 

Ч.О нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02017 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.О нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.Д холбогдох

 

74 074 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд С.Д их хэмжээний мөнгийг өгсөн байдаг. Талуудын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 30 000 000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн боловч тухайн зээлийн харилцаа төгс дууссанаас хойш талуудын хооронд мөнгөний харилцаа үргэлжлээд явж байсан. Ч.О нь С.Д найз нөхдийн харилцаатай байсан учраас шаардлагатай үед нь мөнгөөр тусалж, Хайрхан капитал ББСБ-аас авсан зээлийг төлж байсан. Хаан банкны 5064161117 тоот данснаас 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 1 500 000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 3 000 000 төгрөг, 8 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 25-ны өдөр 85 000 төгрөг, 10 дугаар сарын 07-ны өдөр 2 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг, 12 дугаар сарын 09-ний өдөр 1 200 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 63 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 2 500 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 3 000 000 сая төгрөг, 7 дугаар сарын 21-ний өдөр 100 000 төгрөг, нийт 16 448 000 төгрөг тус тус шилжүүлсэн.

Хаан банкны 5064161139 данснаас 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 500 000 төгрөг, 9 дүгээр сарын 09-ний өдөр 1 500 000 төгрөг, 11 дүгээр сарын 16-ны өдөр 116 000 төгрөг, 12 дугаар сарын 13 өдөр 800 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 15 000 000 төгрөг, 5 дугаар сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөг, 05 дугаар сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөг, 5 дугаар сарын 21-ний өдөр 3 000 000 төгрөг, нийт 31 916 000 төгрөг шилжүүлсэн. 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хайрхан капитал ББСБ-ын зээлийн хүүд 3 617 000 төгрөг, мөн 4 дүгээр сарын 18-ны өдөр 2 429 000 төгрөг тушаасан. Мядагмаа гэх хүний Голомт банкны дансанд 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 2 170 000 төгрөг өгсөн. 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр С.Д бэлнээр 3 260 000 төгрөг хүлээлгэж өгсөн. 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр С.Д 453152691 тоот данс руу Ариунзаяагаар 5 297 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр С.Д Хаан банкны данс руу Н.Энхбатаар 29 000 000 төгрөг хийлгэсэн. 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Л.Түмэнбаярын Хаан банкны 5046363432 тоот данснаас 10 000 000 төгрөг шилжүүлсэн. Ч.О нь нийт 104 737 000 төгрөгийг С.Д өгсөн. 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүү 1 500 000 төгрөгийг хасаад 65 258 500 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан. Мөн 8 816 000 төгрөгийг бусдад өр төлбөртэй байсан зээлээ төлүүлсэн, энэ мөнгө Ч.О бодитойгоор гарсан. Иймд нийт 74 074 500 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч С.Д шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч нь  Ч.О-аас 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 30 000 000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн. Нийт 40 000 000 төгрөг зээлсэн байдаг. 40 000 000 төгрөгийн төлөлтийг хийгээд тооцоо нийлсэн акт үйлдсэн. С.Д-ийн Хаан банкны 5041235950 данснаас 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 15 000 000 төгрөг шилжүүлээд үүний 11 000 000 төгрөг үндсэн зээл, 4 000 000 төгрөг хүүд тооцогдсон байдаг. 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 12 500 000 төгрөг шилжүүлж үндсэн зээлд 10 183 333 төгрөг, хүүд 2 316 667 төгрөг, 3 дугаар сарын 24-ний өдөр 3 000 000 төгрөг шилжүүлж үндсэн зээлд 2 780 772 төгрөг, хүүд 219 527 төгрөг төлсөн. 4 дүгээр сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны данс руу Ариунаа гэсэн нэрээр 5 297 000 төгрөг шилжүүлж үндсэн зээлд 5 003 000 төгрөг, хүүд 293 997 төгрөг төлсөн. 4 дүгээр сарын 18-ны өдөр 3 617 000 төгрөгөөр Хайрхан капитал ББСБ-ын зээлийн хүүг төлсөн. Тооцоо нийлсэн актад 300 000 000 төгрөгийн алданги тооцож, харилцан тохиролцож гарын үсэг зурсан. 300 000 000 төгрөг төлсөн асуудал нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно.

2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Энхбатаас гэсэн нэрээр Хаан банкны дансруу 29 000 000 төгрөг шилжүүлж, үндсэн зээлд 3 670 631 төгрөг, хүүд 178 981 төгрөг төлж, 40 000 000 төгрөгийг тооцоо нийлж, акт үйлдээд гарын үсэг зурсан байдаг. 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 300 000 000 төгрөгийн алдангийг төлж эхэлсэн. 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөг, 5 дугаар сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөг, 5 дугаар сарын 21-ний өдөр 3 000 000 төгрөг, шилжүүлсэн. 5 дугаар сарын 21-ний өдөр авсан 3 000 000 төгрөгийг 5 дугаар сарын 22-ны өдөр Ч.Д өөрийн биеэр Хайрхан капитал ББСБ-ийн зээлийн хүүд төлсөн. Зээлийн хүүд 249 600 төгрөг, зээлийн сунгалтын шимтгэл 6 000 төгрөг төлсөн. 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 2 170 000 төгрөгийг Хайрхан капитал ББСБ-ын захирал Мядагмаад төлсөн. С.Д данс руу 1 000 000 төгрөгийн зээлийн төлөлт хийгдсэн. 2 170 000 төгрөгийн төлөлтийг 300 000 000 төгрөгийн зээлийн алдангид тооцохоор анх харилцан тохиролцоод гарын үсэг зурсан. 4 дүгээр сарын 18, 5 дугаар сарын 21, 6 дугаар сарын 23-ны өдрийн мөнгө нийлээд 8 816 000 төгрөгийг нэхэмжилсэн. Ч.О, С.Д нарын хооронд зээлийн харилцаа үүсээд зээлээ төлсөн. 300 000 000 төгрөг хэрэгтэй байна гээд ББСБ-аас зээл аваад Дарханд 6 давхар барилга барьсан. 40 000 000 төгрөг зээлсэн хүүгээ төлсөн, 300 000 000 төгрөгийн алдангийг өгсөн. Энэ нь нотлох баримтаар нотлогдож байгаа. Ямар нэгэн байдлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1-т зааснаар хариуцагч С.Д-аас 63.637.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.437.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 529.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид 476.135 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.О-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дангаараа өөрийн санаачилгаар өөрчилж шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэнэ гэснийг зөрчсөн. Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүхээс үндэслэх хэсэгтээ зээлийн гэрээтэй холбогдуулан дүгнэж, тогтоох хэсэгтээ үндэслэлгүйгээр хөрөнгөжих буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэнтэй зөрчилдөж байна. Хэдийгээр хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн "нэхэмжлэгч Ч.О зээлийн гэрээний хугацаа дууссан 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойш эхний төлөлтийг 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хийх хүртэл хугацаагаар буюу 150 хоногоор зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн байх тул алданги 9 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь төлөх үүргийг хүлээжээ..." гэж нэхэмжлэлийн шаардлагаас 40 500 000 төгрөг хасч хэрэгсэхгүй болгосон боловч нэхэмжлэлийн шаардлага болох С.Д-аас 74 074 500 төгрөг гаргуулах гэснээс хальж 104 137 000 төгрөг нэхэмжилсэн мэтээр энэ дүнгээс хасч тооцон С.Д-аас 63 637 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Зүй нь шүүх үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэрэгсэхгүй болгож буй хэсгийг хасч тооцох нь үндэслэлтэй байсан. Түүнчлэн зээлийн гэрээний хугацаагаар тооцвол хүү төлөх үүрэг нь 2012 оны 11 сарын 02-ны өдрөөс 12 сарын 02-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаатай байгаа бөгөөд шүүхийн дүгнэснээр 2013 оны 5 сарын 02-ны өдөр 2012 оны 11 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний хүү 1 500 000 төгрөгийг төлсөн гэжээ. Гэтэл шүүх үүнийг Зээлийн гэрээний хүү төлөлт гэж дүгнэсэн мөртлөө үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үнийн дүнд тооцож дүгнэсэн нь алдаатай байна.

Тооцоо нийлсэн акт буюу хавтаст хэргийн 91, 92-р хуудсанд байх нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хэргийн 92 дахь талд байх баримтыг хэн хэзээ хаана бичсэн нь тодорхойгүй нэхэмжлэгч Оюумаа гарын үсэг зурсан гэх боловч уг тооцоог зөвшөөрч зурсан эсэх нь тодорхой бус зэргээс үзэхэд нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй " гэж нотлох баримтын шаардлагыг хангуулан нотаритаар батлуулсан баримтыг нотлох баримтаар тооцоогүй. Шүүхийн дүгнэсэн 104 137 000 төгрөгийн баримтыг дүгнэвэл С.Д-ийн ХААН банкны 5041235950 тоот дансанд 95 921 000 төгрөгийг О болон Баянбат болон О нарын хамтран эзэмшдэг данснаас, бэлнээр шилжүүлжээ гэсэн бөгөөд дээрх шилжүүлсэн дүнгүүд дотор хх-ийн 35-р хуудас 2014 оны 5 сарын 22-ны өдөр С.Д Хайрхан капитал ББСБ-д шилжүүлсэн 2 429 000 төгрөг, мөн хх-ийн 36-р хуудас 2014 оны 5 сарын 22-ны өдөр С.Д Хайрхан калитал ББСБ-д шилжүүлсэн 600 000 төгрөгийн баримт, нийт 3 029 000 төгрөгийн баримтыг шүүхээс үнэлэхдээ О шилжүүлсэн мэтээр үнэлж 8 216 000 төгрөг болгон дүгнэсэн, мөн ХХ-ийн 4-р хуудас 2013 оны 11 сарын 16-ны өдөр О Д 116 000 төгрөг шилжүүлснийг Д гаргуулах төлбөр мэтээр шүүх үнэлсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл тухайн үнийн дүнгээр нотлож байгаа дансны хуулган дахь гүйлгээний утгыг харвал "О-аас будааны" гэсэн байгаа нь худалдах, худалдан авах үйл ажиллагааны төлбөр болох нь харагдаж байна. Мөн хавтаст хэргийн 38 дахь талд байх 3 260 000 төгрөгийн зарлагын ордер тасалбарыг нотлох баримтаар үнэлж Долгормаагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэлэх тухай ИХШХШТХуулийн 40 дүгээр зуйлийн 40.2-т заасныг зөрчсөн. Тухайн баримт нь эргэлзээтэй буюу хариуцагчийн гарын үсэг, тамга тэмдэг, нотариатиар гэрчлүүлсэн гэх нотолгооны наад захын шаардлагыг хангаагүй, нөгөө талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү үнийн дүнгээр бэлэн мөнгө хүлээн аваагүй тухайгаа шүүхэд илэрхийлсээр байтал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ баримтыг ямар үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангасан баримт болох талаар хууль зүйн болон бодит үндэслэлийг дүгнээгүй.  ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасан хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харвал /хавтаст хэргийн 18, 99, 100-р хуудас/ хариуцагчаас нэхэмжлэгч болон гэрээний оролцогч тал болох Баянбат нарын дундын данс болох 5064161117 тоот дансруу гүйлгээнүүд хийж байсан нь нэхэмжлэгч О, түүний хамтран амьдрагч Баянбат нарын дундын данс болох нь нотлох баримтаар тогтоогдохоос гадна Баянбат, О нарын данс нэг байгаа нь тодорхой харагддаг. Мөн Баянбат О нарын Д-аас зээлсэн зээлийн төлбөрийг Оюумаа гэсэн нэрээр шилжүүлж байгааг талууд буюу О, Баянбат, Д нар хэн хэн нь мэдэж байсан, энэ талаар хэн хэн нь гомдлын шаардлага гаргалгүйгээр дуусгаж тооцоо нийлсэн акт үйлдсэнээр тодорхой харагдаж байгааг шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Түүнчлэн хавтаст хэргийн 45-р хуудсанд мөн О өөрийн данснаас хүү шилжүүлэв О гэсэн гүйлгээний утгатайгаар хариуцагчид 3 000 000 төгрөг шилжүүлсэн нь дээрх байдлаар гэрээний оролцогч тал болж хүү, алданги төлж байсан нь харагдаж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож,  нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулаагүй, нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүй хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч С.Д-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх  74 074 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “ зээл аваад буцаагаад бүрэн төлж, тооцоо нийлж дуусгавар болгосон”  гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь “..,С.Д мөнгөний шаардлагатай үед нь их хэмжээний мөнгөөр тусалж байсныгаа буцаан шаардаж байна“ гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд зааж буй их хэмжээний мөнгөөр тусалж байсан гэх нөхцөл байдал нь бэлэглэсэн, зээлдүүлсний аль нь болох буюу талуудын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн, тухайн маргаантай асуудлаар мэтгэлцээн өрнөөгүй байна. Хариуцагч С.Д зүгээс дээрх 74 074 500 төгрөгийг шаардаж буй үндэслэлийг тодруулж өгөхийг шүүхээс хүссэн боловч тодруулах ажиллагаа явагдаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнд хамаарч, буцаан шаардах шаардлагад багтаж буй мөнгөн хөрөнгийн шилжүүлэг 2013 оны 5 дугаар сарын 01-нээс эхэлж, 2014 оны 3 дугаар сарын 17-ний өдрөөр дуусгавар болжээ. Уг мөнгөн хөрөнгийн үнийн дүнг нэгтгэн тооцвол нийт 104 737 000 төгрөг болж байх бөгөөд үүнээс нэхэмжлэгчийн өөрийнх нь тодорхойлсноор 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн 31 500 000 төгрөгийг хасч, С.Д өмнөөс бусдад төлсөн 8 816 000 төгрөгийг нэмж нийт 74 074 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

 

Хэргийн 91, 92 дугаар талд авагдсан тооцоо нийлсэн баримт дээрх гарын үсгийг  өөрийнх нь гарын үсэг биш гэж Ч.О няцаагаагүй байхад анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй. Уг баримт дээр бичигдсэн мөнгөн дүнгүүд нэхэмжлэгчийн хариуцагчид 2013 оны 5 дугаар сарын 01-нээс хойш шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн дүнтэй тохирч байгаа шалтгаан, талууд уг баримтыг ямар шалтгаанаар үйлдсэн, хэрэв талуудын хооронд зээлийн харилцаа байсан бол хариуцагч 30 000 000 төгрөгийн зээлийг хэд болгож буцаан төлсөн, нэгэнт үүргийн гүйцэтгэлд тооцоод суутгаад авчихсан мөнгөн дүн яагаад дахин нэхэмжлэлийн үнийн дүнд багтаж байгаа, нэхэмжлэгч нь 31 500 000 төгрөгийг суутган хасч байгаа талаар тайлбарласан байхад уг баримт дээр “84 613 000 төгрөг”, “40 саяын зээл төлж дуусав” гэх мэтээр зөрүүтэй бичигдсэн шалтгаан зэргийг тогтоогоогүй байна. Нэхэмжлэгч нь дээрх хоёр бичмэл баримтын эх хувийг гаргуулахыг шаардсан нь нотлох баримтыг нягтлах, тооцоо нийлэх талаас ач холбогдолтой байж болзошгүй байхад хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй болжээ. “Тусалж өгч байсан” гэх нэхэмжлэгчийн бүрхэг шаардлагыг тодруулахгүйгээр, хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа болжээ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон байх явдал юм. Гэтэл нэхэмжлэгчийн хариуцагчид өмнө нь мөнгөн хөрөнгийг шилжүүлж байсан үндэслэлийг тодруулж мэтгэлцүүлэх, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ажиллагаа явагдаагүй байна. Мөнгө шилжүүлсэн бүх тохиолдол үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл болохгүй.

 

Талуудын дээрх тооцоо нийлсэн баримтыг эх хувиар гаргуулах нь уг баримтад нэхэмжлэгч Ч.О гарын үсэг зурсан эсэхийг тодруулахад шаардлагатай бөгөөд уг баримтын эх хувийг гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасантай нийцэхгүй  болжээ.  /хх-ийн 122/ Мөн уг баримтын эх хувийг гаргуулснаар талуудын хооронд үүссэн үүргийн эрх зүйн харилцааг тодорхойлоход ач холбогдолтой юм.

 

Зохигчдын хоорондох тооцоо бүрэн нийлээгүй, өөрөөр хэлбэл эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх хэмжээний хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч С.Д-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476 135 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

         ШҮҮГЧИД                                                      Д.ЦОГТСАЙХАН

                                                                                 Ш.ОЮУНХАНД