Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2552

 

   

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Доржнамжин даргалж хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 100-Б байрны 64 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ТЖ 73112076, ЦЗ 75020513, Боржигон овогт Сайнбаярын Мөнхнарангийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8-А байрны 40 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЕЭ 77052379, Буурал овогт Амгалангийн Мөнхбаатар,

 

Хариуцагч:Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Шинэ Өгөө хотхоны 23 дугаар байрны 11 тоотод оршин суух, эмэгтэй, Баяд овогт Билгээгийн Золзаяа,

 

Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

А.Мөнхбаатартай 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 100-Б байрны 64 тоот орон сууцыг С.Мөнхнарангийн эзэмшлээс чөлөөлөх гэж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагатай  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагч А.Мөнхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа, хариуцагч Б.Золзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгонтуяа нар оролцов. 

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

            Нэхэмжлэгч С.Мөнхнарангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Зээл авах гэтэл барьцаа хүрэхгүй байна гэхээр нь найздаа туслахаар нотариат дээр очиж, гэрээнд гарын үсэг зурсан.Тухайн үсдээ барьцааны гэрээнд гарын үсэг зурлаа л гэж ойлгосон.Харин надад холбогдуулан Д.Энхсүрэн нэхэмжлэл гаргаснаар барьцааны гэрээ бус харин Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болохоо мэдсэн бөгөөд уг гэрээг үндэслэн А.Мөнхбаатар нь миний орон сууцыг бусдад худалдсан байх тул нотариатын үйлдлийг дараах үндэслэлээр хүчингүйд тооцуулах хүсэлттэй байна.Зах зээлийн үнэлгээ 80 орчим сая төгрөгний үнэтэй байхад 30 сая төгрөгөөр орон сууцаа А.Мөнхбаатарт зарах боломжгүй юм.Хэрэв орон сууцаа худалдсан бол уг төлбөрийг А.Мөнхбаатар нь надад өгөх ёстой гэтэл миний бие ямар ч мөнгө гардаж аваагүй.Уг гэрээний эрх зүйн үр дагаварыг А.Мөнхбаатарын танил буюу нотариатч Б.Золзаяа нь надад тайлбарлаж өгөөгүй.Хэрэв тайлбарласан бол уг гэрээнд гарын үсэг зурахгүй байсан.Миний бие нь орон сууцаа А.Мөнхбаатарт худалдах хүсэл зориг огт байгаагүй бегөөд тэрээр намайг хууран мэхэлсэн байна.Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1.-т заасан “үйлчлүүлэгчид эрх, үүргийг иь тайлбарлан тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх” үүргээ зөрчсөн байна.Иймд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.А.Мөнхбаатартай 2015.10.22-нд байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Мөнхнаран шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг орон сууцыг А.Мөнхбаатар Д.Энхсүрэнд, Д.Энхсүрэн Б.Баяржаргалд худалдан борлуулсан байна.Улмаар Б.Баяржаргал шүүхэд нэхэмжлэл гаргаж түүнийг Д.Энхсүрэн хүлээн зөвшөөрч шүүгчийн захирамж гаргуулан намайг байрнаас албадан гаргуулахаар шийдвэр гүйцэтгэлд хандсан байна.Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шаардлага гаргаж байна.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Барилга, орон байрнаас нүүлгэн гаргах тухай шийдвэрийг хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол ...”хэмээн заажээ.Орон байрнаас нүүлгэн гаргах шийдвэр нь хариуцагч Д.Энхсүрэнд холбогдон гарсан тул шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх эсэх нь түүнд хамааралтай ойлголт юм.Мөн зүйлийн 68.3-т “Барилга, орон сууцнаас нүүлгэн гаргах тухай хугацаатай мэдэгдлийг биелүүлэгүй бол ...”гэжээ.Шүүхийн шийдвэр нь Д.Энхсүрэнд холбогдон гарсан тул  түүнд мэдэгдэх хуудас өгөх ёстой байтал С.Мөнхнаранд мэдэгдэл өгч байгаа нь хуульд нийцэхгүй байна.Иймд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 100-Б байрны 64 тоот орон сууцыг С.Мөнхнарангийн эзэмшлээс чөлөөлөх гэж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа:С.Мөнхнаран Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авч, тус байгууллагыг хамтран хариуцагчаар оролцуулахаас татгалзсан байгаа гэв.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд 30 000 000 төгрөг гэж бичсэн байдаг, зах зээл дээр 96 000 000 төгрөгийн үнэтэй орон сууцыг 30 000 000 төгрөгөөр зарахгүй байсан.А.Мөнхбаатар мөнгийг Нет Капитал ББСБ-д шилжүүлсэн бол худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй гэж үзэж байна.Нотариатын үйлдлийг хууль бус гэж үзэж байгаа нь тухайн орон худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн үр дагаварыг тайлбарлаж өгөх ёстой байсан боловч Золзаяа нотариатч энэ үүргээ хэрэгжүүлээгүй.С.Мөнхнаран орон сууцыг худалдсан талаар Д.Энхсүрэнг шүүхэд нэхэмжлэл гаргахад мэдсэн.Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл гэж үзэж байна.Бодит байдал дээр Наранбаатар гэдэг хүнд мөнгө хэрэгтэй, А.Мөнхбаатар мөнгө зээлдүүлэх сонирхолтой байсан.А.Мөнхбаатар барьцаа хөрөнгө байна гэхэд өөр этгээдийн хөрөнгийг барьцаалсан тул барьцааны гэрээг халхавчлан хийсэн хэлцэл байна.Иймд гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэв.      

 

Хариуцагч А.Мөнхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа шүүхэд гаргасан тайлбартаа:А.Мөнхбаатартай 2015 оны 10 дугаар сарын 22-нд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатийн үйлдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.С.Мөнхнаран Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 100-Б байрны 64 тоот 2 өрөө орон суцаа 50 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны татвар бага төлөх зорилгоор гэрээний 1-т заасан байраа 30 000 000 төгрөгөөр худалдснаар тохирч бичсэн.Тэрээр анхнаасаа орон сууц худалдах гэрээ хийж байгаагаа ойлгож, өөрийн хүсэл зоригоор байраа зарсан.Ц.Наранбаатар Нэт Капитал ББСБ-д өртэй байсан учир энэ өрийг дарах зорилгоор С.Мөнхнаранд байгууллагаас нь бэлгэнд өгсөн байрыг худалдсан болох нь гэрч М.Нямжавын мэдүүлэгээр нотлогдоно.2015 оны 10 дугаар сарын  23-ны өдөр А.Мөнхбаатар нь төрийн банкаар дамжуулж ББСБ-ын өр барагдуулах албаны ажилтан Нямжавын дансанд шилжүүлсэн болох нь харилцагчийн депозит дансны хуулгаар нотлогдоно.Мөн А.Мөнхбаатар нь үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах 2 хувийн татвар С.Мөнхнаран гэж 600 000 төгрөг тушаасан болох нь А.Мөнхбаатарын тайлбар үнэн зөв болохыг давхар гэрчилж байна.С.Мөнхнаран нь А.Мөнхбаатарын танил нотариатч Б.Золзаяа надад гэрээний эрх зүйн үр дагаварыг тайлбарлаагүй гэжээ.А.Мөнхбаатар Б.Золзаяа гэх нотариатчийг танихгүй, уг нотариатч бид хоёрт гэрээний хууль зүйн үл дагаварыг тайлбарлаж өгснөөр бид гарын үсгээ зурсан.С.Мөнхнаран нь байраа бусдад зарснаа нэг жилийн дараа мэдлээ гэдэг нь бодит байдалд нийцээгүй байна гэжээ.

 

Хариуцагч А.Мөнхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч барьцааны гэрээг найздаа туслах зорилгоор байгуулсан, өөрийнхөө байрыг 30 000 000 төгрөгөөр худалдах боломжгүй, өөрөө мөнгө хүлээж аваагүй гэж ярьдаг.Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан байдаг.Иргэний хуульд зааснаар 2 өрөө орон сууцыг хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан.Мөн талуудын хооронд байгуулсан гэрээг тэгш эрхийн хүрээнд байгуулсан байна.Гэрээнд 30 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон боловч С.Мөнхнаран нь А.Мөнхбаатарт 50 000 000 төгрөгөөр худалдсан нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр А.Мөнхбаатар өөрийнхөө төрийн банкин дах данснаас Нет Капитал ББСБ-ын ажилтан М.Нямжавын дансанд 49 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг.Уг мөнгөөр өөрийнхөө зээлийн хаалтыг хийсэн гэдэг нь баримт болон гэрчийн мэдүүлэгээр тогтоогдож байгаа.Татвараас зайлсхийхийн тулд 30 000 000 төгрөг гэж гэрээнд бичүүлсэн.А.Мөнхбаатар татварын 600 000 төгрөгийг тушаахдаа С.Мөнхнарангийн нэрээр тушаасан байдаг.М.Нямжавын мэдүүлэгт Ц.Наранбаатар С.Мөнхнаран хоёр А.Мөнхбаатарыг холбож өгсөн гэдэг.А.Мөнхбаатар М.Нямжаваас мөнгийг хэний дансанд хийхийг асуусан байдаг.Худалдах, худалдан авах гэрээнд өөрсдөө гарын үсэг зурсан, орон сууц дамжаад хүмүүст зарагдсан байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Золзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөхгүй байна.Нотариатч 2 талын хүсэл зоригийг илэрхийлсэн гэрээнд гэрчийн байдлаар оролцдог.Түүнээс талууд эд хөрөнгөө үнэтэй өгөх үү, эсхүл зүгээр  өгөх үү гэдэг нь нотариатчийн эрх хэмжээний асуудал биш, гэрээ байгуулж байгаа этгээдийн эрхийн асуудал юм.Нотариатч нь мөнгөө өгсөн эсэхэд хяналт тавихгүй, нотариатч А.Мөнхбаатарыг таньдаг гэдгийг нотлоогүй байна.Гэрээ монгол хэл дээр хийгдсэн байдаг.Эд хөрөнгийн бичиг баримт эх хувиараа байгаа нөхцөлд нотариатч гэрчлэх үүрэгтэй.Тухайн өдөр орон сууцыг худалдах хүсэл зоригоо илэрхийлж нотариат дээр ирж байгаа нь өөрөө хүсэж хийсэн гэдэг нь харагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Мөнхнаран хариуцагч А.Мөнхбаатар, Б.Золзаяа болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан А.Мөнхбаатартай 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатийн үйлдлийг хүчингүй болгох тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Мөнхнаран нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авч, тухайн байгууллагыг энэхүү хэрэгт хариуцагчаар оролцуулахаас татгалзсан байна.

 

С.Мөнхнаран өөрийнхөө А.Мөнхбаатартай 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатийн үйлдлийг хүчингүй болгох тухай шаардлагынхаа үндэслэлийг тухайн гэрээг гэрчлэх үед нотариатч надад эрх үүргийг тайлбараагүй, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулаагүй, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж, зөвлөгөө өгөх үүргээ зөрчсөн гэж тайлбарлаж байна.

 

            С.Мөнхнасан нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 100-Б байрны 64 тоотод байршилтай, 2 өрөө орон сууцыг А.Мөнхбаатарт 30 000 000 төгрөгөөр худалдаж,  2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу тухайн хэлцлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

 

Ингэхдээ С.Мөнхнасан, А.Мөнхбаатар нар тухайн үед өөрсдөө нотариат дээр очиж тухайн хэлцлийг нотариатаар гэрчлүүлсэн байхад тэднийг уг хэлцлийнхээ учир холбогдол болон үр дагаварыг мэдээгүй байсан гэж үзэх боломжгүй байна.

 

Тухайн үед нотариатч нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэлгүй байсан учраас тэдний хүсэлтээр тухайн хэлцлийг гэрчилсэн байна.

 

            Нотариатч нь С.Мөнхнасан А.Мөнхбаатар нарын хооронд хийгдсэн гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т заасан үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Мөнхнасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасанаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх ба С.Мөнхнасангийн нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдоогүй байна.

 

            Нотартариат Б.Золзаяа нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан үндэслэлүүдийг нягтлаагүй буюу хэрэгжүүлээгүй байна гэж үзэх боломжгүй байна.

 

Мөн С.Мөнхнасан, А.Мөнхбаатар нар нь Нотариатын тухай хуулийн 28.2.1, 28.2.2-т зааснаар нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгөх, нотариатчийн шаардсан асуудлаар амаар буюу бичгээр тайлбар өгөх үүрэгтэй байна.

 

Нөгөө талаар нотариатч Б.Золзаяагийн хийсэн үйлдэл нь Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 171 тоот тушаалаар баталсан нотариатын үйлдэл хийх зааварын 5.9-т заасан үндэслэлд нийцэж байна.

 

Иймд нотариатч Б.Золзаяа нь С.Мөнхнасан А.Мөнхбаатар нарын хооронд хийгдсэн гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврыг зөрчөөгүй байх тул С.Мөнхнасангийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

С.Мөнхнасан нь хариуцагч А.Мөнхбаатараас ямар үндэслэлээр,  юу шаардаж байгаа нь тодорхой бус байгааг дурдах нь зүйтэй байна.

 

С.Мөнхнасан улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлөхөөс 308 000 төгрөг төлж 237 800 төгрөг илүү төлсөн байгааг буцаан олгох зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн нотариатч Б.Золзаяагийн С.Мөнхнасан, А.Мөнхбаатар нарын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай С.Мөнхнасангийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.С.Мөнхнасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авч, тухайн байгууллагыг энэхүү хэрэгт хариуцагчаар оролцуулахаас татгалзсан болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 000 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 237 800  /хоёр зуун гучин долоон мянга найман зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан С.Мөнхнасанд олгосугай.

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.ДОРЖНАМЖИН