Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2017/02361

 

 

 

 

 

 

2017 11 15

2361

 

 

 

С.Мөнхнарангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/02552 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Мөнхнарангийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Мөнхбаатар, Б.Золзаяа, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 100-Б байрны 64 тоот орон сууцыг С.Мөнхнарангийн эзэмшлээс чөлөөлөх гэж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Мөнхнарангийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Зээл авах гэтэл барьцаа хүрэхгүй байна гэхээр нь найздаа туслахаар нотариат дээр очиж, гэрээнд гарын үсэг зурсан.Тухайн үед барьцааны гэрээнд гарын үсэг зурлаа гэж ойлгосон. Харин надад холбогдуулан Д.Энхсүрэн нэхэмжлэл гаргаснаар барьцааны гэрээ бус үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болохоо мэдсэн бөгөөд уг гэрээг үндэслэн А.Мөнхбаатар нь миний орон сууцыг бусдад худалдсан байх тул нотариатын үйлдлийг дараах үндэслэлээр хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна. Зах зээлийн үнэлгээ 80 орчим сая төгрөгний үнэтэй байхад 30 сая төгрөгөөр орон сууцаа А.Мөнхбаатарт зарах боломжгүй юм. Хэрэв орон сууцаа худалдсан бол уг төлбөрийг А.Мөнхбаатар нь надад өгөх ёстой гэтэл миний бие ямар ч мөнгө гардаж аваагүй. Уг гэрээний эрх зүйн үр дагаврыг А.Мөнхбаатарын танил буюу нотариатч Б.Золзаяа нь надад тайлбарлаж өгөөгүй. Хэрэв тайлбарласан бол уг гэрээнд гарын үсэг зурахгүй байсан. Миний бие нь орон сууцаа А.Мөнхбаатарт худалдах хүсэл зориг огт байгаагүй бөгөөд тэрээр намайг хууран мэхэлсэн байна. Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасан үүргээ зөрчсөн байна. Иймд А.Мөнхбаатартай байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү, хариуцагч Нийслэлий шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж гаргасан нэхэмжлэлээ татан авч байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг орон сууцыг А.Мөнхбаатар Д.Энхсүрэнд, Д.Энхсүрэн Б.Баяржаргалд худалдан борлуулсан байна. Улмаар Б.Баяржаргал шүүхэд нэхэмжлэл гаргаж түүнийг Д.Энхсүрэн хүлээн зөвшөөрч шүүгчийн захирамж гаргуулан намайг байрнаас албадан гаргуулахаар шийдвэр гүйцэтгэлд хандсан. Иймд Нийслэл шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шаардлага гаргаж байна. Орон байрнаас нүүлгэн гаргах шийдвэр нь хариуцагч Д.Энхсүрэнд холбогдон гарсан тул шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх эсэх нь түүнд хамааралтай ойлголт юм. Иймд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 100-Б байрны 64 тоот орон сууцыг С.Мөнхнарангийн эзэмшлээс чөлөөлөх гэж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Мөнхбаатарын шүүхэд гаргасан тайлбарт: С.Мөнхнаран Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 100-Б байрны 64 тоот 2 өрөө орон суцаа 50 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны татвар бага төлөх зорилгоор гэрээний 1-д заасан байраа 30 000 000 төгрөгөөр худалдсанаар тохирч бичсэн.Тэрээр анхнаасаа орон сууц худалдах гэрээ хийж байгаагаа ойлгож, өөрийн хүсэл зоригоор байраа зарсан. Ц.Наранбаатар Нэт Капитал ББСБ-д өртэй байсан учир энэ өрийг дарах зорилгоор С.Мөнхнаранд байгууллагаас нь бэлгэнд өгсөн байрыг худалдсан болох нь гэрч М.Нямжавын мэдүүлгээр нотлогдоно. 2015 оны 10 дугаар сарын  23-ны өдөр А.Мөнхбаатар нь төрийн банкаар дамжуулж ББСБ-ын өр барагдуулах албаны ажилтан Нямжавын дансанд шилжүүлсэн болох нь харилцагчийн депозит дансны хуулгаар нотлогдоно. Мөн А.Мөнхбаатар нь үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах 2 хувийн татвар С.Мөнхнаран  гэж 600 000 төгрөг тушаасан болох нь А.Мөнхбаатарын тайлбар үнэн зөв болохыг давхар гэрчилж байна. Би Б.Золзаяа гэх нотариатчийг танихгүй, уг нотариатч бид хоёрт гэрээний хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгснөөр бид гарын үсгээ зурсан. С.Мөнхнаран нь байраа бусдад зарснаа нэг жилийн дараа мэдлээ гэдэг нь бодит байдалд нийцээгүй байна гэжээ.

Хариуцагч Б.Золзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөхгүй байна. Нотариатч 2 талын хүсэл зоригийг илэрхийлсэн гэрээнд гэрчийн байдлаар оролцдог. Түүнээс талууд эд хөрөнгөө үнэтэй өгөх үү, эсхүл зүгээр өгөх үү гэдэг нь нотариатчийн эрх хэмжээний асуудал биш, гэрээ байгуулж байгаа этгээдийн эрхийн асуудал юм. Нотариатч нь мөнгөө өгсөн эсэхэд хяналт тавихгүй, нотариатч А.Мөнхбаатарыг таньдаг гэдгийг нотлоогүй байна. Гэрээ монгол хэл дээр хийгдсэн бөгөөд эд хөрөнгийн бичиг баримт эх хувиараа байгаа нөхцөлд нотариатч гэрчлэх үүрэгтэй. Тухайн өдөр орон сууцыг худалдах хүсэл зоригоо илэрхийлж нотариат дээр ирж байгаа нь өөрөө хүсэж хийсэн гэдэг нь харагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн нотариатч Б.Золзаяагийн С.Мөнхнасан, А.Мөнхбаатар нарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай С.Мөнхнасангийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 

С.Мөнхнасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авч, тухайн байгууллагыг энэхүү хэрэгт хариуцагчаар оролцуулахаас татгалзсан болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 000 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 237 800 /хоёр зуун гучин долоон мянга найман зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан С.Мөнхнасанд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ татан авч байхад энэ талаар шүүгчийн захирамж гарах ёстой байтал ийнхүү захирамж огт гараагүй. Хариуцагчийн эрх зүйн байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй хэрэг үүсгэхдээ алдаа гаргасан. Улсын тэмдэгтийн хураамжийг эгүүлэн авах талаар шүүгчийн захирамж гараагүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг татахдаа төлсөн 70 200 төгрөгийг мөн авч чадахгүй байна. С.Мөнхнасангийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо гэж шийдвэр гаргасан, түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсэгт С.Мөнхнасан хэмээн дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөн зөвтгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн байх тул залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч С.Мөнхнаран нь хариуцагч А.Мөнхбаатар, Б.Золзаяа нарт холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 100-Б байрны 64 тоот орон сууцыг С.Мөнхнарангийн эзэмшлээс чөлөөлөх гэж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авч, тус байгууллагыг хамтран хариуцагчаар оролцуулахаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нотариатч Б.Золзаяа нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр С.Мөнхнаран, А.Мөнхбаатарын нарын хооронд байгуулагдсан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 100Б байрны 64 тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь нотариатын үйлдлийг хууль зөрчсөн гэж тайлбарлан үндэслэлээ гэрээг гэрчлүүлэх үйлдлийн утга, агуулга, хууль зүйн ач холбогдол, үр дагавар, эрх, үүрэг, хариуцлага зэргийг тайлбарлаж өгөөгүй хууль зөрчсөн гэх агуулгаар тодорхойлжээ.

 

Хэргийн баримтаар нотариатч Б.Золзаяа дээрх гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасан үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөөгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхын зэрэгцээ, нэхэмжлэгч нь өөрийн тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох үндэслэлийг заажээ. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ татан авч байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох эрх шүүхэд байхгүй учир энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг С.Мөнхнасан гэж буруу бичсэнийг залруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/02552 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад С.Мөнхнасан гэснийг С.Мөнхнаран гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Мөнхнаран нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтад С.Мөнхнасан гэснийг С.Мөнхнаран гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлгогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.МӨНХЗУЛ