Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2017/02491

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ш ХХК- ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А ХХК-д  холбогдох

 

484.446.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.

Тодорхойлох нь:

  

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол улсад хэрэглэгдэхээр зөвшөөрөгдсөн ургамал хамгааллын бодис худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг “Ш ” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 10/а/ тоот, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 10/б/ тоот, 2016 оны 5 дугаар сарын 10/б/ тоот гэрээнүүдийг “А ” ХХК-тай байгуулж нийт 852.724.000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодисыг худалдан борлуулсан. Худалдах худалдан авах гэрээнд зааснаар ургамал хамгааллын бодисын үнийн 30 хувийг гэрээ байгуулах үед төлж, үлдэх 70 хувийн төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн  дотор төлөхөөр тохиролцсоны дагуу “А " ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 50.000.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 21.480.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 185.316.000 төгрөгийг тус тус төлсний дагуу "Ш " ХХК нь ургамал хамгааллын бодисыг "А " ХХК-д гэрээнд заасан тоо, хэмжээгээр хүлээлгэн өгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

Талуудын хооронд тохиролцсон ёсоор 2016 оны 11 дүгээр сарын 01 -ний өдөр болж үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардахад, санхүүгийн боломжгүй байна, удахгүй төлбөрөө барагдуулна гэх тайлбарыг өгч 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 272.964.000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 322.964.000 төгрөгийн төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байна. Иймд худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 322.964.000 төгрөг, гэрээний 4.1 Б-д заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги 161.482.000 төгрөг, нийт 484.446.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2016 оны 05 сарын 24-ний өдөр, 05 сарын 31-ний өдөр байгуулагдсан гэрээн дээр “А ” ХХК-ийг төлөөлөөд н.Бат-Эрдэнэ гэдэг хүн гарын үсэг зурсан байгаа. Шүүхэд өгсөн баримт дунд харагдаж байгаа. “А ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ байгаа. Энэ гэрчилгээн дээр н.Бат-Эрдэнэ нь төлөөлөх эрхгүй. Тухайн үед н.Дамбасанжаа гэдэг гүйцэтгэх захирал байсан. Тэгэхээр төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан учраас энэ гэрээ хүчин төгөлдөр бус. Өмнөх н.Дамбасанжаа захирлын гарын үсэг зурсан гэрээний үүргээ биелүүлээд, төлбөр мөнгөө төлөөд дуусгачихсан. Энэ хэлцэлд үлдэгдэл төлбөр, алданги яригдахгүй. Тэгэхээр нэхэмжлэгч тал гэрээ контрактаа сайн шалгаасай гэж хүсэж байна. Тийм учраас манайх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.,” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ш  ХХК нь хариуцагч А  ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 484.446.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10(a) дугаар гэрээний үүргийг биелүүлсэн, харин 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 10(б) дугаар гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 10(б) дугаар гэрээг А  ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зураагүй, барааг хүлээн аваагүй, тооцоо нийлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10(a) дугаар гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 163.404.000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодисыг худалдан авахаар тохиролцож байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ.

 

            Нэхэмжлэгч нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10(a) дугаар гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 10(б) дугаар гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 10(a) дугаар гэрээний үүрэгт нийт 852.724.000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодис нийлүүлсэн ба хариуцагч тал гэрээний үүрэгт нийт 529.760.000 төгрөгийг шилжүүлсэн, одоо үлдэх 322.964.000 төгрөг, гэрээний 4-б зааснаар алданги 161.482.000 төгрөг, нийт 484.446.000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

 

            Хариуцагч  нь Х.Б гэж хүн манай компанид ажилладаггүй, түүнд хэлцэл хийх ямарч эрх олгоогүй тул уг гэрээний үүргийг хариуцахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тайлбарласан.

 

            2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 10(б) дугаар гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 10(б) дугаар гэрээг А  ХХК-ийг төлөөлж Х.Б гарын үсэг зурж, тэмдэг даржээ.

            Гэрээ байгуулах цаг хугацаанд А  ХХК-ийг Мангалсүрэнгийн Дамбасанжаа гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгэлтэй байсан болох нь А  ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

           

Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т зааснаар эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрөөгүй тул Х.Бат-Эрдэнийн энэхүү үйлдлийг хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэхгүй.

 

            Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д зааснаар бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзэх хуулийн зохицуулалттай ба уг гарын үсгийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд эсхүл гүйцэтгэх захирал зурах боломжтой.

 

            Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэж заажээ.

 

Гэтэл, талуудын хооронд байгуулсан уг гэрээнд эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, түүнчлэн тадуулын бараа хүлээлцсэн гэх “Зарлагын баримт”-д хариуцагч талаас тэмдэг дарж баталгаажуулаагүй, ямар албан тушаалтай, хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, мөн хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Ш  ХХК-иас ургамал хамгааллын бодис хүлээлгэн өгсөн санхүүгийн баримт байхгүй”  гэх тайлбараас үзэхэд барааг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилсан.

 

Талуудын хооронд байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 10(б) дугаар гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10(б) дугаар гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй, төлөөлөх эрхгүй этгээдтэй хийсэн хэлцэл байх тул уг гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар буруутай этгээд буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүй, итгэмжлэлгүйгээр хэлцэл хийсэн этгээд болох Х.Бат-Эрдэнээс учирсан хохирлоо шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10(a) дугаар гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “хариуцагч тал 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 50.000.000 төгрөг төлсөн, ... нийт гэрээний үүрэгт 529.760.000 төгрөгийг төлсөн” гэж тайлбарлаж байгаа ба хариуцагчаас хэдэн төгрөг шилжүүлсэн талаар баримтыг шүүхэд гараагүй боловч талууд 529.760.000 төгрөг шилжүүлсэн үйл баримтад маргаагүй тул уг гэрээний үүрэг буюу 163.404.000 төгрөгийг хариуцагч бүрэн төлсөн гэж үзэв.

 

Хариуцагч нь илүү төлсөн 366.356.000 төгрөгийг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд хариуцагч А  ХХК-иас 484.446.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч А  ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 484.446.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.580.180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                     С.ЭНХБАЯР