Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2017/02513

 

 

 

 

 

 

                                  

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.Ц-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ҮНС- д холбогдох,

 

Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлстийн даргын адбан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Ц миний бие 1990 онд Соёл Гэгээрлийн дунд сургуулийг номын санч мэргэжлээр, 2008 онд Соёлын Дээд сургуулийг номын сан-мэдээллийн ажилтан мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. 2015 онд “Монгол Улсын ҮНС аялал жуулчлалын төв болох нь” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Номын сангийн байгууллагад нийт 27 жил ажиллаж байна. Уншигч хэрэглэгчдийнхээ оюуны хэрэгцээг хангах буянтай сайхан ажил мэргэжлээрээ бахархан амжилттай ажиллах итгэл найдвараар дүүрэн, эрч хүчтэй идэвх санаачилгатай ажиллаж байлаа.

Миний бие нь номын сангийн 80 жилийн ойн баярын арга хэмжээнээс эхлэн эдүгээ 95 жилийн ой хүртэлх 15 жилийн хугацаанд соёл, спорт, олон нийтийн арга хэмжээнд тэргүүн байр эзлүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, баг хамт олноо удирдан зохион байгуулж, амжилт үзүүлэн номын сангийн нэр хүндийг өндөрт өргөж яваа ажилтны нэг билээ. Ажиллах хугацаандаа 2006 онд БСШУЯ-ны Жуух бичиг, 2008 онд Соёлын тэргүүний ажилтан, 2016 онд ҮЭ-ийн Хүндэт тэмдэгээр шагнуулж байсан юм. 2014 оноос Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн даргын ажил албан тушаалыг эрхэлж, энэхүү ажиллах хугацаандаа хэлтсийн ажил үүрэг, бодлого чиглэлийг тодорхойлж боловсруулан хамт олны эв нэгдлийг хангах, удирдан зохион байгуулах, номын санд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх ажилд, тухайлбал, ҮНСг төдийгүй Монголын номын сангийн салбарыг хөгжлийн шинэ шатанд хүргэх, Олон Улсын Коха программд 170.000 гаруй номын мэдээллийг зөвхөн өөрийн хэлтсийн 10 номын санчийн хамт манлайлан ажиллаж дуусгасан.

МУИС-ийн номын сан 6 жилийн хугацаанд, Улаанбаатар хотын төв номын сан үйлчилгээгээ хааж, зогсоогоод 2 жилийн хугацаа зарцуулж, уг программд номын мэдээллээ оруулж байсан энэ их нүсэр ажлыг манай хэлтэс 6 cap гаруйн хугацаанд хийж дуусгасан нь миний болон манай хэлтсийн хамт олны сэтгэл, зүтгэл чармайлт юм.

Гэтэл энэ бүх сэтгэл хичээл зүтгэлийг Б.Ичинхорлоо захирал үл ойшоож үнэлж дүгнээгүй. Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан төлөвлөгөөт ажлынхаа зэрэгцээгээр амралтын өдрөөр, илүү цагаар ажлаа хийж гүйцэтгэж байсан миний хувьд хүндээр өвдсөн төрсөн ахыгаа эмнэлэгт асарч, сувилах шаардлагатай болсон учир энэ нөхцөл байдлаа тайлбарлан 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд өвчтөн асрах чөлөөтэй байсан. Гэтэл намайг ийнхүү эмнэлгийн магадалгаагаар өвчтөн асрах чөлөөтэй байхад минь үндэслэлгүйгээр Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн даргын (үндсэн цалин 711.230 төгрөг байсан) албан тушаалаас чөлөөлж, албан тушаал, цалин хөлсийг минь бууруулан Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох ном ангилагч, ахлах номын санчийн албан тушаалд (үндсэн цалин 608.457) томилсон байсан.

Энэ албан тушаал нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа ангилагч О.Түвшинжаргалын түр ажлын байр бөгөөд ийм тушаал гарсныг, мөн тушаал гарсан үндэслэлийг Хүний нөөцийн асуудал хариуцсан дарга надад 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр утсаар мэдэгдэж, танилцуулсан. Би Чойр хотод ахыгаа асарч байсан хэдий ч 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өөрийн биеэр Б.Ичинхорлоо захиралтай уулзахаар, тушаалтайгаа танилцахаар ирэхэд надад тушаалаа маргааш ирж аваарай гэж хэлж, миний өөрт нь хандаж бичсэн хүсэлтийг хүлээж авсан ч хариу шийдвэр өгөхөөс татгалзсан. Би буцаад Чойр явах шаардлагатай байсан тул маргааш нь хүүгээрээ тушаалаа авахуулж, уншиж үзэхэд 2017 оны 07 дугаар сарын 31-ний Б/60 тушаал болон миний огт мэдээгүй, танилцаагүй 2017 оны 06 дугаар сарын 13-ны Б/48 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах” тушаалыг хуулбар үнэн гэж дарж өгсөн байсан. Б/60 тоот тушаалд “сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, давтан зөрчил гаргасан” гэж тодотгосон байх төдийгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх “ажилтан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” гэх заалтыг үндэслэжээ.

Миний бие хэзээ, ямар сахилгын зөрчил гарган сахилгын ямар шийтгэлийг, хэдий хугацаанд авснаа дээрх 2 тушаалыг авах хүртлээ огт мэдээгүй байсан.

Иймд С.Цогтэрэл миний бие Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ичинхорлоогийн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох олон зүйл заалтыг зөрчин намайг ажлаас хууль бусаар халсан тушаалд гомдолтой байгаа тул ҮНС сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ичинхорлоод холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 129.2-т тус тус заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/60 тоот “С.Цийг ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал нь намайг үндэслэлгүйгээр Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн ном ангилагч, ахлах номын санчаар томилсон шийдвэр юм.

Иймд намайг Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн даргын албан тушаалд минь эргүүлэн тогтоож, Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн ном ангилагч, ахлах номын санчаар ажиллах хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговрыг Монголын ҮНСгаас гаргуулан эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргааны үндэслэл болох тушаал байна. Энэ тушаал дээр сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй гэсэн байна.

Эхний зөрчил хэзээ вэ гэхэд 6 дугаар сарын 13-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан энэ тушаалаар гэж байна. Гэтэл энэ 6 сарын 13-ны өдрийн тушаал авагдсан байдал нь Дотоод журмын 8.2-т заасан энэ заалтыг зөрчсөн байгаа юм. Яригдаад байгаа 2 ажилтны маргасан асуудал, удирдлага мэдсэн юм байж гэхэд хамт ажиллагсдаад гомдол ирсэн гэж ойлголоо. Тэгэхээр уншигчдаас биш, уншлагын танхимд биш юм байна. Гадаа машины зогсоол дээр маргалдсан байна. Гэтэл энэ асуудлаар тухайн үед маргалдсан хүн биш, гадуур өөрийн ажлаа гүйцэтгээд явж байсан С.Ц даргад яагаад сахилгын шийтгэл ногдуулдаг юм бэ, 8.2-т заасан байгаа. Сахилгын шийтгэл ногдуулахдаа энэ тухай өөрт нь болон хамт олонд нь мэдээллэнэ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулинд тухайн хүн сахилгын шийтгэл авч байгаа гэдгээ мэдэж байх ёстой. Сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь тушаал шийдвэрээр гарсан байх ёстой. Тэгж тэрийг мэдэж байж, хэрэв өөрөө сахилгын шийтгэл гаргаагүй юм гэж үзэж байвал гомдол гаргах эрхтэй байдаг. Гэтэл манай үйлчлүүлэгч ажлаас чөлөөлөгдсөн тушаал авахдаа энэ тушаалтай танилцсан байдаг. Манай үйлчлүүлэгч 8 сарын 22-ны өдөр хуулбар үнэн дарж тушаалыг өгсөн байсан. 6 сарын 13-ны өдөр тушаал гарахад энэ хүн тушаалтайгаа танилцсан байх ёстой. Гэтэл 8 сарын 22-ны өдөр ямар тушаал гарсан юм бэ гээд нэхэж байгаад авсан байдаг. Сахилгын зөрчил тухайн үйлдэлдээ тохирсон байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн тайлбарласан Дээд шүүхийн 33-р тогтоолын 15.4-ийг хэлэх гээд байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 заасан ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно гэсэн байдаг. 15.4.1-т давтан гаргасан зөрчүүдийн хугацаа 1 жилээс хойш гэж байгаа.

Сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг нөхөж гаргаад, дараа нь бид нарын маргаад байгаа ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэх тухай тушаалыг гаргаж байгаа юм. Дараагийн зөрчил чинь хэзээ гарсан юм бэ гээд, дараагийн зөрчил чинь тодорхой байх ёстой. Тэгж байж гарснаас нь хойш, илрүүлснээс нь хойш гээд хөөн хэлэлцэх хугацаа тоологддог юм. Хугацааг хариуцагч хэлж чадаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг зөрчлөө яаж баталгаажуулсан юм.

Хоёр дахь зөрчилтэй холбоотой тушаал гараагүй байна. Гэтэл удирдлагаас өгсөн үүрэг даалгавар нь юу байсан юм бэ, ямар үүрэг даалгавар өгсөн юм бэ гэсэн асуудал яригдаж байгаа юм. Гэрчийн мэдүүлэг болон талуудын гаргасан тайлбараас Коха гэдэг программын талаар бид нарт маш сайн ойлгогдохоор хэлж өгсөн. С.Ц даргын ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй, уг нь удирдан зохион байгуулах үүрэгтэй албан тушаал дээр байдаг хүний хувьд өөрөө ажлынхаа хажуугаар давхар норм аваад ажилласан байна. Хугацааны хувьд энэ хугацаа үнэхээр боломжгүй байна. Энэ олон хүмүүс энэ олон цаг ажиллаад барахгүй байна, энэ хугацаа боломжгүй талаар удирдлагадаа хэлсэн байдаг. Тэр бүгд нотлох баримтаар нотлогдож байгаа. Яагаад нэг хэлтэстээ ийм их дарамтыг өгч байсан юм. Программд яаж оруулах талаар хэлсэн. Энэ бүх ажлыг эдний хэлтсийн 11 хүн хийсэн байна. Өөр хэлтсээс хүмүүс ажиллуулсан гэсэн. Тэр хүмүүс маань ажиллаагүй байна. Ажиллая гэсэн ч чадвар дутаад байсан байна. Мэдээллийг нь оруулаад, давхар хянах хүртэл ажлыг нь өгсөн байна. Тэгж өгчихөөд өнөөдөр тэрийгээ яамнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, яамнаас өгсөн бичгүүд гэдгээр үндэслэж ярьж байна. Энэ бичгүүд Мэргэжил арга зүйн хэлтэст үүрэг болгосон байсан. Яг хугацаандаа амжихгүй байгаа талаар үндэслэлээ бичээд яаманд мэдээлж байсан уу гэхэд үгүй гэж байна.

Ийм үндэслэлгүй шалтгаанаар албан тушаал бууруулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн зүйл заалт байгаа. Ноцтой зөрчил гээд үзье. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 өөрөө ноцтой зөрчилд ордог. Гэтэл ноцтой зөрчил гэдэгт ямар зөрчлийг хэлэх юм бэ, үнэхээр энэ хүн ажлаасаа буурах, чөлөөлөгдөх хэмжээний зөрчил гаргаад байгаа юм уу, ямар үр дагавартай юм бэ. Үүнийг Улсын Дээд шүүх тайлбарласан байдаг. Үүнд ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл эс үйлдэл байна гэсэн байна.

Гэтэл С.Ц дарга өнөөдрийг хүртэл ажлаа хийгээд, норм хүртэл аваад ажлаа хийж байсан байна. Хамт олноо удирдаад энэ ажлын ард гарсны дараа чөлөөтэй гэдгээ эмнэлэгийн магадлагаагаар нотолсон байна. Хүн асрах чөлөөтэй байсан энэ хугацаанд энэ тушаал гарсан байна. Энэ бүгдээс харахад манай үйлчлүүлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/60 тушаал нь сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн. Эхнийх нь 2017 оны 6 сарын 13-ны өдрийн Б/48 тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Энэ захирлаас тухайн үед хэлтсийн даргад үүрэг даалгавар өгсөн. Монголын цахилгаан холбоо дээрээ ном аваад ир гэсэн. Хэлтсийн даргын хувьд хэлтсийнхээ ажилчдад үүрэг даалгавар өгсөн боловч нөгөө хүмүүс нь тухайн үүрэг даалгаварыг биелүүлэхгүй, ажлын байран дээрээ хэрүүл, маргаан гаргасан. Энэ хэрүүл маргааныг ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хэлтэс доторх ерөнхий үйл ажиллагааг удирдан зохион байгуулах байсан боловч үүнийг зохицуулахгүйгээр захиралд мэдэгдэж, энэ хүмүүс хэрүүл, маргаан гаргаад байна гэсэн шаардлагыг хүргүүлсний улмаас өөрийнхөө удирдлага дор байдаг хүмүүсийг удирдан зохион байгуулаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж сануулах шийтгэл ногдуулсан. Үүнийг мэдээгүй гэж байна. Захиргааны зөвлөлийн хурал дээр өөрт нь танилцуулсан. Өөрөө тушаалтай танилцчихаад над дээр орж ирээд, ямар үндэслэлээр сануулах шийтгэл оногдуулж байгаа юм бэ, хэлтсийн ажилчид хоорондоо муудалцсан нь миний буруу биш ш дээ, тэр 2 хүн хоорондоо хэрэлдсэн гэж асуултыг надад тавьж орж ирсэн хүн энэ тушаалтай огт танилцаагүй гэж маргаж байна.

Хоёр дах зөрчил нь Улсын номын сан дээр Коха гэдэг программ хэрэгжиж эхэлсэн. Энэ нь 2016 оны 06 сарын 17-ны өдрийн А/18 тушаалаар явж эхэлсэн ажил. Ажлын хэсгийн ахлагчаар нь С.Цийг томилсон. Коха программыг номын санд нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг даалгаврыг өгсөн. 2016 оны 6 сарын 17-ны өдрөөс энэ ажил нь хангалттай гүйцэт  явагдахгүй байсан. Үүнтэй холбоотойгоор БСШУ-ны яамнаас удаа дараа албан бичиг ирж байсан. Албан бичгийн мөрөөр Коха программын ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөний дагуу ажлууд хийгдэж байсан. Эхлээд 4 дүгээр сарын 01-ний өдөр гэсэн хугацаа тогтоосон. Энэ хугацаанд биелээгүй. Ингээд 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааг сунгаж, хэлтсүүдээс 2, 2 ажилтан нэмж өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ ажил дуусаагүй. 7 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 31-ний хүртэл энэ ажил дуусаагүй байсан учраас захирлын зүгээс яамны зүгээс өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, удаа дараа удирдлагын зүгээс өгсөн шаардлагыг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд зааснаар бол сахилгын ноцтой зөрчил гаргасан бол ажлаас халах хүртэл арга хэмжээ авах зөрчил боловч эзэмшсэн мэргэжил болон олон жилийн дадлага туршлага зэргийг нь харгалзан үзэж, яг доод албан тушаал болох ахлах номын санч гэсэн албан тушаалд 1 шат бууруулан томилсон” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                         

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч ҮНСд холбогдуулан Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлстийн даргын адбан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч ҮНС нь С.Ц сахилгын зөрчил давтан гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

ҮНСгийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/60 тоот “С.Ц-г ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалын 1 дэх заалтаар “Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлстийн дарга С.Ц нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, давтан зөрчил гаргасан байх тул 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгон хэлтсийн даргын ажлаас чөлөөлж, мөн өдрөөр Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлстийн ном ангилагч, ахлах номын санчаар томилон ажиллуулсугай” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.1, Хөдөлмөрийн гэрээний 4.3.1,  Захиргааны зөвлөлийн хурлын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн нэхэмжлэгч С.Ц-г өөр ажил, албан тушаалд томилжээ.

 

Нэхэмжлэгч нь  өвчтөн асрах чөлөөтэй байхад ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн, сахилгын зөрчил давтан гаргаагүй байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан, харин хариуцагч ҮНСгийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/48 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Коха программыг ашиглалтад оруулаагүй давтан зөрчил гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тайлбарласан.

 

ҮНСгийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/48 тоот тушаалаар хэлтсийн ажилчдаа удирдан зохион байгуулж чадаагүй гэх үндэслэлээр хэлстийн дарга С.Цийг сануулах шийтгэл ногдуулсан ба нэхэмжлэгч нь хэлтсийн даргын хувьд шууд удирдлагад байгаа ажилчдынхаа ёс зүй, харилцаа хандлага, хамт олны эв нэгдлын хангаж ажиллах үүрэгтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь ҮНСгийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/48 тоот тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул уг тушаалыг зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёл, урлагийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, номын сангийн мэргэжлийн зөвлөлийн даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/2874 дүгээр албан бичиг, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5/29 тоот албан бичгээр Коха программын номын санд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахыг эрчимжүүлэх, номын сангийн ангилалын талаар албан бичиг ирүүлсэн ба уг албан бичгийн дагуу ҮНСгийн Мэргэлийн зөвлөлийн 2017 оын 01 дүгээр сарын 04-ний өдрийн хурлын протоколд “...Монгол номын фондын электрон каталогийн засварын ажлыг Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтэс дангаараар хариуцан ажиллаж, 4 дүгээр сарын 01-ний дотор дуусгана” гэж шийдвэрлэсэн байхад уг ажлыг хугацаанд нь дуусгаагүй, ҮНСгийн Мэргэжлийн зөвлөлийн шийдвэр болон даргаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй байна.

 

ҮНСгийн захирлаас уг хугацааг сунгаж, нэмэлт ажилтнаар хангасан боловч захирлын шийдвэрийг эс биелүүлж, Монгол номын фондын электрон каталогийн засварын ажлыг тогтоосон хугацаанд дуусгаагүй нь сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч С.Ц нь өвчтөн асрах чөлөөтэй гэж эмнэлгийн магадлагаа  /хх-ийн 15 дахь тал/ ирүүлсэн боловч уг магадлагааг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр олгосон, уг хугацаанд ажилласан болох нь цагийн бүртгэлээр тогтоогдож байна. /хх-ийн 53-54 дэх тал/

 

Иймд нэхэмжлэгч С.Цийн Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлстийн даргын адбан тушаалд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Ц-н хариуцагч ҮНСд холбогдуулан гаргасан Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлстийн даргын адбан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.200 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч С.Цд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР