Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2459

 

С.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02513 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Цийн хариуцагч ҮНСхолбогдуулан гаргасан ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

 

нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

            Нэхэмжлэгч С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би номын сангийн байгууллагад нийт 27 жил ажилласан. 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хооронд өвчтөн асрах чөлөөтэй байхад намайг үндэслэлгүйгээр ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, албан тушаал, цалин хөлсийг бууруулан, ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох ном ангилагч, ахлах номын санчийн албан тушаалд томилсон. Энэ албан тушаал нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа ангилагч О.Түвшинжаргалын түр ажлын байр бөгөөд ийм тушаал гарсныг, мөн тушаал гарсан үндэслэлийг хүний нөөцийн асуудал хариуцсан дарга надад 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр утсаар мэдэгдэж, танилцуулсан. Би Чойр хотод ахыгаа асарч байсан боловч 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өөрийн биеэр захирал Б.Ичинхорлоотой уулзахаар, тушаалтайгаа танилцахаар ирэхэд маргааш таны тушаал гарна, ирж аваарай гэж хэлж, миний өөрт нь хандаж бичсэн хүсэлтийг хүлээн авсан боловч хариу өгөхөөс татгалзсан. Тушаалыг хүүгээрээ авахуулж, уншиж үзэхэд 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/60 тоот тушаал болон миний мэдээгүй, танилцаагүй 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/48 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хуулбар үнэн гэж дарж өгсөн. Харин Б/60 тоот тушаалд сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, давтан зөрчил гаргасан гэж тодотгосон байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэжээ. Би хэзээ, ямар сахилгын зөрчил гарган сахилгын ямар шийтгэлийг, хэдий хугацаанд авснаа дээрх 2 тушаалыг авах хүртлээ мэдээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчин намайг ажлаас хууль бусаар халсан тушаалд гомдолтой байна.

            2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/60 тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн ном ангилагч, ахлах номын санчаар томилсон шийдвэр байх тул өмнө эрхэлж байсан ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн хуульд заасан хувь хэмжээгээр төлүүлэн, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн ном ангилагч, ахлах номын санчаар ажиллах хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагч Монголын Үндэсний номын сангаас гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч нь 2 сарын цалингүй чөлөө авсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дуусах тул энэ хугацаанд буурсан албан тушаалд ажиллаагүй байна. Иймд цалингийн зөрүү бодох боломжгүй учи уг шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчид 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/48 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Учир нь хэлтсийн даргын хувьд хэлтсийнхээ ажилчдад үүрэг даалгавар өгсөн боловч ажилчид тухайн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлын байранд хэрүүл, маргаан гаргасан. Энэ хэрүүл маргааныг ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хэлтэс удирдан зохион байгуулах байсан боловч үүнийг зохицуулахгүйгээр захиралд мэдэгдэж, хүмүүс хэрүүл, маргаан гаргаад байна гэсэн шаардлагыг хүргүүлсний улмаас өөрийнхөө удирдлагад байдаг хүмүүсийг удирдан зохион байгуулаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж сануулах шийтгэл ногдуулсан. Үүнийг нэхэмжлэгч мэдээгүй гэдэг боловч энэ талаар захиргааны зөвлөлийн хурал дээр танилцуулсан. Нэхэмжлэгч түүнтэй танилцаад над дээр орж ирээд, ямар үндэслэлээр сануулах шийтгэл ногдуулж байгаа юм бэ, хэлтсийн ажилчид хоорондоо муудалцсан нь миний буруу биш, тэр 2 хүн хоорондоо хэрэлдсэн гэдэг асуудлыг хэлж, надтай уулзсан атлаа дээрх тушаалтай танилцаагүй гэж маргаж байна. Мөн дараагийн зөрчил нь Улсын номын сан дээр Коха гэдэг программ хэрэгжиж эхэлсэн. Энэ нь 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/18 тоот тушаалын дагуу явагдаж эхэлсэн. Ажлын хэсгийн ахлагчаар нь С.Цийг томилж, Коха программыг номын санд нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг даалгаврыг өгсөн. 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн түүний ажил хангалтгүй явагдсан. Үүнтэй холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас удаа дараа албан бичиг ирж байсан бөгөөд албан бичгийн мөрөөр Коха программын ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөний дагуу ажлууд хийгдсэн. Өөрөөр хэлбэл эхлээд 4 дүгээр сарын 01-ний өдөр гэсэн хугацааг тогтоосон. Нэхэмжлэгч нь энэ хугацаандаа ажлаа хийж гүйцэтгээгүй. Ингээд 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгаж, хэлтсүүдээс 2, 2 ажилтныг нэмж өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ ажил дуусаагүй. 7 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд дуусаагүй тул захирлын зүгээс, мөн яамны зүгээс үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, удаа дараа удирдлагын зүгээс өгсөн шаардлагыг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд зааснаар сахилгын ноцтой зөрчил гаргасан бол ажлаас халах хүртэл арга хэмжээ авах зөрчил боловч эзэмшсэн мэргэжил болон олон жилийн дадлага туршлага зэргийг нь харгалзан үзэж, доод албан тушаал болох ахлах номын санч гэсэн албан тушаалд 1 шат бууруулан томилсон гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Цийн хариуцагч Үндэсний номын санд холбогдуулан гаргасан Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70 200 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч С.Цд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны Соёл, урлагийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, номын сангийн мэргэжлийн зөвлөлийн даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/2874, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5/29 тоот албан бичгүүд нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Үндэсний номын сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ичинхорлоод хандсан албан тоотууд байсан ба захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ичинхорлоо нь тус албан тоотод дурдсан үүрэг даалгаврыг нэхэмжлэгчийн хариуцаж байсан хэлтэс болох Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтэст бус Мэргэжил арга зүй, эрдэм шинжилгээний хэлтэст үүрэг болгосон төдийгүй нэхэмжлэгч С.Ц болон түүний удирдаж буй хэлтсийн хамт олон яамнаас дээрх албан тоот ирж байсныг мэдээгүй, мэдэх ч боломжгүй байсан. Гэтэл нэхэмжлэгч С.Цийн удирдаж буй хэлтэст хандаж үүрэг болгоогүй, өөр хэлтэст цохож үүрэг болгосон ажлын үр дүнгээ энэ хэлтсээс шаардаж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж дүгнэн хэлтсийн даргыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Үндэсний номын сангийн Мэргэжлийн зөвлөлийн хурлын протокол нь хуулийн хүчин төгөлдөр бус акт байхад шүүх нотлох баримтаар үнэлсэн. Өөрөөр хэлбэл 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Мэргэжлийн зөвлөлийн хурлын протокол гэж нэрлэгдсэн энэхүү протокол нь хуулийг ноцтой зөрчсөн эрх зүйн акт юм. Тухайлбал, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Номын сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Үндэсний номын сангийн дэргэд орон тооны бус Эрдмийн зөвлөл болон Мэргэжлийн зөвлөл ажиллах бөгөөд Эрдмийн зөвлөл болон Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/200 тоот тушаалын 2 дугаар хавсралтын 2-т мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, зохион байгуулалтыг баталсан ба тус хавсралтын 2.1, 2.2-т тодорхой заасан байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хуралдсан хурал нь дээрх Номын сангийн тухай хууль болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/200 тоот тушаалаар батлагдсан Мэргэжлийн зөвлөлийн хурал биш. Энэхүү хурлын тэмдэглэл нь дээр дурдсан хүчин төгөлдөр бус мэргэжлийн зөвлөлийн хурал байсан төдийгүй, тус хуралд оролцсон ажилтнууд нь Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтэс болон Мэргэжил арга зүйн хэлтсийн ажилтнуудаас төлөөлсөн төлөөллүүд байсан ба хурлыг Мэргэжил арга зүйн хэлтсийн дарга Д.Энхтунгалаг удирдсан. Өөрөөр хэлбэл Үндэсний номын сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ичинхорлоогийн хууль зөрчин томилсон мэргэжлийн зөвлөл гэх хэсэг бүлэг хүмүүс хуралдаж, шийдвэр гаргасан. Гэтэл шүүх энэхүү хурлын протоколыг Үндэсний номын сангийн Мэргэжлийн зөвлөлийн шийдвэр гэж дүгнэн нотлох баримтаар үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж буй ажилтан ямар ажил үүргийг гүйцэтгэх тухай тус ажлын байрны тодорхойлолтод тодорхой заасан. Тухайлбал, хэлтсийн дарга нь бусад ажилтны адилаар норм авч ажил гүйцэтгэх үүрэг хүлээгээгүй боловч олон жил тус байгууллагад үр бүтээлтэй, идэвхи санаачлагатай ажилласан удирдах ажилтны хувьд шинээр нэвтрүүлж байгаа Коха программыг хурдан шуурхай нэвтрүүлэхийн тулд ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажлыг бусад ажилтнуудын адилаар норм авч, үндсэн ажлынхаа зэрэгцээгээр амжуулж ажилласан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасан ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг гүйцэтгэж байсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан. Гэтэл 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/60 тоот С.Цийг ажлаас нь чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг гаргасан Монголын Үндэсний номын сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ичинхорлоог томилсон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хуулбар үнэн тамгатай шүүхэд ирүүлснийг шүүх нотлох баримтын шаардлага хангасан гэж үзсэн нь хууль зөрчсөн.

Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэг маргаанд ач холбогдолтой, бусад хүчин төгөлдөр нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр шийдвэрээ гаргасан. Тухайлбал, Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн 2017 оны эхний хагас жилийн тоон тайлан төлөвлөгөөгөө 107 хувиар биелүүлснийг, ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Кохад засвар хийсэн товчоо, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн хамт олны хурлын тэмдэглэл Коха программыг 40 гаруй номын санч ажлын 130 хоногийн хугацаанд өдөрт 15 номын мэдээлэл оруулахад дуусах төлөвлөгөөтэй байсан гэсэн хэсэг, Коха программд засвар хийсэн номын санчдын номын тоо, хүн тус бүрээр, гэрчийн мэдүүлэг, Монголын Үндэсний номын сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ичинхорлоогийн НББСХ-ийн ажилтнууд өдөрт 30 номын мэдээлэл оруулахаар төлөвлөж, баталсан төлөвлөгөө зэрэг нотлох баримтууд нь нэхэмжлэгч С.Ц болон түүний удирдсан ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн хамт олон Коха программд мэдээлэл оруулах ажлыг хэрхэн сайн хийж гүйцэтгэж байсныг нотлох хангалттай нотлох баримтууд байсан. Мөн үндсэн ажлынхаа зэрэгцээ ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгэж, өөртөө норм авч Коха программд монгол номын мэдээллийг оруулах ажлыг хэлтсийн 12 ажилтны хамт 130 хоногт хурдан шуурхай дуусгаж чадсан. Гэтэл анхан шатны шүүх ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан нэхэмжлэгчийн ажлыг бодитойгооор үнэлж, дүгнэлгүйгээр захирлын шийдвэрийг эс биелүүлж, Монгол номын фондын электрон каталогийн засварын ажлыг тогтоосон хугацаанд дуусгаагүй нь сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэхээр байна гэж үзэж шийдвэрийн үндэслэлээ болгосон нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

            Нэхэмжлэгч С.Ц, хариуцагч ҮНС-д холбогдуулан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ахлах номын санчаар ажиллах хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговор гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг хуульд заасан хувь хэмжээгээр төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагаа багасган ахлах номын санчаар ажиллах хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговор гаргуулах шаардлагаасаа татгалзжээ. Хариуцагч уг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна. Талууд 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн талаар маргаангүй.

Хариуцагч Монголын үндэсний номын сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/48 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасныг баримтлан сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, мөн оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/60 дугаар тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр хэлтсийн даргын ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн ном ангилагч, ахлах номын санчаар томилсныг С.Ц нь эс зөвшөөрч, хууль бус үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, сахилгын ямар нэгэн зөрчил гаргаагүй, ажлаас буруу халсан гэж шүүхэд гомдол гаргасныг хариуцагч “нэхэмжлэгчийг удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан” гэж тайлбарлан талууд мэтгэлцжээ. /хх-36 дугаар тал/

1.Нэхэмжлэгчид хариуцагч буюу ажил олгогч Монголын үндэсний номын сангийн даргын үүрэг гүйцэтгэгчийн Б/48 тоот тушаалаар түүний удирддаг хэлтсийн 2 ажилтны гаргасан ёс зүйн алдааг түүнд хамааруулан “ажилчдаа удирдан зохион байгуулж чадаагүй” гэх үндэслэлээр сахилгын “сануулах” шийтгэл ногдуулсан байдаг. /хх-13/

Нэхэмжлэгч С.Ц, уг сахилгын арга хэмжээ авсан тушаал гарсныг мэдээгүй гэж маргаж байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаагүй учир зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт авагдсан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч өөрийнх нь удирдлагад ажилладаг 2 ажилтан 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ маргасны улмаас түүнд сануулах сахилгын арга хэмжээ авсан гэж байсныг үйл явдал болсноос хойш мэдсэн болох нь тогтоогдож байх тул уг тушаалын үндэслэлийн талаарх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргасан гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гарган ногдуулах эрхтэй, ийнхүү арга хэмжээ авахад ажилтны гаргасан сахилгын зөрчил нь Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам, хамтын болон хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг, мөн ёс зүйн ямар алдаа гаргасан, түүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байх ёстой юм.

Нэхэмжлэгч С.Ц, Монголын үндэсний номын сангийн ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн даргын хувьд түүний ажлын байрны чиг үүргийг “тухайн хэлтсийн үндсэн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ном хэвлэлийн бүрдүүлэлт, архивын сан хөмрөгийг баяжуулах, ... ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн хамгааллын асуудалд анхаарах ...” гэж тодорхойлж өгсөн байх бөгөөд 2 ажилтны хувийн ёс зүйтэй холбоотой, өөр хоорондоо маргасан үйлдлийг нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болон хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамааруулан, үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус байх тул эхний сахилгын зөрчил тогтоогдоогүй гэж үзнэ.

2.Нэхэмжлэгчийг, хариуцагч байгууллагын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/60 дугаар тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр хэлтсийн даргын ажлаас нь чөлөөлж, өөр ажилд шилжүүлсэн байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан 2 ба түүнээс дээш удаа сахилгын зөрчил гаргавал давтан зөрчил гэж үзэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан бөгөөд энэ тохиолдолд мөн зөрчил нь тогтоогдсон байх шаардлагатай.

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч байгууллагын дарга нь Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/2874, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5/29 тоот албан бичгээр ирүүлсэн “номын сангийн мэргэжлийн зөвлөлийн хурлаас хариуцагч байгууллагын үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй Коха программын хэрэгжилтийн явцыг авч хэлэлцээд сайжруулах, тайланг хүргүүлэх” үүргийг Мэргэжил арга зүй, эрдэм шинжилгээний хэлтэст даалгасан байх ба тус хэлтсээс ажлын тайланг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 тоот албан бичгээр Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Номын сангийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлжээ. /хх-30-31, 82-86/

            Харин Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, дээрх тайлантай танилцаад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 5/2786 дугаартай албан бичгээр “мөн оны эхний улиралд монгол номын электрон каталогийг Үндэсний номын сангийн вэб сайтад байршуулж, нийтийн хүртээл болгох ажил хийгдээгүй байгаа талаар мэдэгдэж, яамнаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж хариу ирүүлэх” үүргийг хэнд хариуцуулан, ямар хугацаатай гүйцэтгэх үүрэг өгсөн нь баримтаар тогтоогдохгүй байна. /хх-37/

Хариуцагч тал нэхэмжлэгчийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж мэтгэлцсэн хэдий ч ажлын төлөвлөгөөний дагуу ямар ажил дутуу хийгдсэн, Коха программыг нэвтрүүлэх ажил хэрэгжээгүй байгаа гэх байдлаа баримтаар нотолж чадаагүйн гадна нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн Коха программын дагуу монгол номын фондын каталогт засвар хийсэн тайланг үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгч С.Цийн сахилгын давтан зөрчил гаргасан гэх үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн тул мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  үзлээ.

Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “... үүрэг гүйцэтгэгч Б.Ичинхорлоог томилсон тушаал хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх үнэлсэн, ... мэргэжлийн зөвлөл нь сайдын тушаалаар батлагддаг учир номын сангийн мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэл хууль бус акт ...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхив.

Учир нь хэргийн оролцогч биш этгээдээс ирүүлсэн “хуулбар үнэн” тэмдэглэгээ бүхий баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэж байх бөгөөд уг баримтыг нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй юм. Мөн нэхэмжлэгч С.Ц нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуралд оролцон, тус хурлаас гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрч ажлаа гүйцэтгэж байснаас гадна номын сангийн мэргэжлийн зөвлөлийг хууль бусаар байгуулсан эсэх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02513 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Цийг Монголын үндэсний номын сангийн ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч Монголын үндэсний номын санд даалгасугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар энэ нэхэмжлэл ззтэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70 200 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас гаргуулан, нэхэмжлэгч С.Цд буцаан олгож, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ш.ОЮУНХАНД

                                              ШҮҮГЧИД                                          Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                        Ч.ЦЭНД