Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 1955

 

“Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/01064 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Амгаланд холбогдох        

Түрээсийн гэрээний үүрэгт 10 796 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.Амгалан нь “Скайтел” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Скайтел үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах 8 тоот павилон түрээслэхээр харилцан тохиролцож 026 тоот “Гар утасны худалдаа эрхлэх павилон ашиглах түрээсийн гэрээ”-г байгуулсан. Тус гэрээг байгуулахдаа 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл буюу 1 жилийн хугацаатай, сарын түрээсийн төлбөрийг 1 845 000 төгрөгөөр харилцан тохиролцож байгуулсан. “Скайтел” ХХК түрээслэгч нартаа түрээсийн төлбөртөө хөнгөлөлт үзүүлж 2015 оны 01, 02, 3, 4, 6, 7 саруудын төлбөрийг 992 500 төгрөг болгосон бөгөөд 2016 оны 01, 02, 3, 4 саруудын түрээсийн төлбөрийг 585 000 төгрөг болгосон. Гэтэл түрээслэгч Э.Амгалан 2015 оны 7, 8, 10, 11, 12 сар болон 2016 оны 01, 02, 3, 4, 5 саруудын түрээсийн төлбөр болох нийт 15 412 500 төгрөг төлөх ёстой байснаас “Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирлын А-99 тоот тушаалаар 2 676 400 төгрөгийн хөнгөлөлт үзүүлснээр, 2015 оны 7 дугаар сард 3 500 төгрөг, 2015 оны 9 дүгээр сард 922 500 төгрөгийн төлөлт хийж, 2015 оны 11 дүгээр сард 922 500 төгрөгийн төлөлт хийгдсний дагуу нийт 10 796 500 төгрөг төлөх үүрэгтэй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.3-т зааснаар Э.Амгалан гэрээ цуцлах саналаа бичгээр мэдэгдээгүй, өөрийн буруугаас түрээсийн талбайгаа ашиглаж чадаагүй нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь заалтыг үндэслэн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт зааснаар хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй. Бид “Үйл ажиллагаагаа явуулж, түрээсийн төлбөрөө төлнө шүү” гэсэн агуулга бүхий мэдэгдлүүдийг явуулсан боловч хариу өгөөгүй. Түрээслэгч гэрээ цуцлах, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа талаар мэдэгдэл өгч байгаагүй. Хариуцагч тухайн газрыг ашиглаагүй гэж тайлбарладаг боловч ашиглаагүй нь түрээсийн төлбөр төлөхгүй байх үндэслэл болохгүй. Хэрвээ ашиглах боломжгүй байсан бол гэрээг цуцлаад түрээсийн зүйлийг буцааж өгөх байсан ч энэ үйлдлийг хийгээгүй. Барьцааны мөнгийг буцаан олгохгүй талаар гэрээндээ харилцан тохиролцсон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанитай 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Гар утасны худалдаа эрхлэх, лангуу ашиглах түрээсийн гэрээ” байгуулсан бөгөөд түрээслүүлэгч тал нь өөрийн санал болгосон стандарт гэрээний төслийг хууран мэхлэх замаар итгэл эвдэн байгуулсан байдаг. Гэрээ нь гар утасны худалдаа эрхлэх, лангуу ашиглуулахаар байгуулсан бөгөөд нэхэмжлэлийн гол шаардлага болсон 2015 оны 7, 8, 10, 11,12 дугаар сар, 2016 оны 01,02,3,4 дүгээр саруудын түрээсийн төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Дээрх хугацаанд Э.Амгалан гэрээнд заасан 8 тоот павилонд үйл ажиллагаа явуулаагүй, ямар нэгэн худалдаа үйлчилгээ явуулах боломжгүй.

Түрээслүүлэгч тал түрээслэгч талд худалдаа үйлчилгээ эрхлэх бололцоог хангаж өгөөгүй ба энэ нь гэрээний 6.2.2-т заасныг зөрчиж үйлчлүүлэгч нар орж гарах хүзүүвчийн хаалгыг хаасан нь дээрх заалт зөрчигдөхөд хүргэсэн. Гэрээ байгуулахдаа аман хэлцлээр тохирсон худалдаа үйлчилгээ эрхлэх гол шалтгаан болсон “Мобиком”, “Скайтел“ 2-ыг холбосон хүзүүвчийн хаалгыг түрээслэгч надаас үл шалтгаалах шалтгаанаар хаасан, миний ашиглаж байсан 15-6 дугаар лангууг хааж өөр этгээдэд ашиглуулж байгаа. Гэрээнд зааснаар нэхэмжлэгч хэвийн ажиллах нөхцөл боломжийг хангах үүргээ биелүүлээгүй. Ажиллах хугацааны төлбөр төлсөн, ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй, гэрээний хугацаа дууссан тул төлбөр төлөхгүй. Ирцийн бүртгэлийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ талаар мэдэгдэж байгаагүй. Мөн гэрээ байгуулахад барьцаа төлбөрт 2 025 000 төгрөг авсан, гэрээ дуусгавар болоход энэ мөнгийг буцаан өгөхгүй гэж байгаа нь хариуцагчийн эрх ашгийг хохироож байна. Гэрээнд заасан гэж байгаа боловч нэхэмжлэгчээс түрээсийн төлбөр төлж байхад дахин барьцаа гэж мөнгө авч байгаа нь үндэслэлгүй гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Амгалангаас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 771 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 025 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187 694 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Амгалангаас улсын тэмдэгтийн хураамжид 155 294 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Талууд 2014 оны 10 дугаар сарын 24-нд түрээсийн гэрээ байгуулахдаа гэрээний хугацааг 1 жил байхаар тохиролцсон бөгөөд гэрээний 3.2 дахь хэсэгт зөрчил дутагдал, доголдол гараагүй тохиолдолд дахин нэг жилээр сунгасанд тооцохоор заасан ба түрээслэгч Э.Амгалан түрээсийн мөнгөө төлөхгүй, түрээслүүлэгч тал гэрээний үүргээ биелүүлэхийг аман хэлбэрээр шаардаж зөрчил арилгасан тохиолдолд түрээсийн төлбөрөө өгнө хэмээн тохиролцож төлбөрөө төлөхгүй байх зөрчил дутагдал удаа дараа гаргасан байхад шүүх үүнийг анзааралгүй дутагдал гаргаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Гэрээний үндсэн хугацаа 2015 оны 10 дугаар сарын 24-нд дууссан бөгөөд талууд аль нэг талаас гэрээ сунгах талаар санал гаргаагүй, гэрээ сунгагдсан баримтгүй байхад түүнийг хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж өмнөх саруудын төлбөрийг нөхөн төлөлт хэлбэрээр 11 дүгээр сард төлбөр төлснийг хууль буруугаар ашиглаж гэрээг сунгасан гэж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан нь илт байна.

Гэрээг цуцлах талаар “Скайтел” ХХК-ийн удирдлагатай түрээслэгчид удаа дараа уулзалт хийж байсныг төлөөлөгч үгүйсгээгүй байх бөгөөд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасантай нийцэж байна. Өөрөөр хэлбэл, гэрээний үүрэг зөрчигдөхөд хүрсэн, түрээслэгч талд зорилгоо биелүүлэх боломж олдоогүй талаар шаардлага тавихад компаниас түрээслэгчид зорилгоо биелүүлэх боломж олгоогүй. Мөн гэрээ байгуулахдаа Скайтел компаний байр нь Тэди төвтэй хүзүүвчээр холбогдсон байсанд ач холбогдол өгч гэрээг байгуулсан бөгөөд удалгүй холбосон хүзүүвчийн хаалга хаагдаж урьдчилан тохироогүй, тооцоолоогүй хаалга хэлбэртэй зүйлээр үйлчлүүлэгчдийг оруулах болсон нь гэрээний үүрэг зөрчигдөх гол шалтгаан болсон байхад хариуцагчаас гарган өгсөн нотлох баримтыг үнэлээгүй өнгөц дүгнэлтээр ач холбогдол өгсөнд гомдолтой байна. Шүүх нэхэмжлэгчийг гэрээний 6.1.1-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй буруутай гэж дүгнэсэн бөгөөд энэ нь бүртгэлийн хураамж 2 025 000 төгрөгийг нэхэмжлэлээс хасах үндэслэл гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн. Гэрээний 1.3-т бүртгэлийн хураамж 2 025 000 төгрөг гэж заасан ч уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй ба Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт "гэрээнд оролцогч тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин" гэж заасан байх ба нэхэмжлэгч гэрээ байгуулахдаа хариуцагчаас 2 025 000 төгрөг авсан нь дэнчингийн агуулгагүй байхад уг мөнгийг гэрээний үүрэг зөрчсөний төлбөрт хасч тооцсон нь хуулийг буруу хэрэглэж, нэг талыг барьж шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

    Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

          Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Э.Амгаланд холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 796 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

          Талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Скайтел” ХХК-ийн “Скайтел-Тэди” үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах 8 тоот павилоныг 1 жилийн хугацаатай, 1 сарын төлбөрт 1 845 000 төгрөг төлөхөөр, гар утас болон дагалдах хэрэгслийн худалдаа эрхлэх зориулалттай түрээслүүлэхээр тохиролцсон ба тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

          Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, түрээслэгч түрээсийн төлбөрөөс 1 848 500 төгрөгийг төлсөн үнийн дүнгийн  талаар маргаагүй. Хариуцагч түрээсийн зүйлийг ашиглах боломж олгоогүй учир үйл ажиллагаа явуулаагүй, гэрээний хугацаа дууссан тул 2016 оны түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй гэж  маргасан. 

        Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцох бөгөөд гэрээний 3.2-т гэрээ цуцлах санал гаргаагүй, дутагдал, доголдол зөрчил гаргаагүй бол гэрээг 12 сараар сунгахаар тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч тал гэрээг цуцлах талаар санал гаргаагүй тул гэрээний хугацааг талууд 12 сараар сунгасан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч түрээсийн гэрээг цуцлах санал гаргаагүй, энэ эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

          Ийм учраас түрээсийн гэрээг 1 жилээр сунгагдсан гэж үзэх бөгөөд хариуцагч нь гэрээний хугацаа дуусахад түрээсийн эд зүйлийг хүлээлгэж өгөх үүрэгтэй.

Хариуцагч нь түрээсийн гэрээний 2-т зааснаар түрээсийн эд зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн гэх байдал тогтоогдоогүй тул түүний түрээсийн төлбөр төлөх үүрэг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас түрээсийн гэрээг цуцалж, эд зүйл буюу 08 тоот павилоныг хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдохгүй байх тул гэрээний хугацаа дуусахаас өмнө хугацаагаар тодорхойлсон хугацаанд хариуцагч төлбөрийг төлнө.

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 2015 оны 7-12 сар, 2016 оны 1-5 сарын түрээсийн төлбөрт нийт 8 771 500 төгрөг тооцон гаргуулсан нь зөв болжээ.

        Түүнчлэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийг 318.3 дахь хэсэгт зааснаар уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул бүртгэлийн хураамжид төлсөн 2 025 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

       Харин шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасныг баримталж хууль хэрэглээний болон Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг хэрэгсэхгүй болгох зэргээр найруулгын алдаа гаргасныг залруулах боломжтой гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлы хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/01064 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Амгалангаас түрээсийн гэрээний үүрэгт 8 771 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 025 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Амгалангаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Э.ЗОЛЗАЯА

                                                        ШҮҮГЧИД                                          Ч.ЦЭНД

                                                                                                                   Д.БАЙГАЛМАА