Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1064

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2017/01064

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, “Скайтел плаза”-д байрлах, “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Нархан 53 байр, 29 тоотод оршин суух Буриад овогт Энхтүвшингийн Амгаланд /РД:РО80022476/ холбогдох

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 796 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хонгорзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Э.Амгалан болон “Скайтел” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Скайтел үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах №8 тоот павилон түрээслэхээр харилцан тохиролцож №026 тоот “Гар утасны худалдаа эрхлэх павилон ашиглах түрээсийн гэрээ”-г байгуулсан. Тус гэрээг байгуулахдаа 2014 оны 10 сарын 24-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл буюу 1 жилийн хугацаатайгаар нэг сарын түрээсийн төлбөрийг 1 845 000 төгрөг байхаар харилцан тохиролцож байгуулсан.

“Скайтел” ХХК нь түрээслэгч нартаа түрээсийн төлбөртөө хөнгөлөлт үзүүлж 2015 оны 01,02,03,04,06,07 саруудын төлбөрийг 992 500 төгрөг болгосон бөгөөд 2016 оны 01,02,03,04 саруудын түрээсийн төлбөрийг 585 000 төгрөг болгосон. Гэтэл түрээслэгч Э.Амгалан нь 2015 оны 07,08,10,11,12 сарууд болон 2016 оны 01,02,03,04,05 саруудын түрээсийн төлбөр болох нийт 15 412 500 төгрөг төлөх ёстой байснаас “Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирлын №А-99 тоот тушаал гарснаар 2 676 400 төгрөгийн хөнгөлөлт үзүүлснээр, мөн 2015 оны 7 сард 3 500 төгрөг, 2015 оны 9 сард 922 500 төгрөгийн төлөлт хийж, 2015 оны 11 сард 922 500 төгрөгийн төлөлт хийгдсэний дагуу нийт 10 796 500 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.3-т “Түрээслэгч ямар нэгэн шалтгаан заахгүйгээр гэрээг дангаар цуцлах эрхтэй ба гэхдээ цуцлах тухай саналаа нэг сарын өмнө Түрээслүүлэгч талд бичгээр мэдэгдэх үүрэг хүлээнэ” гэж заасан.

Э.Амгалан нь гэрээгээ цуцлах тухай саналаа бичгээр мэдэгдээгүй, мөн өөрийн буруугаас түрээсийн талбайгаа ашиглаж чадаагүй нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь заалтыг үндэслэн 292 дугаар зүйлийн 292.4-т заасан “хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй” гэсний дагуу хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Бидний зүгээс “Үйл ажиллагаагаа явуулж, түрээсийн төлбөрөө төлнө шүү” гэсэн агуулга бүхий мэдэгдлүүдийг оршин суугаа хаягаар нь удаа дараа явуулж байсан боловч хариу өгөөгүй. Иймд Э.Амгалангаас нийт 10 796 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний үүргийг зөрчсөн. Гэрээнд түрээсийн гэрээний хугацаа, төлбөрийг харилцан тохиролцсон. Гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч талаас түрээслэгч талд удаа дараа үлдэгдэл төлбөрийг төлөхийг мэдэгдсэн боловч төлөөгүй 15 412 500 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байдаг. Гэвч нэхэмжлэгч байгууллагаас №А99 тоот тушаалаар 2 хөнгөлөлт үзүүлж, 9 сард 922 500 төгрөг, 11 сард 922 500 төгрөгийг тус тус төлснөөр 10 796 500 төгрөг үлдсэн. Түрээслэгч гэрээ цуцлах, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа талаар ямар нэг мэдэгдэл өгч байгаагүй. Хариуцагч нь тухайн газрыг ашиглаагүй гэж тайлбарладаг боловч ашиглаагүй байх нь түрээсийн төлбөр төлөхгүй байх үндэслэл болохгүй. Хэрвээ ашиглах боломжгүй байсан юм бол гэрээг цуцлаад түрээсийн зүйлийг бидэнд буцааж өгөх байсан боловч энэ үйлдлийг хийгээгүй.

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, барьцааны мөнгийг буцаан олгохгүй талаар гэрээндээ харилцан тохиролцсон байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компанитай бид 2014 оны 10 дугаар сарын 24-ний 036 дугаар бүхий “Гар утасны худалдаа эрхлэх, лангуу ашиглах түрээсийн гэрээ” байгуулсан бөгөөд түрээслүүлэгч тал нь өөрийн санал болгосон стандарт гэрээний төслийг хууран мэхлэх замаар итгэл эвдэн байгуулсан байдаг. Гэрээ нь гар утасны худалдаа эрхлэх, лангуу ашиглуулахаар байгуулсан бөгөөд нэхэмжлэлийн гол шаардлага болсон 2015 оны 07, 08, 10, 11, 12 дугаар сарууд 2016 оны 01, 02, 03, 04 дүгээр саруудын түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Дээрх хугацаанд Э.Амгалан нь гэрээнд заагдсан 2 дугаар давхарт байрлах 8 дугаар павилонд үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд ямар нэгэн худалдаа үйлчилгээ явуулах боломж байгаагүй, үйл ажиллагаа явагдаагүй болно. Түрээслүүлэгч тал нь түрээслэгч талд худалдаа үйлчилгээ  эрхлэх бололцоог хангаж өгөөгүй ба энэ нь гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт заасныг зөрчиж үйлчлүүлэгч нар орж гарах хүзүүвчийн хаалгыг хаасан нь  дээрх заалт зөрчигдөхөд хүргэсэн.  Энэ нь түрээслүүлэгч нь 1-рт гэрээг байгуулахдаа аман хэлцлээр тохирсон худалдаа үйлчилгээ эрхлэх гол шалтгаан болсон “Мобиком”, “Скайтел“ 2-ыг холбосон хүзүүвчийн хаалгыг түрээслэгч надаас үл шалтгаалах шалтгаанаар хаасан, 2-рт миний ашиглаж байсан 15-6 дугаар лангууг хааж өөр этгээдэд ашиглуулж байгаа билээ. Иймд Скайтел компаний нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Учир нь хүзүүвчний хаалгыг хааснаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болоогүй, уг хаалга нь ганц байдаг хаалга биш, гадагш орох гарах гарц байдаг тул үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой гэж байгаа боловч энэ нь үйл ажиллагаанд нөлөөлсөн, энэ талаараа шаардлага тавьж байсан. Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хэвийн ажиллах нөхцөл боломжийг хангах ёстой, энэ үүргээ биелүүлээгүй. Ажиллах хугацааны төлбөрийг бүгдийг төлсөн, ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй, гэрээний хугацаа дууссан тул нэхэмжилж байгаа төлбөрийг төлөхгүй. Ирцийн бүртгэл гэж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ талаар мэдэгдэж байгаагүй. Мөн гэрээ байгуулахад барьцаа төлбөр гэж 2 025 000 төгрөгийг авсан, гэрээ дуусгавар болоход энэ мөнгийг буцаан өгөхгүй гэж байгаа нь хариуцагчийн эрх ашгийг хохироож байна. Гэрээнд заасан гэж байгаа боловч нэхэмжлэгч талаас түрээсийн төлбөрийг төлж байхад дахин барьцаа гэж их мөнгө авч байгаа нь үндэслэлгүй. Гэрээ цуцлах талаарх мэдэгдлийг авч байгаагүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Э.Амгаланд холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 796 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Э.Амгалантай “Скайтел” ХХК-ний Скайтел-ТЕДИ үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах №8 тоот павилоныг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар, 1 сарын төлбөр 1 845 000 төгрөгөөр, гар утас болон дагалдах хэрэгслийн худалдаа эрхлэх зориулалтаар түрээслэхээр харилцан тохиролцсон болох нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Гар утасны худалдаа эрхлэх павилон ашиглах түрээсийн гэрээ”, павилон түүний дагалдах эд хогшил хүлээлгэн өгсөн акт, мэдэгдэх хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 6-8, 14, 12-13-р хуудас/

Зохигч талууд “Гар утасны худалдаа эрхлэх павилон ашиглах түрээсийн гэрээ” байгуулсан талаараа маргаагүй, нэхэмжлэгч түрээсийн гэрээний зүйл болох павилоныг шилжүүлсэн,  хариуцагч нь уг павилоныг хүлээн авсан тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч нь түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг түрээсийн гэрээний үүргээ зөрчиж, 2015 оны 7, 8, 10, 11, 12 саруудын болон 2016 оны 1, 2, 3, 4, 5 саруудын түрээсийн төлбөрөө төлөөгүй тул үлдэгдэл төлбөр 10 796 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, түрээсийн зүйлийг ашиглах боломж олгоогүй тул 2015 оны 7, 8, 9, 10, 11, 12 саруудад үйл ажиллагаа явуулаагүй, 2016 оны 1, 2, 3, 4, 5 саруудад гэрээний хугацаа дууссан тул түрээсийн үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Талуудын хооронд байгуулсан “Гар утасны худалдаа эрхлэх павилон ашиглах түрээсийн гэрээ”-ний 1.4-т “павилоны сарын төлбөр 1 845 000 /НӨАТ багтсан/ төгрөг”, 4.3-д “түрээслэгч сар бүрийн 25-ны өдрийн дотор дараа сарын түрээсийн төлбөрийг Түрээслүүлэгчийн Худалдаа хөгжлийн банкны төгрөгийн 499127337 тоот дансанд бэлэн болон бэлэн бусаар төлнө”, 4.1-д “нэг сард төлөх түрээсийн төлбөр 1 845 000 төгрөг байна. Түрээсийн төлбөрт цахилгааны төлбөр, нийтийн эзэмшлийн цэвэрлэгээний төлбөр, харуул хамгаалалт, халуун хүйтэн цэвэр ус, дулаан бохир ус, хог зайлуулах төлбөр багтсан байна. Павилоныг актаар хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг тооцно” гэж харилцан тохиролцжээ. /хэргийн 6-р хуудас/

Хариуцагч нь түрээсийн зүйл болох павилоныг 2014 оны 11 дүгээр сараас эхлэн 2015 оны 6 дугаар сарыг хүртэл ашиглаж байсан талаараа маргаагүй боловч 2015 оны 7 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулаагүй, “Скайтел” ХХК нь ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй, хүзүүвчний хаалга хаагдсанаас худалдаа эрхлэх боломжгүй болсон нь гэрэл зургаар нотлогдоно гэж “хүзүүвчний гол хаалга хаасан тухай” зургийг ирүүлсэн боловч өөр хаалгаар орж гарах боломжтой, мөн одоо 8 павилоныг өөр этгээд түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа талаар маргаагүй болно. /хэргийн 36-38-р хуудас/

 Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.2.2-д “түрээслэгч талыг түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулах хэвийн нөхцөл бололцоогоор хангах” үүргийг нэхэмжлэгч нь биелүүлээгүй гэж хариуцагч маргасан боловч гэрээний 6.3.1-д заасан “түрээслүүлэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нөхцөлд биелүүлэхийг шаардах”, 6.3.2-д “түрээсийн байрны эзэмшил, ашиглалтыг сайжруулах талаар түрээслүүлэгчид санал тавих” эрхээ хэрэгжүүлээгүй, хүзүүвчний хаалгыг хаасан, үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа талаараа нэхэмжлэгчид мэдэгдэж байсан эсэх талаараа баримтаар нотлоогүй тул түүний үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь гэрээний 5.2-д “түрээслэгч нь түрээсийн байр, талбайд түрээслүүлэгч байгууллагаас гаргасан холбогдох журам болон цагийн хуваарийг баримтлан жигдэрсэн хувцас өмсөх шаардлагыг хүлээн авч ажиллана”, 5.5-д “түрээсийн ашиглалт үйлчилгээний чанар холбогдох журмын биелэлтэд танхим хариуцсан зохион байгуулагч байнга хяналт, шаардлага тавьж ажиллах бөгөөд түрээслэгч тал шаардлагыг хүлээн авч биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар ирцийн бүртгэл хөтөлж байсан нь “Скайтел” ХХК-ний 2017.3.20-ны өдрийн 01/05 тоот албан бичгээр ирүүлсэн “Ирцийн мэдээлэл Э.Амгалан /№8 павилон/ гэсэн баримтаар нотлоно гэж тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ирц бүртгэж байсан талаар мэдэгдээгүй гэж маргасан боловч хэрэгт авагдсан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй лавлагаанд 2015 оны 7 дугаар сарын 31-нд 8 павилоны түрээс 3 500 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 30-нд Мөнхбат 8 павилоны 9 сарын түрээсийн төлбөр 919 000 төгрөг, 3 500 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр Мөнхбат түрээс 922 500 төгрөг төлсөн, уг төлбөрийг хариуцагч төлсөн талаар маргаагүй тул 2015 оны 7 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын хооронд үйл ажиллагаа явуулаагүй гэж дүгнэх үндэслэлгүй байна. /хэргийн 10-12, 43-р хуудас/

Хариуцагч нь гэрээний 3.1-д “энэхүү гэрээ нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дуустал хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэрээ нь гэрээний хугацаа дууссанаар эсвэл гэрээг хугацаанаас өмнө цуцласнаар дуусгавар болно” гэж заасан тул 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 5 сарыг хүртлэх түрээсийн төлбөрийг төлөхгүй гэж маргасан боловч гэрээний 2.3-д “гэрээ дуусгавар болмогц Түрээслэгч тал павилоныг ажлын 2 хоногийн дотор суллан Түрээслүүлэгчид хүлээлгэн өгнө”, 2.4-д “павилоныг буцаан хүлээн авахдаа хүлээн авах, хүлээлгэн өгөх актанд талууд гарын үсэг зурж хүлээн авсан, хүлээлгэн өгсөн болохыг баталгаажуулна” гэж зааснаар павилоныг хүлээлгэн өгсөн талаарх акт үйлдээгүй, гэрээг цуцлах талаар санал гаргаагүй байна.

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д заасан түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа түрээслэсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчид мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-д заасан хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардах эрх үүссэн байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-д “хэрэв талуудын аль нэг нь энэ гэрээний үйлчлэх хугацаа дуусахаас өмнө уг гэрээг цуцлах санал гаргаагүй, түрээслэгч гэрээний 10.1-т заасан дутагдал, доголдол, зөрчил гаргаагүй тохиолдолд гэрээг дахин 12 сараар сунгасанд тооцно” гэж зааснаар “Гар утасны худалдаа эрхлэх павилон ашиглах түрээсийн гэрээ”-ний хугацаа сунгагдсан гэж тайлбарласан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.3-д “түрээслэгч нь ямар нэгэн шалтгаан заахгүйгээр гэрээг дангаар цуцлах эрхтэй ба гэхдээ цуцлах тухай саналаа нэг сарын өмнө түрээслүүлэгч талд бичгээр мэдэгдэх үүрэг хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №04/3724 албан тоотоор гэрээ цуцлах талаар хариуцагчид мэдэгдэж, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №04/2302 албан тоотоор гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн байх тул 2016 оны 1 дүгээр сараас гэрээ цуцласан өдрийг хүртлэх буюу 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртлэх түрээсийн гэрээний төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний үлдэгдэл тооцооны талаар маргаагүй боловч бүртгэлийн хураамжид 2 025 000 төгрөг төлсөн нь үндэслэлгүй гэж маргасан.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.5-д “түрээслэгч тал түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэг удаа 100 000 төгрөгний торгуулийг Түрээслүүлэгч талд үл маргах журмаар төлөх бөгөөд давтан түрээсийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгч талаас дангаар цуцална”, 6.1.1-д “түрээслэгч талаас энэхүү гэрээг чанд биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд биелүүлээгүй тохиодолд гэрээнд заагдсаны дагуу хариуцлага тооцох, гэрээг цуцлах, үүссэн хохирлыг арилгуулах” эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй, гэрээний үүргийг зөрчсөн байхад гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай үйл ажиллагаа байна гэж үзэж, бүртгэлийн хураамж болох 2 025 000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагч Э.Амгалангаас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 10 796 500 төгрөгнөөс /2015 оны 7 сарын төлбөр 922 500 төгрөг, 2015 оны 8 сараас 12 сарыг хүртлэх түрээсийн төлбөр 1 845 000 төгрөг, 2015 оны 1 сараас 4 сар хүртлэх түрээсийн төлбөр 1 170 000 төгрөг, 5 сарынх 585 000 төгрөг, нийт 15 412 500 төгрөгнөөс хөнгөлөлт 2 767 500 төгрөг, 2015 оны 7 сард төлсөн 3 500 төгрөг, 2015 оны 9 сард төлсөн 922 500 төгрөг, 2015 оны 11 сард 922 500 төгрөгийг хасч 10 796 500 төгрөг/ бүртгэлийн хураамж 2 025 000 төгрөгийг хасч, үлдэх 8 771 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Скайтел” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-д зааснаар хариуцагч Э.Амгалангаас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 771 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 025 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187 694 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Амгалангаас улсын тэмдэгтийн хураамжид 155 294 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Скайтел” ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ХУЛАН