Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1902

 

Р.Гүлстаны нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01450 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Р.Гүлстаны нэхэмжлэлтэй

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдох        

Бололцооны дагуу өөр ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга шүүхэд  гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн  шаардлагаасаа ...Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд... гэснийг хасч, шаардлагаа тодруулсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд захирлаас өөр албан тушаалд томилох эрхгүй учраас бололцооны дагуу өөр ажилд томилох эсэхийг хариуцагчийн эрх хэмжээнд үлдээсэн. Р.Гүлстан 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/18 дугаар Хөдөлмөрийн сайдын тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар томилогдон ажиллаж байсны дараа Хөдөлмөрийн сайд солигдож, 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/69 дүгээр тушаалаар Р.Гүлстаныг ажлаас нь чөлөөлж, И.Жанболатыг тус төвийн захирлаар томилсон. Дээрх тушаалыг эс зөвшөөрч Р.Гүлстан нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхийн шатанд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/69 дүгээр тушаалаа хүчингүй болгож, Р.Гүлстаныг ажилд нь эгүүлэн авсан. Гэтэл И.Жанболат Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх түүнийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар эгүүлэн тогтоосон шийдвэрт давж заалдах гомдол гаргасан боловч уг шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Б/196 тоот тушаалаар Р.Гүлстаныг ажлаас нь чөлөөлж, И.Жанболатыг томилсон нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу хийгдсэн үйлдэл юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ажилтны ажлын байрыг өмнө нь эрхэлж байсан албан тушаалтныг зохих ёсны ажлын байраар хангах нь ажил олгогчийн үүрэг гэж үзэж байна. И.Жанболатыг ажилд томилохдоо Р.Гүлстанд шинээр ажлын байр санал болгоогүй шууд ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч ажлын байраар хангахыг үүрэг болгосон учраас Р.Гүлстан бололцооны дагуу өөр ажлын байранд орох эрх нь байгаа. Ажлаас чөлөөлөгдөх үед Р.Гүлстан нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүүхдийг үрчилж авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар ...3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж, ахуй нэгж байгууллага татагдсан буугдсан болон энэ хуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас чөлөөлөхийг хориглосон байдаг. Нярай хүүхэд үрчлэн авсан ажилтанд чөлөө олгох зохицуулалтыг харгалзахгүйгээр ажлаас чөлөөлсөн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд Р.Гүлстаныг бололцооны дагуу өөр ажилд томилох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх даалгаж өгнө үү гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Б/196 дугаар тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь хэсэгт заасанд холбогдох шүүхийн шийдвэр магадлалыг үндэслэсэн. Нэхэмжлэгч төрийн үйлчилгээний албан тушаалтан. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан заалтуудыг баримталсан.  Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй гэж, мөн хуулийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, мөн хуулийн 37.1 дэх хэсэгт зааснаар дараах үндэслэлээр дуусгавар болгоно гэж заасан. Мөн хуулийн 37.1.5 дахь хэсэгт ажлаас буруу халагдсан ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болно гэж тус тус заасан байдаг. И.Жанболатыг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас шүүхийн шийдвэрийг биелүүлж, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Р.Гүлстаныг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу, сонгон шалгаруулалтад орж томилогдсон И.Жанболатыг ажилд нь эгүүлэн тогтоох хууль зүйн шаардлага, үүрэг бий болсон. Ажил эрхэлж байсан ажилтны ажил албан тушаалд шинээр орсон ажилтны ажиллах нь ажил олгогчийн хүсэл зориг хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарал байдаггүй.

Шүүхийн шийдвэрийн дагуу И.Жанболат томилогдсон гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн ...бололцооны дагуу өөр ажилд томилох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй. 2013 онд Р.Гүлстаныг Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар томилоогүй, харин захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Энэ талаар Захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийсэн ба нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт явуулж тэнцсэн хүнийг Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан. Харин нэхэмжлэгч талаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажилд эгүүлэн тогтоох, цалин хөлс олгох шийдвэр гарах боломжгүй. И.Жанболатыг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдзвэрлэлийн төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон. Харин Р.Гүлстаны ажилд эгүүлэн тогтоох тухай шаардлага биелэх боломжгүй ба нэг ажлын байран дээр хоёр шийдвэр гарах боломжгүй учир ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох боломжгүй. Р.Гүлстан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад ороогүй, Төрийн албан тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчид тавигдах ерөнхий болон хуульд заасан тусгай шаардлага хангасан нь тогтоогдоогүй мөн дээд боловсролгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь өөр албан тушаалд томилогдохыг хүссэн бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, яамны төрийн нарийн бичгийн даргын хувьд харьяа байгууллагын зөвхөн удирдах албан тушаалтныг томилж, чөлөөлдөг. Төрийн албаны тухай болон Боловсролын тухай хуульд төрийн албан хаагч зайлшгүй дээд боловсролтой, бусад хуульд заасан тусгай шаардлага хангасан, төрийн албаны сонгон шалгаруулалтад орсон этгээдийг томилдог. Гэтэл Р.Гүлстан дээд сургууль төгссөн баримтгүй, төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад ороогүй. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал нь Төрийн албаны тухай хуульд заасан тусгай шаардлага хангасан этгээд байна. Р.Гүлстан шаардлага хангаагүй, нөөцөд бүртгэгдээгүй учраас бололцооны дагуу өөр ажил албан тушаалд томилох боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь нэхэмжлэгч Р.Гүлстаныг бололцооны дагуу өөр ажлын байраар хангахыг даалгаж,

          Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 6 730 360 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Гүлстанд олгож,

Хөдөлмөрийн тухай  хуулийн  46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь нэхэмжлэгч Р.Гүлстаны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт  зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д зааснаар ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд шинээр томилогдсон ажилтны хувьд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор зохицуулсан учраас тухайн үед шүүхийн шийдвэрийг биелүүлж түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Р.Гүлстаныг чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу өмнө нь уг албан тушаалыг эрхэлж байсан И.Жанболатыг ажилд нь эгүүлэн томилох шаардлагатай болсон тул Р.Гулстаныг ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэртээ “нэхэмжлэгч Р.Гүлстан нь хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан бололцооны дагуу өөр ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” гэж тодорхойлж, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/196 дугаар тушаалыг хүчингүй болгуулах үндсэн шаардлагыг орхигдуулж, уг асуудлаар дүгнэлт хийгээгүй нь процессын хуулийн ноцтой зөрчил болно. Уг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг шүүх хянасан тохиолдолд нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хууль бусаар хөндөөгүй, хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болохыг тогтоох боломжтой байсан юм. Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар н.Жанболатыг эгүүлэн тогтоосон шийдвэр магадлал хүчин төгөлдөр хэвээр байна. Энэ дагуу нэхэмжлэгчийг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилуулах шүүхийн шийдвэр гаргах боломжгүй, бүтэц, орон тооны хязгаарын хувьд Р.Гулстаныг ажлын байраар хангах боломжгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдоогүй, харин хууль бусаар түр орлон гүйцэтгэгч гэсэн статустайгаар ажиллаж байсан бөгөөд энэ нь өөр этгээд жинхлэн томилогдох эсхүл өмнөх ажиллаж байсан хүн шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн тогтоолгох нөхцөлд ажлаас чөлөөлөгдөх хууль зүйн зохицуулалт юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа бололцооны дагуу өөр ажилд томилохыг даалгуулья гэсэн бөгөөд тэрээр Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, өргөн хүрээнд байхад шүүх шийдвэрлэсэн тул түүнийг хэрхэн биелүүлэх нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэж байна. Анхан шатны шүүх Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвөөс ирүүлсэн ажлын байр, орон тооны талаарх нотлох баримтыг үнэлээгүй, нөхцөл байдлыг буруу тодорхойлж материаллаг хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзнэ. Мөн Р.Гулстаныг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгох боломжгүй, ийм шаардлага гаргаагүй, ажлаас буруу халагдсан гэж үзэхгүй тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

    Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хоорондын маргааны үйл баримтад харьцуулан дүгнэж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Р.Гүлстан хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/196 дугаар тушаалыг хүчингүй болгож, бололцооны дагуу өөр ажил албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

          Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/196 дугаар тушаалаар Р.Гүлстаныг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн захирлын ажлаас чөлөөлөхдөө, И.Жанболатыг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 244 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2016/0445 дугаар магадлалыг үндэслэл болгосон байна.

            Хариуцагч нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн хуульд нийцэж байх боловч мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар ”Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” заасан үүргээ хэрхэн биелүүлж, хэрэгжүүлснээ баримтаар нотлоогүй.

         Ажил олгогчоос энэ үүргээ хэрхэн биелүүлж, хэрэгжүүлсэнээ баримтаар нотлоогүй бөгөөд  хариуцагчаас гаргасан өөр ажлын саналыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тохиолдолд ч хариуцагчийг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй.

          Ийм учраас анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч Р.Гүлстаныг бололцооны дагуу өөр ажлын байраар хангахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 730 360 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Б/196 дугаар тушаалыг хүчингүй болгуулах үндсэн шаардлагыг орхигдуулж, уг асуудалд дүгнэлт хийгээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бололцооны дагуу өөр ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан /хх-66/ байх бөгөөд тушаал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах тул тусдаа шаардлага гэж үзэхгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчид тавигдах ерөнхий болон хуульд заасан тусгай шаардлага хангаагүй, нөөцөд бүртгэгдээгүй гэх гомдлыг  хариуцагч тал гаргасан боловч дээрхийг ажлаас халах үндэслэлд тусгаагүй бөгөөд энэ нь хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Мөн хариуцагч ажлын байр, орон тооны талаархи нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж ирүүлээгүй тул нотлох баримтыг шүүх үнэлээгүй гэх гомдол үндэслэлгүй.

Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчид 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 20-ны хооронд ажил гүйцэтгэсэн, цалин авах боломжийг алдагдуулсан ба уг хохирлыг ажилгүй байсан хугацаан дахь цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх замаар олгосныг буруутгах боломжгүй байна. 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01450 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Э.ЗОЛЗАЯА

                                                       ШҮҮГЧИД                                            А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                    Д.БАЙГАЛМАА