Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2019/ДШМ/09

 

2019 оны 01 сарын 28 өдөр                        

  2019/ДШМ/09                                                              Зуунмод

М.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Эрхэмбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 12 сарын 12-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч М.С-д холбогдох 1834004980384 дугаартай 1 хавтас, 180 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Налайхын уурхайд ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Налайх дүүрэг .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, М.С /РД:....017/.

            Шүүгдэгч М.С нь Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдог гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 12-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 04-17 УБН улсын дугаартай “Ниссан Пулсар” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.2. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 96-07 УНА улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас Э.Баттулга, Х.Буянсанаа нарын эрүүл мэндэд хүнд хохирол, М.Еркебуланы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Е.Нагашбайгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Э.Баттулгын эд хөрөнгөнд 6.745.000 төгрөгний, иргэний нэхэмжлэгч М.Еркебуланы эд хөрөнгөнд 2.111.000 төгрөгний хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч  М.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 12-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолоор: 

            Шүүгдэгч М.С-г согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар М.С-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолж, шүүгдэгч Т.М.С ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.С-с насанд хүрээгүй хохирогч Х.Буянсанаад 458.937 төгрөгийг, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Баттулгад 6.745.000 төгрөгийг олгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Э.Баттулга, насанд хүрээгүй хохирогч Х.Буянсанаа нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Еркебулан нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М.С-д 6 сарын хорих ял оноож шийдвэрлэсэн юм. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлтэй маргахгүй зөвхөн хохирогчдод хохирол төлбөрийг барагдуулсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдсэн үндэслэлээр 6 сарын хорих ялыг тэнсэн харгалзах ял болгон өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.12-ний өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.С-с насанд хүрээгүй хохирогч Х.Буянсанаад 458.937 төгрөгийг. хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Баттулгад 6.745.000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч М.С нь насанд хүрээгүй хохирогч Х.Буянсанаад 458.937 төгрөгийг, хохирогч. хохирогчийн хууль ёсны төлөөлөгч. иргэний нэхэмжлэгч Э.Баттулгад 6.745.000 төгрөгийг төлж бүрэн барагдуулсан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн болно.

Шүүгдэгч М.С-н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2-т зааснаар болгоомжгүй үйлдэл. эс үйлдэхүй, мөн зүйлийн 3-т зааснаар ургэлжилсэн нэг гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. 2.2-т заагдсан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарсан, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн" тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 -д зааснаар " хорих ялын дээд хэмжээг гурван  жил хүртэл хун тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж.... эсхүл гурван жил хургэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх...." гэсэн хуулийн шаардлагуудыг хангаж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын хүрээнд мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэснээр М.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. хийсэн хэрэгтээ гэмшиж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж бүрэн барагдуулсан тул 6 сарын хорих ялыг тэнсэн харгалзах ял болгон өөрчилж өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шүүгдэгч 3 настай хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй гэртээ байдаг. Хохирлоо бүрэн төлсөн, гэм буруугаа зөвшөөрч байгаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тул хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Эрхэмбаяр гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэхэд шүүгдэгч хохирлыг барагдуулаагүй байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх М.С-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Шүүгдэгч М.С нь 2018 оны 07 дугаар сарын 12-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдог гэх газарт 04-17 УБН улсын дугаартай “Ниссан Пулсар” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 96-07 УНА улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж  Э.Баттулга, Х.Буянсанаа нарын эрүүл мэндэд хүнд хохирол, М.Еркебуланы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Е.Нагашбайгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Э.Баттулгын эд хөрөнгөнд 6.745.000 төгрөгний, Еркебуланы эд хөрөнгөнд 2.111.000 төгрөгний хохирол тус тус учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

               - шүүгдэгч М.С-н : “...Тэр өдөр хөдөлгөөн ихтэй олон машин зөрж явсан, хурц гэрэлтэй машин гэрлээ шилжүүлэхгүй ирж байхаар нь гэрлээ шилжүүлээд дохьсон, нэг мэдсэн мөргөлдсөн байсан. Осол болохоос 2 цагийн өмнө айраг уусан байсан. Би гэм буруугаа зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-42,109-110 /,

              - хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Баттулгын: “...нэг мэдсэн осол болсон ба мөргөлдөх явцад би сэрсэн. Миний машиныг эхнэр Эрдэнэтуяа жолоодож явсан, эхнэр бид хоёр хамгаалах бүс зүүсэн байсан, хойно сууж явсан хүүхдүүддээ ор засаж өгөөд унтуулаад явж байсан. Би эмчилгээ болон эд хөрөнгийн хохирлоо яаралтай барагдуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-15,17/,

              - насанд хүрээгүй хохирогч Х.Буянсанаагийн: “...би машины хойд сандал дээр айлын хоёр хүүхэдтэй сандлуудыг нь буулгаад ор болгоод хэвтээд явж байсан. Яг осол болох үед юу болсон талаар санахгүй байна. Би жолоочийн эсрэг талын хойд талд унтаж явсан ба миний хэвтэж байсан талаар мөргөсөн, 600-700 мянган төгрөгний эмчилгээ хийлгэсэн, цаашдаа эмчлүүлэх шаардлагатай байгаа”  гэх мэдүүлэг /хх- 22/,

              - хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Еркебуланы:  “...надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийнх, би өөрөө жолооны үнэмлэхгүй болохоор М.С  дүүгээрээ бариулдаг. Манай хүү Е.Нагашбай 3 настай, биеийн байдал хэвийн байгаа.”гэх мэдүүлэг /хх- 25, 29 /,

               - гэрч Р.Эрдэнэтуяагийн: “...би машинаа жолоодоод явж байхад өөдөөс ирж явсан машинууд гэрлээ шилжүүлэхгүй хурц гэрэлтэй машинууд маш их яваад хэцүү байхаар нь би зогсдог юм билүү гэж бодоод хурдаа хасаад явж байтал гэнэт л өөдөөс ирж явсан нэг машин урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн.” /хх-45,50/  гэх мэдүүлэг,

               - гэрч И.Айжулдасын: “...2018 оны 07 сарын 12-ны шөнө Налайх дүүргээс Эрдэнэ сум руу манай нөхөр  дүүгээрээ машинаа бариулаад явж байгаад осолд орсон.” гэх мэдүүлэг /хх-49/, Шүүхийн шинжилгээний албаны №489,490,491 дугаартай  шинжээчийн дүгнэлтүүд /хх-58,64,67/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №7358, 9109, 9108  дугаартай  шинжээчийн дүгнэлтүүд /хх-70,73,81/, Төв аймгийн Замын цагдаагийн тасгийн №00000082 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-85-86/,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-13/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч М.С-н үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлсэн, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцжээ.

 

Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч М.Еркебуланд учруулсан 2111000 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулсан, харин анхан шатны шүүхийн шийдвэрээр төлбөл зохих 6745000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Э.Баттулгад, 460000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч  Х.Буянсанаад  төлсөн ХААН банкны хуулга болон хохирол барагдуулсан /нотариатаар гэрчлүүлсэн/ баримтыг давж заалдах шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга “М.С гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа байдлыг харгалзан  шүүхээс оногдуулсан  хорих ялыг тэнсэж, өөрчилж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч М.С-н үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бодит хохирол төлсөн  хэдий ч хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч хөнгөн зэргийн согтолттой үедээ, эсрэг урсгал сөрж хөдөлгөөнд оролцон автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь түүний гэм бурууд тохирсон байх тул  шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг  хөнгөрүүлж, тэнсэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын “ял хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 12-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын “ял хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч М.С анхан шатны шүүх хуралдаанаас хойш 6745000 төгрөгийг хохирогч Э.Баттулгад, 460000 төгрөгийг хохирогч Х.Буянсанаад тус тус төлсөн болохыг дурьдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧИД                                                       Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                                           Г.БОЛОРМАА