Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2019/ДШМ/10

 

2019 оны 01 сарын 30 өдөр                        

  2019/ДШМ/10                                                              Зуунмод

Р.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Энхболд,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 391 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Р.А-д холбогдох 1834005400377 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Р.А болон түүний өмгөөлөгч Н.Баяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Р.А , 1983 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Баянхонгор аймгийн ....оршин суух хаягтай, урьд нь сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар:В...5.

Шүүгдэгч Р.А нь “Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хиаман цех” гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 21-ний өглөө 04.00-05.00 цагийн орчим 61-51УНС улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 88-17 ТӨА улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж, 61-51 УНС улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан З.Хулангийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Д.Алтангэрэлийн амь насыг хохироосон” гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Р.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 391 дугаар шийтгэх тогтоолоор: 

           Шүүгдэгч Р.А ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Р.А-н жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолж,  

          Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Р.А-н эзэмшлийн Самсунг маркийн 32 инчийн телевизор 1 ширхэг, хятад улсад үйлдвэрлэсэн 2 хаалгатай хөлдөөгч 1 ширхэгийг тус тус битүүмжилсэнийг хүчингүй болгож, шүүгдэгч Р.А-н №240338 дугаарын жолооны үнэмлэх 1 ширхэгийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд үүрэг болгож,

           Шүүгдэгч Р.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Золсайхан нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, иргэний нэхэмжлэгч Х.Баясгалан  нь нэхэмжлэлийн шаардлагаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж миний үйлчлүүлэгч Р.А-д 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэх тогтоол гаргасан. Шүүх Р.А-д оногдуулсан 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй, тэнсэж хянан харгалзах хуулийн үндэслэл хангалттай байхад харгалзаж үзэлгүй ял шийтгэлийг хүндрүүллээ.

Үүнд: Анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэлгүй, Эрүүгийн хуулийн 6.1-р зүйлийн 2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. 6.1-р зүйлийн 3-д заасан эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус шинжгүй байна гэсэн заалтуудыг зөрчсөн.

-Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Р.А-г өмнө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний амь хохирсон хэрэгт ял шийтгүүлж байсан. Энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, гэмшээгүй дахин гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн 6.1-р зүйлийн 4-д заасан эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

 Түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.2-д заасан. Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэснийг тус тус зөрчсөн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5.1-ийн 1, 1.3, 39.6.1.2, 1.4-р заалтууд зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болж байна.

2. Шүүх шийтгэх тогтоолдоо өмнө үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг харуулах хүчин зүйл гэж үзэв гэсэн нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн 6.6-ын аль ч хэсэгт дээр дурьдагдсан үг хэллэг алга байна. Хэрвээ шүүх энэ заалтаа ял шийтгэл хүндрүүлэх нөхцөл гэж үзэж байгаа бол үүнийг нь хууль зөрчсөн заалт /дүгнэлт/ байна гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн шүүхийн тогтоолдоо Эрүүгийн хуулийн  6.6-д заасан ямар нэгэн хүндрүүлэх нөхцөл заагаагүй.

3. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.5.1-ийн 2-д Учруулсан хохирол төлсөн. 6.5-ын 3-д шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэснийг харгалзан үзээгүй.

Үүнд: Хохирогч Алтангэрэл нь шүүгдэгч Р.А-н хадам дүү. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс нэг гэр бүлийн хүмүүс. Мөн Алтанзул нь эхнэр, 6 хүүхэдтэй. Эхнэр нь нойр булчирхайн хорт хавдартай. Мөн ач болон 86 настай эмээгээ асардаг. Хөдөө мал маллаж энэ олон ам бүлийн амьдралыг авч явдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Эрдэнэчимэг шүүх хурал дээр тодорхой хэлсэн ба давж заалдах гомдолдоо энэ талаар бичсэн байна. Хохирогч сэтгэлээсээ хүсч байхад түүнийг хүсэлтийг үл хэрэгсэж, хүндэтгэж явдаг хүнийг хорьсон нь сэтгэл санааны хүнд хямралд оруулж байгааг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол харуулж байна.

Р.А өмнө нь нутгийн хүн машиныг нь гуйгаад байхаар нь жолоогоо шилжүүлсэн. Тэр хүн нь осол гаргасан гэдгээр Р.А шийтгүүлсэн байдаг. Энэ хэргийн хариуцлага дууссан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.1, 6.7-р зүйлийн 1.2-д зааснаар ял оногдуулахгүйгээр, эсхүл оногдуулсан ялыг тэнсэх боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүх Р.А-д 1 жил хорих ял оногдуулж, нийтийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхээс Р. Алтанзулд оногдуулсан 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1.2-д зааснаар тэнсэж хянан харгалзан Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018-12-20 -ны өдрийн 591-р шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Р.А гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие 2018 оны 7 дугаар сарын 21-ний өглөө Төв аймгийн Аргалант сумын газарт явж байтал эсрэг урсгалын замын шороон хөвөөн дээр цэнхэр өнгийн Портер зогсож байсан. Тэгтэл портерын хажуугаар Хово маркийн машин эсрэг урсгалаас орж ирсэн. Би Хово машинтай зөрөх үед манай машин Ховотой шүргэлцэж тэгээд зам тээврийн осол болсон. Ослын улмаас миний хадам дүү Алтангэрэл нас барсан. Би энэ хэрэгтээ маш их харамсаж байна. Надад шүүхээс 1 жилийн хорих ял өгсөн. Миний давж заалдах учир нь би Баянхонгор аймгийн Заг суманд мал малладаг. Манай эхнэр Наранцэцэг нь ходоодны хавдартай, мөн нойр булчирхайтай. Би толгойн өвчинтэй. Мөн би 8 ам бүл тэжээдэг. Миний эмээ 86 настай хөгшин миний хажууд байдаг. Миний амьдралыг харгалзан үзэж миний ялыг хөнгөлж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэг гаргасан давж заалдах гомдолдоо: “ Би одоо 63 настай, Энэ хэргийн хохирогч Алтангэрэл нь миний том хүү юм. Р.А нь миний бага хүргэн. Баянхонгор аймагт эхнэр Наранцэцэг болон өөрийн 5 хүүхэд, 1 ач, 86 настай С.Лхагвасүрэн зэрэг 8 ам бүлийг тэжээдэг юм. Р.А нь санаатайгаар миний хүүгийн амь насыг хохироогоогүй, тохиолдлын чанартай осол болсон. Хүү минь өөрөө Р.А-д жолоогоо шилжүүлсэн. Хово тэрэгний жолооч өөрийнх нь машины зүүн урд талаас мөргөснийг мэдсэн мөртлөө зогсоох арга хэмжээ аваагүй байсан гэдэг нь харагдаж байна. Мөн тухайн үед замын шороон хэсэгт Портер машин байсан гэдгийг гэрч Төрмагнайгийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Энэ бүхнээс үзэхэд ганц Алтанзул буруутай биш. Хово тэрэгний жолоочийн буруу байж болохоор байна. Гэвч энэ бүхнийг дахин шалгаж тогтооход дэндүү оройтсон. Р.А нь тухайн үед өөрийгөө үзүүлэх, эхнэр Наранцэцэгийг нойр булчирхайн хүнд хэлбэрийн өвчтэй гэж Баянхонгор аймагт оношлогдож, 2017 оноос хотод эмчлүүлж дахин эмчилгээнд орохоор явж байсан. Р.А-н  үйлдлээс түүний гэр бүлийн хамгийн ойр дотны гишүүн нь нас барсан. Үүнийг бусдын амь насыг хохироосонтой адилтгаж болохгүй гэж үзэж байна. Би болон миний охин Наранцэцэг бусад ах, дүүс Р.А-н үйлдлийн улмаас учирсан хор уршгийг байхгүй гэж үзэж байна. Харин Р.А хоригдсоноор түүний гэр бүлийн гишүүдийн болон миний охин Наранцэцэг, Р.А-н  өсгөсөн 86 настай эмээ, ээж, аав нь бүгд амьдралын доройтолд орох хүнд нөхцөл байдалд орж хохирч байна. Сэтгэл санааны хувьд ч бүгд хямралтай байгаа. Энэ байдлаас гарах гарга зам бол шүүх оногдуулсан хорих ялыг тэнсэн болгож өгнө үү. Р.А маш их гэмшиж байгаа. Өмнө нь нутгийн хүн машиныг нь гуйж унаад осолд орсны төлөө хүнд машинаа өгсөн гэдгээр шийтгүүлж байсан. Одоо өөрөө тархины хавантай, эмчилгээ хийлгэж байсан. Дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Энхболд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйлгүй байна.  Давж заалдах гомдлыг хүлээн авч хорих ялыг тэнсэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байна.” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх 1 жилийн хорих ял оногдуулсан. Хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдаагүй. Шүүгдэгчийн ар гэрт 6 хүүхэд, өндөр настай эмээ нь үлдэж байгааг харгалзан үзнэ үү. Гэмт хэргийн хор уршиг нь сэтгэл санаатай холбоотой байдаг. Хор уршиг арилсан. Энэ хүн ял аваад явчихвал ард нь бас олон хүмүүс давхар хохирох болчихоод байна. Хэргийн нөхцөл байдлын талаар гомдол гаргаагүй. Энэ хүнийг тэнсээд ард нь байгаа хүмүүст боломж олгож өгнө үү гэж хүсч байна. Эхнэр нь хорт хавдартай. Алтанзул ганцаараа ажил хийж гэр бүлээ авч явдаг. Хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгөөч.” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэг гаргасан тайлбартаа: “Би энэ хоёр хүүхдийн ард нь үлдэж байгаа хүмүүсийг харж үзээд, хүүг минь ялгүй гаргаж өгөөч гэж хүсч байна.” гэв.

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа гаргасан тайлбартаа: “Удаа дараагийн хурлуудад хүргэн Р.А-г  маань тэнсэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байгаа. Нэгэнт хүүгээ алдсан ч гэсэн хүргэнээ шоронд явуулахыг хүсэхгүй байгаа. Хувийн байдлуудыг нь харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой байгаа. Хохирогчийн чин сэтгэлийн үгийг нь хүлээж авалгүй ял шийтгэсэн нь буруу байна. Хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсээд байгааг харгалзан хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгөөч гэж хүсч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Р.А-д холбогдох 1834005400377 дугаартай хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүй бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Р.А нь “Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хиаман цех” гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 21-ний өглөө 04.00-05.00 цагийн орчим 61-51 УНС улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 88-17 ТӨА улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж, 61-51 УНС улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан З.Хулангийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Д.Алтангэрэлийн амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүгдэгч Р.А , амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэг нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Шинэбаяр, Г.Галмандах, Б.Төрмагнай, А.Алтанзул, А.Золсайхан, Д.Наранцэцэг нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний №453, №455, №111 дугаартай дүгнэлтүүд, техникийн шинжээчийн №96 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-20 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-25 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Р.А-д холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Р.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн эсэх нь тодорхойгүй байна. 

Шүүгдэгч Р.А нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэгийн хүргэн бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “гомдолгүй,  нэхэмжлэх зүйлгүй, Р.А-д хорих ял оногдуулбал давхар олон хүмүүс хохирох болоод байгаа тул хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж тэнсэж өгнө үү”гэж байгаа, мөн шүүгдэгч Р.А , шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр нар давж заалдах гомдолдоо дурдсан ” Р.А нь эхнэр, 6 хүүхэдтэй. Эхнэр нь нойр булчирхайн хорт хавдартай. Мөн ач болон 86 настай эмээгээ асардаг. Хөдөө мал маллаж энэ олон ам бүлийн амьдралыг авч явдаг.” гэсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заагаагүй эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал гэж үзэх боломжтой байна.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, түүнчлэн хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэрэгтний хувийн байдал зэрэг онцгой нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж, 3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэж, 4 дүгээр заалтыг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Р.А-н жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.” гэж тус тус өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

- 4 дүгээр заалтад  “4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Р.А-н жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.” гэж тус тус өөрчлөлт оруулж,

- 3 дугаар заалтыг хүчингүй болгон нэмэлт заалтаар “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэж өөрчилсүгэй.  

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А ыг сулласугай.

3. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэг, шүүгдэгч Р.А , шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

             4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.БОЛОРМАА

                   ШҮҮГЧИД                                                                    Т.ЭНХМАА

                                                                                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ