Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2019/ДШМ/11

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 30 өдөр                        

  2019/ДШМ/11                                                              Зуунмод

Н.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор И.Мөнхцэцэг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Чинбат,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 12 сарын 04-ний өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Н.М-д холбогдох 18340004930251 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.М , шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жанилсан, түүний өмгөөлөгч С.Чинбат нарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Н.М , 1965 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамтаар Дархан-Уул аймаг Дархан 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 7 дугаар байр 36 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар:ТЖ65060874.

 

 Шүүгдэгч Н.М  нь Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Сондуул гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр согтуугаар Мицүбүши эл 200 маркийн 84-14 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Мадетын Саулетын амь насыг хохироож, иргэн С.Мөнхдөшийн эд хөрөнгөнд 2.178.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 04-ний өдрийн 355  дугаар шийтгэх тогтоолоор: 

Шүүгдэгч Н.М ыг согтуугаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Н.М ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.М ы жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.М ы №1560746 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч Н.М ы №872699 дугаарын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд үүрэг болгож,

Иргэний 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жанилсанд хохирлын 6.450.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Н.М аас хохирлын 5.341.000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жанилсанд олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жанилсаны өмгөөлөгчийн зардал болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

  Шүүгдэгч Н.М , шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа нар гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс Н.М-д 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих  байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Н.М  нь үйлдсэн гэм хэрэгтээ гэм буруугийн хувьд маргаагүй. Учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хэдийгээр анхан шатанд хохирлын 50 хувийг төлж барагдуулж, одоо нийт хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Н.М  нь ам бүл-2, аав Найдансүрэн нь 1930 онд төрсөн, 89 настай хүн байдаг ба аавыгаа асарч сувилдаг хүн нь юм. Аавын эрүүл мэнд хүнд байдалтай байдаг. Зүрхний судас нарийсалтай, даралт өндөр, нүдний хараа, чихний сонсгол муу байдаг. Байнгын асаргаа, сувилгаанд байх шаардлагатай. Иймд Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 3 жил хорих ял оноосныг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жанилсан, түүний өмгөөлөгч С.Чинбат нар гаргасан давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.04-ны өдрийн №355 шийтгэх тогтоолын 3 дахь заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.Хохирол төлбөрийг талаар- шүүгдэгч Н.М  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жанилсаны мөрдөн байцаалтын шатанд буюу 2018.08.07-ны өдөр гаргаж өгсөн 12.971.000 төгрөгийн баримттай үзэж танилцаад энэ хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрч байна тун удахгүй төлж барагдуулна. Улмаар би Шарын гол руу явж байна очоод уулзана гэж худлаа ярьсаар байгаад нь шүүх хурлын анхны тов гарсан өдөр 5.000.000 төгрөг өгсөн. Дараа нь шүүх хурлыг хойшлуулах хэрэгтэй би тэр хугацаанд үлдэгдэл хохирол төлбөрийг бүрэн барагдуулна гэснийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С Жанилсан, өмгөөлөгч С.Чинбат, бид хоёр хүлээн авч шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа иргэний хариуцагч С.Мөнхдөш нарын шүүх хурал хойшлуулах тухай хүсэлтийг дэмжсэн. Энэ 2 удаагийн шүүх хурал хойшлох 25 хоногийн хугацаанд хохирол бүрэн төлөгдөөгүй.  Шүүгдэгч Н.М  мөрдөн байцаалтын үед ч, шүүх хурал дээр ч 12.971.000 төгрөгийн хохирол төлбөрийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөг. Энэ тал дээр маргадаггүй байхад шүүх санаачилгаараа 1 сая төгрөгийг хасч 5.341.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хүний амь нас хохирсон хор уршгийн шинж чанар хэзээ ч арилахгүй. Тийм ч учраас маш их гомдолтой байна.

2. Шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсгийн дөрөвт- Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт хэсэгтээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг" хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хөнгөн гэмт хэрэг гэнэ." гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна гэж шүүх буруу дүгнэлт хийжээ. Харин энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэрэг бол мөн.

3. Улсын яллагчийн 3 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой, хохирол бүрэн төлөгдөөгүй, төлөгдсөн гэж үзэх боломжгүй, учир нь хүний амь насыг мөнгөөр илэрхийлэх хууль зүйн боломжгүй зэрэг байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг бүрэн дүүрэн дэмжиж байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.04-ны өдрийн №355 шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 3 дахь заалтын "... нээлттэй... " гэснийг хүчингүй болгож, "... хаалттай... " гэж, мөн хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.М аас " ... 6.341.000.. " төгрөг гаргуулж гэж өөрчилж өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор И.Мөнхцэцэг гаргасан тайлбар дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Чинбат гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Н.М-д холбогдох хэргийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүй бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч Н.М  нь Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Сондуул гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр согтуугаар Мицүбүши эл 200 маркийн 84-14 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Мадетын Саулетын амь насыг хохироож, иргэн С.Мөнхдөшийн эд хөрөнгөнд 2.178.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгч Н.М , амь хохирочийн хууль ёсны төлөөлөгч С.Жанилсан, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч С.Мөнхдөш нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч М.Баттүвшин, Х.Жавзанпагма, Б.Байгальмаа, С.Баттулга нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, тухайн ажиллагааны үйл явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 05- 09 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хувцсанд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11, 21-23 талууд/, шинжээчийн №104, №81, №7754 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Н.М-д холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Н.М ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж гарсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.М-д оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний дагуу өмгөөлөгчдөө төлсөн 1.000.000 төгрөг нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтоосон өмгөөллийн үйлчилгээний хөлс бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4  дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй байх тул анхан шатны шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жанилсаны нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал гэх 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Н.М-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудалд хамаарч байгаа, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргаагүй хэдий ч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой, хохирол бүрэн төлөгдөөгүй, төлөгдсөн гэж үзэх боломжгүй, учир нь хохиролд материаллаг, материаллаг бус хохирол аль аль нь хамаарна, мөн хүний амь насыг мөнгөөр илэрхийлэх хууль зүйн боломжгүй зэргийг харгалзан хуульд заасан хорих ялаас доогуур ял оногдуулах боломжгүй” гэж дүгнэснийг  буруутгах үндэслэлгүй байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч Н.М ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг нь “согтуурсан мансуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.” гэж анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.” гэж заасны дагуу хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.

Шүүгдэгч Н.М , шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа нар давж заалдах гомдолдоо ”...нийт хохирлыг бүрэн төлж барагдуулсан.” гэсэн боловч хохирол төлсөн баримтаа давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй тул энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй болно.   

 

Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жанилсан, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Чинбат, шүүгдэгч Н.М , шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.БОЛОРМАА

 

                  ШҮҮГЧИД                                                                       Т.ЭНХМАА

 

                                                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ