Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2938

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: УБ ...ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дагвын Д.Нид холбогдох

Гэрээний үүрэгт 1,186,530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,                                                                                                    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

УБ ...ХХК нь 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд иргэн Дагва Д.Н нь 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн №ТТ-17-007 дугаартай автомашины санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж манай компаний эзэмшлийн тээврийн хэрэгслийг гэрээний дагуу эзэмшиж байсан билээ. Гэрээгээр түрээслэгч автомашиныг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэл автомашин түүний нэмэлт тоноглолд өөрийн өмчийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийх мөн автомашин түүний нэмэлт тоноглолыг түрээслүүлэгчээс түрээслэгчид актаар хүлээлгэн өгөхөөр заасан байна. Дагвын Д.Н нь гэрээнд заасан түрээсийн төлбөрийг төлөөгүйгээс автомашиныг актаар хураан авахад 929,030 төгрөгийн эвдрэл гэмтэл гарсан байсан. Иймд хариуцагчаас иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар түрээсийн төлбөр 41,500 төгрөг засвар хийсэн зардал 929,030 торгууль 216,000 төгрөг нийт 1,186,530 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Дагва овогтой Д.Н нь 2017 оны 01 дүгээр 16-ны өдөр УБ ...ХХК-аас 13-07 номертай машиныг авсан бөгөөд 2017 оны 03 дугаар 21-нд хүртэл 2 сар 5 хоногийн хугацаанд явсан. Тэр хугацаанд би 13 өдрийн орлого тасарсан учир УБ ...ХХК-с утасдаж машин авч ирж хашаанд тавь гэсэн шаардлага тавьсан түүний дагуу хүлээлгэн өгсөн. “Улаанбаатар такси транспорт сервис”  ХХК нь надад машинаа өгөхдөө 4ш машинаас нэгийг нь ав гэсэн тэр дөрвөөс арай км заалт арай бага нь 13-07 номертой машин байсан учир тэр машиныг сонгосон юм. Тус байгууллага хуучин машин хүлээлгэн өгсөн бөгөөд машин нь урдаасаа ороод урд талын хаалганууд, урд шил, радиотор бүгдийг янзлан шинийг тавьсан байсан. Хаалганууд нь хааж онгойхдоо маш хүндэрч суусан байсныг учир мэдэх хүмүүс энэ чинь тийм эвдрэлтэй юм байна гэж байсан тухайн үед.

Надаас илүү оношилдог юм билээ тухайн үед би таних хүнгүй учир уг байдлыг сайн мэдэхгүй улмаас баталгаатай машин, засвар үйлчилгээг нь сайн хийсэн гэсэн үгэнд итгэн авсан. Тэгтэл уг 13-07 машиныг надаас өмнө унаж байсан хүн урдаасаа мөргүүлсэний улмаас 3 жил зогсож байгаад засварт орж гарсан юм билээ. Мөн засвар нь маш муу хийгдсэн энэ тэндээ дутуу боогоогүй боолт их дутуу чангалсан боолт ч их байсан. Тухайн үед надад өгөхдөө энэ тэрэг нь маш их өндөр үнээр засвар хийгдсэн. Одоо толгой өвдөлтгүй 3 жил явна. Оношилгоонд орох шаардлагагүй гэж өгсөн би тэдний үгэнд л итгэсэн. Би машинаа аваад УБ ...ХХК-ийн хашаанаас гараад нэг хүн суулгаад Ботаникийн эцэст буулгаад ахин нэг хүн суулгаж явж байгаад замын гол унтарсан. Тэр үед гэрээ байгуулсан Н.Баярмаа гэж хүн рүү залгаж асуутал хяналтын ажилтан Н.Батмөнхтэй ярь гэсэн тэгээд тэр орой хүн утас өгсөөр 10 гаруй хүн рүү залгаж учир шалтгаан нь олдохгүй тухайн үед хариуцах эзэн олдоогүй. Замын нэг жолооч бензин даачиг нь эвдэрхий юм байна. Бензин хийж үз гээд бензин дууссан байхыг нь мэдсэн. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 20-нд Бригадын машинуудыг оношилгоонд оруулна гэж дуудаж очтол миний машиныг оношлохгүй энэ сая засвараас гарсан тэрэг гээд оношилж өгөөгүй. Тэр өдөрөө бригадын хурал хийсэн боловч хурал дээр нь би энэ машиныг аваад хоёр гурав хонолоо хийх юм байна гээд эвдэрхий зүйлүүдээс нь дурдан хэлсэн. Тухайн үед мэдрэгдэж байсан урд хойд цааф, хойд амартизатор, тулгуур жийрэг резин, тоормос муу барьж байна, бөгсөө хаяад байна, наклад гэх мэт зүйлүүд эвдэрхий байна гэж хэлсэн. Техник хариуцсан инженер Н.Ариунболд гэдэг хүн наад машинд чинь маш их хэмжээний зүйл хийсэн тул өртөг нь их болоод хэцүү байна. Би ямартаа өнөөдрийн дотор бензин даачгийг чинь янзалж өгнө гэсэн. Тэр өдөртөө 3 засварчин гаргаж бүтэн өдөр банкийг нь авч модоор нүдэж жаахан бензин асгаж зутгасаны эцэст янзалж чадаагүй бөгөөд удахгүй аяар янзалж өгнө гэсэн гэвч янзалж өгөөгүй. Тэр машиныг задалж байх үедээ засварчид нь энэ машиныг өмнө нь унаж байсан хүн доогуураа их зохисон янданых нь жийрэгнүүд сэтэрсэн банк нь дотогшоо чихэгдсэн байна гэсэн. Би тэр үед л доод яндан, эд ангиуд хонхосныг мэдсэн. Тухайн инженерээс машинаа задлуулсан өдрийн орлого яах вэ гэсэн чинь тэр яахав өнөөдрийг хасна гэсэн боловч хасаагүй одоог хүртэл надад өр болоод явж байна. Уг машинаа надад өгөхдөө нарийн оношилж өгөөгүй бөгөөд дараа нь авахдаа намайг үүдэнд сууж бай гэчихээд дотогшоо оруулаад яаман дээр өргөж нарийн шалгаж авч байсан. Би үүдний өрөөнөөс камерт хараад сууж байсан. Машин хүлээж авсан залуу надад хэлэхдээ ойр зуур резин, жийрэг солих зүйл байна гэж хэлсэн. Тэр үед өөр том эвдрэл алга гэсэн гол нь гадна кубер, керлон засах шаардлагатай гэж байсан.

Мөн энэ засвар хийхэд гадуур вьетнам засварууд 60000 төгрөгөөр янзалж өгнө гэсэн. Тэгтэл УБТТС ХХК нь өөрсдөө хийнэ гэдэг юм билээ. Тухайн үед МИГ даатгалаас 120000 төгрөг УБТСС ХХК-ийн  дансанд орсон юм. Энэ мөнгийг машины засварт орно гээд надад өгөөгүй гэтэл УБТТС ХХК машины гадна засварт 140000 төгрөг надаас нэхэмжилсэн байна. Энэ МИГ даатгалын 120000 төгрөг хаачив. Би бодохдоо энэ мөнгийг энэ засварт орно гэж бодож байна. Уг машиныг 2017.02.01 нд кино үйлдвэрийн урд 7,8 дугаар заалт зөрчин 44-00 машинтай шүргэлцэн хохирол учруулсан юм. Миний хувьд тухайн хохирол учруулсан машины засварт 200000 төгрөг, торгуульд 250000 төгрөг төлсөн. Мөн энэ машинтай явах үедээ SAMSUNG S5  утсаа машинаасаа дээрэмдүүлсэн тухайн үеийн баримт болох зурагнууд алга болсон. Энэ мэтчилэн тухай машинаа авч ирж тавь гэсэн үед нь өгсөн юм. Миний утас ажилласаар байтал надтай холбоо барилгүй шүүхэд өгдөг нь ямар учир вэ? Би ойлгохүй юм. Мөн намайг хөдөө явж байхад манай том хүүхэд 4 дүгээр сард аав таны унаж байсан 13-07 машиныг хүн унаад таксинд явж байна гэсэн. Би тэр үед нь энэ машиныг хүнд өгчихөөд намайг дуудахгүй байгаа юм байна гэж бодсон. Надаас машин авахдаа тэгж байгаад ярья гэсэн өөр зүйл хэлээгүй ингээд 6 дугаар сард би хотод ирээд автобусанд явж байхад 13-07 хажуугаар хүн аваад явж байсан тэр үед нь араас нь хартал надад байхдаа бөгс нь савлаж явдаг байсан мөн адил хэвээр л байсан.

Би тухайн үед над шиг нэг эр хулхидуулж дээ л гэж бодож явсан. Ингээд энэ машин өөр хүнд шилжсэн байна надад ямар ч хамааралгүй гэж бодсон. Надад ирэхдээ урд хойд цааф, дугуйнууд сэнстэй, доогуураа газар их цохиж цөмөрч хонхойж чихэгдсэн, яндан нь цоорч, жийрэг резинууд сэтэрсэн наклад элэгдсэн дууссан, гэрэл дохио нь шатсан, хойд амартизатор нь ажилладаггүй, хөгжим шалавч резин байхгүй дутуу бөгөөд эвдэрхий зүйл ихтэй байсан. Энэ байдлыг нь хурал дээр хэлсэн бөгөөд байнга засварчингуудаас машинаа янзлуулъя гэж байсан. Нэг удаа засварчин Сампил гэгч нөхөрт хэлэхэд та ямар ядаргаатай үглээ юм бэ наад машин чинь арга байхгүй шүү дээ гурван жил нар салхинд хэвтсэн юм чинь мараалын элэгдэлд орж элэгдэж муудсан зүйл зөндөө байгаа гэдэг юм билээ. Би бодохдоо олон жил зогсоод бүх юм нь муудсан нь үнэн байх гэж бодсон тэгээд урд шилний жийргэвч резин нь байхгүй асуухад нэг нь аваад яваа биз гэдэг юм билээ. Энэ машин тавиастай удсан учир жаахан явахад бүх юм нь сэтэрсэн байж мэднэ. Мөн би энэ машины урд накладыг 40000-аар сольж 47000-аар тос масло, шүүр, агаар шүүгчийг нь 4500 км явж сольсон өөр зүйл хийгээгүй. Би орлогын дутуу 41500 төгрөг, гадна засварын 140000 өөс 120000 төгрөгийг нь МИГ даатгалаас УБТТС ХХК-ийн дансанд орсон мөнгийг хасаж үлдэгдэл 20000 төгрөг нийт 61500 төгрөгнөөс өөр мөнгө төлөхгүй. Наад засваруудыг би хүлээн зөвшөөрөхгүй яагаад гэвэл энэ машин маань өндөр үнэтэй бөгөөд гурван жил хийх юмгүй гэчихээд хоёрхон сар явахад эвдэрдэг юм гэж юу байхав. Мөн би орлогоо гүйцэд өгсөн учир тэр мөнгөөр хийх зүйл байвал хийнэ биз яагаад 2 сарын баталгаа тухайн үед өгч болдоггүй юм. Мөн энэ машинд дотор суух буюу барьж явах үед мэдэгдэхүйц эвдрэлүүд их байсан энэ байдлыг авснаасаа хойш өгөн өгтлөө хэлж байсаар байгаад л өгсөн УБТТС ХХК-иас намайг машин авсан өдөр надаас гадна 2 хүн машин авсан бөгөөд нөгөө 2 маань мөн адил эвдрээд болохгүй надаас өмнө өгөөд гарсан энэ ХХК нь амьдрах гэж зүтгэж байгаа олон хүмүүсийг ингэж хохироож баймааргүй юм. Би одоо хийсэн ажилгүй ойр зуур хүн ард олонд тусалж өдөр тутмын талхны мөнгөө олж амьдарч байна. Тийм учир тэр өр торгууль төлөх боломжгүй байна. Ийм учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч УБ ...ХХК нь хариуцагч Д.Нид холбогдуулан 1,186,530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зохигчдын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулж, нэг талаас такси үйлчилгээ эрхлэх зориулалтын дагуу тээврийн хэрэгсэлийг ашиглуулахаар түрээслэгчийн эзэмшилд тодорхой хугацаагаар шилжүүлэх, улмаар өмчлөлд нь шилжүүлэх, түрээсийн төлбөрийг гэрээнд зааснаар төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгээр байгуулсан гэрээгээр тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 5-7 дугаар тал/

Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга зорилго, гэрээнд хүсэл зоригоо илэрхийлсэн байдал, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт зааснаар “санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулагдсан байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгч талын санаачилгаар 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөр гэрээг тасалбар болгон  цуцалсан байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч нь түрээсийн үлдэгдэл төлбөр 41,500 төгрөг, тээврийн хэрэгсэл доголдолгүй хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй улмаас засвар хийсэн зардал 929,030 төгрөг, зөрчилд ноогдуулсан торгууль 216,000 төгрөг нийт 1,186,530 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 41,500 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1-д зааснаар санхүүгийн түрээсийн гэрээний харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж зохицуулсан бөгөөд мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т хөлслөгч нь “хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх” үүргийг хүлээнэ гэж заасан.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр ямар тохиолдолд ердийн элэгдэлээс илүү муутгасан гэж үзэх талаар хэлэлцэн тохиролцоогүй, уг гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-т “... автомашин болон нэмэлт тоноглолыг түрээслүүлэгчээс түрээслэгчийн эзэмшилд актаар шилжүүлэн өгнө”, ... актаар хүлээлгэн өгснөөс хойш гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцлах нөхцөлд автомашин түүний нэмэлт тоноглолыг анх хүлээн авсан чанар /биет байдлын доголдолгүй болон эрхийн зөрчилгүй/-гээр түрээслүүлэгчид хүлээлгэн өгөх нь түрээслэгчийн энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэг байна” гэж тохиролцжээ.

Уг тохиролцоог Иргэний хуулийн 198 дүгээр зүйлийн 198.1 дэх хэсэгт журмаар тодорхойлоход гэрээнд оролцогч талуудын хүсэл зориг нь ашиглах боломжтой хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй байхаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн агуулгаар тайлбарлагдахаар байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчид эд хөрөнгийг анх хүлээлгэн өгсөн чанар байдлаас дордуулсан, ердийн элэгдэл хорогдлоос муутгасан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан автомашиныг сэргээн засварлахтай холбоотой “Монгол Хьюндай Автоматив” ХХК-ийн засвар үйлчилгээний хуудас, бараа матералын зарлагын баримт, бэлэн мөнгөний зарлагын баримт зэргээр хариуцагч анх хүлээлгэн өгсөн автомашиныг ийнхүү муутгасан гэдгийг шууд нотлохгүй, уг баримтыг эргэлзээгүй үнэн зөв гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /х.х-ийн 14-22, 41-44 дүгээр тал/

Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-д “үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй” гэж зохицуулснаар хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон “Замын хөдөлгөөны аюулгүй байдалтай холбоотой зөрчилд бэлэн бус торгууль ногдуулах журам”-д  зааснаар тээврийн хэрэгсэлийг эзэмшигчид хүлээлгэсэн хариуцлагыг тухайн этгээд өөр хэн нэгэн этгээдэд шилжүүлэх, түүнээс шилжүүлэн шаардах хууль зүйн үндэслэлгүй тул зөрчилд ногдуулсан торгууль 216,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Д.Ноос 41,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УБ ...ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,145,030 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 312.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Ноос 41,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УБ ...ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,145,030 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч УБ ...ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,026 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ноос 4550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч УБ ...ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ЭНХЖАРГАЛ