Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/02350

 

“УБТТС-” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/02938 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “УБТТС-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Н-ид холбогдох

           

Түрээсийн төлбөр, хохиролд нийт 1 186 530 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “УБТТС-” ХХК нь 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд иргэн Д.Н-той 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр №ТТ-17-007 дугаартай автомашины санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан. Гэрээгээр түрээслэгч автомашиныг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэл автомашин түүний нэмэлт тоноглолд өөрийн өмчийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийх мөн автомашин түүний нэмэлт тоноглолыг түрээслүүлэгчээс түрээслэгчид актаар хүлээлгэн өгөхөөр заасан. Д.Н- түрээсийн төлбөр төлөөгүйгээс автомашиныг актаар хураан авахад 929 030 төгрөгийн эвдрэл гэмтэл гарсан байсан. Иймд түрээсийн төлбөр 41 500 төгрөг, засвар хийсэн зардал 929 030 төгрөг, торгууль 216 000 төгрөг нийт 1 186 530 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “УБТТС-” ХХК-иас 13-07 дугаартай автомашиныг 2017 оны 1 сарын 16-ны өдөр түрээсээр авсан бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 2 сар 5 хоногийн хугацаанд ашигласан. Дээрх хугацаанд 13 өдрийн орлого тасарсан учир “УБТТС-” ХХК-иас утасдаж машин авч ирж хашаанд тавь гэж  шаардсаны дагуу хүлээлгэн өгсөн. Анх арай км заалт багатай 13-07 дугаартай машин сонгосон ч машин нь урдаасаа ороод урд талын хаалганууд, урд шил, радиотор бүгдийг янзлан шинийг тавьсан байсан. Уг 13-07 машиныг надаас өмнө унаж байсан хүн урдаасаа мөргүүлсний улмаас 3 жил зогсож байгаад засварт орж гарсан юм билээ.

Мөн засвар нь маш муу хийгдсэн, машинаа аваад “УБТТС-” ХХК-ийн хашаанаас гараад нэг хүн суулгаад Ботаникийн эцэст буулгаад ахин нэг хүн суулгаж явж байгаад замын гол унтарсан. Бригадын машинуудыг оношилгоонд оруулна гэж дуудаж очтол миний машиныг оношлохгүй энэ сая засвараас гарсан тэрэг гээд оношилж өгөөгүй. Тухайн үед мэдрэгдэж байсан урд хойд цааф, хойд амартизатор, тулгуур жийрэг резин, тоормос муу барьж байна, бөгсөө хаяад байна, наклад гэх мэт зүйлүүд эвдэрхий байна гэж хэлсэн. Мөн доод яндан, эд ангиуд хонхойсныг мэдсэн. Тухайн засвар хийсэн  өдрийн орлого яах вэ гэсэн чинь тэр яахав өнөөдрийг хасна гэсэн боловч хасаагүй одоог хүртэл надад өр болоод явж байна. Машиныг хүлээлгэж өгөх үед шалгаж авч байсан. Машин хүлээж авсан залуу надад хэлэхдээ ойр зуур резин, жийрэг солих зүйл байна гэж хэлсэн. Тэр үед өөр том эвдрэл алга гэсэн гол нь гадна кубер, керлон засах шаардлагатай гэж байсан. Тухайн үед МИГ даатгалаас 120 000 төгрөг “УБТТС-” ХХК-ийн дансанд орсон. Энэ мөнгийг машины засварт орно гээд надад өгөөгүй гэтэл засварт 140 000 төгрөг надаас нэхэмжилсэн байна. Энэ МИГ даатгалын 120 000 төгрөг яасан нь тодорхойгүй, би энэ мөнгийг засварт орно гэж бодож байна. Мөн  манай том хүүхэд 4 дүгээр сард аав таны унаж байсан 13-07 машиныг хүн унаад таксинд явж байна гэсэн. Би тэр үед нь энэ машиныг хүнд өгчихөөд намайг дуудахгүй байгаа юм байна гэж бодсон. Надаас машин авахдаа тэгж байгаад ярья гэсэн өөр зүйл хэлээгүй ингээд 6 дугаар сард би хотод ирээд автобусанд явж байхад 13-07 хажуугаар хүн аваад явж байсан тэр үед нь араас нь хартал надад байхдаа бөгс нь савлаж явдаг байсан мөн адил хэвээр л байсан.

Мөн би энэ машины урд накладыг 40 000 төгрөгөөр сольж 47 000 төгрөгөөр тос масло, шүүр, агаар шүүгчийг нь 4500 км явж сольсон өөр зүйл хийгээгүй. Би орлогын дутуу 41 500 төгрөг, гадна засварын 140 000 төгрөгөөс 120 000 төгрөгийг нь МИГ даатгалаас нэхэмжлэгчийн дансанд орсон мөнгийг хасч үлдэгдэл 20 000 төгрөг нийт 61 500 төгрөгөөс өөр мөнгө төлөхгүй. Наад засваруудыг би хүлээн зөвшөөрөхгүй яагаад гэвэл энэ машин маань өндөр үнэтэй бөгөөд гурван жил хийх юмгүй гэчихээд хоёрхон сар явахад эвдэрсэн. Би орлогоо гүйцэд өгсөн.Торгууль төлөх боломжгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 312.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Н-оос 41 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “УБТТС-” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 145 030 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.2, 60 60.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “УБТТС-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 026 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-оос 4 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “УБТТС-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.1-д автомашины нэмэлт тоноглолыг түрээслэгчид актаар өгөх гэрээг цуцлах нөхцөлд анх хүлээн авсан чанар байдлын эрхийн зөрчилгүй өгөхөөр заасан. Автомашиныг акт үйлдэн биет байдлын доголдолгүй хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдсан байдаг. Хүлээн авах үед гадна биет байдлын болон эд ангийн оношлогоонд оруулан хариуцагчид гарын үсэг зуруулсан. Гэрээнд эвдрэл гэмтлийг хариуцагч хүлээхээр тохирсон. Засвар үйлчилгээ хийсэн баримт хэрэгт авагдсан хариуцагчийн зүгээс дээрх нотлох баримтыг няцааж буй үндэслэлээ нотлоогүй юм. Иймд 929 030 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч УБТТС- ХХК нь хариуцагч Д.Н-оос түрээсийн төлбөрт 41 500 төгрөг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс автомашинд эвдрэл гэмтэл учруулсны засварын зардалд 929 030 төгрөг, торгуульд 216 000 төгрөг нийт 1 186 530 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “..,түрээсийн зүйлийг анх хүлээлгэж өгөхдөө нэхэмжлэгч гэмтэлтэй  өгсөн. Түрээсийн гэрээ цуцлагдаж автомашиныг буцаан түрээслүүлэгчид актаар өгөх үед ноцтой гэмтэл гараагүй” гэж маргажээ.

 

Зохигчид 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 13-07 УНМ дугаартай автомашины санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулсан. Гэрээгээр түрээслүүлэгч нь 33 сарын хугацаагаар 13-07 УНМ дугаартай автомашиныг Д.Н-ийн ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь сар тутам түрээсийн төлбөрт 550 000 төгрөгийг төлөхөөр үүрэг хүлээсэн. Талууд гэрээний нийт үнийг тодорхойлсон, гэрээний хугацаа дуусахад гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн түрээслэгч автомашины өмчлөх эрхийг олж авахаар заасан зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дах хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, энэ талаар талууд маргаагүй.

Түрээслэгч 13 хоногийн орлого тасалдуулсан гэх шалтгаанаар гэрээ хугацаанаас өмнө цуцлагдаж, автомашиныг 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр түрээслүүлэгч буцаан авсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй байна.

 

Анх автомашиныг түрээслэгчийн ашиглалтад хүлээлгэн өгсөн акт хэргийн 8 дугаар талд, буцаан хүлээн авсан акт, эвдрэл гэмтлийн талаарх тэмдэглэл хэргийн 9, 10 дугаар талд тус тус авагджээ.

 

Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1, 289 дүгээр зүйлийн 289.1.4, 289.1.5-д  зааснаар хөлслөгч эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх, гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй. Автомашиныг буцаан хүлээлгэн өгөх үед үйлдсэн дээрх актаас үзэхэд аль эвдрэл гэмтэл нь ердийн элэгдэлд хамаарах, аль нь ердийн элэгдлээс илүүтэй муутгасан, тухайн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, зайлшгүй засварлах гэмтэл болохыг ялгаж заагласан зүйлгүй. Харин урд гупер засах, будах 150 000 төгрөг, баруун урд крыло засах, будах 150 000 төгрөг гэж тэмдэглээд уг эвдрэлүүд нь их биений гадна сэв болохыг тогтоож талууд гарын үсгээ зуржээ. /хх-ийн 8-10/

 

Түрээсийн зүйлийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулаагүй, их биений сэвийг өөрийн буруугаас үүсгээгүй гэх нотлох баримтыг хариуцагч гаргаагүй болно. Хэргийн 14 дүгээр талд 13-07 УНМ дугаартай автомашины баруун урд крыло, урд гупер тус тус 112 000 төгрөгөөр засварлагдсан тухай баримт авагдсан байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь гэрээний 4.12, Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-д заасантай нийцнэ.

 

Харин гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгч нь торгууль шаардах эрхгүй юм. Бусад гэмтэл, засварын зардлын тухайд ердийн элэгдлээс илүүтэйгээр муутгасан, эвдсэн гэмтээсэн хохирол гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Дээрх машины их биед үүссэн сэв гэмтэл нь түрээслэгчид автомашиныг анх хүлээлгэн өгөх үед байхгүй байсан нь хэргийн 8 дугаар хуудасны актаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дүгээр зүйлд зааснаар дутуу төлөгдсөн түрээсийн төлбөр 41 500 төгрөг, мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-д зааснаар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохиролд 112 000 төгрөг гаргуулж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 312.1” гэж техникийн алдаа гаргасан, мөн торгууль хэрэгсэхгүй болгохдоо хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүйг залруулах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж, улсын тэмдэгтийн хураамжийн заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/02938 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “318“ гэснийг “312” гэж, “Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3, 232 дугаар зүйлийн 232.5” гэж нэмж, “41 500” гэснийг “153 500” гэж, “1 145 030” гэснийг “1 033 030” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтын “4 550” гэснийг “5 255 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “УБТТС-” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                                      Б.НАРМАНДАХ

                                                                       Ш.ОЮУНХАНД