Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 3090

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Пүрэвдоржийн Сийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн ....цэцэрлэгт холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.С, түүний өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                  

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

П.С миний бие 2016 оны 01 сарын 02-ны өдөр ....цэцэрлэгт сав угаагчаар ажилд орсон. Анх ажилд ороход ажил олгогчийн зүгээс 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд 2017 оны 05 сарын 31-нд гэрээний хугацаа дууссан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөндөө гомдолтой байна. Учир нь миний бие 5 сарын хугацаанд ажиллахдаа ямар нэгэн ажлын алдаа дутагдал, зөрчил гаргаж байгууллага болон эрхлэгчид хохирол учруулсан зүйл огт байхгүй ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан бөгөөд ямар нэгэн шалтгаангүйгээр ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна. Миний зүгээс тус эрхлэгч нь шийдвэр гаргахдаа “Ажил олгогч нь ажилтныг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг заавал үндэслэл болгоно” гэсэн Улсын дээд шүүхийн тайлбарыг зөрчиж ажлаас халснаас гадна бид анх ажилд орохдоо эрхлэгчийн гар дээр баярласнаа илэрхийлж менгө өгөөгүйгээс болсон гэж үзэж байгаа. Учир нь эрхлэгч Л.Алтанцэцэг нь ажилд авсан хүмүүсээс тодорхой хэмжээний мөнгө болон бусад бэлэг сэлт өгсөн хүмүүсийг бүгдийг нь авч үлдээд амьдралын хүнд хэцүүгээс гарыг нь цайлгаж чадаагүй нийт 7 хүний гэрээг сунгахгүй гэж халж ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан. П.С миний бие шүүхэд сав угаагчийн ажилд эгүүлэн томилох болон бусад шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд сав угаагчийн орон тоо байхгүй гал тогооны туслах ажилтан, үйлчлэгч гэх мэт миний хийж чадах ажил байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, адил чанарын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай болгож өөрчилж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ....цэцэрлэг эс зөвшөөрдөг. 2016 оны 11 сард Хууль сахиулах их сургууль өөрийн байраа тохижуулан гаргаж өгч, тус байрандаа өөрсдийн ажилчдын хүүхдүүдийг цэцэрлэгт авах боломжтой болсон. ....цэцэрлэгийг байгууллагын ажилчдын хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулж өгнө үү гэх хүсэлтийн дагуу 2016 оны 11 дүгээр сард 32-р цэцэрлэг бүтэц орон тоондоо өөрчлөлт оруулах талаар Баянзүрх дүүргийн Боловсролын газар саналаа илгээсэн. Шинэ байранд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж, 12 албан хаагчтай, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Төсөв болон орон тооноос гадуур хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах болсон учраас хөдөлмөрийн дотоод журамдаа өөрчлөлт оруулж, албан хаагчиддаа танилцуулж, гарын үсэг зуруулсан байдаг. Шинэ 12 ажилтандаа бүгдэд нь энэ тухай мэдэгдсэн. Төсөв, орон тоо батлагдаж, ирээгүй. Хууль сахиулах их сургууль буюу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эдгээр ажилчдыг цалинжуулах учраас түр орон тоонд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллуулсан. Ажлын байранд тавигдах шаардлага, боловсролын шаардлага хангахгүй байсан учраас П.Стэй 2 сарын хугацаатай гэрээ анх байгуулсан гэж тайлбарладаг. Дараа нь байгууллагын бүтэц орон тоо батлагдаж ирээгүй ч хийж байсан ажилдаа идэвх зүтгэлтэй байсан учраас П.Сийг орон тоог батлагдаж иртэл буюу гэрээг нь 6 сарын хугацаагаар сунгасан байдаг. 2016 оноос 2017 оны хичээлийн жил дуусаж, хөдөлмөрийн гэрээ нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байдаг. Хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан учраас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Баянзүрх дүүргийн 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн захирамжаар байгууллагын бүтэц орон тоо батлагдан ирэхдээ сав угаагчийн орон тоо огт байхгүй болж, сав угаагчийн гүйцэтгэж байсан чиг үүргийг бүлгийн туслах багшийн үүрэгт шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл анги танхимд хэрэглэсэн аяга тавгийг бүлгийн туслах багш нар  угааж цэвэрлэнэ гэж чиг үүргийг нь шилжүүлж, сав угаагчийн орон тоог байхгүй болгож хассан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сав угаагчийн орон тооны оронд гал тогооны туслах гэх орон тоо батлагдаж ирсэн байх тул нэхэмжлэгчийг тухайн орон тоонд томилуулах талаар ярьж байна. Гэвч гал тогооны бэлтгэгч, туслах гэх орон тоо нь тогооч болон бэлтгэгчийн мэргэшил, мэдлэгтэй хүн бүх байх шаардлага тавигдсан учраас П.Сийг цааш нь үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаагаар тооцвол хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дуусах ёстой гэж ярьж байна. Гэтэл хичээлийн жилийн хугацаа 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдөр дуусгавар болж байгаа, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр, 2017 оны 6 дугаар сарын 02-ноос цэцэрлэгийн багш ажилчдын амралттай холбоотой асуудал гарч ирж байгаа учраас энэ өдөр чөлөөлөх боломж байгаагүй. 2017 оны 5 дугаар сарын 31-нээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.С нь хариуцагч Баянзүрх дүүргийн ....цэцэрлэгт холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, зохих бичилт хийлгэхийг даалгах тухай гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалыг хууль зөрчөөгүй, харилцан тохиролцож, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хугацаатай гэрээ байгуулж хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учир ажлаас чөлөөлсөнийг хууль зөрчөөгүй гэж маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн ....цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн Б/30 дугаартай “П.Стэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалыг ажил олгогчоос хүлээн авч, хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлын шаардлагаа гаргасан байна.

Ажил олгогч Баянзүрх дүүргийн ....цэцэрлэгчийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар П.Сийг тус цэцэрлэгт сав угаагчийн ажил албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь ажилд авах тухай тушаал, сав угаагчийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, ажилтаны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байхаас гадна талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй. /х.х-ийн 7, 35, 37-39 дугаар тал/

Баянзүрх дүүргийн ....цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, Байгууллагын дотоод журмын 8.8 дахь заалтуудыг үндэслэн П.Стэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 5 сарын 31-ны өдрөөр дуусгавар болгосон байна. /х.х-ийн 36 дугаар тал/

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно” гэж заасныг үндэслэж хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 23.2.3-т “...шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болохоор зохицуулсан.

Ажил олгогч Баянзүрх дүүргийн ....цэцэрлэгчийн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн А/21 тоот тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 13.3 дахь хэсэг, 2017 оны 3 сарын 17-ны өдрийн А/11 тоот тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын  8.8 дахь хэсэгт “шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай 6 сараас илүүгүй хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллана” гэж зааснаас үзэхэд хариуцагч хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчын Б/30 дугаар тушаалыг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох үндэслэлүүдийг тодорхойлсон бөгөөд ийнхүү хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоход мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах хуулийн зохицуулалт хамаарахгүй.

Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажилд томилуулах тухай гомдлын шаардлагыг гаргасан бөгөөд уг шаардлагын үндэслэлээ “... сав угаагчийн орон тоо хасагдаж шинэ бүтцээр миний өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын гал тогооны туслах ажилтаны орон тоонд томилуулах” гэж тодорхойлсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “ажилтаны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” талаарх зохицуулалт зөвхөн энэ зүйлийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан ажилтаныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авах ажил олгогчийн үүрэгтэй холбоотой юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ тухайн орон тоо цомхотгогдсоноос болж биелүүлж чадахгүй тохиолдолыг зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл энэхүү маргааны тухайд ажил олгогчид тухайн үүрэг хуулиар үүсээгүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан зохицуулалтаас үзэхэд ажил олгогчийн санаачилгаар ажлаас үндэслэлгүй халсан тухай гомдлыг шүүх хянан шийдвэрлэж, тухайн ажлаас ажилтныг халсан үйл баримт үндэслэлтэй эсэхийг тогтоож, уг ажил албан тушаалд эгүүлэн тогтоох эсэхийг хянан шийдвэрлэх үүрэгтэй, харин ажлаас чөлөөлөгдсөн ажилтныг өөр ажил албан тушаалд томилох эсэх нь ажил олгогч, ажилтны харилцан тохиролцох бүрэн эрхийн асуудал тул ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөний эрх зүйн үр дагаварыг шинэ ажилд авах үйл ажиллагаанаас ялгаж ойлгох учиртай.

Иймд нэхэмжлэгч П.Сийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, зохих бичилт хийлгэхийг даалгах тухай хариуцагч Баянзүрх дүүргийн ....цэцэрлэгт холбогдох гомдлын шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч П.Сийн ....цэцэрлэгт холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, зохих бичилт хийлгэхийг даалгах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.С нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ЭНХЖАРГАЛ