Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2019/0050/З |
Дугаар | 128/ШШ2019/0557 |
Огноо | 2019-09-10 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2019/0557
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т” ХХК.
Хариуцагч: НЗД, НГЗБА
Гуравдагч этгээд: “Э” ХХК.
Нэхэмжлэлийн шаардлага: “Мэдээллийн сангаас кадастрын нэгж талбар устгасан Нийслэлийн газрын албаны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-06/6036 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, Газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/188 дугаар тушаалаар батлагдсан Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах журмын 8.4-д “Нэгж талбарт өөрчлөлт болон шинэчлэлт хийх тохиолдолд кадастрын хэмжилт, зураглалын ажил хийхгүйгээр мэдээллийн санд өөрчлөлт хийхийг хориглоно”, 8.5-д “Эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр мэдээллийн санд нэгж талбарын мэдээллийг засварлахыг хориглоно", 8.11 -д “Мэдээллийн санд баталгаажсан нэгж талбарын мэдээллийг устгахыг хориглоно”, 10.5-д “Мэдээллийн санд тухайн орон нутгийн Засаг даргын шийдвэргүйгээр өөрчлөлт хийх, шинээр нэгж талбар нэмсэн болон бүртгэж баталгаажуулсан нь тогтоогдсон бол холбогдох хууль тогтоомжийг үндэслэн ажлаас чөлөөлж мэдээллийн санд хандах эрхийг нь хаана” гэж тус тус хуульчилжээ.
Гэтэл манай газрын 18643312317096 нэгж талбарыг Газрын кадастрын мэдээллийн санд 2006 оны 09 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд 24.1 м. кв талбайгаар РД-ЮД48110919 регистрээр газрын албаны мэдээллийн санд бүртгүүлсэн байсныг Сүхбаатар дүүргийн Газрын албаны 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 122 дугаартай албан бичгийн дагуу Нийслэлийн Газрын алба мэдээллийн сангаас хууль бусаар устгасныг мэдлээ.
Ингэж устгахдаа дээрх журамд заасан кадастрын хэмжилт, зураглалын ажил хийхгүйгээр,эрх бүхий этгээд болох Засаг даргын шийдвэргүйгээр, журмын заалтуудыг зөрчиж хөрш зэргэлдээ Эх булаг ХХК-ийн хүсэлтээр манай газрын нэгж талбарын дугаарыг хууль бусаар мэдээллийн сангаас устгасан байна.
Энэхүү газрыг “Т” ХХК-ийн захирал Л.И миний бие Л Ф Г, Л Ж Я нарын өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулсан гутал засварын газрыг 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Худалдах худалдан авах гэрээгээр худалдан авсан билээ Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ”, мөн Иргэний хуулийн 113.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр тус барилгын өмчлөх эрх манай компанид шилжин ирсэн билээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах журмын 8.4, 8.5, 8.11, 10.5 дахь заалтуудыг зөрчиж мэдээллийн сангаас кадастрын нэгж талбар устгасан Нийслэлийн Газрын албаны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Т” ХХК нь Л Ф Г, Л Ж Я нарын 1991 оноос хойш өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулсан гутал засварын газрыг 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Худалдах худалдан авах гэрээгээр худалдан авсан билээ.
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д Газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх зарчмыг баримталж, Иргэний 5 хуулийн 113.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр тус барилгын өмчлөх эрх манай ХХК-д шилжин ирсэн байдлыг харгалзан үзэж уг байшингийн суурийн 24.м.кв газар эзэмших эрхийг “Т” ХХК-д олгохыг хүсэж Нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргасан боловч хариуг өгөхгүй удтал буюу 3 сар хүлээлгэсний эцэст Нийслэлийн Газрын албанаас “Мэдэгдэл хүргүүлэх тухай" 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-06/6036 дугаартай албан бичгээр хариу ирүүлснийг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна.
Уг мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт “Танай компаниас тус албанд хандаж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24м.кв газар эзэмших эрх хүсч ирүүлсэн хүсэлтийн дагуу судалж, тус албаны дэргэдэх Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд тус хурлаас Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг зөрчсөн, нийтийн эзэмшлийн, явган хүний зам хааж, зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өргөдөл барьсан байх тул эс зөвшөөрсөн тухай дүгнэлт гарсан. Иймд дээрх зөрчлөө арилгаж газар чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг хариуцах бөгөөд газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээг авах болохыг мэдэгдье” гэжээ.
1.Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг зөрчсөн гэх тухайд: Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглох”, Барилгын тухай хуулийн 2008 оны 26 дугаар зүйлийн 26.1-д “Барилгын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол... барилгын техникийн хяналтын улсын байцаагч дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заажээ. Гэтэл байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийгээгүй, 1989 оноос хойш байсан барилга тул энэхүү татгалзал нь хууль бус байна. Зөвхөн байгууламжийг засаж тохижуулан цайны газар болгосон болно.
2.Нийтийн эзэмшлийн зам талбай гэх тухайд: “Газрын хуулийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна” гэж заажээ.
Гэтэл уг газар нь гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай ороогүй байхад энэ үндэслэлээр татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2.Явган хүний зам хаасан гэх тухайд: “Газар эзэмших эрх хүссэн 24.1 м. кв талбай нь явган хүний зам хаагаагүй бөгөөд энэхүү газар нь Газрын тухай хууль тогтоомж батлагдахаас өмнө Хүнсний 4-р дэлгүүрийн дэргэдэх гутал засварын цэгийн ажилчин Л Ф Г Ж Я нар тус комбинатын харьяа байхдаа 1989 оны 05 дугаар сард тус цэгийн байрыг материалаар өөрсдөө бие даан барьсан Уг байр нь 4-р дэлгүүрийн дансанд тусгагдаагүй талаарх тодорхойлолт байдаг. Гэтэл 1989 оноос хойш гутал засварын цэг байрлаж байгаад сүүлд манай компани худалдаж авснаас хойш цайны газар болгон засаж тохижуулсан тул явган хүний зам хэмээн газар олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.
3. Зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өргөдөл барьсан гэх тухайд: Өргөтгөл барьж хууль зөрчсөн болохыг тогтоож, буулгах талаар зохих байгууллагын дүгнэлт байхгүй, нөгөө талаас байшингийн үндсэн хийц, бүтэцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарласан өргөтгөл биш тул мөн үндэслэлгүй болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.12- т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 106.3.1-т заасны дагуу Нийслэлийн Газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01- 06/6036 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, 106.3.4-т заасны дагуу Газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шийдвэрүүдийг тус тус гаргаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбртаа: “Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/188 дугаар тушаалаар батлагдсан Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах журмын 8.4-д “Нэгж талбарт өөрчлөлт болон шинэчлэлт хийх тохиолдолд кадастрын хэмжилт, зураглалын ажил хийхгүйгээр мэдээллийн санд өөрчлөлт хийхийг хориглоно”, 8.5-д “Эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр мэдээллийн санд нэгж талбарын мэдээллийг устгахыг хориглоно”, 10.5-д “Мэдээллийн санд тухайн орон нутгийн Засаг дарга шийдвэргүйгээр өөрчлөлт хийх, шинээр нэгж талбар нэмсэн болон бүртгэж баталгаажуулсан нь тогтоогдсон бол холбогдох хууль тогтоомжийг үндэслэн ажлаас чөлөөлж мэдээллийн санд хандах эрхийг нь хаана” гэж тус тус заасан байдаг. Манай Т” ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн болох Л Ф Гуравдагч этгээд, Л Ж Я нараас гутал засварын цэг худалдаж авсан билээ. Тухайн гутал засварын цэг нь 2006 оны 09 дүгээр сарын архивын зурган мэдээллээр 18643312317096 нэгж талбарын дугаартайгаар газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байсан. Тухайн үед ЮД48110919 гэсэн регистрийн дугаараар бүртгэлтэй байсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн Газрын албаны 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 122 дугаартай албан бичгийн дагуу Нийслэлийн Газрын алба мэдээллийн сангаас хууль бусаар устгасан. Ингэж устгахдаа дээрх журамд заасан кадастрын хэмжилт, зураглалын ажил хийхгүйгээр, эрх бүхий этгээд болох Засаг даргын шийдвэргүйгээр, журмын заалтуудыг зөрчиж хөрш зэргэлдээ “Э” ХХК-ийн хүсэлтээр манай газрын нэгж талбарын дугаарыг хууль бусаар мэдээллийн сангаас устгасан байна. Газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын хувьд “Т” ХХК нь Л Ф Г, Л Ж Я нараас маргаан бүхий гутал засварын цэгийг 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Худалдах худалдан авах гэрээгээр худалдан авсан. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дэх хэсэг Газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх зарчмыг баримталж, Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээгээр тус барилгын өмчлөх эрх манай компанид шилжин ирсэн байдлыг харгалзан үзэж уг байшингийн суурийн 24 м.кв газар эзэмших эрхийг “Т” ХХК-д олгохыг хүсэж Нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргасан боловч хариу өгөхгүй удсан. Ийнхүү манай компанид газар чөлөөлөх тухай мэдэгдэл ирүүлсэн. Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд тус хурлаас “Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг зөрчсөн, нийтийн эзэмшлийн, явган хүний зам хааж, зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өргөтгөл барьсан байх тул эс зөвшөөрсөн тухай дүгнэлт гарсан. Иймд дээрх зөрчлөө арилгаж газар чөлөөлөхийг үүгээр мэдэгдье” гэсэн агуулгатай мэдэгдэл ирсэн. Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг судалж үзэхэд 15.1-д “орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглох”, Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Барилгын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол...барилгын техникийн хяналтын улсын байцаагч дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заажээ. Гэтэл байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах өргөтгөл манай компани хийгээгүй, 1989 оноос хойш байсан барилга тэр хэвээрээ байгаа тул энэхүү татгалзал нь хууль бус байна. Зөвхөн байгууламжийг засаж тохижуулан гутал засварыг цайны газар болгон зориулалтыг өөрчилсөн. Нийтийн эзэмшлийн зам талбай гэх тухайд Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эзэмшлийн бүс амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна” гэж заасан. Гэтэл уг газарт дээрх заалтууд огт хамаарахгүй. Энэ үндэслэлээр татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн явган хүний зам хаасан гэх тухайд газар эзэмших эрх хүссэн 24.1 м.кв талбай нь явган хүний зам хаагаагүй бөгөөд энэхүү газар нь Газрын тухай хууль тогтоомж батлагдахаас өмнө Хүнсний 4-р дэлгүүрийн дэргэдэх гутал засварын цэгийн ажилчин Л Ф Гуравдагч этгээд, Л Ж Я нар тус комбинатын харьяа байхад 1989 оны 05 дугаар сард хувийн материалаар өөрсдөө бие даан барьсан. Уг байр нь 4-р дэлгүүрийн дансанд тусгагдаагүй талаарх тодорхойлолт хэрэгт авагдсан байгаа. Гэтэл 1989 оноос хойш гутал засварын цэг байрлаж байгаад сүүлд манай компани худалдаж авснаас хойш цайны газар болгон засаж тохижуулсан тул явган хүний зам талбай гэж газар олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өргөтгөл барьсан гэх тухайд өргөтгөл барьж хууль зөрчсөн болохыг тогтоож, буулгах талаар зохих байгууллагын дүгнэлт байхгүй, нөгөө талаас байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарласан өргөтгөл биш тул мөн үндэслэлгүй болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Газрын албаны мэдээллийн сангийн 2006 оны 09 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 18643312317096 дугаар бүхий 24.1 м.кв талбайтайгаар иргэн Ж овогтой Я /РД;ЮД48110918/-ийн нэр дээр бүртгэсэн| байна. Дээрх бүртгэлийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн Б.А Сүхбаатар дүүргийн өмч, Газрын харилцааны албаны 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 122 дугаартай албан бичгийг үндэслэн устгасан байна.
Газрын тухай хуулийн 27.1-т “Газрын энэ хуульд заасан зориулалт, хугацаа,
болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” заасан заалтын дагуу иргэнд газрыг эзэмшүүлж ашиглуулдаг ба энэхүү маргаан
бүхий газар нь эрх олгосон зөвшөөрөлгүй байна. Иймд Газар зохион байгуулалт,
Геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны А/188 дугаар тушаалаар батлагдсан
“Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах журам”-ын 5.10 дах хэсэгт “Засаг
даргын захирамж гарсан нэгж төлбөр эзэмшигч, ашиглагчтай газар эзэмших,
ашиглах гэрээ байгуулах, газрын төлбөр төлсөн баримтын дагуу мэдээллийн санд
бүртгэнэ” гэсэн заалтын дагуу тус газрын кадастрын зургийг кадастрын мэдээллийн санд сэргээн бүртгэх боломжгүй байна.
“Т” ХХК нь маргаан бүхий газрыг баталгаажуулах тухай хүсэлтийг манай албанд ирүүлсэн ба тус хүсэлтийн дагуу нийслэлийн Газрын албаны дэргэдэх “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд тус хурлаас Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг зөрчин, нийтийн эзэмшлийн , явган хүний зам хааж, зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өргөдөл барьсан байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай дүгнэлт гарсан байна.
Нийслэлийн Газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06/ 6036 тоот албан бичиг нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн захиргааны акт биш бөгөөд ТХХК-ийн зохих зөвшөөрөлгүй нийтийн эзэмшлийн газрыг эзэмшиж, ашиглаж байгаа талаар дурдсан хуульд нийцсэн акт гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь Ж овогтой Я /РД:ЮД48110918/-ийн нэр дээр бүртгэсэн газрыг худалдах худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан байдаг. Нэгж талбар нь Нийслэлийн Газрын албаны мэдээллийн сангийн 2006 оны 09 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 18643312317096 дугаар бүхий 24.1 м.кв талбайгаар анх бүртгэгдсэн байдаг. Үүнийг 2016 оны Нийслэлийн Газрын албанаас устгасан байдаг. Хуулийн этгээдийн хүсэлтээр дүүргийн Газрын албанаас тухайн газрыг хууль бусаар Ж овогтой Я ашиглаж байгаа тул мэдээллийн сангаас устгах нь зүйтэй гэсэн үндэслэлээр дүүргийн Газрын албанаас Нийслэлийн Газрын албанд тухайн мэдээллийн сангаас устгуулах тухай хүсэлт ирүүлсний үндсэн дээр 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тухайн мэдээллийн сангаас устгасан байдаг. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрын энэ хуульд заасан зохицуулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан заалтын дагуу иргэнд газрыг эзэмшүүлж, ашиглуулдаг. Маргаан бүхий газар нь газар ашиглах эрхийн гэрчилгээ болон тухайн шатны Засаг даргын захирамж байхгүй. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Жи овогтой Яа анхнаасаа тухайн газрыг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр ашиглаж байсан нь тогтоогдож байна. Мөн “Т” ХХК нь Худалдах худалдан авах гэрээгээр тухайн газрыг худалдаж авсан гэх боловч газрыг худалдаж аваагүй, зөвхөн дээр нь байгаа үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан. Учир нь Газрын тухай хуульд Худалдах худалдан авах гэрээ хийж байгаа тохиолдолд эрх шилжих гэсэн асуудал яригддаг. Гэтэл энэ газар дээр эрх шилжих асуудал огт яригдаагүй. Зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2016 оны А/188 дугаар тушаалаар батлагдсан “Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах журам”-ын 5.10-д “Засаг даргын захирамж гарсан нэгж талбар эзэмшигч, ашиглагчтай газар эзэмших, ашиглах гэрээ байгуулах, газрын төлбөр төлсөн баримтын дагуу мэдээллийн санд бүртгэнэ” гэж заасны дагуу нөхөн бүртгэдэг. Нөхөн сэргээж бүртгэсэн газарт эзэмших, ашиглах эрх үүсдэггүй. Үүнтэй холбоотой баримт ТХХК-д байхгүй. Нэгж талбарыг Нийслэлийн Газрын албаны мэдээллийн санд бүртгэх боломжгүй юм. Мөн газар эзэмших эрх хүссэн хүсэлтэд манай зүгээс тодорхой хариуг хүргүүлсэн. Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцүүлсэн. Хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргаагүй. Тухайн хүсэлтийг хүлээн авч Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хүсэлтийг хэлэлцүүлж нийтийн эзэмшлийн зам талбай дээр байгаа газар учраас тухайн хүсэлтийг хангаж газар эзэмшүүлэх эрх олгох боломжгүй гэсэн хариуг ТХХК-д хүргүүлсэн. Нийслэлийн Газрын албаны 2018 оны 12 дугаар 20-ны өдрийн 01-06/6036 дугаар албан бичгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд ТХХК нь зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр эзэмшдэг, нэгж талбарын дугаарыг мэдээллийн сангаас хууль журмын дагуу устгасан. “Т” ХХК хууль журмын дагуу эзэмшиж, ашигладаггүй тул тухайн нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн. Тухайн албан мэдэгдэлд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул тухайн газрыг чөлөөлөх талаар дурдсан албан бичиг юм. Тэрнээс биш ямар нэгэн хууль бус захиргааны акт гэж үзэхгүй байгаа. Иймд нэхэмжлэгчээс гаргасан дээрх 3 нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн захирал Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд хянагдаж байгаа “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэрэгт тус компани нь гуравдагч этгээдээр оролцож байгаа билээ.
Уг захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Т” ХХК-ийн зүгээс гаргасан “...Мэдээллийн сангаас кадастрын нэгж талбар устгасан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-06/6036 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлтэй танилцаад, бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
1. Мэдээллийн сангаас кадастрын нэгж талбар устгасан үйлдлийг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна”, 23.3.3-т “газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх”, 23.3.5-т “нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах”, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “кадастр” гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг” ойлгохоор тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд газар эзэмших эрхгүй этгээдийн газрыг мэдээллийн сангаас устгасан гэж маргах эрхгүй буюу үүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн дээрх хуульд зааснаар Нийслэлийн газрын алба нь газрын кадастрыг эрхлэх чиг үүрэгтэйн хувьд хууль бус бүртгэлийг устгах эрхийг хуулиар олгосон байх туг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
Мөн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 20 дугаар зүйлийг 20.2-т “Газрын кадастртай холбогдсон маргааныг газрын асуудал эрхэлсэн төрийг захиргааны байгууллага шийдвэрлэх ба уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана” гэж зааснаас үзэхэд энэ асуудлаар урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн байна.
2.Нийслэлийн газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-06/6036 дугаар албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг
зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр
дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл
ажиллагааг ойлгоно”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон,
зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тус тус заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй байна.
Тодруулбал дээрх албан бичгээр нэхэмжлэгчийн газар эзэмших тухай хүсэлтэд хариу өгсөн байхын зэрэгцээ нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийг мэдэгдсэнээс биш ямар нэгэн асуудлыг шийдвэрлээгүй, ямар нэгэн шууд үр дагаврыг үүсгээгүй, биелүүлэхийг даалгаж, захиран тушаагаагүй, газрын албаны зүгээс хуульд заасан чиг үүргийнхээ дагуу албан бичиг үйлдэж, мэдэгдсэн зэрэг шинжээс нь үзвэл захиргааны акт гэж үзэж тус шүүхээр хянан шийдвэрлэх үндэслэлгүй болно.
3.Газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгуулах шаардлагын тухайд мөн л Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаас үзэхэд хариуцагч Нийслэлийн Засаг дарга гаргасан өргөдлийн хариуг Нийслэлийн газрын албанаас шийдвэрлэж, газар эзэмших тухай өргөдөлд нь хариу өгч, эзэмшүүлэх боломжгүй, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийг мэдэгдсэн байх тул шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлгүйн зэрэгцээ хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд гаргаагүй байна.
Иймд эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байна” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Т” ХХК-иас гаргасан мэдээллийн сангаас кадастрын нэгж талбар устгасан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-06/6036 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага тус бүрт хариу тайлбар хийе. Нэгдүгээр шаардлага болох мэдээллийн сангаас кадастрын нэгж талбар устгасан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд Нийслэлийн Газрын алба нь Газрын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд заасны дагуу газрын мэдээллийн санг эрхлэх, мэдээллийн сан байгуулж олон нийтэд үйлчлэх эрхтэй. Газрын мэдээллийн санг эрхэлнэ гэдэг нь мэдээллийн санд нэмэлт мэдээлэл оруулах, хууль бус мэдээллийг устгах, өөрчлөх гэх мэт эрхийг олгосон гэж ойлгож байгаа. Иймд Нийслэлийн Газрын алба нь мэдээллийн санг эрхлэх эрхтэй байна. Энэ эрхийнхээ хүрээнд нэгж талбарыг устгасан байна. Мөн мэдээллийн сангаас нэгж талбарын мэдээллийг устгасан нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан эсэх нь эргэлзээтэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд илт хууль захиргааны актын шинжийг хуульчилсан. Энэ үндэслэлд хамаарч байгаа эсэх нь чухал юм. Тэгэхээр шүүхээс илт хууль бус захиргааны актын ямар шинжийг агуулж байгаа эсэхэд анхаарч үзээсэй гэж хүсч байна. Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагын хувьд хүчингүй болгуулахаар маргаж буй Нийслэлийн Газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-06/6036 дугаар албан бичиг нь захиргааны акт мөн эсэх нь тодорхойгүй байна. Энэ албан бичгийн агуулгаас харахад захиргааны байгууллага өөрийн санаачлагаар уг газрыг чөлөөл гэсэн зүйл биш, нэхэмжлэгч “Т” ХХК манайд уг газрыг эзэмшүүлж өгөх тухай хүсэлт гаргасан хүсэлтэд хариу өгсөн байна. Нийтийн эзэмшлийн зам талбай байгаа тул танай компанид эзэмшүүлэх боломжгүй, уг газраа чөлөөлөх тухай хариу байна. Иймд уг албан бичгийг захиргааны акт гэж үзэх үндэслэл байхгүй байна. Хууль зүйн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт захиргааны акт гэж юуг ойлгох талаар хуульчилсан байгаа. Уг албан бичигт захиргааны актын шинж болох захирамжилсан шинж байхгүй байгаа. Захирамжилсан гэдэг нь хориглосон, зөвшөөрсөн, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. Нэгдүгээрт захирамжилсан шинжийг агуулаагүй байна. Хоёрдугаарт захиргааны байгууллага өөрийн санаачлагаар гаргасан биш зөвхөн нэхэмжлэгч компанийн гаргасан хүсэлтэд хариу өгсөн байх тул захиргааны актын шинжийг агуулахгүй байгаа тул шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэж үзэж байна. Гуравдугаар нэхэмжлэлийн шаардлага болох газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд мөн л Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилсан. Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн. Нэхэмжлэгч компанид маргаан бүхий газрыг эзэмшүүллээ гэж бодоход үлдсэн нийтийн эзэмшлийн газар 1 хүн чөлөөтэй явах боломжгүй байгаа. Гэтэл нийтийн эзэмшлийн зам талбайг хязгаарлаагүй гэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй тайлбар байна. Эцэст нь хэлэхэд мэдээллийн сангаас нэгж талбарыг устгасан үйлдэл нь Захиргаан ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна. Хүчингүй болгуулахаар маргаж байгаа Нийслэлийн Газрын албаны албан бичиг нь нэхэмжлэгчийн газар эзэмшихээр гаргасан хүсэлтэд өгсөн хариу байна. Мөн 3 дахь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэлэхэд хариуцагч эс үйлдэхүй гаргаагүй байна. Хууль журмын дагуу шалгаж, Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмшүүлж, ашиглуулах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хариу өгсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд хариуцагчаас эс үйлдэхүй гаргасан нөхцөл байдал байхгүй байна. Газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ гэж бодоход явган хүн явах боломжгүй болгож эзэмшүүлэх нь Газрын тухай хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ;
“Т” ХХК-ийн захирал Л.И Мэдээллийн сангаас кадастрын нэгж талбар устгасан Нийслэлийн газрын албаны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-06/6036 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, Газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
1.Мэдээллийн сангаас кадастрын нэгж талбар устгасан Нийслэлийн газрын албаны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
Маргаан бүхий газар Нийслэлийн Газрын албаны мэдээллийн сангийн 2006 оны 09 дүгээр сарын зурган мэдээлэлд БНХАУ-ын иргэн Ж овогт Я /РД:ЮД48110918/-ийн нэр дээр бүртгэлтэй байсныг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албаны 122 дугаар албан бичгийг үндэслэн устгасан нь хууль зөрчөөгүй.
Дээрх Дүүргийн газрын албаны 122 дугаар албан бичигт “18643312317096 нэгж талбар нь 2004 оны Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийгдсэн кадастрын зургийг хүлээлгэж өгөхөд иргэн Ж овогт Я /РД:ЮД48110918/-ийн нэр дээр бүртгэгдсэн нь хууль бус гэж үзэж уг мэдээллийг устгасан нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д “...нийслэлийн газрын алба дараахь эрх, хэмжээтэй байна.”, 23.3.3-д “газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх;” гэсэнтэй нийцсэн гэж дүгнэв.
Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасны дагуу газар эзэмших эрх үүсээгүй байсан нь уг бүртгэлийг хууль ёсны дагуу гэж үзэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий газрыг мэдээллийн санд алдаатай бүртгэсэн нь тогтоогдсон тул мэдээллийн сангаас кадастрын нэгж талбар устгасан нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй.
Түүнчлэн тухайн үед хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байсан л бол төслийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байсан дээрх ажлын хүрээнд газар нь автоматаар мэдээллийн санд бүртгэгддэг байсныг хууль зүйн дагуу бүртгэл хийгдсэн гэж үзэхгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.
Нөгөө талаар маргаан бүхий газрын бүртгэлийг мэдээллийн сангаас устгасан үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус байх шинжийг агуулаагүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч Мэдээллийн сангаас кадастрын нэгж талбар устгасан нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/188 дугаар тушаалаар батлагдсан Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах журмын 8.4, 8.5, 8.11, 10.5 дахь заалтуудыг зөрчсөн гэж маргаж байгаа ч энэхүү журам нь газрын бүртгэлийг устгасан 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүчин төгөлдөр үйлчлээгүй байсан бөгөөд энэ үйл баримтаас 2 сар гаруй хугацааны дараа буюу 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар батлагдсан байна.
Харин тухайн үед кадастрын мэдээллийн санг эрхлэх ажил Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2001 оны А/171 дүгээр тушаалаар батлагдсан журмаар зохицуулагдаж байсан хэдий ч энэхүү А/171 дүгээр тушаалаар батлагдсан журмын зохицуулаагүй үлдсэн асуудлыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2013 оны А/528 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Газрын кадастрын мэдээллийн санг хөтлөх, хяналт тавих журам”-аар зохицуулж байжээ.
Энэхүү журмын “мэдээллийн сангаас нэгж талбарыг устгах, эргэж сэргээх” гэсэн 4 дэх хэсгийн 4.1.1-д “Мэдээллийн сангийн зохих журмыг зөрчсөн, мөн алдаатай бүртгэгдсэн нэгж талбарыг тухайн бүртгэлийн асуудал эрхэлсэн нэгжээс ирүүлсэн хүсэлтийн дагуу “мэдээллийн санд хяналт тавих” ажлын хэсгийн шийдвэрийг үндэслэн Газрын мэдээллийн технологийн хэлтэс зохих давхаргаас устгана.” гэж заасан байна.
Ийнхүү Газрын тухай хууль болон тухайн үед мөрдөгдөж байсан журмын хүрээнд маргаан бүхий 24 м кв газрын кадастрын нэгж талбарыг мэдээллийн сангаас устгасан хариуцагчийн шийдвэр хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн шаардлага хангагдах боломжгүй байна.
2. Нийслэлийн газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-06/6036 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
Нэхэмжлэгч Ч.Ичинхорлоогийн гаргасан маргаан бүхий 24 м кв газрыг эзэмших эрх олгох хүсэлтийн дагуу Нийслэлийн газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-06/6036 дугаартай албан бичгээр “...тус албаны дэргэдэх “газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэн “эс зөвшөөрсөн” дүгнэлт гарсан” гэж хариу өгөхдөө тухайн газрыг чөлөөлөхийг мэдэгдэж, мэдэгдлийн дагуу газраа чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д “мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг буруутай этгээдээс гаргуулна.” гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулсан үр дагавар бүхий захиргааны акт гэж үзэж хэлэлцэн шийдвэрлэсэн болно.
Хэдийгээр хариуцагчийн зүгээс дээрх албан бичгийн дагуу газар чөлөөлүүлэх талаар ямар нэг албадлагын шинжтэй арга хэмжээ зохион байгуулаагүй ч энэ нь тухай албан бичгийн захиргааны актын шинж, түүний үр дагаврыг үгүйсгэх нөхцөл болохгүй юм.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн газрын албаны дээрх 01-06/6036 дугаар албан бичгийн 2 дахь хэсгийн газар чөлөөлөхийг мэдэгдсэн заалтыг хэрэгжүүлэх эрх, хууль зүйн боломж энэ албан бичгийг гаргасан захиргааны байгууллага болох газрын албанд байгаа бөгөөд энэ утгаараа гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулаагүй гэх тайлбар үгүйсгэгдэнэ гэж үзэв.
Харин Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газар эзэмших эрх нь үүсээгүй этгээдэд хаягласан дээрх мэдэгдлийг хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй.
3.Газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
Нэхэмжлэгч 2013 онд маргаан бүхий газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан хэдий ч түүний доорх газрыг эзэмших талаар 2018 оны 03 сар хүртэл эрх бүхий байгууллагад хандаж байгаагүй байна.
Уг газрыг эзэмших талаар 2013 оноос 2018 оны 03 сар хүртэлх хугацаанд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандаж байгаагүй тухайгаа хамгаалсан нотлох баримт ирүүлээгүй нь нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нөгөө талаар 2018 оны 03 сараас газар эзэмшүүлэх талаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтэд хариуцагчаас тухай бүр хариу хүргүүлж байсныг эс үйлдэхүй хууль бус гэж үзэх боломжгүй бөгөөд газар эзэмших шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй.
Шүүх нэгэнт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа тул дээрх нэхэмжлэлийн гурав дахь шаардлага мөн адил хангагдах боломжгүй.
Нэхэмжлэгч маргаан бүхий газар дээрх байшингийн өмчлөлийн асуудлаар Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01156 дугаар шийдвэрээр уг байшингийн өмчлөгчөөр “Т” ХХК-ийг тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1277 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн хэдий ч уг өмчийг бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар бүртгүүлж баталгаажуулаагүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.3, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан Мэдээллийн сангаас кадастрын нэгж талбар устгасан Нийслэлийн газрын албаны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-06/6036 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, Газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах “Т” ХХК-ийн захирал Л.И-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР