| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/01792/И |
| Дугаар | 2936 |
| Огноо | 2017-09-25 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2936
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.З-д холбогдох
Цалин 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Би 2017.01.10-ны өдөр Х.З-д ажилд орох анкет бөглөн 2017.01.12-ны өдөр тус компанид жолоочоор ажилд орсон. Ажилд орохдоо би тус компанийн захирал Ө.Нямцэвээнд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг удаа дараа шаардсан боловч миний шаардлагыг хүлээн аваагүй. 2017.01.13-ны өдөр захирал Ө.Нямцэвээний удирдамжийн дагуу “Хөөтийн” Уурхайд шаланзны чиргүүлийн засвар үйлчилгээг хийсэн ба 2017.01.15-ны өдөр эргэн ирж тус компанийн хүнд даацын хово маркийн ******* УНУ улсын дугаартай машиныг хариуцан авч зассан чиргүүлээ чирээд Таван толгойгоос “Цагаан хад” чиглэлд нийт 33 хоног нүүрс тээвэрлэх ажил хийсэн. Нэг удаа явахдаа толгой чиргүүл 95 орчим тонн нүүрсийг тээвэрлэж байсан. Намайг ажилд авсан, чөлөөлсөн тушаал гаргаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тухайн байгууллагад ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. 2017.02.15-ны өдөр өөрийн хөдөлмөрийн хөлсөө нэхсэн боловч өгөөгүй ба 2017.02.25-ны өдөр ажлаас гэнэт халсан хэмээн миний хариуцан авсан ******* УНУ улсын дугаартай хово маркийн машиныг н.Баянбаатар гэх хүнд хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд би тэр машиныг иж бүрэн засаж, угсарч сэлбэж хөдөө орон нутагт идэх хоолгүй орон оронгүй ажиллаж байсан. Тус компанийн захирал Ө.Нямцэвээн нь миний гэртээ харих зардлын мөнгө өгөөгүй бие болон сэтгэл санааны хүнд хохирол амссан. Иймд хариуцагч Х.З -иас 1 сарын хөдөлмөрийн хөлс 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэв.
Хариуцагч Х.Зшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид хөдөлмөрийн хууль болон Дээд шүүхийн тайлбарын зөвлөмжийн дагуу хөдөлмөрийн гэрээгээр ажилласан гэж үзэж байна. 2017.01.23-ны өдрөөс Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн ажилд очсон. Уурхайд ажиллаж байх хугацаанд өдрийн 3 хоол амрах байраар хангаж байсан. Л.Б нь ажиллаж байх хугацаандаа 2 тээвэр хийсэн ба тээврийн хөлс нь тухайн ажлын талбар дээрх жишиг үнэ болох нэг тээвэр 250,000 төгрөг ба нийт 500,000 төгрөгийн ажил хийсэн. Дээрх тээврийн хөлс болох цалин 500,000 төгрөг төлөх болно. Л.Б нь ажиллах бүх хугацаанд компанид 496,860 төгрөгийн хохирол учруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б хариуцагч Х.З -д холбогдуулан “ 2017 оны 1 сарын 12-ны өдрөөс 2017 оны 2 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалинд 1,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал “2 удаагийн тээвэрт явсан, нэг тээвэрлэлт 250,000 төгрөг, нийт 500,000 төгрөг өгнө, мөн байгууллагад 496,860 төгрөгийн хохирол учруулсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Л.Б Х.З -д жолоочоор 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байгаад 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан фото зургууд, жолооч Л.Бын “Хөөтийн” уурхайд засвар хийх ажлын удирдамж, ажилчдын хэрэглэж байгаа автомашин тоног төхөөрөмж ашиглалтын бүртгэл, бэлэн мөнгөний зарлагын баримт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Х.ЗЛ.Быг ажилд томилохдоо тушаал гаргаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Хариуцагч тал Л.Быг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулсан гэж хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ”, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно”, 60 дугаар зүйлийн 60.1-д “Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно” гэж тус тус заажээ.
Хариуцагч Х.ЗЛ.Бт ажилласан хугацааны цалин олгоогүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Х.Зжолооч Л.Бтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул хэдэн төгрөгийн цалинтайгаар ажиллуулсан болох нь бичгийн баримтаар тогтоогдохгүй боловч Л.Бын шүүхэд гаргасан “1,500,000 төгрөгийн цалинтай ажиллахаар анкет бөглөж өгсөн, хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрч жолоочийн ажилд томилсон” гэсэн тайлбарыг үндэслэн тооцох нь зүйтэй бөгөөд ажил олгогчоос ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйд нэхэмжлэгч Л.Быг буруутгах үндэслэлгүй.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд “байгууллагад 496,860 төгрөгийн хохирол учруулсан” гэх боловч баримтаар нотолж чадаагүй, энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, мөн “2 удаагийн тээвэрт явсан, нэг тээвэрлэлт 250,000 төгрөг, нийт 500,000 төгрөг өгнө” гэх боловч цалин хөлсийг тээвэрлэлтийн тоогоор олгохоор тохиролцсон болох нь тогтоогдохгүй байна.
Л.Б ажиллаж байх хугацаандаа Х.З -иас хоол унааны зардалд 2017.01.12-нд 20,000 төгрөг, 2017.01.17-нд 20,000 төгрөг, 2017.01.28-нд 30,000 төгрөг, нийт 70,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байх тул нэхэмжилсэн цалин 1,500,000 төгрөгөөс хасаж үлдэх 1,430,000 төгрөгийг хариуцагч Х.З -иас гаргуулж нэхэмжлэгч Л.Бт олгож, нэхэмжлэлээс 70,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу хариуцагчийн төлөөлөгч Ө.Нямцэвээн, М.Төгс-Эрдэнэ нарт 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 15 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдэх хуудсаар, 99998016, 99904081 дугаарын утсаар нь мэдэгдсэн боловч тэдгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хариуцагч талын хүсэлтээр удаа дараа шүүх хуралдаан хойшилсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.З -иас 1,430,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Бт олгож, нэхэмжлэлээс 70,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.З -иас улсын тэмдэгтийн хураамжид 37,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Бт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ