Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 3076

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Б -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Л -д  холбогдох,

45,213,077.80 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт, хариуцагч Б.Л, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Б.Л нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус банктай № 3Г-RCC2014121721-2 тоот “Зээлийн гэрээ”, № БГ- RCC2014121721-2- 1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 90,000,000.00 (ерэн сая) төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар сарын 1.7-н хувийн хүүтэйгээр, 24-н сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч иргэн Б.Л нь № ЗГ- RCC 2014121721-2 тоот “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн 000179337-н тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2204040358 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/, Энхтайваны өргөн чөлөө 37 дугаар байрны 2 тоотын 72,32 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 90,000,000.00 (ерэн сая) төгрөгөөс 48,031,149.22 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 37,657,984.66 төгрөгөөс 36,561,496.20 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгчид “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжийг олгож байсан боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан болно. 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлдэгч дараах зээл, хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 41,968,850.78 төгрөг, Зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл: 913,740.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 182,748.08 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 8,500 төгрөг.

Иймд зээлдэгч иргэн Б.Лоос зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 43,073,839.24 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443,519.00 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд № ЗГ- RCC2014121721-2 тоот “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан зээлдэгчийн өмчлөлийн 000179337-н тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2204040358 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/, Энхтайваны өргөн чөлөө 37 дугаар байрны 2 тоотын 72,32 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү ...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэлийн нэг дэх шаардлагыг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдсан хүү болох 2,139,238.56 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 45,213,077.80 төгрөг нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээл 41,968,850.78 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,696,439.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 539,287.84 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 8,500 төгрөг.

Зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 45,213,077.80 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,697 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Зээлдэгчээс төлсөн мөнгийг банк программын дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцож суутгаж авсан байгаа. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан дараалал шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой дараалал гэж үзэж байна...” гэв.

 

Хариуцагч Б.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Би 2014.12 сард Х.Б-аас 90,000,000 төгрөгийн зээл авсан. Манай улсад манай улсын эдийн засагт үүсээд буй хямрал болон бараа бүтээгдэхүүний борлуулалт муудсан, төгрөгийн ханшийн уналт, хувь хүн компаниудын хооронд өрийн гүн сүлжээ үүссэн зэргээс улбаалан тогтсон цаг хугацаандаа зээлээ төлж чадаагүй. 2017.05.03-нд авлагаас орж ирсэн мөнгөнөөс 30,000,000 төгрөг шилжүүлж үндсэн зээлээс хасуулахаар шилжүүлсэн боловч үндсэн зээлээс 30,000,000 төгрөг хасалт хийлгүй үндсэн зээлээс 20,031,149.22 төгрөгийг хасаж тооцсонд гомдолтой байна. Дээрх шилжүүлсэн мөнгийг үндсэн зээлээс хасахгүй байгааг гайхаж, гомдолтой байгаа. Худалдаа хөгжлийн банкны гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэл нь урьд гаргасан нэхэмжлэл дээрх тооцооллын алдааг засаагүй болон хүүгийн тооцоолол дээр маргаантай байгаа....” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Б хариуцагч Б.Лид холбогдуулан “үндсэн зээлд 41,968,850.78 төгрөг, зээлийн хүүд 913,740.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 182,748.08 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардалд 8,500 төгрөг, нийт 43,073,839.24 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Дэлгэрцогт нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүүг 1,782,698.80 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 356,539.76 төгрөгөөр, нийт 2,139,238 төгрөг 56 мөнгөөр нэмэгдүүлсэн ба шүүх хуралдаанд “үндсэн зээлд 41,968,850.78 төгрөг, зээлийн хүүд 2,696,439.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 539,287.84 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан нотариатын зардалд 8,500 төгрөг, нийт 45,213,077.80 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагч Б.Л “зээлийн хуваарийн дагуу төлөх ёстой 118,910,433 төгрөгөөс 84,592,645.42 төгрөгийг төлсөн тул хасаж үлдсэн 34,317,788 төгрөгийг төлнө, 2017.05.03-ны өдөр шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаагүй” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Х.Б Б.Лтой 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр № 3Г-RCC2014121721-2 тоот “Зээлийн гэрээ”, № БГ- RCC2014121721-2- 1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 90,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар сарын 1.7 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд Б.Лийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/, Энхтайваны өргөн чөлөө 37 дугаар байрны 2 тоот хаягт байрлах Ү-2204040358 улсын бүртгэлийн дугаартай, 72,32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, зээлийн төлбөрийн хуваарь зэргээр тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Зээлдэгч тал болох Б.Л зээлийн гэрээний үүргээ 2015 оны 1 сарын 20-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлэн төлж байсан болон 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш зээл, хүүд мөнгө төлөлгүй явсаар зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон болох нь зохигчийн тайлбар, зээл, зээлийн хүүгийн тооцоолол хүснэгтээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

Зээлийн гэрээний хугацаа 2016.12.19-ний өдөр дуусах хүртэл Б.Л 54,592,645.42 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2017.05.03-нд 30,000,000 төгрөгийг, нийт 84,592,645.42 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, зээл, зээлийн хүүгийн тооцоолол хүснэгтээр тогтоогдож байх ба талууд төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

Харин төлсөн мөнгөний ихэнхийг зээлийн хүүд тооцож авсан талаар хариуцагч Б.Л маргаж байна.

Банк өөрт ашигтай байдлаар зээл төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг данснаас нь суутгаж авахаар гэрээний 7.1.1-д заасан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл зээлдэгчээс төлсөн мөнгийг үндсэн үүрэгт тооцож авахгүйгээр нэмэгдүүлсэн хүүд тооцож авсан нь хуульд нийцэхгүй.

Зээлдүүлэгч зээлдэгчээс төлсөн мөнгийг төлөх хугацаа болсон зээл, зээлийн хүүд буюу зээлийн гэрээний үүрэгт тооцоогүй байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасны дагуу хариуцагчийн төлөх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг дараах байдлаар тооцохоор байна.

Зээлийн графикаар зээлдэгч үндсэн зээлд 90,000,000 төгрөг, хүүд 28,910,433 төгрөг, нийт 118,910,433 төгрөг төлөх байсныг зээлдэгчийн үндсэн үүрэг гэж үзнэ. Үүнээс зээлийн гэрээний хугацаанд төлсөн 54,592,645.42 төгрөгийг хасвал зээлийн гэрээний хугацаа дуусахад 64,317,787.58 төгрөг төлөх үүрэгтэй байсан.

2016.12.19-ний өдөр зээлийн гэрээ дууссанаас хойш хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаа дуусахад төлөх ёстой байсан үүрэг 64,317,787.58 дүнгээс 2017.05.03-нд 30,000,000 төгрөгийн төлөлт хийх хүртэл, 2017.05.03-наас 2017.08.23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүртэл хугацаанд тус тус дараах байдлаар тооцох үндэслэлтэй.

Хэтрүүлсэн хугацааны хүү: 64,317,787.58төгрөг*20.4%(жилийн хүү):365хоног*134 хоног(2016.12.20-2017.05.03хүртэл)=4,816,962 төгрөг

Нэмэгдүүлсэн хүү: 64,317,787.58төгрөг*1.7%(сарын хүү)*20%(нэмэгдүүлсэн хүүгийн хувь):30хоног*134 хоног(2016.12.20-2017.05.03хүртэл)=976,773 төгрөг

2017.05.03-нд 30,000,000 төгрөг төлснийг үндсэн үүрэг 64,317,787.58 төгрөгөөс хасвал 2017.05.04-ний байдлаар 34,317,787.58 төгрөг төлөх үндсэн үүрэгтэй байна.

Хэтрүүлсэн хугацааны хүү: 34,317,787.58төгрөг*20.4%%(жилийн хүү):365 хоног*92 хоног(2017.05.04-2017.08.23хүртэл)=1,764,592 төгрөг

Нэмэгдүүлсэн хүү: 34,317,787.58*1.7%(сарын хүү)*20%(нэмэгдүүлсэн хүүгийн хувь):30хоног*92 хоног(2017.05.04-2017.08.23хүртэл)=357,820 төгрөг

Дээрх тооцооллоос дүгнэвэл үндсэн зээл, хүүд буюу зээлийн гэрээний үндсэн үүрэгт 34,317,787.58 төгрөг, хэтрүүлсэн хугацааны хүүд 6,581,554 (4,4816,962+1,764,592) төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,334,593 (976,773+357,820) төгрөг, нийт 42,233,934.58 төгрөгийг зээлдэгч төлөх үүрэгтэй байна.

            Нэхэмжлэгч тал Б.Лийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатад 8,500 төгрөг төлсөн нь Чингэлтэй дүүргийн нотариатч Х.Цогзолмаагийн нэхэмжлэх, мөнгөний тасалбараар тогтоогдож байх тул уг хохирлоо Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй гэж дүгнэн хариуцагчаас 8,500 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Иймд хариуцагч Б.Лоос зээлийн гэрээний үндсэн үүрэгт 34,317,787.58 төгрөг, хэтрүүлсэн хугацааны хүүд 6,581,554 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,334,593 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 42,242,434.58 /дөчин хоёр сая хоёр зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун гучин дөрвөн төгрөг тавин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б-д олгож, нэхэмжлэлээс 2,970,643.22 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Б.Лийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/, Энхтайваны өргөн чөлөө 37 дугаар байрны 2 тоот хаягт байрлах Ү-2204040358 улсын бүртгэлийн дугаартай, 72,32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 42,242,434.58 төгрөгийг гаргуулж, Х.Б-д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Лоос 42,242,434.58 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б-д олгож, нэхэмжлэлээс 2,970,643.22 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч Б.Л үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Б.Лийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/, Энхтайваны өргөн чөлөө 37 дугаар байрны 2 тоот хаягт байрлах Ү-2204040358 улсын бүртгэлийн дугаартай, 72,32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 42,242,434.58 төгрөгийг гаргуулж, Х.Б-д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,697 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Лоос 369,162 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.БАТЦЭЦЭГ