Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2377

 

                                                                     МАГАДЛАЛ

 

2017.11.17                                                     Дугаар 2377                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02896 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.Б холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 48 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Батхуяг,

Хариуцагчийн өмгөөлөгч: Р.Болдбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Нэхэмжлэгч нь АНУ-д байхдаа Лексус 470 машиныг авч Монгол улс руу явуулсан байдаг. Машиныг өөрийн дүү болох Г.Тэлмэнгээр гаалийн бүрдүүлэлт хийлгэж авсан. Уг автомашиныг П.Бүдрагчаа худалдан авах хүсэлт гаргаж, түүнд 70 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Машиныг Г.Тэлмэнгээс П.Бүдрагчаагийн нэр дээр шилжүүлсэн худалдах худалдан авах гэрээг 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хийж автомашиныг П.Б шилжүүлж өгсөн. П.Б автомашины үнийг тэр дор нь мөнгийг төлөх боломжгүй байх тул зээлийн гэрээ байгуулж, машины үнийг хэсэгчлэн төлье гэснийг нэхэмжлэгч зөвшөөрч, нотариатаар орон 70 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр үйлдэж байгуулсан байдаг. Уг үйл баримтууд нь тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах болон зээлийн гэрээ, хариуцагч талын нэхэмжлэгчийн данс руу автомашины зээлийн төлбөр, хүү гэж мөнгө шилжүүлж байсан банкны дансны хуулга болон хариуцагчийн гараар бичиж өгсөн төлбөр барагдуулах баталгаанууд зэрэг баримтуудаар нотлогдоно. Хариуцагч нь 53 000 000 төгрөгийг төлсөн гэдэг боловч хэрэгт нотлох баримт бүрдээгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас бэлнээр мөнгө аваагүй, дансаар 47 131 700 төгрөгийг хүлээж авсан. Хэдийгээр 106 118 300 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй боловч, хариуцагчийн зөвшөөрч байгаа, төлнө гэснийг үндэслээд 48 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Нотариатаар батлуулсан гэж байгаа зээлийн гэрээ нь бодит байдал дээр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээнд заасны дагуу хүү тооцохоор тохиролцсон байдаг. Худалдах худалдан авах гэрээний үүргийг талууд худалдан авагч нь үнийг бүрэн төлж барагдуулах боломжгүй байсан учраас өөр үүргээр солих саналыг гаргаж зөвшөөрөөд зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан тул зээлийн гэрээний үндсэн зээл болон хүүг шаардах эрхтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: П.Б Д.Бгаас ямар нэгэн мөнгө зээлээр аваагүй бөгөөд нэхэмжлэл дээр дурдагдаад буй 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээ нь зөвхөн хэлбэр төдий гэрээ юм. П.Б дээрх зээлийн гэрээнд заасан мөнгийг олгоогүй, ямар нэгэн олгосон баримт байхгүй болно. П.Б 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр иргэн Г.Тэлмэнтэй харилцан тохиролцсоны дагуу түүний өмчлөлийн 1788 УНО Улсын дугаартай, лексус 470 авто машиныг 65 000 000 төгрөгөөр худалдан авахаар болж Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тухайн үед худалдан авч буй авто машины үнэ төлбөрийг шууд төлөх 65 000 000 төгрөг байгаагүй тул төлбөрийг цувуулан өгөхөөр болоход нэгэнт төлбөрийг бөөнд нь өгөх боломжгүй, цувуулан өгөх тохиолдолд зээлийн гэрээ байгуулаад, 1 жилийн хугацаанд төлчих гэж Г.Тэлмэн болон түүний ахын эхнэр болох нэхэмжлэгч Д.Б нар нь хэлсэн. Ингээд Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээнд авто машин худалдан авсан үнэ, төлбөрийг бүрэн төлсөн гэж бичээд, Д.Бтай 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 70 000 000 төгрөгийн дүнтэй зээлийн гэрээ байгуулсан болно. Гэтэл П.Бүдрагчаагийн хувьд зээлийн гэрээ нь зээлдүүлэгчийн өмчлөлд бодитоор мөнгө олгогдож, захиран зарцуулах боломжтой болсон тохиолдолд байгуулагддаг болохыг мэддэггүй, хууль эрх зүйн мэдлэггүй байсны улмаас энэхүү зээлийн гэрээг байгуулж, автомашины үнэ төлбөрийг нэхэмжлэгчид төлж байсан байна. Хариуцагч П.Бүдрагчаагийн хувьд өнөөдрийн байдлаар авто машины төлбөрт нийт 50 646 800 төгрөгийг Д.Бд шилжүүлж төлсөн байгаа болно. Иймд дээрх зээлийн гэрээ нь бодитоор байгуулагдаагүй, зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө, төгрөгийг шилжүүлээгүй, нэхэмжлэгч нь мөнгө төгрөг шаардах эрх үүсээгүй, нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.4, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Б холбогдуулан гаргасан 48 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд үүсэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй бөгөөд хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй.

Нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч талууд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1.3-т зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүргийг, зээлийн гэрээний үүргээр солихоор тохиролцсон байдаг. Дээрх үйл баримтаас үзвэл талуудын хооронд Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байхад анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс гадна гэрч Г.Тэлмэнгийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан, тал     бүрээс нь бодитоор үнэлж чадаагүй. Хэдийгээр Г.Тэлмэн нь тухайн үед өөрийн эгч Д.Бгийн автомашины гаалийн бүрдүүлэлтийг хийж, бичиг баримтыг өөрийн нэр дээр гаргуулан авсан байсан хэдий ч тус автомашины жинхэнэ өмчлөгч нь Д.Б болох талаар хангалттай мэдүүлснээс гадна, автомашин худалдах, худалдан авах гэрээний үүргийг Зээлийн гэрээний үүргээр солихоор тохиролцож, Д.Б, П.Б  нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Г.Тэлмэн нь Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар бүрэн дэмжин зөвшөөрсөн, зээлдэгч зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болон хүүг нэхэмжлэгч Д.Бгийн дансанд шилжүүлж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байх тул дээрх Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрхтэй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч П.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг...” гэж тодорхойлсон бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбараа “...зээлийн гэрээнд заасан мөнгийг аваагүй...” гэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь 70 000 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаагаар, сарын 3 хувийн хүүтэй зээлэх, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байна.

П.Б, Г.Тэлмэн нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний зүйл болох LEXUS LX470 маркийн, 17-88 УНО улсын дугаартай суудлын автомашиныг хариуцагч нь             65 000 000 төгрөгөөр худалдан авч, холбогдох бичиг баримтын хамт эзэмшилдээ шилжүүлсэн гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Хариуцагч П.Б дээрх тээврийн хэрэгслийн үнийг тухайн үед бүрэн төлөх боломжгүй байснаас зээлийн гэрээ байгуулан, машины үнийг төлөхөөр тохиролцсон үйл баримт нь зохигчдын тайлбар, гэрч Г.Тэлмэнгийн мэдүүлгээр тогтоогдсон тул шүүх “...зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхгүй...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...авто машин худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон...” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх үүргийг өөр үүргээр солихоор талууд тохиролцож болох боловч зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө хариуцагч П.Б хууль буюу гэрээний дагуу нэхэмжлэгчид гүйцэтгэх үүрэгтэй байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Түүнчлэн Г.Тэлмэн, П.Б нарын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу авто машины үнийн дутуу төлбөрийг худалдагч Г.Тэлмэн шаардах эрхтэй бөгөөд энэ эрхээ Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасан журмаар Д.Бд шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй болно.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02896 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 397 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

                                   

                       ШҮҮГЧИД                                            Б.НАРМАНДАХ                                      

 

                                                                                   М.НАРАНЦЭЦЭГ