Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 00443

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн Моностойн 5-22 тоотод оршин суух, Д.Б нэхэмжлэлтэй , Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн Ингэт моностойн 4-18 тоотод оршин суух, А.Э, Булган  аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багт оршин суух, Д.Б нарт холбогдох, гэм хорын хохирол 15330000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00209/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч: 1976 онд төрсөн, 40 настай, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн Моностойн 5-22 тоотод оршин суух, Шар шувуут овогт Довчингийн Баасандамба /РД:ГИ76122418/, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн,

хариуцагч А.Эрдэнэбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1976 онд төрсөн, дээд боловсролтой, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн Зэстийн 1-2-46 тоотод оршин суух, Борнууд овогт Мягмарын Энхболд /РД: ФА76102811/, хариуцагч А.Эрдэнэбаатарын өмгөөлөгч М.Даваасүрэн,

хариуцагч: 1974 онд төрсөн, 42 настай, бүрэн дунд боловсролтой, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-5-122 тоотод оршин суух, Өөлүүд овогт Даваагийн Батчулуун /РД: МЭ74110213/, нарийн бичгийн дарга Ц.Мичидмаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Баасандамба шүүхэд болон шүүх хурадаанд гаргасан тайлбартаа: Би 2013 онд найз Адъяадоржоос 13000000 төгрөгөөр чиргүүлгүй, бор өнгийн, Зил-131 маркийн, 30-43 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авсан. А.Эрдэнэбаатар нь 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өвсөө татах гэсэн юм машинаа өгөөч гэж гуйсан. Би өөрөө хөдөө ажлаар явах байсан учир Д.Батчулуунаар машинаа жолоодуулж явахыг зөвшөөрч, Д.Батчулууныг гуй гэж А.Эрдэнэбаатар хэлсэн. Бид 10 жилд нэг ангид сурч байсан найз нөхөд учраас би зөвшөөрч маргааш нь машинаа Эрдэнбаатарынд аваачиж өгсөн. Би машинаа өгөхдөө яндангаас нь гал гарч магадгүй шүү, яндангийн ойр орчмын өвсийг арилгаж яваарай гэж хэлсэн. А.Эрдэнэбаатар  нь Сэлэнгэ сумын нутаг “Хийдийн гүүр” гэх газраас өвс ачиж яваад “Шанш толгой” гэх газар өвсийг галын аюулгүй байдлыг хангаж ачаагүйн улмаас гал гарч миний тээврийн хэрэгсэл, чиргүүлийн хамт бүрэн шатсан. Тухайн үед галыг орон нутгийн хүмүүсийн хүчээр унтраасан. Дараа нь Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч нар ирж үзээд 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 150/02 дугаартай галын акт тогтоосон. Тээврийн хэрэгслийн үнэлгээг “Лэндс” ХХК-иар үнэлүүлж, тээврийн хэрэгсэл, чиргүүлийн хамт 14850000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон. Шатсан тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргахад 350000 төгрөг, галын дүгнэлт гаргахад зарцуулсан шатахууны үнэ 100000 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30000 төгрөг, нийт 15330000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн үед машиныг Д.Батчулуун барьж явсан учраас А.Эрдэнэбаатараас 10220000 төгрөг, Д.Батчулуунаас 5110000 төгрөг гаргуулж өгнө үү.  Машинаа Эрдэнэбаатарт өгөхдөө ямар нэгэн хөлс авах талаар тохироогүй, машин гуйж манайд ирэх үед нь би шовгорын цонх, хаалга янзалж байсан учраас хаалга цонхны нугас хадах жижиг ажилд тусалсан. Түүнээс биш машинаа өгч оронд нь ажил хийлгэсэн зүйл байхгүй. Найз нөхөд учраас гуйхаар нь л өгсөн. Уг тээврийн хэрэгслийг Адъяадорж нь Будсүрэнгээс худалдаж авсан юм байна лээ. Би Адъяадоржид 1000000 төгрөгийн өглөгтэй учраас тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан юм гэв.

Хариуцагч А.Эрдэнэбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Баасандамба нь өөрөө Д.Батчулууныг тээврийн хэрэгсэл жолоодоод өгөөч гэж гуйсан, өөрөө зөвшөөрөл өгч тээврийн хэрэгслийг жолоодуулж явуулсан. А.Эрдэнэбаатар нь Д.Баасандамбын шовгорын цонх, хаалга хийж өгсөн ажлынхаа хөлсөнд тээврийн хэрэгсэлд нь шатахуун хийгээд явъя гэж гуйсан. Тээврийн хэрэгслийг жолоодож байгаа жолооч аюулгүй байдлыг хангаж явах ёстой байсан. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, мөн галын хор ажиллагаагүй болсон байсан. Хэрвээ галын хор ажилласан бол галыг унтраах боломж байсан. Д.Баасандамба уг тээврийн хэрэгслийн эзэмшигч болох нь нотлогдохгүй байна. Учир нь тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Будсүрэн гэдэг нь нотлох баримтаар нотлогдож байгаа учир Д.Баасандамба энэ нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Уг тээврийн хэрэгслийг Баасандамба 2013 онд 13000000 төгрөгөөр худалдаж авсан гэдэг бөгөөд үүнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байхад мөн л 13000000 төгрөгөөр үнэлж байна. 1982 онд үйлдвэрлэгдсэн хуучин тээврийн хэрэгслийг их өндөрөөр үнэлсэн байна. 1982 онд үйлдвэрлэгдсэн Зил-131 маркийн машин 13000000 төгрөгөөр, 1991 онд үйлдвэрлэгдсэн Зил-131 маркийн машин 12000000 төгрөгөөр үнэлэгдээд байгаа нь эргэлзээтэй байна. Тээврийн хэрэгслийн чиргүүлийг 3500000 төгрөгөөр үнэлсэн нь  бодитой биш байна гэв.

Хариуцагч Д.Батчулуун шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Өвс ачихын өмнөх өдөр би эхнэр З.Байгальмаагийн хамт Булган аймгийн Дундатын голд төрөл, садангийн хүн болох Энхтүвшингийн гэрийг нь нүүлгэхээр очсон байсан. Энэ үед Д.Баасандамба манай эхнэр З.Байгальмаа руу утасдаж “та хоёр хэзээ ирэх вэ” гээд асуугаад байсан. Манай эхнэр З.Байгальмаа маргааш, нөгөөдрөөс очих байх гэж хэлсэн. А.Эрдэнэбаатар надтай Д.Баасандамбын утсаар ярьж машин бариад өвсөнд яваад өгөхийг гуйсан. Би маргааш очих байх гэж хэлсэн. А.Эрдэнэбаатарыг Д.Баасандамбын рам дээр ажилладаг гэдгийг л мэднэ. Түүнээс биш сайн танихгүй. 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө А.Эрдэнэбаатар, Д.Баасандамба нар манай гэрт ирж Д.Баасандамба маргааш бид самранд явах ажилтай, А.Эрдэнэбаатар өнөөдөр өвсөндөө явъя гэж гуйгаад байна гэж хэлсэн. Би түүнд зав муутай байна, би Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож үзээгүй гэхэд А.Эрдэнэбаатар “би эхнэрээсээ өөр хүнгүй хэцүү байна, та яваад өгөөч, та машины бүхээгээс ч буух шаардлага байхгүй, бид ажлаа хийнэ, зөвхөн тээврийн хэрэгсэл жолоодоод өгөөч” гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. Ямар нэгэн хөлс өгөх талаар тохироогүй. Д.Баасандамба машинаа хашаанаас гаргаад А.Эрдэнэбаатарын гэрийн гадаанаас машины түлхүүрийг надад өгчихөөд явсан. Д.Баасандамба тээврийн хэрэгслийн нугаснаас гал гарч магадгүй гэхээр би брезэнт тавьсан. А.Эрдэнэбаатар болон түүний эхнэр, бас нэг хүүхэд бид нар 1000 цагийн үед өвсөндөө явсан. Би А.Эрдэнэбаатарт тэвшээ дүүргээд дээр нь рам зангидаж байж илүү гаргаж ачна шүү гэдгийг хэлэхэд манай нутагт овоолоод ачиж болдог гээд байсан. А.Эрдэнэбаатарын заасан газар очиход А.Эрдэнэбаатар өөрөө архи уугаад унтсан байсан. Эхнэр нь ганцаараа өвс ачаад байхаар нь би хамт ачсан. Чиргүүл, толгойг нь бүхэлд нь дарж ачиж болохгүй, хэтэрхий их ачсан байна гэхэд эхнэр нь” том оврын тээврийн хэрэгсэл байж энэ зэргийн өвсийг даахгүй байхдаа яадаг юм” гээд уурлаад байсан. Өвсөө ачиж дуусах үед А.Эрдэнэбаатар сэрээд өвс хамт ачсан. Би хэтэрхий их өвс ачаад байна гэж хэлсэн боловч миний үгийг тоогоогүй. Өвсөө аччихаад явахдаа яндангийн орчимд байгаа өвсийг цэвэрлэж гал гарахаас урьдчилан сэргийлсэн. “Шанш толгой” өгсөж байхад тээврийн хэрэгсэл унтарсан. А.Эрдэнэбаатар гар аргаар тээврийн хэрэгслийг асаах гэж бууснаа яндангийн орчимд өвснөөс утаа гарч байна гэж хэлсэн. Бид савтай ус цацсан, мөн гараараа унтраах гэсэн боловч нэмэр болоогүй. Дуудлага өгч сумаас хүмүүс 30-40 минутын дараа ирэхэд тээврийн хэрэгсэл шатаж дууссан. Би тэдний гуйлтаар машиныг нь барьж явсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Баасандамба нь эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 10220000 төгрөгийг хариуцагч А.Эрдэнэбаатараас, 5110000 төгрөгийг хариуцагч Д.Батчулуунаас тус тус гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.[1]

Хариуцагч А.Эрдэнэбаатар дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Д.Баасандамба хуурай өвс ачсан гэдгээ мэдсээр байж тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, миний өвсийг гэрт буулгах үүргээ биелүүлээгүй, мөн тээврийн хэрэгслийг Д.Батчулуун жолоодож явсан” гэж, хариуцагч Д.Батчулуун “Д.Баасандамба тээврийн хэрэгслээ хашаанаас гаргаад А.Эрдэнэбаатарын гэрийн гадаанаас тээврийн хэрэгслийн түлхүүрийг надад өгчихөөд явсан. Д.Баасандамба тээврийн хэрэгслийн нугаснаас гал гарч магадгүй гэхээр би брезэнт тавьсан. А.Эрдэнэбаатар өөрөө архи уусан байсан, би тэдний гуйсны дагуу л машиныг жолоодож явсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж, хариуцагч А.Эрдэнэбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд “...Тээврийн хэрэгслийг жолоодож байгаа жолооч аюулгүй байдлыг хангаж явах ёстой. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, мөн галын хор ажиллагаагүй болсон байсан. ...Д.Баасандамба уг тээврийн хэрэгслийн эзэмшигч болох нь нотлогдохгүй байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Будсүрэн гэдэг нь баримтаар нотлогдож байгаа учир Д.Баасандамба энэ нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд” гэж тус тус маргажээ.[2]

    2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч А.Эрдэнэбаатар нь нэхэмжлэгч А.Баасандамбаас түүний өмчлөлийн Зил-131 маркийн, 30-43 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг, чиргүүлийн хамт өвч татахаар гуйж авсан байна.  2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч Д.Батчулуун нь уг тээврийн хэрэгслийг жолоодон Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг “Хийдийн гүүр” гэх газраас өвс ачиж яваад “Шанш толгой” гэх газар өвсийг галын аюулгүй байдлыг хангаж ачаагүйн улмаас гал гарч  тээврийн хэрэгсэл, чиргүүлийн хамт шатсан үйл баримт тогтоогджээ. Гал гарч тээврийн хэрэгсэл, чиргүүлийн хамт шатсан гэх  үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

Харин хариуцагч нар нь галын улмаас тээврийн хэрэгсэл шатаж гэм хор учирахад тэдний буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй гэж маргажээ.

Хариуцагч А.Эрдэнэбаатар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд нар нь нэхэмжлэгч Д.Баасандамбаас машиныг нь гуйж өвсөнд авч явсны хөлсөнд байшингийн цонх, хаалга хийж өгсөн гэх тайлбарыг гаргаж байгаа боловч энэ нь баримтаар нотлогдохгүй, нэхэмжлэгч үүнийг үгүйсгэсэн тайлбарыг гаргаж байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд нэхэмжлэгч А.Баасандамба, хариуцагч А.Эрдэнэбаатар нарын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна.   

Булган аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 150/02 дугаартай галын актаар“...машинд гарсан гал нь өвсийг машины тал бүр тийш унжуулан хэт ихээр ачиж утааны янданг тагласнаас яндангаас оч хаяж гал гарсан байна” гэжээ.[3]

Энэ гал түймрийн улмаас нэхэмжлэгч Д.Баасандамбын өмчлөлийн Зил-131 маркийн, 30-43 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, чиргүүлийн хамт шатаж 14850000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдож байна. [4]

Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.2-т “эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд нь гэм буруугийн хэлбэрээс үл шалтгаалан эд хөрөнгөнд учирсан хохирлыг хариуцна”, мөн хуулийн 342 дугаар зүйлийн 342.4-т “эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа тал нь нөгөө талын зөвшөөрөлтэйгээр тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн ч гэсэн эд хөрөнгийг ашиглуулахаар шилжүүлсэн талын өмнө хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэжээ.

Иймд хариуцагч А.Эрдэнэбаатар нь Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасан “ эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, ..бүрэн бүтэн буцааж өгөх үүргээ” биелүүлээгүй тул  түүнээс 10220000  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Д.Батчулуунаас 5110000 төгрөг гаргуулах шаардлагыг тухайд; түүнийг тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа аюулгүй байдлыг хангаж өвс ачаагүй гэм буруутай үйлдлийн улмаас гал гарч тээврийн хэрэгсэл шатаж хохирол учирсан гэжээ.

Бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаас үзвэл нэхэмжлэгчид учирсан хохирол хариуцагч нарын гал түймэр гарахад нөлөөлсөн буруутай үйлдэлтэй /эс үйлдэл/ шалтгаант холбоотой тохиолдолд Д.Баасандамбын нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл бий болно. Хариуцагч А.Эрдэнэбаатар нь эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгч Д.Баасандамбын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан байна. Өөрийн эзэмшилд авсан тээврийн хэрэгслээ хариуцагч Д.Батчулуунд шилжүүлсэн. Нэхэмжлэгч Д.Баасандамба ч мөн Д..Батчулуунд  машиныг барьж явах зөвшөөрлийг  өгсөн байна.

Бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хариуцлагаас чөлөөлөгдөх учиртай.

Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.7-д  “ ..автотээврийн жолооч нь автотээврийн хэрэгслийг гал түймрээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй” гэжээ. Д.Батчулуун нь энэ үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл өвсийг машины тал бүр тийш унжуулан хэт ихээр ачиж утааны янданг тагласнаас яндангаас оч хаяж гал гарч түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэл шатсан болох нь Булган аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 150/02 дугаартай галын актаар тогтоогдож байх бөгөөд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүйг нотлоогүй тул гэм хор учруулсны хариуцлагаас хариуцагч Д.Батчулууныг чөлөөлөх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Д.Батчулуунаас  эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 5110000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар хөрөнгийн үнэлгээ эргэлзээтэй гарсан гэж маргаж байгаа хэдий ч хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан, мэргэшсэн үнэлгээчин дүгнэлт гаргасан тул хөрөнгийн үнэлгээг шүүх буруу гарсан гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар энэ хэрэгт томилогдсон иргэдийн төлөөлөгч Г.Золзаяа нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хурладаанд ирээгүй бөгөөд зохигчдын зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 342 дүгээр зүйлийн 342.2, 342.4, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч А.Эрдэнэбаатараас 10220000 /арван сая хоёр зуун хорин мянга/ төгрөг, хариуцагч Д.Батчулуунаас 5110000 /таван сая нэг зуун арван мянга/ төгрөг  гаргуулж,Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн Моностойн 5-22 тоотод оршин суух, Д.Баасандамбад олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234600 /хоёр зуун гучин дөрөв мянга зургаан зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчА.Эрдэнэбаатараас 178470 /нэг зуун далан найман мянга дөрвөн зуун дал/ төгрөг, хариуцагч Д.Батчулуунаас 96566 /ерэн зургаан мянга таван зуун жаран зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧИД                                             Г.МЯГМАРСҮРЭН

                                                           О.ОДОНЧИМЭГ