Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

                                                                                     

Хэргийн индекс 132/2017/00209/И

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 443 дугаартай шийдвэртэй,

 

 Д.Б-ын нэхэмжлэлтэй, А.Э, Д.Б нарт холбогдох гэм хорын хохирол 15330000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч А.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:   

Нэхэмжлэгч Д.Б түүний өмгөөлөгч Р.Н

Хариуцагч Д.Б

Хариуцагч А.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э

Хариуцагч А.Э-ын өмгөөлөгч М.Даваасүрэн

Нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 онд найз А-оос 13000000 төгрөгөөр чиргүүлгүй, бор өнгийн, Зил-131 маркийн, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авсан. А.Э нь 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өвсөө татах гэсэн юм машинаа өгөөч гэж гуйсан. Би өөрөө хөдөө ажлаар явах байсан учир Д.Б-аар машинаа жолоодуулж явахыг зөвшөөрч, Д.Б-ыг гуй гэж А.Э хэлсэн. Бид 10 жилд нэг ангид сурч байсан найз нөхөд учраас би зөвшөөрч маргааш нь машинаа Э-ынд аваачиж өгсөн. Би машинаа өгөхдөө яндангаас нь гал гарч магадгүй шүү, яндангийн ойр орчмын өвсийг арилгаж яваарай гэж хэлсэн. А.Э  нь Сэлэнгэ сумын нутаг “Хийдийн гүүр” гэх газраас өвс ачиж яваад “Шанш толгой” гэх газар өвсийг галын аюулгүй байдлыг хангаж ачаагүйн улмаас гал гарч миний тээврийн хэрэгсэл, чиргүүлийн хамт бүрэн шатсан. Тухайн үед галыг орон нутгийн хүмүүсийн хүчээр унтраасан. Дараа нь Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч нар ирж үзээд 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 150/02 дугаартай галын акт тогтоосон. Тээврийн хэрэгслийн үнэлгээг “Л” ХХК-иар үнэлүүлж, тээврийн хэрэгсэл, чиргүүлийн хамт 14850000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон. Шатсан тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргахад 350000 төгрөг, галын дүгнэлт гаргахад зарцуулсан шатахууны үнэ 100000 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30000 төгрөг, нийт 15330000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн үед машиныг Д.Батчулуун барьж явсан учраас А.Э-аас 10220000 төгрөг, Д.Б-аас 5110000 төгрөг гаргуулж өгнө үү.  Машинаа Э-т өгөхдөө ямар нэгэн хөлс авах талаар тохироогүй, машин гуйж манайд ирэх үед нь би шовгорын цонх, хаалга янзалж байсан учраас хаалга цонхны нугас хадах жижиг ажилд тусалсан. Түүнээс биш машинаа өгч оронд нь ажил хийлгэсэн зүйл байхгүй. Найз нөхөд учраас гуйхаар нь л өгсөн. Уг тээврийн хэрэгслийг А нь Б-ээс худалдаж авсан юм байна лээ. Би А-д 1000000 төгрөгийн өглөгтэй учраас тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан юм гэв.

Хариуцагч А.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б нь өөрөө Д.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодоод өгөөч гэж гуйсан, өөрөө зөвшөөрөл өгч тээврийн хэрэгслийг жолоодуулж явуулсан. А.Э нь Д.Б-ын шовгорын цонх, хаалга хийж өгсөн ажлынхаа хөлсөнд тээврийн хэрэгсэлд нь шатахуун хийгээд явъя гэж гуйсан. Тээврийн хэрэгслийг жолоодож байгаа жолооч аюулгүй байдлыг хангаж явах ёстой байсан. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, мөн галын хор ажиллагаагүй болсон байсан. Хэрвээ галын хор ажилласан бол галыг унтраах боломж байсан. Д.Б уг тээврийн хэрэгслийн эзэмшигч болох нь нотлогдохгүй байна. Учир нь тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Б гэдэг нь нотлох баримтаар нотлогдож байгаа учир Д.Б энэ нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Уг тээврийн хэрэгслийг Б 2013 онд 13000000 төгрөгөөр худалдаж авсан гэдэг бөгөөд үүнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байхад мөн л 13000000 төгрөгөөр үнэлж байна. 1982 онд үйлдвэрлэгдсэн хуучин тээврийн хэрэгслийг их өндрөөр үнэлсэн байна. 1982 онд үйлдвэрлэгдсэн Зил-131 маркийн машин 13000000 төгрөгөөр, 1991 онд үйлдвэрлэгдсэн Зил-131 маркийн машин 12000000 төгрөгөөр үнэлэгдээд байгаа нь эргэлзээтэй байна. Тээврийн хэрэгслийн чиргүүлийг 3500000 төгрөгөөр үнэлсэн нь  бодитой биш байна гэв.

Хариуцагч Д.Б шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Өвс ачихын өмнөх өдөр би эхнэр З.Б-ийн хамт Булган аймгийн Дундатын голд төрөл, садангийн хүн болох Э-ийн гэрийг нь нүүлгэхээр очсон байсан. Энэ үед Д.Б манай эхнэр З.Б руу утасдаж “та хоёр хэзээ ирэх вэ” гээд асуугаад байсан. Манай эхнэр З.Б маргааш, нөгөөдрөөс очих байх гэж хэлсэн. А.Э надтай Д.Б-ын утсаар ярьж машин бариад өвсөнд яваад өгөхийг гуйсан. Би маргааш очих байх гэж хэлсэн. А.Э-ыг Д.Б-ын рам дээр ажилладаг гэдгийг л мэднэ. Түүнээс биш сайн танихгүй. 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө А.Э, Д.Б нар манай гэрт ирж Д.Б маргааш бид самранд явах ажилтай, А.Э өнөөдөр өвсөндөө явъя гэж гуйгаад байна гэж хэлсэн. Би түүнд зав муутай байна, би Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож үзээгүй гэхэд А.Э “би эхнэрээсээ өөр хүнгүй хэцүү байна, та яваад өгөөч, та машины бүхээгээс ч буух шаардлага байхгүй, бид ажлаа хийнэ, зөвхөн тээврийн хэрэгсэл жолоодоод өгөөч” гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. Ямар нэгэн хөлс өгөх талаар тохироогүй. Д.Б машинаа хашаанаас гаргаад А.Э-ын гэрийн гадаанаас машины түлхүүрийг надад өгчихөөд явсан. Д.Б тээврийн хэрэгслийн нугаснаас гал гарч магадгүй гэхээр би брезэнт тавьсан. А.Э болон түүний эхнэр, бас нэг хүүхэд бид нар 1000 цагийн үед өвсөндөө явсан. Би А.Э-т тэвшээ дүүргээд дээр нь рам зангидаж байж илүү гаргаж ачна шүү гэдгийг хэлэхэд манай нутагт овоолоод ачиж болдог гээд байсан. А.Э-ын заасан газар очиход А.Э өөрөө архи уугаад унтсан байсан. Эхнэр нь ганцаараа өвс ачаад байхаар нь би хамт ачсан. Чиргүүл, толгойг нь бүхэлд нь дарж ачиж болохгүй, хэтэрхий их ачсан байна гэхэд эхнэр нь” том оврын тээврийн хэрэгсэл байж энэ зэргийн өвсийг даахгүй байхдаа яадаг юм” гээд уурлаад байсан. Өвсөө ачиж дуусах үед А.Э сэрээд өвс хамт ачсан. Би хэтэрхий их өвс ачаад байна гэж хэлсэн боловч миний үгийг тоогоогүй. Өвсөө аччихаад явахдаа яндангийн орчимд байгаа өвсийг цэвэрлэж гал гарахаас урьдчилан сэргийлсэн. “Шанш толгой” өгсөж байхад тээврийн хэрэгсэл унтарсан. А.Э гар аргаар тээврийн хэрэгслийг асаах гэж бууснаа яндангийн орчимд өвснөөс утаа гарч байна гэж хэлсэн. Бид савтай ус цацсан, мөн гараараа унтраах гэсэн боловч нэмэр болоогүй. Дуудлага өгч сумаас хүмүүс 30-40 минутын дараа ирэхэд тээврийн хэрэгсэл шатаж дууссан. Би тэдний гуйлтаар машиныг нь барьж явсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 443 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 342 дүгээр зүйлийн 342.2, 342.4, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч А.Э-аас 10220000 /арван сая хоёр зуун хорин мянга/ төгрөг, хариуцагч Д.Б-аас 5110000 /таван сая нэг зуун арван мянга/ төгрөг  гаргуулж, Булган аймгийн ... оршин суух, Д.Б-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234600 /хоёр зуун гучин дөрөв мянга зургаан зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Э-аас 178470 /нэг зуун далан найман мянга дөрвөн зуун дал/ төгрөг, хариуцагч Д.Б-аас 96566 /ерэн зургаан мянга таван зуун жаран зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаарзохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг  дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э давж заалдах гомдолдоо: ... Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 443 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-т "Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэнтэй нийцэхгүй байна. Учир нь  анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Б түүний баз хүргэн ах Д.Б нарын тайлбараар хариуцагч А.Э нь машиныг нь гуйж шилжүүлэн авсан мэтээр үндэслэх хэсэгтээ дурдсан нь учир дутагдалтай юм. Булган аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч хошууч А.Ү-гийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн авсан тайлбарт Д.Б нь өөрийн баз ах Д.Б-аар авто машинаа бариулаад явуулсан. /х.х 53/ Б нь өглөө 9 цагийн орчим орж ирээд Б ахаа та миний машиныг бариад Э-ын өвсөнд яваад өгөөч /х.х-55/ Тухайн үед таны мэдүүлэг үнэн зөв үү гэж өөрт нь уншуулахад "үнэн" гэж нэхэмжлэгч болон хамтран хариуцагч нар гарын үсэг зурсан байдаг. Мэдүүлгээр Д.Б нь өөрийн баз хүргэн ах Д.Б-д автомашинаа шилжүүлэн өгсөн нь нотлогдож байхад анхан шатны шүүх энэ талаар авч хэлцсэнгүй. Мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 499.1-т зааснаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсэн гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 499.4-т зааснаар "Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу түүнд тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэмт хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй" гэсэн хуулийн заалтыг шүүх хуралдаан дээр удаа дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүхэд хандан хэлсэн боловч энэ талаар анхан шатны шүүх огт анхаарсангүй. Хариуцагч А.Э нь автомашин жолоодоогүй, өвс ачаагүй ямар нэгэн үйлдэл хийгээгүй байхад шүүх хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргалаа.

Нэхэмжлэгч Д.Б нь автомашинаа даатгалд хамруулаагүй, галын хор авч яваагүй, янданд оч баригч байхгүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ бусдад зөвшөөрөл олгон шилжүүлэн өгчихөөд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байгаа нь хууль зүйн үндэсгүй юм.

Иймд Булган аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний 443 дугаартай Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийвдэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Б нь эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 10.220.000 төгрөгийг хариуцагч А.Э-аас, 511.000 төгрөгийг хариуцагч Д.Б-аас тус тус гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч А.Э нь нэхэмжлэгч А.Б-аас түүний өмчлөлийн Зил 131 маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт өвс ачих зорилгоор гуйж авч 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч Д.Б жолоодон Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг “Хийдийн гүүр” гэх газраас өвс ачиж яваад “Шанш толгой” гэх газар явж байхад нь ачсан өвснөөс нь гарч тээврийн хэрэгсэл, чиргүүлийн хамт бүрэн шатсан бөгөөд дээрхи үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Хариуцагч нар нь бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан болох нь Булган аймгийн онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 150/02 дугаар бүхий галын акт, хөрөнгийн үнэлгээний “Л” ХХК-ний  үнэлгээ зэргээр нотлогдож тогтоогдсон, хариуцагч нар нь гэм хорын хохиролыг хариуцан төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх учиртай хариуцагч нар гэм буруугүй болохоо нотолж чадаагүй байх тул гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 339, 342, 497.1-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 443 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч А.Э-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 178.470.0 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.ХҮРЭЛБААТАР

 

        ШҮҮГЧИД                                             С.УРАНЧИМЭГ

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ё.БЯМБАЦЭРЭН