Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 00302

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний 6 дугаар дулаан дамжуулах төвийн насосны машинист ажилтай,  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 13-12 тоотод оршин суух, Гэгээнтэн овогт Ганхуягийн Сайнням /РЖ89091722/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид холбогдох

Химийн лаборантын ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2015/01099/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нэхэмжлэгч Г.Сайнням, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг, хариуцагч байгууллагын захирал ажилтай Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Г.Сайнням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Дулааны станц шинээр ашиглалтанд орж мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх үйл ажиллагаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тухайн үед Ганхуягийн Сайнням миний бие нь 2014 оны 04 сард ажилд орсон. Анх би ШУТИСургуулийг сүлжмэлийн технологичоор төгссөн учир  мэргэжлийн дагуу дээд боловсролтой инженер хүний хувьд Эрчим хүчний яамны харъяа Эрчим хүчний хөгжлийн төвийн Дулааны станцын химийн лабораторийн сургалтанд хамрагдаж химийн лаборантын мэргэжлийн үнэмлэх авсан, мөн Дулааны станцад ажиллах инженер техникийн ажилчид нь шугам хоолой даралтат савтай ажиллах сургалтанд хамрагдаж мэргэжлийн үнэмлэх авсан.

2013 онд Хөвсгөл аймгийн Дулааны станцын ашиглалтын өмнөх захиргаа байгуулагдаж станцын үйл ажиллагааг явуулах мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх анхны хүмүүс дотор миний бие орж ажилласан бөгөөд дээр хэлсэнчлэн бүх сургалтанд бүрэн хамрагдаж 3 сарын хугацаанд суралцаж хөдөлмөрийн гэрээгээр хугацаатайгаар 6 сар, цааш нь хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөрлөж эхэлсэн

Иймд миний бие нь Дулааны станц анх үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд л ажиллаж эхэлсэн анхны үндсэн боловсон хүчин гэж үзэж байна. Ажил хөдөлмөрийнхөө гарааг энэ байгууллагаас эхэлж 3 дахь жилдээ мэргэжлийнхээ чиглэлээр ямар нэгэн доголдол, авар осол гаргалгүй мэдлэг чадвараа ашиглан хариуцсан ажлаа үнэнч шударгаар гүйцэтгэж ирсэн билээ.

Аймгийн Аудитын газраас аудитын гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхдээ химийн мэргэжлийн инженерүүдтэй уулзаж диплом, мэргэжлийн үнэмлэх, ажлын туршлага, чадварыг шалгаагүйгээр хүний эрхийг зөрчиж дүгнэлт гаргасантай санал нийлэхгүй байна гэдгээ байгууллагын захиргаанд хэлж байсан.

Гэтэл намайг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай захирлын тушаалаар үндсэн ажлаас чөлөөлж өөр ажилд түр томилсон бөгөөд энэ тухай шүүхэд хандахаар 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хүний нөөцийн менежер ажилтай Т.Хулганаагаас Б/01 дугаартай тушаалын эх хувийг болон хөдөлмөрийн гэрээг хуулбарлаж баталгаажуулж өгнө үү гэхэд өөр үндэслэл бүхий Б/01 дугаартай ажлаас чөлөөлж өөр ажилд томилсон тушаалын эх  хувийг өгсөн.

/ Захирал нь гаргасан тушаалаа 2 хоногийн дараа өөрчилсөн байсан /

Мөн хөдөлмөрийн хугацаатай гэрээ байна өөр гэрээ байхгүй байна гэсэн. Би 2016 оны хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ хуулбарлаж авъя гэхэд тийм гэрээ байхгүй гэсэн.

Аудитын газрын даргын тушаал, байгууллагын мэргэжил, ур чадвар тогтоох комиссын дүгнэлтийг үндэслэж гаргасан тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж өөр ажилд шилжүүлсэн нь буруу байна. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Байгууллагын мэргэжил, ур чадвар шалгах комисс гэж шалгалт дүгнэлт хийж байсан удаа байхгүй. Ийм комисс байдаг тухай мэдэгдэж байгаагүй юм. Б.Мөнхсайхан захирлын 2016 оны 12 сарын 15-ны өдрийн А/39 тоот гаргасан тушаалаа  инженер техникийн ажилчдад урьдчилж мэдэгдсэн байх ёстой байхад мэдэгдээгүй, Эрчим хүчний тухай хууль болон ашиглалтын дүрэм, техник ашиглалтын дүрэмд зааснаар  байгууллагын ерөнхий инженер болон бусад мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн комисс байх ёстой байдаг гэвч ийм бүрэлдэхүүн томилогдож шалгалт авагдаагүй байгаа ба шалгалт авах хугацаа нь ч болоогүй байгаа болно. Энэ шалгалт нь дүрэмдээ 2-3 жилд нэг удаа авч байх ёстой байдаг.

Хөвсгөл аймгийн Дулааны станц нь 2014 оны 10 сараас эхэлж үндсэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн энэ хугацаанд миний бие нь химийн лаборантын мэргэжлээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2016 оны 04 дүгээр сард Хөвсгөл Дулааны ТӨХК болох шийдвэр нь Засгийн газраас гарч 2016 оны 04 сарын 11-ний өдөр “Хөвсгөл Дулааны станц” ТӨХК болж улсын бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээгээ авч үндсэн үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд дахин хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр бүх ажилчидтай хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулсан.Одоо надтай ямар нэг хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулах үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халж өөр ажилд шилжүүлсэн тул урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Сайнням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр тушаал гарахаас өмнө 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр намайг Хөвсгөл дулаан дамжуулах төв дээр очиж гараарай гэхээр очсон тэгсэн надад 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал өгсөн. Тэгэхээр нь би тушаалаа аваад шүүхэд өгье гэхэд надад өмнөх тушаалаа хүчингүй болгочихоод дахин өөр тушаал өгсөн. Дахин гаргасан тушаал дээр нь аудитын дүгнэлт, мэргэжлийн ур чадвар тогтоох коммисын дүгнэлтийг үндэслэсэн байсан. Манай байгууллагад мэргэжлийн ур чадвар тогтоох комисс гэж байдаггүй. Мэргэжлийн ур чадвар тогтоох комисст нь манай хүний нөөцийн мэргэжилтэн Хулганаа, Ганзориг, Лхагвадулам гэсэн хүмүүс байдаг энэ бол хууль бус гэж үзэж байна. Би хуучин эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгомоор байна. Миний хувийн хэргээс Эрчим хүчний төвд суралцаж мэргэжлийн химийн лаборант гэсэн үнэмлэх   байсан тэрийг маань хувийн хэргээс сугалаж авсан байсан. Мөн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ маань алга болсон байсан. Одоо ажиллаж байгаа ажлын байранд намайг түр томилсон. Иймд хуучин эрхэлж байсан тушаалд минь эгүүлэн томилж өгнө үү гэв.

       Хариуцагч “Хөвсгөл Дулаан станц” ТӨХК-ны захирал Б.Мөнхсайхан шүүхэд гаргасан тайлбартаа:   Г.Сайннямын Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учир хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай хэлсэн боловч гэрээ байгуулаагүй ба Г.Сайннямын тухай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Аудитын А/22 тоот тушаалын дүгнэлтээр мэргэжлийн бус гэсэн дүгнэлт гарч тухайн ажлын байранд мэргэжлийн хүн ажиллуулах зөвлөмж өгсөн. Манай байгууллага эрчим хүчний системийн онцгой байгууллага ба мэргэжлийн боловсон хүчин байхыг шаарддаг тул дээрх шалтгаанаар байгууллагын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн мэргэжил ур чадвар  тогтоох комиссын 01 дүгнэлтийг үндэслэж Г.Сайннямыг цалин нөхцөл, ур чадварт тохирох ажилд шилжүүлсэн болно. Мэргэжлийн бус байгаа тухай 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөртэй нь биечлэн уулзаж мэдэгдэж байсан билээн.Г.Сайннямын хувийн хэрэгт мэргэжлийн гэх баримт байхгүй байсан  учраас өөр ажилд шилжүүлсэн нь хууль бус шийдвэр гэж үзэхгүй байна гэжээ.  

      Мөн хариуцагч”Хөвсгөл Дулаан станц” Төрийн өмчит хувьцаат компаний захирал  Б.Мөнхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Миний хүсэлтийг хүлээж аваагүйд гомдолтой байна. Хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс “тэгж бодож байна”, “тэгсэн байх” гэж хариулж мэдүүлэг өгсөн байдаг. Тиймээс би дахин гэрчийн мэдүүлэг авч өгөөч гэж хүсэлт гаргасан. 2016 оны 11 дүгээр сард би одоо эрхэлж байгаа ажлаа авсан. Ажлаа аваад би ажилтануудын ажлын байрны тодорхойлолт хувийн хэрэгтэй танилцсан. Аудитын дүгнэлтээр энэ байгууллагад мэргэжлийн хүн ажиллахаас өөр аргагүй, ажлын байр бол химийн лаборант байсан. Химийн лаборантын ажил бол маш хариуцлагатай ажил. Ингээд Сайннямын хувийн хэрэгтэй танилцахад мэргэжлийн бус хүн байсан. Өөрийн биеийн байцаалтандаа бас өөрийнхөө мэргэжлийг тодорхой хэллээ. Үүгээрээ болон аудитын дүгнэлтээр мэргэжлийн бус хүн гэдэг нь нотлогдож байна.  Би нэхэмжлэгчийг дуудаж уулзаад та мэргэжлийн бус хүн байна, хөдөлмөрийн гэрээний чинь хугацаа дуусгавар болсон байна. Дахин гэрээгээ байгуулаарай гэж хэлсэн боловч өөрөө хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, түүний гэрээний хугацаа дууссан. Ингээд түүнийг эрхэлж байсан ажлаас нь чөлөөлж түүний оронд МУИС-ийн химийн ангийг төгссөн Маралмаа гэж жирэмсний амралттай байсан хүнийг авч ажиллуулж байгаа. Би Аудитын дүгнэлтийг нотлох баримт мөн гэж үзэж байна. Би мэргэжлийн хяналтын газарт дүгнэлт гаргаж өгөөч гэж хэлэхэд манайд хандах шаардлагагүй, танайх өөрсдөө дотооддоо комисс байгуулаад дүгнэлт гаргаж болно гэсний дагуу би дотооддоо комисс томилоод 4-5 хүний ажлын байрны дүгнэлтийг гаргаж өгөөч гэсний дагуу тус комисс дүгнэлтээ гаргасан. Би нотлох баримтаар уг дүгнэлтийг гаргаж өгсөн. Өмнө нь хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ганзоригоос Сайннямын хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээ байсан юм уу гэж асуухад байгаагүй, хувийн хэрэгт байсан зүйл нь энэ л байна гэж хэлээд надад хувийн хэргийг нь үзүүлсэн. Дараа нь мөн Ганзоригоос ажлыг нь хүлээн авсан Хулганаагаас Сайннямын хувийн хэрэгт энэ хүний хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээ байсан уу гэхэд байгаагүй гэж хэлсэн байдаг. Анх Сайннямын ажилд орсон тушаалыг гаргаж өгсөн. Ингээд энэ хүнийг мэргэжлийн бус байна гэж өөр ажилд шилжүүлэн томилсон. Би шаардлагатай бүх баримтаа шүүхэд өгсөн. Нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх байх гэж бодож байна. Манай хүний нөөцийн мэргэжилтэнүүд хүний хувийн хэргээс баримт алга хийх хүмүүс гэж бодохгүй байна. Түүний хувийн хэрэгт мэргэжлийн хүн гэдгийг нь нотлох ямар нэгэн баримт бичиг байгаагүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Сайнням нь хариуцагч Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан химийн лаборантын ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

         Хариуцагч нь Г.Сайннямыг Хөвсгөл аймгийн Аудитын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/22 тоот тушаалаар  мэргэжлийн бус гэсэн дүгнэлт гарч тухайн ажлын байранд мэргэжлийн хүн ажиллуулах зөвлөмж ирүүлсэн ба байгууллагын мэргэжил, ур чадвар тогтоох комиссын  дүгнэлтээр Г.Сайннямыг ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй гэсэн тул  цалин, хөлс, ур чадварт нь тохирсон өөр ажилд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

Г.Сайнням нь Хөвсгөл дулааны станц, дулааны шугам сүлжээний ажиглалтын өмнөх захиргаа, Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс химийн лаборантаар ажиллаж байсан нь 2015 оны 02 дугаар сарын 01 ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон түүний тайлбар зэргээр,   насосны машинистаар тус тус ажиллаж байсан болох нь  ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдов.

Ажил олгогч нь нэхэмжлэгч Г.Сайннямд холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тоот “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” өөр, өөр үндэслэл бүхий хоёр  тушаалыг гаргасан байдаг бөгөөд  ажил олгогчийн буюу хариуцагч энэ талаараа шүүх хуралдаанд тайлбарлахдаа эхний тушаал дээр аудитын дүгнэлт болон байгууллагын мэргэжил ур чадварын комиссын дүгнэлт зэргийг үндэслээгүй байсан учир дахиж гаргасан гэж тайлбарладаг боловч энэ нь байгууллагын даргын эрх хэмжээнд байхгүй байна.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь эхний гарсан тушаал дээр аль аль тал нь  маргахгүй гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан тул маргааны үйл баримт болох  хоёр дахь  тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд заасан /  хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулах гэх/ заалтуудыг баримтласан байх тул ямар үндэслэлээр холбогдох заалтыг хэрэглэж, ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.Тухайн хуулийн 21,24 дүгээр зүйлийн ямар заалтыг баримталсан болох нь тодорхойгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “байнгын ажлын байр”-д ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар “хугацаагүй” байх бөгөөд ажилтантай энэ талаар тохиролцсон зүйлгүй байна.

Мөн хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа … Энэ хүний хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байсан учир би Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дэх заалтыг барьсан... гэсэн байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д” Ажил олгогч буюу түүний эрх олгосон алтан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд  Хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг нь ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна.

Г.Сайннямыг ажлаас чөлөөлж ажилд томилсон тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 21,24 дүгээр зүйлийг үндэслэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн тушаалд Г.Сайннямыг нэхмэлийн үйлдвэрийн технологич мэргэжилтэй, сүлжигчийн чадамжийн гэрчилгээтэй, тухайн ажлын байранд тавигдах тусгай шалгуур үзүүлэлтийг  хангахгүй гэх Хөвсгөл аймгийн Аудитын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08ны өдрийн А/22  тоот тушаал, байгууллагын мэргэжил, ур чадвар тогтоох комиссын дүгнэлтийг тус тус үндэслэн химийн лаборантын ажлаас чөлөөлж, насосны машинчаар түр томилсон  нь  Г.Сайннямын эрх зүйн байдлыг илтэд дордуулсан бөгөөд тухайн байгууллагын ажилчдын мэргэжил, ур чадварын байдалд хийсэн комиссын дүгнэлт нь 1-рт Аудитын байгууллагын дүгнэлтэнд үндэслэсэн 2-рт комисс нь мэргэжил ур чадварыг тогтоох зорилгоор ямар нэгэн шалгалт авч шалгаруулалт явуулсан зүйлгүй байна. Мөн хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа… Ингээд энэ хүнийг мэргэжлийн бус байна гэж өөр ажилд шилжүүлэн томилсон… гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгох ба хуульд өөрөөр заагаагүй бол боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил,  ур  чадварын  хувьд гүйцэтгэж байгаа ажил,  албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэсэн заалтыг зөрчжээ.  

Иймд Г.Сайннямыг ажлаас чөлөөлж,ажилд томилсон 2017 оны 01-р сарын 02 ний өдрийн Б/01 дугаартай Хөвсгөл аймгийн “Хөвсгөл Дулааны станц” төрийн өмчит хувьцаат компаний захирал Б.Мөнхсайханы тушаал нь үндэслэлгүй байх ба Г.Сайннямыг хуучин эрхэлж байсан ажил болох тус компаний химийн лаборантаар эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.  

Зохигчоос ирүүлсэн дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн цалингийн тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар нь хэдэн сард 633.221 төгрөгийн цалин авч байсан болох нь тодорхойгүй, хариуцагч байгууллагын шүүхэд гаргаж өгсөн Хөвсгөл аймгийн Аудитын газрын 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн ХӨВ-ХАК-2015/25-СТА-ТШЗ.2/20 тоот “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар энэ хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Сайннямыг Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний химийн лаборантын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч “Хөвсгөл Дулаан станц” төрийн өмчит компаниас улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА