Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 59

 

 

 

 

 

 

 

 

 

         

              Б.А, Г.А нарт холбогдох

                эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг  даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Т.Отгонтөгс,

шүүгдэгч Б.А,

            хохирогч А.Б,

            нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 2071 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Отгонтөгсийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.А, Г.А нарт холбогдох 1708025301150 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б......... овгийн Г............. А............, Баянхонгор аймгийн Богд суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл .., эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, “.........” хорооллын .. дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ВЗ............/,

 

2. М........ овгийн Б................ А........., Булган аймгийн Баян-Агт суманд 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Монгол банкны Судалгаа, статистикийн газрын Статистикийн хэлтэст эдийн засагч ажилтай, ам бүл .., эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, “Орчлон” хорооллын .. дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ГА............../,

 

Г.А нь  2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Орчлон” хорооллын 41 дүгээр байрны гадна хохирогч А.Б-ыг өдөж хоргоон нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 Б.А нь эцэг А.Б-ыг зодлоо гэх шалтгаанаар Г.А-ийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.А, Г.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.А, Г.А нарт холбогдох эрүүгийн 1708025301150 дугаартай хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч А.Б, Г.А нар өөрт учирсан гэм хороо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Отгонтөгс бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжид “... уг хэргийг хүлээн авснаас хойш боломжит хамгийн богино хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, хэргийн оролцогч нарын хүсэлт, гомдол гаргах эрхээр нь хангасны үндсэн дээр талуудын саналыг харгалзан шүүх хуралдааныг боломжит ойрын хугацаанд товлон хуралдуулж буй нь энэ билээ” гэж тусгасан атлаа шүүх хуралдааны хэлэлцүүлэг ямар шат хүртэл явагдаад шүүх хуралдааныг хэрхэн зогсоосон, шүүгдэгч нарын гэм бурууг хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй байна. Шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийгээгүй атал захирамжлах хэсэгт хохирогч нар өөрт учирсан гэм хороо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсан байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн биеийн байцаалтыг шалгаагүй, ер нь шүүхийн хэлэлцүүлэг явуулаагүй атлаа шүүгчийн захирамжинд биеийн байцаалтыг тусгаж, шүүх хуралдаан явуулсан мэтээр захирамждаа дурьдсан нь ойлгомжгүй байна. Мөн шүүгчийн захирамжинд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж, 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэж тус тус томъёолсон нь мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан ерөнхий зохицуулалттай зөрчилдөж байна. Мөн Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох зохицуулалтай ч зөрчилдөж байна.

Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа уг хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг хөөн хэлэлцэх хурацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор буюу яллагдагчаар татагдсанаар хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсоохоор зохицуулсан байсныг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулахдаа холбогдох хуулийн зүйл, хэсэг, заалтыг үндсэн өөрчлөлтөндөө нийцүүлээгүйн улмаас Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хоорондоо зөрчилтэй олон хэм хэмжээ бий болжээ” гэж хуулийг өөрт олгогдоогүй эрхээр тайлбарлаж, улмаар хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх эрүүгийн эрх зүйн суурь зарчим /гэм буруугүйн преумц/-ыг удирдлага болгох нь зүйн хэрэг гэж үзсэн нь буруу байна.

Шүүгч “...Улсын яллагч шүүх хуралдаанд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх...” санал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүр эрхийнхээ хүрээнд хэргийг хянаад 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Г.А, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 2018 оны 10 дугаар сарын  22-ны өдөр эрүүгийн 1708025301150  дугаартай  хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байхад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэснийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Шүүх “гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцээгүй нь хохирогчийн хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хороо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг хөндөхгүй, хязгаарлахгүй болохыг дурьдаж байна” гэжээ.

Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлд заасан “Хэрэг маргааныг хянан шийдвэрлээд анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах шийдвэрийг, шүүгч шийтгэвэр гаргана” гэж заасныг зөрчиж, гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй шүүгчийн захирамж гаргасан атлаа хохирогчийн хувьд гэм хорыг нэхэмжлэх эрхийг заасан байгаа нь ойлгомжгүй ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр нь хуулийн шаардлагыг хангаагүй, илт үндэслэлгүйгээр гэм буруугийн асуудлыг тогтоогоогүй, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 2071 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хохирогч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэргийн тухайд энгийн хоёр хүн маргалдсан л үйл явдал юм. Би прокурор болон мөрдөн байцаагчид хүсэлт тавьж байсан бөгөөд миний зүгээс тавьсан хүсэлтүүдийг огт хэлэлцээгүй. Бид нар хоорондоо тохиролцоод эвлэрэх боломжтой гэж мөрдөн байцаалтын явцад хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт тавьсан. Шүүгчийн захирамжид хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас гэм буруугийн асуудлыг хэлэлцэх боломжгүй гэсэн. Шүүгчийн захирамжид бид гомдол гаргаагүй. Энэ захирамжинд улсын яллагч эсэргүүцэл бичсэн. Миний хувьд шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйл байхгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.А, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Г.А, Б.А нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр шүүгчийн захирамж гарган шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтаас үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнээс хамааран хөөн хэлэлцэх хугацааг харилцан адилгүйгээр тогтоосон учир шүүхэд шилжүүлсэн хэргийн хувьд шүүгдэгчийн холбогдсон хэргийн зүйлчлэл, түүний нотлогдсон байдал буюу гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь хууль зүйн хувьд боломжгүй юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг шийдвэрлэнэ.” гэж зааснаас үзвэл шүүх хуралдаанаас шийтгэх, эсхүл цагаатгах тогтоол гаргахаар тодорхой хуульчилсан байхад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн хэргийг шүүгчийн захирамж гарган хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. 

 

Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн агуулгаас үзвэл гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогч маргасан тохиолдолд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэхээр заажээ. Шүүгдэгч Б.А яллагдагчаар мэдүүлэхдээ “... Би А-ийг цохиж, зодсон ямар нэгэн үйлдэл гаргаагүй ...” /хх 91/ хэмээн гэмт хэрэг үйлдээгүй талаар маргасан байхад шүүх гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэхгүйгээр шүүгчийн захирамж гарган эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус шийдвэр болжээ.

 

Дээрх үндэслэлээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй гарсан байх тул эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон Г.А, Б.А нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2071 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.А, Б.А нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Г.А, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                                Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН