Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2019/0060

 

2019 оны 01 сарын 28 өдөр  Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2019/0060

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, Л.Өлзийжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З ОНӨААТҮГ,

Хариуцагч: Нзд,

Хариуцагч: СБЗД,

Гуравдагч этгээд: И ХХК,

Гуравдагч этгээд: А ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/435 дугаар захирамжийн И ХХК-нд холбогдох, Нзд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжийн И ХХК-нд холбогдох, Нзд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Т.У, хариуцагч Нзд итгэмжлэгдсэн төлөөлөгч А, гуравдагч этгээд И ХХК-ийн өмгөөлөгч Д, гуравдагч этгээд А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, өмгөөлөгч С, иргэдийн төлөөлөгч П.Гнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  З ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөнтэй холбогдуулан Нзд 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн

А/524 дугаар захирамжийн И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар өөрчилж өгнө үү гэж тодруулсан. Анх нэхэмжлэлд илт хууль бус болохыг тогтоолгохоор гаргасан нь редакцын алдаа гаргасан байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжийн И ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай үндсэн шаардлагын хүрээнд тайлбарлая. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, хуучнаар Автобус 3 баазын эзэмшлийн газраас дүүргийн Засаг дарга хуулиар олгогдоогүй эрх хэмжээгээ хэтрүүлж бусдад газар олгосон.

Тухайлбал Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасныг илт зөрчсөн байна. Дүүргийн Засаг даргын захирамжаар газрын хэмжээг 0.5 га гэж тогтоосон бөгөөд газрын гэрчилгээ дээр 1500 м.кв болж газрын хэмжээ өөрчлөгдсөн. И ХХК-ийн холбогдох газрыг 2007 онд олгосон боловч уг компани нь 2008 онд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна. Хуулийн этгээд байгуулахаас өмнө газар олгосон нь хууль зүйн хувьд боломжгүй зүйл юм. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна. гэж заасныг зөрчиж байна. Тус шийдвэрээр газрыг 5 жилийн хугацаатай олгосон ба 2012 онд газар эзэмших эрхийн хугацаа дууссан байхад 2015 онд дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийг сунгасан нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна.

Ингээд 2007 онд гаргасан шийдвэрийг 2015 онд хүчингүй болгож, Нзд 2015 оны шийдвэрийг 2016 оны шийдвэрээр хүчингүй болгосон тул хууль бус байсан болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан.

Нзд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 тоот захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших хууль ёсны эрхэд халдаж, эзэмшиж буй газрын хэмжээг бууруулсан байна. Газрыг хуулийн дагуу эзэмшиж, ашиглаж, хамгаалж ирсэн бөгөөд 1998 онд анх 36.777 м.кв талбай хашаалсан байдаг. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын санал, зөвшөөрлийг авалгүй бусдад олгосон нь хууль зүйн хувьд алдаатай шийдвэр тул уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нзд 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 тоот захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж заасныг зөрчиж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна.,  мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-т Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ. гэж заасан байна. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь нийслэлийн өмчит хуулийн этгээд болохын хувьд уг байгууллагын өмчийг шилжүүлэх эрх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хамааралтай тул өмчийн эзэн буюу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал, зөвшөөрөл авсны үндсэн дээр бусдад шилжүүлэх нь зүйтэй.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэж Засаг даргын бүрэн эрхийг зохицуулсан байна. Дээрх заалтыг тухайн үед шийдвэр гаргахдаа баримтлаагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлд дурдсан Нийслэл, дүүргийн Засаг дарга нарын захирамжууд Газрын тухай хууль, Төрийн болон орон нутгийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Нзд итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нздд холбогдох хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгчээс Нзд 2015 оны А/829 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг болгуулах, 2016 оны А/524 дүгээр захирамжийн И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-д 2004 оны захирамжаар 32.100 орчим м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүнээс хойш Нзд захирамжаар талбайн хэмжээг багасгасан зүйлгүй. Нзд 2015 оны А/829 дугаар захирамжаар бусад газар эзэмших эрх олгогдсон аж ахуйн нэгжүүдийг хасаж, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын газар эзэмших эрхийг 25.000 м.кв хэмжээтэйгээр газар эзэмших эрхийг баталгаажуулсан.

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ болон дүүргийн Засаг даргын зүгээс аж ахуйн нэгжүүдэд газар шилжүүлсэн байдаг. Ингэхдээ нэхэмжлэгчид хамаарах газрын хэмжээтэй холбоотой өөрчлөлт ороогүй. И ХХК-д холбогдох хэсэгт нэгэнт дүүргийн Засаг даргын удаа дараагийн захирамж гарсан бөгөөд үүнийг 2016 онд баталгаажуулсан. Ингэхдээ Нзд 2015 оны А/829 дүгээр захирамжаар бусдын эзэмшиж байсан газартай ямар нэгэн байдлаар давхцалгүйгээр  Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын газрыг баталгаажуулсан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар дүүргийн Засаг даргын захирамж илт хууль бус болох нь тогтоогдлоо гэж үзэхэд Нзд захирамжууд хүчингүй болох нөхцөл байдал үүснэ. Илт хууль бус захирамжид үндэслэж гарсан дараагийн захирамжууд хууль зүйн үр дагаваргүй, үйлчлэлгүй болно.Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ олон аж ахуйн нэгжүүдэд газар шилжүүлж байх үед нэхэмжлэл гаргаж байгаагүй бөгөөд Нзд 2015 оны А/829 дүгээр захирамжтай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгийг шүүх анхаарна уу гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхонтуул шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  З ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй тус дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамж, 2015 оны А/435 дугаар захирамжийн И ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны актад тооцуулах тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Маргаан бүхий дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь хэсэгт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт "энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах. гэж тус тус заасныг үндэслэн "И" ХХК-д үйлчилгээний барилга барих зориулалтаар 0,05 га газар эзэмшүүлж, улмаар дүүргийн Засаг даргын 2015 оны А/435 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан байна.

Иймд дээрх маргаан бүхий Засаг даргын захирамж нь нэхэмжлэгчийн эрх ашиг болон бусдын эрх ашгийг зөрчөөгүй, хуульд заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захирамж тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

"И" ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Барсүрэнг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан гуравдагч этгээдээр татан оролцуулах, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй Нзд, СБЗДд холбогдуулан гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох тухай бие даасан шаардлагыг дэмжиж байна. гэжээ.

Гуравдагч И ХХК-ийн өмгөөлөгч Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр өгсөн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай танилцлаа. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамж,  2015 оны А/435 дугаар захирамжийн И ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсныг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байна. Үүнийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө тодруулж асуухад хууль бус байсан болохыг тогтоолгох үндэслэлээ тодруулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг үндэслэж тайлбарлаж байна гэж үзэх гэхээр  мөн хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус болох гэдэг заалтын дагуу тайлбарлаж байна гэж ойлгогдохоор эргэлзээтэй тайлбарлаж байсан. Гэвч хуулийн аль заалтыг үндэслэн тайлбарлаж байгаа нь тодорхойгүй байна.

Хууль бус байсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд 2008 онд дүүргийн Засаг даргын захирамжтай холбогдуулан дэмжиж байгаа тухайгаа илэрхийлж байсан. Энэ нь хэрэгт авагдсан байгаа. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын байр суурь дарга солигдсоноор өөрчлөгдөж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгохтой холбогдуулан хариу тайлбар хэлэхэд шугам сүлжээний газар буюу инженерийн шугамтай холбогдох боломжтой газар гэж үзэж үүнийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг үндэслэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Тухайн газар инженерийн шугамтай холбогдсон, холбогдохоор төлөвлөгдсөн нөхцөл байдал байхгүй болох нь шүүхэд шинээр ирсэн баримтаас харагдахгүй байна. Иймд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасны дагуу хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар дүүргийн Засаг дарга тухайн газарт бусдад газар эзэмшүүлэх эрхтэй. Хууль хэрэглээний хувьд Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэх боломжгүй. Учир нь уг хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн тул уг хуулийг хэрэглэх боломжгүй. Тухайн үед хэрэгжиж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хууль бус болон илт хууль бус захиргааны актын талаар тодорхой зохицуулалтууд байдаг.

Уг хуульд захиргааны актыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах боломжтой болохыг мөн тусгажээ. Хуулийн зөрчилтэй тохиолдолд шүүхээс шийдвэр гаргах боломжтой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Газрын тухай хуулийн 2003 оноос хэрэгжиж эхэлсэн. Хуульд зааснаар тодорхой эрх шилжүүлэхээр бол газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан байх шаардлагатай. Ямар нэгэн байдлаар Автобус 3 ХХК-аас И ХХК-д газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн тухай баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Хувийн хэрэгт 2007 оны Сүхбаатар дүүргийн Газрын албанаас ирсэн бичгийн баримтыг шүүж үзэхэд И ХХК-аас хүсэлт ирүүлээгүй байна. Энэ нь Сүхбаатар дүүргийн Газрын албанд шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон. Тухайн үед байгуулагдаагүй байсан учраас хүсэлт гаргах боломжгүй байсан нь ойлгомжтой.

Тухайн талбайд газар олголт хийхдээ Засаг даргын захирамж гарсны дараа нөхөж бүрдүүлсэн болох нь харагдаж байна. И ХХК-ийн эзэмшлийн талбай нь Автобус 3 ХХК-ийн зүүн талд 500 м.кв талбай бүхий байдлаар захирамжид тусгасан боловч газар эзэмших эрхийн гэрчилгээнд 1500 метр квадрат талбайгаар бичигдсэн байдаг. Эдгээр нөхцөл байдлыг тодруулахад хувийн харилцаа үүсгэж, Автобус 3 ХХК-ийн захирлаас гуйсан байх магадлалтай.

Нэхэмжлэгчээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 09065/215 дугаартай газрын тухай дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд 10 орчим зөрчил байна гэж тогтоосон байна. Мөн Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн албан бичигт тухайн газар нь дэд бүтэц бүхий газар байна гэж тодорхойлогдсон байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын И ХХК-д газар эзэмшүүлэх тухай захирамж гаргахдаа Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ийн дотоод үйлчилгээний зориулалтаар ашигладаг шатахуун түгээх станцыг оруулан газар олгосон байна. Тухайн газарт огт үзлэг хийлгүй асуудлыг шийдсэн нь Газрын тухай хууль болон Геодези, зураг зүйн газрын газар эзэмших гэрчилгээ олгох журмыг зөрчсөн байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007, 2015 оны захирамжууд удаа дараа хууль зөрчсөн болох нь дээр дурдсан баримтаар нотлогдож байна гэж үзэж байна. гэв.

Гуравдагч этгээд А ХХК-ийн С өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль ёсны дагуу гарсан гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу тухайн захиргааны акт хүчингүй болсон тохиолдолд ач холбогдолгүй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно. Эрх зүйн зөрчилтэй гэдгийг нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу эрх хэмжээний хүрээнд хамаарах хязгаарлалтууд юм. Нзд Улаанбаатар хотын аль хэсэгт газар олгох эрхтэй тухайд инженерийн шугам сүлжээ бүхий газарт олгохоор хуульчилсан байна.

Нздас ирсэн албан бичигт нэхэмжлэгчийн одоо эзэмшиж байгаа болон өмнө нь эзэмшиж байсан газар нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон гэдгийг зургаар баталж ирүүлсэн байна. СБЗД Газрын тухай хуулийн хэм хэмжээг зөрчжээ. Шүүхээс хийсэн үзлэгээр И ХХК нь газар эзэмшихдээ Газрын тухай хууль, журмуудыг баримтлаагүй болох нь тодорхой байна. Газар эзэмших хүсэлт байхгүй байхад ямар үндэслэлээр СБЗД шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Газар эзэмших эрхийг 2015 онд баталгаажуулахдаа хугацаа нь дууссан байхад баталгаажуулсан нь хууль зөрчсөн. Гуравдагч этгээд И ХХК-тай холбоотой Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжууд Газрын тухай хуулийн маш олон зүйл заалтуудыг зөрчсөн гэдэг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Нзд захирамжуудтай холбоотой тайлбар өгөхөд Гуравдагч этгээд И ХХК-д олгосон Нзд захирамжууд Сүхбаатар дүүргийн Засаг даргын өмнөх захирамжуудыг баталгаажуулсан гэж тайлбарлаж байна. Энэ нь үндэслэл болсон захиргааны акт нь Газрын тухай хуулийг зөрчсөн гэдэг нь харагдаж байна. Анхнаасаа хууль зөрчсөн актад үндэслэн баталгаажуулсан нь хүчингүй болгох, хууль бус захиргааны актад хамаарна гэж үзэж байна. Зорчигч тээврийн нэгтгэл ОНААТҮГ-д 2004 онд олгогдсон газрын хэмжээ 32.000 м.кв талбайтай байна.

И ХХК-ийн одоогийн эзэмшиж байгаа газраас хасуулах нэхэмжлэгчийн хүсэлт байхгүй. Газар эзэмшигчийн хүсэлтийг харгалзан үзэлгүйгээр газрын хэмжээг бууруулсан нь үндэслэлгүй байна. Иймд хүчингүй болгох ёстой захиргааны акт гэж ойлгож байна. А ХХК-ийн зүгээс хэлэхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч  З ОНӨААТҮГ-аас 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжийн И ХХК-нд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нзд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжийн И ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нзд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нзд 2016 оны А/524 дүгээр захирамжийн И ХХК-нд холбогдох илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа уг захирамжийг хүчингүй болгох гэж тодруулсан тул дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.

1.     З ОНӨААТҮГ-ыг /хуучин нэрээр Автобус 3/ Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 356 дугаар тогтоолоор байгуулж, Нзд 1997 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн А-98 дугаар захирамж[1], 1998 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А-64 дугаар[2] захирамжуудаар 3,7 га газар олгож, 1996 оны 04 дүгээр сарын 16-ны[3] өдөр, 1999 оны 09 дүгээр сарын 13-ны өдрүүдэд 36777 м2 газар ашиглах гэрээг[4] тус тус байгуулжээ.

Улмаар Нзд 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар талбайн хэмжээ 32120 м2 болгож, мөн Засаг даргын 2015

30 дугаар захирамжаарталбайн хэмжээ 32120 м2 болгож, мөн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжаар[5] талбайн хэмжээ 25000 м2 болгон өөрчилж, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ[6] байгуулж, гэрчилгээ[7] олгосон байна.

2.    Гуравдагч этгээд И ХХК-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжаар[8] 0,05 га газар эзэмшүүлсэн байх бөгөөд 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээнд[9] 1500 м2-аар бичигдэж, 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ[10] байгуулжээ.

Улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжаар[11] 1500 м2 газрыг эзэмшүүлж, мөн өдөр газар эзэмшүүлэх гэрээ[12] байгуулж, гэрчилгээ[13] олгосоныг Нзд 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжаар[14] баталгаажуулсан байна.

3.    Тус шүүхээс гуравдагч этгээдэд олгосон газрын талбайн хэмжээ, байршил хэрхэн өөрчлөгдсөн болон анх газар эзэмшиж, ашиглахаар хүсэлт гаргасан эсэхийг тодруулахаар 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд үзлэг хийхэд дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхтэй холбоотой газрын хувийн хэрэг архивт байхгүй, дүүргийн Засаг даргын 2015 оны А/435 дугаар захирамжтай хувийн хэрэгт мөн газар эзэмшиж, ашиглахаар гаргасан хүсэлт, өргөдөл байхгүй болох нь тогтоогдсон.

4.  Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/10551 албан бичгийн хавсралтаар ирүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа[15] болон хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр гуравдагч этгээд И ХХК 2008 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр үүсгэн байгуулагджээ.

Дээрхээс дүгнэвэл гуравдагч этгээд И ХХК үүсгэн байгуулагдаагүй, газар эзэмшихээр хүсэлт гаргаагүй байхад түүнд дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгосон нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно, 31 дүгээр зүйлийн 31.1-д Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна, 38 дугаар зүйлийн 38.1-д Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана гэж тус тус заасныг зөрчжээ.

5.  Гуравдагч этгээд И ХХК-иас Автобус 3 УҮГ нь 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 64 тоот дүүргийн Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрч байна, тусгаарлаж хашихад татгалзах зүйлгүй гэсэн албан бичиг нь гуравдагч этгээдэд газар эзэмшүүлснээс хойш гарсан байх бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ байх шаардлагыг хангасан баримт бичиг биш юм.

6.  Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамжид газрын байршлыг /Автобус 3-ын зүүн талд/ 0,05 га газар гэж заасан хэдий ч 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээнд 1500 м2 газар гэж захирамжид заасан хэмжээг нэмэгдүүлсэн, 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн кадастрын зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/2148 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн нийслэлийн газрын кадастрын мэдээлэлийн сангийн зургаас үзэхэд нэхэмжлэгчийн газартай гуравдагч этгээд И ХХК-ийн газар давхацсан зэргээс дүгнэхэд дүүргийн Засаг даргын 2015 оны А/435 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчжээ.

7.  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Нзд газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 21.2.3-д Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасан бөгөөд маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон болох нь Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09/259 тоот албан бичгээр нотлогдож байх тул Сүхбаатар дүүргийн Засаг даргыг өөрт эрх олгоогүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжийн И ХХК-нд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон хэдий ч дээр дурьдсан үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актууд нь хууль бус болох нь тогтоогдож байх тул дүүргийн Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамж, уг захирамжаар газар эзэмшүүлсэн газрыг баталгаажуулсан Нзд 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжийн И ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

8.  Нзд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газрыг 25000 м2 болгон өөрчилж, багасгаснаас зөвхөн гуравдагч этгээд И ХХК-тай холбогдуулж талбайн хэмжээ 26500 м2 байх ёстой гэх үндэслэлээр маргажээ.

Нзд 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар 32120 м2 олгосон газраас Магнай трейд ХХК, Шинэ барилга ХХК, Капитрон банк, Ганням ойл ХХК, Гавьжийн шандын төмөрлөг ХХК-д тус тус газар шилжүүлэн эзэмшүүлсэн байх бөгөөд Нзд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосноор эдгээр хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байх тул Нздас гуравдагч этгээд И ХХК-д олгосон газрын хэмжээг оруулан нэхэмжлэгчийн газрын хэмжээг тогтоосон захирамж шинээр гаргах хүртэл Нзд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийг Захиргааны хэрэг хянан шийввэрлэх туахй хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.11, 106.3.12 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч  З ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй Нздд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/435 дугаар захирамж, Нзд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжийн И ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Нзд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 (гурав) сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нзд нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан нөхцөл байдлыг сайтар судалж, Нздас гуравдагч этгээд И ХХК-д олгосон 1500 м2 газрын хэмжээг оруулан нэхэмжлэгчийн газрын хэмжээг тогтоох зорилгоор дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 (гурав) сарын хугацаанд хариуцагч Нзд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нзд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нзд, хариуцагч СБЗДас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ