Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 152

 

Ариг банкны Дархан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00149/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 927 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Ариг банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Т.Б-, З.М- нарт холбогдох

     "14\110 тоот зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт  27.954.647 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр  хангуулах" үндсэн нэхэмжлэлтэй,

2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээг хүчингүйд тооцуулах  хариуцагчийн  сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг,  

           Хариуцагч З.М-гийн  давж заалдсан гомдлыг үндэслэн

           2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дулмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ариг банкны Дархан салбараас:

Иргэн Т.Б-, З.М- нар нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14/110 зээлийн болон барьцааны гэрээг байгуулан, 28,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 39,6 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал гаргаж байгаагүй тул хариуцагч нараас 27,954,647 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүхээс:

Иргэн Т.Б- нь 2015 оны 12 дугаар сарын 31-нд Дархан-Уул аймгийн Ариг банкинд зээлийг 12 сараар сунгаж өгөхийг хүсч өргөдөл гаргасан. Уг хүсэлтийг төв банкны зээлийн хороонд танилцуулан Төвийн зээлийн хорооны хурлын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн № 2016-2 тоот шийдвэрийн дагуу 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр № 14/110А тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 19,735,015 төгрөгийг 12 сараар сунгаж нийт 36 сарын хугацаатай жилийн 39.6 хувийн гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл, зээл, хүүгээ төлөөгүй хуримтлагдсан хүүний үлдэгдэл 7,945,789.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 276,842.66 төгрөг болсон. Нэмэлт гэрээнээс хойш хариуцагч нар нь нэг ч төгрөг төлөөгүй учраас шүүхэд хандсан. Хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 19,735,014.93 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 7,945,789.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 273,842.66 төгрөг, нийт 27,954,647.11 төгрөг, нотариатын зардал 14,500 төгрөг нийт 27,954,647 төгрөг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Б-оос:

2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 28 сая төгрөгийг 24 сарын хугацаатай зээлж авсан. Банкинд нийт 23,115,153 төгрөг төлсөн байна. 2015.12.23-ны өдрөөс төлбөрөө хийж чадахаа байсан. Шинэчлэгдсэн нэмэлт гэрээг 2016.02.22-ны өдөр хийсэн. Энэ өдрөөс хойш 7.945.000 төгрөг төлсөн. Ариг банкны нэхэмжилсэн 27.954.647 төгрөгийг төлөхөд хүндрэлтэй байна, үндсэн зээл 19,735,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй. Сөрөг нэхэмжлэлийн хувьд 2015.12.26-ны өдрөөс Ариг банкнаас төлбөрөө төлөх талаар мэдэгдэл ирж байсан түүнээс хойш эдийн засагч ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлж, байраа зар хурааж авна гэх мэтийн зүйл хэлж байсан учир аргагүй эрхэнд 2016.2.22-ны өдрийн нэмэлт гэрээг хийсэн. Энэ гэрээг өөрийн хүсэл зоригоор хийгээгүй учир энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Иймд 2016.2.22-ны өдрийн шинэчилсэн нэмэлт зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч З.М-гаас:

Иргэн З.М- миний бие Т.Б-ийн эхнэр бөгөөд Ариг банкнаас авсан зээлийн хамтран үүрэг гүйцэтгэсэн юм. Миний бие 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ариг банкнаас 28 сая төгрөгийн зээлийг бизнесийн зээлийн зорилгоор 24 сарын хугацаатай авсан юм. Өнөөдрийн байдлаар 24,224,700 төгрөг торгуулийн хүү 149000 төгрөг нийт 24,373,700 төгрөг төлсөн байна. Ариг банк нь зээлдэгч нараас 27,954,647 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнээс үлдсэн зээлийн 19,735,014 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймээс хуримтлагдсан хүү болох 7,945,789 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Хариуцагч Т.Б- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Т.Б- миний бие 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ариг банкнаас орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээ байгуулан 28,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай жилийн 39.6 хувийн хүүтэй байгуулсан юм. Миний бие зээлж авсан мөнгөө 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлж байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сараас миний эрхэлдэг ажил доголдож улмаар санхүүгийн хувьд хүнд байдалд орж зээлээ төлж чадахгүй болсон. Гэтэл банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, дарамт үүсгэсний улмаас аргагүйн эрхэнд 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 19,735,015 төгрөг дээр дахин нэмэлт гэрээ байгуулсан. Гэвч санхүүгийн байдал нэгэнт хүндэрсэн, цаашид зээлээ төлөх боломжгүй болсон байсан учир нэмэлт гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлж чадаагүй бөгөөд хүү, болон нэмэгдүүлсэн хүү бодогдож явсаар одоо банкинд 27,534,743 төгрөг төлөх ёстой болоод байна. Иймд 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээг хүчингүйд тооцож 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойшхи хугацаанд бодогдсон хүү, болон нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн үүргээс хасч тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүхээс: 

Хариуцагч Т.Б- нь 2015 оны 12 дугаар сард зээлийн хугацааг сунгах хүсэлт тавьсан. Үүний дагуу төв банкнаас 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 19,735,014 төгрөг дээр нэмэлт гэрээ байгуулсан. Нэмэлт гэрээ байгуулснаас хойш хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Зээл төлөх санаачлага гаргаж байгаагүй. Анхнаасаа гэрээг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан учраас гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Өмнөх зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад Т.Б- нь өөрөө зээл сунгах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу зээлийн хугацааг 36 сараас сунгаж гэрээ байгуулсан. Хариуцагч Т.Б-, З.М- нар өөрсдөө хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан учраас гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл байхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 927 дугаар  шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Т.Б-, З.М- нараас зээл 19 735 014.93 төгрөг, хүү 7 945 789.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 273 842.66 төгрөг 27,954,647.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ариг банкинд олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2003000536 дугаарт бүртгэлтэй 000168253 тоот гэрчилгээтэй Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 18 дугаар байр, 29 тоот 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс 27 954 647.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар Албадан дуудлага худалдаа явуулах этгээдээр Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албыг томилж,

Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Т.Б-ийн Ариг банкинд холбогдуулан гаргасан 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээг хүчингүйд тооцож, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш хугацаанд бодогдсон хүү болон нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн үүргээс хасч тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ариг банкны Дархан салбараас 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ариг банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 297 730 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-, З.М- нараас улсын тэмдэгтийн хураамж 297 730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ариг банкны Дархан салбарт олгож, хариуцагч Т.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын банк төрийн сан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2603030349 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 260 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Хариуцагч З.М- давж заалдсан гомдолдоо:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж зээлдүүлэгч Ариг банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагчийн зүгээс сүүлд байгуулсан зээлийн гэрээний нэмэлт гэрээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Сөрөг нэхэмжлэл гаргах болсон учир нь тухайн үеийн нөхцөл байдалд банкнаас тавьсан шаардлагын дагуу гэрээний нэмэлт өөрчлөлтөнд гарын үсэг зурахаас өөр арга байгаагүй юм. Өөрөөр хэлбэл Ариг банкны зүгээс байрыг шууд хурааж авна гэж байсан тул зээлдэгч Т.Б- нь зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөнд гарын үсэг зурсан. Иймд шүүх хэргийн нөхцөл байдал, Т.Б-ийн хувийн байдлыг харгалзан үзэж  Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 927 тоот шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

            Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК  хариуцагч Т.Б-, З.М- нарт холбогдуулан  зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт  үндсэн зээлийн үлдэгдэл  19.735.014 төгрөг, хүүний үлдэгдэл  7.945.789 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл  273.842 төгрөг, нийт  27.954.647 төгрөг гаргуулах, үүргийг  барьцааны хөрөнгөөс  хангуулах  шаардлага гаргажээ.

            Хариуцагч  нэхэмжлэлийн  шаардлагаас  үндсэн зээлийн үлдэгдэл  19.735.014  төгрөг төлөхийг зөвшөөрч бусад шаардлагыг эс зөвшөөрч маргасан, нэхэмжлэгчид холбогдуулан   2016 оны  02 дугаар сарын 22-ны өдрийн  14\110А дугаар  гэрээг  хүчин төгөлдөр бусд тооцуулах  сөрөг нэхэмжлэлийн  шаардлага гаргасныг  нэхэмжлэгч  эс зөвшөөрчээ.

            Т.Б-, З.М- нар нь  2014 оны  10 дугаар сарын 16-ны өдөр  Ариг  банкнаас  28.000.000 төгрөгийг, жилийн 39.6%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай  зээлж, зээлийн барьцаанд  Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 18 дугаар байрны 29 тоот  орон сууцыг барьцаалахаар  Зээлийн болон, Ипотекийн гэрээ байгуулсан байна.

            Гэрээний дагуу  хариуцагч нар  28.000.000 төгрөг авсан талаар маргаагүй  байна.

            Гэрээгээр тохирсоноор зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх,  2016 оны  10 дугаар сарын 16-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болоход  үндсэн зээл 28.000.000  төгрөг дээр  зээлийн үнэ буюу хүү  15.114.167 төгрөг, нийт  43.114.167 төгрөг төлөх  үүрэг  хүлээсэн.

            Гэрээний талууд  14\110 дугаар гэрээнд  нэмэлт өөрчлөлт оруулах  тухай  гэрээг  2016 оны  02 дугаар сарын  22-ны өдөр  байгуулж, гэрээний хугацааг  12 сараар сунгаж \2016.10.16 - 2017.10.16\, үндсэн зээлийн  үлдэгдэл 19.735.014 төгрөг,  20 сарын хугацааны хүү 7.799.728  төгрөг,  нийт  27.534.742  төгрөг  төлөхөөр   тохиролцсон  байна.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан тохиолдолд  нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлага нотлох үүрэг үүснэ.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа 14\110 тоот гэрээг  цуцлах гэж, гэрээний үүрэгт 14\110А тоот гэрээний тооцооллын дагуу  шаардаж,   2 зээлийн гэрээг  нотлох баримтаар  ирүүлсэн  байгаа  боловч  14\110  тоот  гэрээний  биелэлтийг зохих журмын дагуу  тооцоолоогүй учир  уг гэрээний биелэлтийн талаар  шүүх  дүгнэлт хийх боломжгүй  гэж үзэв.

Харин  хэрэгт авагдсан  14\110А тоот зээлийн гэрээ, 2016 оны 02  дугаар сарын 22-ны өдрөөс хойш хугацаанд  зээл  эргэн төлсөн  талаарх дансны хуулга  бүхий  нотлох баримтыг  нэхэмжлэлийн  үндэслэл, нотлох баримт,  шаардлагад  нийцэж байх тул  уг нотлох баримтуудыг  үнэлж дүгнэн  нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах  үндэслэлтэй байна  гэж  давж  заалдах  шатны  шүүх бүрэлдэхүүн  үзэв.

Анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтыг  хэрэгт ач холбогдолтой талаас үнэлэх тухай хуулийг зөрчсөн боловч  давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан  нотлох баримтын хүрээнд   хэргийг  эцэслэн  шийдвэрлэх   боломжтой  байна.

Зээлдэгч нар нэмэлт гэрээний  дагуу үндсэн зээл 19.735.014 төгрөг, зээлийн хүү  7.799.728 төгрөг, нийт  27.534.742 төгрөг  төлөх  үүрэг хүлээсэн ба  гэрээний  хугацаанд   2016 оны  03 дугаар сарын 24-нөөс  2016 оны 08 дугаар сарын  31-ний өдөр  хүртэл 4.926.815  төгрөгийг зээлийн хүүд  төлж, гэрээгээр тохирсон  зээлийн эргэн төлөх хуваарийн  дагуу  төлөлт хийхгүй хугацаа хэтрүүлж,  гэрээний  үүргээ  зөрчсөн нь  зохигчдын тайлбараар  тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэл гарсан 2017 оны  01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар  үндсэн зээлд  9.500.000 төгрөг, хүүд 2.872.913  төгрөг, нийт 12.372.913 төгрөгийг  төлөөгүй  байжээ.

14\110 дугаар зээлийн гэрээний хугацаа  2017 оны 10 дугаар сарын  16-ны өдөр дуусгавар болох бөгөөд  гэрээ  цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг   хариуцагч  нар  татгалзаагүй  тул  нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын дагуу  гэрээг  цуцлах нь  Иргэний хуулийн  219 дүгээр зүйлийн 219.3, 225  дугаар зүйлийн  225.1-д  заасан  шаардлагад харшлахгүй  гэж  үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нараас гэрээний  үүрэгт  үндсэн  зээл 19.735.014  төгрөг, хүүгийн үлдэгдэл  2.748.906 төгрөг  \7.799.728 – 4.926.815  - 9 болон 10 сарын хүү 124.007 \,  нэмэгдүүлсэн хүү 217.713 төгрөг,  нийт 22.701.633 төгрөг  гаргаж, нэхэмжлэгчид олгохоор байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу дээрх гэрээ цуцлах  шаардлагыг   шийдвэрлээгүй орхигдуулсаныг мөн  гэрээний үүргийг  биелүүлээгүйгээс  шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахад нотариатын зардалд төлсөн 14.500 төгрөг нэхэмжилж байгаа нь  Иргэний хуулийн  227 дугаар зүйлийн 227.1-д нийцэж байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар засах нь зүйтэй.

Т.Б- “Ариг  банк”-д холбогдуулан “Гэрээ хүчингүйд тооцуулан, хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлээс хасч тооцуулахаар  гаргасан   нэхэмжлэлийг “Ариг банк”-ны нэхэмжлэлтэй,  хариуцагч  Т.Б-, З.М- нарт холбогдуулан  гаргасан  “Зээлийн гэрээ цуцалж, гэрээний үүрэгт 27.954.647  төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэрэгтэй  нэгтгэж, сөрөг  нэхэмжлэлд  тооцсон нь  буруу биш байна.

“Ариг банк” нь  2016 оны  02 дугаар сарын 22-ны өдөр  14\110А дугаар  зээлийн гэрээг  зээлдэгч Т.Б-оос гаргасан хүсэлтийг  үндэслэн  гэрээний дуусгавар болох хугацааг  12 сараар сунгаж, үндсэн зээлийн үлдэх хэсэг буюу  19.735.014 төгрөгт  хүү тооцон, зээл эргэн төлөх  хуваарийг  харилцан тохиролцсон  ба  сөрөг нэхэмжлэлд дурдсанаар  Т.Б-, З.М- нарт  дарамт, шахалт үзүүлсэний улмаас хийсэн  хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д  Зээлдэгч  авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол  нэмэгдүүлсэн хүү төлөх  үүрэгтэй.

Зээлийн гэрээний  1.8-д  “Зээлдэгч энэхүү гэрээний  1.2-т заасан хуваарь, хавсралт 1-ийн дагуу зээл, түүний хүүг төлж барагдуулаагүй нөхцөлд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дүгээр зүйлийн дагуу зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд  хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө “ гэсэн нь   хуульд  нийцсэн байна.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь  хуулийн үндэслэлтэй, маргааны харилцаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж,  барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь тус тус  үндэслэлтэй болохыг  дурдаж  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 927 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн   1 дэх заалтыг  “Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д  заасныг баримтлан “Ариг банк” Т.Б-, З.М-  нарын хооронд байгуулсан  14\110 тоот зээлийн гэрээг цуцалж, гэрээний  үүрэгт  Т.Б-, З.М- нараас  22.716.133  төгрөг гаргаж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 5.238.514 төгрөгийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай“ гэж, шийдвэрийн  5 дахь заалтад,   “...297.730 төгрөг ...”  гэснийг  “...272.531...”  гэж  тус тус өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар  хариуцагчаас  давж заалдах гомдол гаргахдаа төлсөн  нийт 142.290 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн  захирамжаар буцаан гаргасугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ           

                                       ШҮҮГЧИД                                                Л.АМАРСАНАА

                                                                                                        C.ЭНХЖАРГАЛ