Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2017/02362

 

  

 

 

        

 

2017 оны 09 сарын 25 өдөр     Дугаар 181/ШШ2017/02362         Улаанбаатар хот      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: Д.Т /РД: /-ын нэхэмжлэлтэй,            

Хариуцагч:  “МТҮП” ТӨААТҮГ /РД:/-т холбогдох, 

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэргэн, нарийн бичгийн даргаар Б.Жаргалсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 89 дугаар бүхий тогтоолоороо МТҮП /төрийн өмчит үйлдвэрийн газар/-ийн Зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалт баталсан.

Энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш удаа дараа шаардсан боловч ажлаас халсан тушаал, шийдвэрийг гаргаж өгөлгүй байсаар 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ажил үүрэг хүлээлцэж, ажил олгогчтой байгуулсан 2016 оны 11 дугаар сарын 07-ний өдрийн Хамтын гэрээг зөрчиж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацааны өмнө мэдэгдэлгүй ажлаас чөлөөлсөн. Энэхүү үйл явдал нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, Хамтын гэрээний холбогдох зүйл, заалтыг ноцтой зөрчсөн.

Дахин батлагдсан гэх бүтцээр өмнөх орон тоо 5-аар цөөрсөн ч гэсэн угаасаа манай байгууллага өмнөх орон тоондоо хүрэхгүй ажилтантай ажиллаж ирсэн учир нэхэмжлэгчийг заавал ажлаас халах шаардлагагүй байсан. Өөр тохирох ажилд нь шилжүүлж ч болох л байсан. Нэхэмжлэгчийн ажил үүрэг одоо няравт шилжсэн, нярав хийж байгаа. Тэгэхээр ажил албан тушаал нь огт байхгүй болоогүй.

Нэхэмжлэгчийн хувьд Банк санхүүгийн байгууллагад өндөр хүүтэй зээл төлдөг, цалингаас өөр орлогогүй нэгэн.

Иймд ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан, тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тушаал гарсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор “МТҮП”-ийн Зохион байгуулалт, бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалт батлагдсан бөгөөд байгууллагын хэмжээнд бүтцийн өөрчлөлт хийгдэж зарим нэгж татан буугдаж, зарим орон тоо хасагдаж, ажлын байрны ажилтны тоог цөөрүүлэхээр шийдвэрлэсэн.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоолоор МТҮП ТӨААТҮГ-ын инкубатор, бизнес хөгжүүлэлтийн төв /хэлтэс/-ийг татан буулгаж, Захиргаа, хүний нөөц, хамтын ажиллагааны хэлтэс, Мэдээлэл, сургалт, судалгааны хэлтэс, Инноваци технологийн хэлтсийн зарим орон тоо хасагдаж, ажилтны тоог тус тус цөөрүүлсэн.

Захиргаа, хүний нөөц, хамтын ажиллагааны хэлтсийн хасагдсан орон тоонд Б.Тын эрхэлж байсан “Хамтын ажиллагааны мэргэжилтэн” ажлын байр багтаж байсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэн, тус зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд 30 хоног, ажилчдын төлөөлөгчид 45 хоногийн өмнө хөдөлмөрийн гэрээг цуцалж буйг мэдэгдэнэ гэж заасныг баримтлан 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Б.Т болон үйлдвэрчний эвлэлд тус тус хөдөлмөрийн гэрээг цуцалж буйг мэдэгдэж, хуульд заасны дагуу 45 хоногийн дараа буюу 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн.

Иймд Б.Тын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч “МТҮП” ТӨААТҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

“МТҮП” ТӨААТҮГ-ын захирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 89 дүгээр тогтоол, тус паркийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.9-т заасныг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 1Б/047 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгч “МТҮП” ТӨААТҮГ-ын хамтын ажиллагааны мэргэжилтэн ажилтай Б.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр тасалбар болгон цуцалжээ.

 

Нэхэмжлэгч Б.Т нь дээрх тушаалаар ажлаас буруу халсан тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гаргасан байх ба энэхүү гомдол нь хуулиар харьяалуулсан шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарах тул шүүх гомдлын дагуу ажил олгогчийн гаргасан тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэв.

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор тус паркийн бүтцийг 3 хэсэг байхаар баталж, орон тооны дээд хязгаарыг 43 байхаар тогтоосон байна.

 

Өмнөх буюу “МТҮП” ТӨААТҮГ-ын Удирдах Зөвлөлийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2 тоот тогтоолоор бүтэц 4 хэсэг, нийт 48 ажилтантай ажиллахаар батлагдаж байсан.

 

Хуучин болон шинээр батлагдсан бүтцийг харьцуулбал Инкубатор, бизнес хөгжүүлэлтийн төв /8 ажилтантай/ байхгүй болж, 24 ажилтан бүхий Захиргаа, хүний нөөц, хамтын ажиллагааны газар нь 16 ажилтан бүхий Захиргаа, удирдлагын хэлтэс, 7 ажилтан бүхий Судалгаа, сургалт мэдээллийн төв нь 14 ажилтан бүхий Төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтэс, 6 ажилтан бүхий Инноваци, технологи дамжуулах төв нь 12 ажилтан бүхий Инноваци, технологи, судалгаа, хөгжүүлэлтийн хэлтэс болж тус тус өөрчлөгдөн зохион байгуулагдсан байна.

 

Ийнхүү нийт 48 ажилтантай бүтэц өөрчлөгдөж, 43 ажилтантай болсноос 8 ажилтан бүхий Инкубатор, бизнес хөгжүүлэлтийн төв бүхэлдээ хасагдаж, үлдсэн хэлтэс өөр хоорондоо холилдож өөрчлөгдөж, тооны хувь 5 ажилтны зөрүү гарсан байхад ажил олгогч нь бүтцийн өөрчлөлт нэрээр нийт 13 ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан байна.

 

Зохион байгуулалт өөрчлөгдсөн бүтцийн дагуу ажил олгогч нь ажилтан, албан хаагч нарыг тохирох ажлын байранд ажиллуулах, шилжүүлэн томилох, заримтай нь байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэлх арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон ажил олгогчийн бүрэн эрх, үйл ажиллагааны зохион байгуулалтад хамаарах асуудал мөн боловч шинэчлэгдсэн бүтцээр батлагдсан ажлын байрны ажил үүргийн хуваарийг хийгээгүй, ажлын байрны тодорхойлолт батлаагүй атлаа хасагдсан орон тооноос 8-аар их орон тоог хассан буюу ажилтныг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.

 

Өөрөөр хэлбэл, ямар ажил үүрэг бүхий ажилтны орон тоо хасагдсан нь ойлгомжгүй болжээ.

 

Иймд Б.Тын эрхэлж байсан ажил үүрэг бүхий орон тоо хасагдсан, ажлын байр үгүй болсон гэж шууд үзэхэд эргэлзээ бүхий байх тул шүүх түүнийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалыг үндэслэлгүй, хуульд нийцээгүй гэж үзнэ.

 

Нэгэнт нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д нийцээгүй гэж шүүх үзсэн тул түүний гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Ингэхдээ түүний урьд эрхэлж байсан ажил, албан тушаал нь зохион байгуулалтын өөрчлөгдсөн бүтцэд хуучин нэршлээр байхгүйг харгалзан шүүх “Хамтын ажиллагааны мэргэжилтэн” ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг бүхий адил чанарын тохирох ажлын байранд Б.Тыг авч ажиллуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй бөгөөд ийнхүү шийдвэрлэх нь талуудын зарчимд харшлахгүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь “МТҮП” ТӨААТҮГ-ын хамтын ажиллагааны мэргэжилтний ажлын байранд сарын 681,794 төгрөгийн цалин хөлстэй ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдсон байх тул Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам“-ын 7 дахь хэсгийн “а”-д заасны дагуу түүний дундаж цалин хөлсийг тодорхойлсны үндсэн дээр Б.Тын ажилгүй байсан хугацааны /ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу ажлын 3 сар 24 хоног/ цалин хөлстэй тэнцэх олговорт 2,806,454 төгрөг /(681,794:21,5х24)+(681,794x3)/-ийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгч Б.Тын ажилгүй байсан 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 25-ныг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “МТҮП” ТӨААТҮГ-т даалгах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан “Хамтын ажиллагааны мэргэжилтэн” ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг бүхий адил чанарын тохирох ажлын байранд Б.Тыг авч ажиллуулахыг “МТҮП” ТӨААТҮГ-т даалгасугай. 

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “МТҮП” ТӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,806,454 төгрөгийг гаргуулж Б.Тад олгосугай.

 

3.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 25-ныг хүртэлх хугацааны Б.Тын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “МТҮП” ТӨААТҮГ-ын удирдлагад үүрэг болгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Тын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “МТҮП” ТӨААТҮГ-аас 59,853 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА