Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/02337

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/02337

 

 

 

Б.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02362 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Тын хариуцагч М ТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ч нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор М ТӨААТҮГүндэсний паркын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалт баталсан. 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ажил үүрэг хүлээлцэж, ажил олгогчтой байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн хамтын гэрээг зөрчиж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасан хугацааны өмнө мэдэгдэлгүй ажлаас чөлөөлсөн. Энэ нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, Хамтын гэрээний холбогдох зүйл, заалтыг ноцтой зөрчсөн. Иймд ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан, тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тушаал гарсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоолоор М ТӨААТҮГ-ын инкубатор, бизнес хөгжүүлэлтийн төв /хэлтэс/-ийг татан буулгаж, Захиргаа, хүний нөөц, хамтын ажиллагааны хэлтэс, Мэдээлэл, сургалт, судалгааны хэлтэс, Инноваци технологийн хэлтсийн зарим орон тоо хасагдаж, ажилтны тоог тус тус цөөрүүлсэн. Захиргаа, хүний нөөц, хамтын ажиллагааны хэлтсийн хасагдсан орон тоонд Б.Тын эрхэлж байсан хамтын ажиллагааны мэргэжилтний ажлын байр багтаж байсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дах хэсэгт заасны дагуу ажилтанд 30 хоног, ажилчдын төлөөлөгчид 45 хоногийн өмнө хөдөлмөрийн гэрээг цуцалж буйг мэдэгдэнэ гэж заасныг баримтлан 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Б.Тад хөдөлмөрийн гэрээг цуцалж буйг мэдэгдэж, хуульд заасны дагуу 45 хоногийн дараа буюу 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Иймд Б.Тын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан "Хамтын ажиллагааны мэргэжилтэн" ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг бүхий адил чанарын тохирох ажлын байранд нэхэмжлэгчийг авч ажиллуулахыг хариуцагчид даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 806 454 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт тус тус зааснаар 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 89 дүгээр тогтоолоор Б.Тын эрхэлж байсан хамтын ажиллагааны мэргэжилтний орон тоо хасагдсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогч нь Б.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ажилтанд 30 хоногийн өмнө, үйлдвэрчний эвлэлд 45 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ биелүүлж 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдлийг танилцуулж гарын үсэг зуруулан улмаар 45 хоногийн дараа буюу 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргаж "орон тоо хасагдсан" гэдэг үндэслэлээр Б.Тыг ажлаас нь чөлөөлсөн. "М ТӨААТҮГүндэсний парк" ТӨААТҮГ нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор бүтцийн өөрчлөлт орсны улмаас 13 ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч "М ТӨААТҮГүндэсний парк" ТӨААТҮГ-ийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн "Бүтцийн өөрчлөлтөөр албан тушаалд томилох тухай" захирлын тушаалаар уг хөдөлмөрийн гэрээг цуцалсан 13 ажилтнаас 8 ажилтанг шинээр батлагдсан бүтцийн тохирох ажлын байранд шилжүүлэн, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаа бөгөөд 5 ажилтанг ажлаас халсан байтал анхан шатны шүүхээс 13 ажилтанг бүтцийн өөрчлөлт нэрээр ажлаас халсан, ажил олгогчийн зүгээс дээрх хөдөлмөрийн гэрээг цуцалсан 13 ажилтанг шинээр батлагдсан бүтцийн тохирох ажлын байранд ажиллуулах, шилжүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор батлагдсан 43 орон тоо бухий бутцэнд нэхэмжлэгч Б.Тын өмнө нь эрхэлж байсан "Хамтын ажиллагааны мэргэжилтэн" ажлын байр болон уг ажлын байрны чиг үүрэгтэй адил төсөөтэй ажлын байр байхгүй. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралд Б.Т нь шинээр батлагдсан бүтцийн "Нярав" ажлын байранд ажиллах боломжтой байсан, "Хамтын ажиллагааны мэргэжилтэн" "Нярав" хоёр ажлын байрны чиг үүрэг адил төсөөтэй гэсэн үндэслэлгүй, нотлох баримтгүй тайлбарыг анхан шатны шүүх үнэлэн Б.Тыг өөр адил чанарын тохирох ажлын байранд шилжүүлэн ажиллуулах боломжтой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Б.Т нь Тээврийн дээд сургуулийг 2014 онд "Зүтгүүрийн аж ахуй" мэргэжлээр төгссөн бөгөөд уг мэргэжилд тохирох орон тоо бүхий ажлын байр манай "М ТӨААТҮГүндэсний парк" ТӨААТҮГ-н шинээр батлагдсан 43 ажлын байрны орон тоонд байхгүй. Шинээр батлагдсан бүтцийн "Нярав" ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлага нь Санхүү, нягтлан бодогч эсвэл аудитор мэргэжилтэй байх ёстой бөгөөд энэ шаардлагыг Б.Т нь хангахгүй, мөн түүний өмнө нь эрхэлж байсан "Хамтын ажиллагааны мэргэжилтэн" ажлын байрны чиг үүрэг нь нярвын ажлын байрны чиг үүрэг болон бусад шинээр батлагдсан 43 ажлын байрны чиг үүргээс тэс өөр учраас Б.Тыг шинээр батлагдсан бүтцийн тохирох ажлын байранд шилжүүлэн ажиллуулах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдсэн нь үндэслэлгүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Т нь “М ТӨААТҮГҮндэсний парк” ТӨААТҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлсөн гэж маргажээ. /хх.1/

 

            Хариуцагч байгууллагын захирлын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1Б/047 дугаартай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 89 дүгээр тогтоол, тус паркийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.9-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг хамтын ажиллагааны мэргэжилтний ажлаас чөлөөлсөн үйл баримт нь хэрэгт авагдсан дээрх тушаал, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх.7,18,46,47, 62/

 

            Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор хариуцагч байгууллагын бүтцийг 3 хэсэгтэй, орон тооны дээд хязгаарыг 43 байхаар тогтоосон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. /хх.5/ Хариуцагч байгууллагад нэхэмжлэгч ажиллаж байсан “хамтын ажиллагааны мэргэжилтэн”-ий албан тушаал нь хариуцагч байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарт байхгүй байна.

 

Анхан шатны шүүхээс дээрх үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч өмнө эрхэлж байсан албан тушаалтай адил чанарын албан тушаалд ажиллуулахыг хариуцагч байгууллагад даалган, хуулиар хүлээлгээгүй үүргийг ногдуулсан нь буруу байна. Түүнчлэн, дээрх 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хариуцагч байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаар баталсан 89 дүгээр тогтоолыг өмнө үйлчилж байсан М ТӨААТҮГ-ын удирдах зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02/2016 тоот тогтоолоор баталсан хуучин бүтэц, орон тооны дээд хязгаартай харьцуулан үзэхэд хариуцагч байгууллага ерөнхий бүтцийн хувьд 4 хэсгээс 3 хэсэгтэй болж, ажилтнуудын тоо 48-аас 43 болж цөөрсөн байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл буюу орон тоо хасагдсан гэх үндэслэл хариуцагч байгууллагад бий болсон гэж үзнэ. Энэ тохиолдолд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх шаардлагатай. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх тухай мэдэгдлийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй, энэ талаар зөвшөөрсөн тайлбар өгсөн байна. /хх.84/

 

            Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бүрдэж, ажил олгогч хуулиар тогтоосон журмыг баримтлан ажлаас чөлөөлсөн байхад анхан шатны шүүх ажил олгогчийн тушаалыг хууль бус гэж дүгнэсэн нь буруу болно.

 

            Ажилтныг өмнө эрхэлж байсантай адил чанарын албан тушаалд ажиллуулах үүрэг ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасан тохиолдолд үүсдэг. Өөрөөр хэлбэл 1) ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдож шийдвэр хэрэгжих явцад, 2) үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон ажилтан эдгэрснийхээ дараа нэг сарын дотор эргэж ирсэн, 3) хуулиар тусгайлан заасан тохиолдолд ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажилд авах үүрэг Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар үүснэ. Ийнхүү хуулиар ажилдаа буцаан томилогдох ёстой ажилтны өмнөх ажлын байрны албан тушаалд орон тоо байхгүй болсон бол өмнөх ажлын байртай тэнцэх нөхцлөөр ажиллуулах үүрэг ажил олгогчид үүсдэг.

 

Нэхэмжлэгчийг адил чанарын ажлаар хангах дээрх нөхцөл байдлыг тогтоосон баримт хэрэгт байхгүйгээс гадна нэхэмжлэгч Б.Т нь өмнөх ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн авах Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-36.1.3-т заасан үндэслэл бүрдээгүй байхад ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасан адил чанарын албан тушаалд ажиллуулах үүрэг үүсэхгүй.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй, болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02362 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Тын хариуцагч М ТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ