| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2019/00321/и |
| Дугаар | 001/ХТ2020/00393 |
| Огноо | 2020-07-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2020/00393
Ж.Өын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/01214 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1243 дугаар магадлалтай,
Ж.Өын нэхэмжлэлтэй
УБТЗ холбогдох
УБТЗын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-368 дугаар тушаалын холбогдох хэсэг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б-II-320 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, шинэ бүтцээр Барилга, орон сууцны албаны даргаар эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүхийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Ж.Өын нэхэмжлэлтэй, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗд холбогдох хөдөлмөрийн маргааныг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02569 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар урьд эрхэлж байсан Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга буюу одоогийн Барилгын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 588 814 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, Улсын Дээд шүүх 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 001/ХТ2018/00551 дугаар тогтоолоор улсын тэмдэгтийн хураамжийн хэсэгт өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээсэн. Хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хариуцагч биелүүлэхгүй байсаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18/540 дугаартай албан бичиг явуулсныг 16-ны өдөр хүлээн авсан. Уг албан бичигт УБТЗын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-368 дугаар тушаалаар Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргаар ажиллуулахаар заасан байсан. Энэ нь урьд эрхэлж байсан Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга албан тушаал биш, түүнтэй дүйцэхгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3. мэдэгдэл хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно, 103.5. энэ хуулийн 103.4 дэх хэсэгт зааснаас бусад ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэх өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасныг зөрчсөн. Шүүх Ж.Өыг Барилгын хэлтсийн даргын ажилд томилсон атал уг албан тушаалд ажиллаж байгаа Н.Энхтуяаг 1-т бичиж, 2-т нь ерөнхий инженер гэж чөлөөлж байгаа хэсэг дээр бичсэн. Томилж байгаа хэсэгтээ Барилгын хэлтсийн даргын ажлыг эрхэлж байгаа Н.Энхтуяа Барилга, орон сууцны албаны дарга болчихсон, Ж.Өыг Барилга, угсралт, ашиглалтын хэлтсийн дарга гээд 2-т тавьж, 3-т нь ерөнхий инженер гэсэн байгаа. Хариуцагчийн гаргасан бүтцийн өөрчлөлт хийхийн өмнөх болон дараах тушаалд Барилгын хэлтсийн дарга Замын даргатайгаа шууд харьцдаг байсан бол дараагийн Барилга, угсралт, ашиглалтын хэлтсийн дарга гэх сүүлд томилсон албан тушаал нь Барилга, орон сууцны албаны даргатай харьцдаг болсон. Үүнээс нэхэмжлэгчийн зэрэг дэв буурсан нь тодорхой харагдаж, бүтцийн өөрчлөлт хийгдэхээс өмнө хэлтсийн дарга 1-т байсан бол сүүлд 3-т буюу ерөнхий инженерийн дор орж ирсэн. Ажил олгогч нэхэмжлэгчийг үндэслэлгүй халсныг 3 шатны шүүх тогтоосоор байхад шийдвэрийг биелүүлэхгүй 1 жил гаруй хугацаа өнгөрсний дараа ажилд томилохдоо нэхэмжлэгчийн цалин хөлсийг бууруулсан. Нэхэмжлэгч нь хариуцагчид хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлж өгнө үү гэснээс биш ямар ч хамаагүй албан тушаалд томилж өгөөч, зэрэг дэв, цалинг бууруулж ажилд томилсон тохиолдолд хүлээн зөвшөөрнө гэсэн зүйл огт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт шүүхийн шийдвэрээр нэгэнт ажилд нь тогтоогдсон этгээдийг урьд эрхэлж байсан ажилд томилно, харин ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохоор заажээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас харахад нэхэмжлэгчийн албан тушаалын зэрэглэл, цалин буурсан нь тогтоогдож байгаа. Хариуцагч тал нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрт заасан албан тушаалд эгүүлэн томилсон гэх боловч УБТЗын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-368 дугаар тушаалын 1 дэх хэсэгт тухайн үед ажиллаж байгаа хүмүүсийн албан тушаалыг бичиж, гэрээг дуусгавар болго гэж зааж, 2 дах хэсэгт цаашид ажиллах албан тушаалд томилсон байна. Уг тушаалаас үзэхэд Барилгын хэлтсийн зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтөөр Барилга, орон сууцны алба болгон өөрчилсөн боловч намайг Барилга, орон сууцны албаны даргаар /урьд эрхэлж байсан Барилгын хэлтсийн даргын өөрчлөгдсөн нэр/ бус, түүний доторх нэгж болох Барилга, угсралт ашиглалтын хэлтсийн даргаар томилсон нь шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн гэж үзнэ. Шинэ бүтцээр Барилга, орон сууцны алба нь шинээр барилга барьдаг болсон гэсэн нь үндэслэлгүй. Ж.Өын өмнө ажиллаж байсан Барилга, угсралт, ашиглалтын хэлтэс нь барилга барьж байгуулж, угсрах чиг үүргийг хэрэгжүүлж байсан. Тэгэхээр Ж.Өын хийж байгаагүй, шинэ ажил гарч ирсэн юм шиг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Өмнөх Барилга угсралт, ашиглалтын хэлтэст ажиллаж байхдаа Сайншандад 24 айлын орон сууц, Зүүн хараад 48 айлын орон сууцны барилгыг эхлүүлж, Чойр хотын 24 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэж өгсөн. Бүх өртөө зөрлөгүүдийн орон сууцны асуудлыг нэхэмжлэгч шийдэж байсан. Иймд шинэ бүтцээр байгуулагдсан Барилга орон сууцны албаны хийж байгаа ажлын хамрах хүрээ хуучин бүтцийн Барилга угсралт, ашиглалтын хэлтэстэй ижил байгаа. Ажлын нэр сольж, өөрчилж байгаад эгдүүцэж байна. Түүнээс заавал дарга болно гэх зүйл байхгүй, миний хийж байсан ажлыг үгүйсгэж ярьж болохгүй. Иймд Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга гэх нэртэй боловч өмнө эрхэлж байсан албан тушаалд бус, доод шатны албан тушаалд томилсон УБТЗын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-368 дугаар тушаалын холбогдох хэсэг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б-II-320 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, шинэ бүтцээр Барилга, орон сууцны албаны даргаар эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02569 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Өыг ажилд нь эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин, олговор олгохыг даалгасан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр түүнд ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 35 000 000 орчим төгрөгийг олгосон ба урьд эрхэлж байсан албан тушаал болох Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргаар 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-368 дугаартай тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон. Гэтэл нэхэмжлэгч ажилдаа томилогдсон тухай мэдсэн атлаа ажил тасалсан тул хүний нөөцийн албанаас утсаар болон 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18/540 дугаар албан тоотоор ажилдаа ирж, ажил үүргээ гүйцэтгэхийг удаа дараа мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажилдаа ирээгүй. Иймээс Хөдөлмөрийн дотоод журмын 5.10, нэхэмжлэгчтэй 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцлийн 2.3 дахь хэсэгт заасан 2 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэснийг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргасан Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаарх 01 тоот зөвлөмжийн 3 дах хэсгийн 3.7-д ажил олгогч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилтантай дахин хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй, харин гэрээний нөхцлүүдийн талаар зарим зүйлд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тухайн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой гэж заасан байдаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн ажилд нь эгүүлэн тогтоосон тул дээрх зөвлөмжийн дагуу хөдөлмөрийн гэрээг дахин шинээр байгуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв нэхэмжлэгч нь өөр ажилд буруу томилсон гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдол гаргах боломжтой байсан. Нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Барилга угсралт, ашиглалтын хэлтэс нь бүтэц орон тооны өөрчлөлтөөр Барилга, орон сууцны албаны харьяалалд багтах болсон бөгөөд тус албаны дарга болон нэхэмжлэгчийн эгүүлэн томилогдсон Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргын ажлын байрны чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтууд 2 өөр буюу ажлын байранд тавигдах шаардлагын хувьд ч тэс өөр ялгаатай. Нэхэмжлэгчийн тайлбарлаж буй албан тушаал буурсан, бүтцийн өөрчлөлтөөр өмнө нь эрхэлж байсан албан тушаал одоогийн Барилга орон сууцны албатай дүйцэж байгаа гэдэг нь үндэслэлгүй. Төмөр замын тээвэр нь орон даяар тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд шугам зам, өртөө хооронд ажиллаж байгаа ажилтнуудыг тогтвортой, тасралтгүй ажиллуулах зорилгоор Барилга, угсралт, ашиглалтын хэлтсийг татан буулгаж, шинээр Барилга, орон сууцны албыг бий болгосон. Түүнээс Барилга, угсралт, ашиглалтын хэлтэс өөрчлөгдөөд Барилга, орон сууцны алба болсон зүйл байхгүй. Өмнөх Барилга угсралт, ашиглалтын хэлтэс нь төмөр замын хэмжээнд зөвхөн шугам замын дагуух өртөөнд байгаа технологийн орон сууц буюу шугам зам дамжин ажиллаж, амьдардаг төмөр замчдын орон сууцны засвар, үйлчилгээ, арчлалт, хамгаалалтыг хариуцаж ажилладаг байсан бол одоогийн Барилга, орон сууцны алба нь төмөр замын хэмжээнд шугам зам өртөөлөх ажилчдад технологийн орон сууцыг шинээр барьж, орон сууцыг ажилчдад ашиглуулах, нийтийн аж ахуй буюу инженерийн шугам сүлжээ, халаалтын зуух, дулаан дамжуулах төв, халуун ус үйлдвэржүүлэх гэх мэт маш өргөн хүрээтэй мэргэжлийн ажиллагаа шаардсан ажлуудыг хийж гүйцэтгэхээр шинээр байгуулагдсан ба хуучин Барилгын хэлтэс нь дээрх ажлуудыг гүйцэтгэдэггүй байсан. Нэхэмжлэгч нь ажил албан тушаалын зэрэглэл буурсан гээд байна. Зэрэг, дэв, цалин хөлс буурсан эсэх нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А439 дугаар тушаалаас харагдах бөгөөд хавсралт хэсэгт Барилгын хэлтсийг татан буулгаж, шинээр Барилга, орон сууцны албыг бий болгосон. Барилга, орон сууцны албаны доторх бүтцийн нэгжид Барилга, угсралт, ашиглалтын хэлтсийн даргын албан тушаалыг оруулсан. Өмнө нэхэмжлэгчийн ажил албан тушаалын үндсэн цалин 1 308 000 төгрөг байсан бол шинээр бий болсон Барилга, угсралт, ашиглалтын хэлтсийн даргын албан тушаалын 1 сарын үндсэн цалин 1 432 250 төгрөг. Иймд нэхэмжлэгчийн зэрэг дэв, албан тушаал, цалин хөлс буурсан асуудал байхгүй ба цалингийн тодорхойлолтоос харагдана. Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга нь албаны унаагаар хангагдах нөхцөл, боломж байдаггүй. Өмнө нь ч тийм байгаагүй. Шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн гэдэг. Бид хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт дурдсан ажилд авч, энэ талаар мэдэгдээд байхад өөрөө мэдсээр байж ирээгүй, уг ажилд орохгүй гэх хандлагаар хүсэлт ирүүлсэн байсан. Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоногоор ажилдаа ирээгүйн улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дах хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.4. хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлийг баримтлан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б-II-320 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй бөгөөд хууль хэрэглээний алдаа байхгүй. УБТЗын шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр 2030 хөтөлбөр хэрэгжиж, энэ хүрээнд Барилга, орон сууцны албыг шинээр байгуулж, ажлын байртай ойрхон технологийн орон сууцаар ажилтнуудыг хангахын тулд орон сууц, барилга барих тусгай чиг үүрэгтэй албыг байгуулсан. Өмнөх Барилгын хэлтэс энэ чиг үүргийг хэрэгжүүлдэггүй байсан. Барилга, орон сууцны алба байгуулагдаад 44 өртөө зөрлөгт 45 000 метр квадрат талбай бүхий орон сууцыг шинээр барьж, нийтийн аж ахуйн чиглэлээр уурын зуух, ус дулаан дамжуулах төв, цэвэрлэх байгууламж, бохирын станцын ажлуудыг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Ж.Өын хүсэлт, шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилд нь эгүүлэн томилж байхад өөр албаны даргын албан тушаалд томилогдоно гэж байгаа нь ёс зүйгүй байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б-II-320 дугаар тушаалыг Замын нэгдүгээр орлогч дарга буюу Милостных Игорь Васеливич гарын үсэг зурж баталгаажуулсан. УБТЗнийгэмлэгийн дүрмийн 24 дэх хэсэгт Замын орлогч дарга нь Замын даргын эзгүйд түүний үүргийг бүрэн хариуцаж биелүүлж ажиллана гэж заасан. Тухайн өдөр замын дарга албан томилолтоор гадаад улсад зорчиж байсан учир албан тушаалаа замын нэгдүгээр орлогч даргад шилжүүлсэн байсан юм. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-368 дугаар тушаалаар Барилгын хэлтсийн нэрийг өөрчлөөгүй, харин татан буулгаж Барилга, орон сууцны албыг шинээр байгуулсан. Түүнээс хуучин Барилгын хэлтэс нь нэрээ өөрчлөөд алба болсон зүйл биш. Хуучин барилгын хэлтэс 7 ажилтантай байсан бол одоо уг алба 13 ажилтантай 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Барилга, орон сууцны алба нь Төмөр замын орон сууцны бодлогод маш чухал үүрэгтэй тул мэргэжлийн хүн байх шаардлага тавигдсан нь ажлын байрны тодорхойлолтоос харагдана. Ж.Ө нь барилгын чиглэлийн мэргэжилгүй. Тэрээр хүндэтгэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, сахилгын ноцтой зөрчлийг гаргасан учир ажлаас халсан нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/01214 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-368 тоот тушаалын 2 дахь заалтын 2 буюу Ж.Өыг Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга гэх хэсэг болон 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б-II-320 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗд холбогдох шинэ бүтцээр Барилга, орон сууцны албаны даргаар эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар улсын орлогоос 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1243 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/01214 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-368 дугаар тушаалын 2 дах заалтын ...2. Ж.Өыг Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга... гэсэн хэсэг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б-II-320 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Өыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗын Барилга, орон сууцны албаны даргаар тогтоосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Ө давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШ тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн172.2.1-д заасныг тус тус үндэслэн хяналтын шатны шүүхэд гомдлыг гаргаж байна. Үүнд: Давж заалдах шатны шүүхийн шийдвэр ИХШХШ тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж буй тул гомдолтой байна. Тухайлбал: Магадлалын хянавал хэсэгт “...Ажил олгогч нь нэхэмжлэгчийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Барилгын хэлтсийн даргын ажилтай дүйцэхүйц албан тушаалд томилсон гэж үзэх үндэслэлгүй” гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг Барилга орон сууцны албаны барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргын албан тушаалд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-1-368 тоот тушаалаар томилсон. Шинэ бүтцээр барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргын сарын цалин нь 1 432 250 төгрөг бөгөөд нэхэмжлэгчийн хуучин эрхэлж байсан барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргын сарын цалин 1 308 900 төгрөг байсан бөгөөд үүгээр нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлаас дордуулаагүй гэж үзнэ. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 1-дэх заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан Барилга угсралт, ашиглалтын хэлтэс бүр мөсөн татан буугдаж, шинээр өөр чиг үүрэгтэй Барилга орон сууцны алба бий болсныг бүхэлд нь нийлүүлж тайлбарлаж барилга угсралт, ашиглалтын хэлтэс нь Барилга орон сууцны алба болж нэрээ өөрчилсөн мэтээр хуулийг буруу хэрэглэсэн байна. Барилга угсралт, ашиглалтын хэлтэс замын хэмжээнд төмөр замчдын ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, түүнд чиглэсэн ажил үйлчилгээг явуулахад үүднээс хуучин байсан технологийн орон сууц буюу ажилчдын байрны урсгал засвар, барилгын материалын үйлдвэрлэл, чиглэлээр ажиллаж байсан. Шинээр байгуулагдсан Барилга орон сууцны алба нь шугам зам дагуух өртөө, зөрлөгүүд дэх орон сууц барих, инженерийн шугам сүлжээ, халаалтын зуухууд, дулаан, халуун ус үйлдвэрлэл, дамжуулан борлуулах чиглэлээр ажиллах чиг үүрэгтэй байгуулагдсан алба юм. Нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт, одоогийн барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтууд өөрчлөгдөөгүй ба гүйцэтгэх үндсэн чиг үүрэг хэвээр байгааг шүүхээс анхааран үзсэнгүй. Өөрөөр хэлбэл урьд эрхэлж байсан барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргын харьяанд байсан салбар нэгжүүд одоогийн барилга угсралт ашиглалтын хэлтсийн даргын удирдлагын харьяалалд хэвээр байгаа юм. Урьд эрхэлж байсан ажил, албан тушаал гэдэгт ажилтныг ажлаас халагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох ажлын байр, албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл хэвээр байхыг ойлгоно. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд дээр дурдсан нөхцөлүүд бүгд хэвээр бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан ажил, албан тушаалд томилсон байхад шүүхийн шийдвэрт заагдаагүй, өөр албан тушаалд шууд томилж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж байна. Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт заасан Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргын албан тушаалд нэхэмжлэгч Ж.Өыг дахин томилж, үндсэн хуульд заасан иргэний хөдөлмөрлөх үүргээр нь хангах тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ж.Ө нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗд холбогдуулан, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-368 дугаар тушаалын өөрт холбогдох хэсэг, ажлаас халах тухай 2018 оны 12 дугаар сарын 26-н өдрийн Б-II-320 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, Барилга, орон сууцны албаны даргаар эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааны дотор гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа, Барилгын хэлтсийн даргын ажилтай дүйцэхүйц албан тушаал болох Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргын ажилд шүүхийн шийдвэрийн дагуу тогтоож, энэ талаар түүнд мэдэгдсэн боловч ажил тасалсан зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд үндэслэн ажлаас халсан нь хууль зөрчөөгүй гэсэн байна.
Анхан шатны шүүх тушаалыг хүчингүй болгож, Ж.Өыг урьд эрхэлж байсан ажилд нь тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэсэн үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн тухайн маргааныг зохицуулсан зарим зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул дүгнэлтийг зөвтгөж, магадлалыг хэвээр үлдээнэ.
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02569 дугаар шийдвэрээр Ж.Өыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗын Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга буюу одоогийн Барилгын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 8 588 814 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2485 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 001/ХТ2018/00551 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна. Ж.Ө нь УБТЗ-ын Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан ба УБТЗын дарга 2017 оны 02 сарын 24-ны өдрийн А-71 тоот тушаалаар бүтцийн өөрчлөлт хийхдээ Барилга угсралт, ашиглалтын хэлтсийг татан буулгаж Барилгын хэлтсийг байгуулсан боловч орон тоонд өөрчлөлт ороогүй, зөвхөн нэрийг сольсон байна гэж шүүх үзэж, түүнийг Барилгын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоожээ.
Шүүхийн шийдвэрийн дагуу Ж.Ө нь барилгын хэлтсийн даргын ажилд тогтоогдох ёстой боловч шүүхийн шийдвэр гарснаас хойш УБТЗнь дахин бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А-439 дүгээр тушаалаар Барилгын хэлтсийг татан буулгаж, Барилга орон сууцны албыг шинээр байгуулсан, Барилга орон сууцны албаны бүтцэд барилга угсралт, ашиглалтын хэлтэс багтжээ.
Ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа гэсэн агуулгаар 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-368 дугаар тушаалаар Ж.Өыг Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргаар томилохдоо шүүхийн шийдвэрт заасан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаал гэж тодорхойлсон байна. Үүний дараа Ж.Өыг ажил тасалж, сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б-II-320 дугаар тушаалаар ажлаас халжээ.
Нэхэмжлэгч нь ажилд томилсон, ажлаас халсан дээрх тушаалыг хүчингүй болгуулж, Барилга орон сууцны албаны даргын ажилд тогтоогдох ёстой гэж үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Ажил олгогч ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэсэн бол ажилтан шүүхийн шийдвэрт заасан Барилгын хэлтсийн даргын албан тушаал нь шинээр бий болсон Барилга орон сууцны албаны даргын албан тушаал гэж маргаснаас үзэхэд хэлбэрийн хувьд шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэхийг маргасан шинжтэй боловч ажил олгогч ажилтныг ажилд авч, зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан тушаал гаргасан, уг тушаал нэхэмжлэлийн үндэслэл болсон байх тул нэхэмжлэлийг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцсэн гэж үзнэ.
Түүнээс гадна ажилд эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа хэдий ч эгүүлэн тогтоох “албан тушаал мөн эсэх”-ийг талууд маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нөхцөлд шүүх шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд шийдвэрийг биелүүлэх ёстой гэж үзснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэхгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх эрх зүйн алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх залруулсан нь үндэслэлтэй болжээ.
2.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон боловч ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасан үүргээ биелүүлээгүй гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, алдаатай дүгнэлтийг хийснийг залруулах боломжтой байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т “ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэх зохицуулалт зөвхөн энэ зүйлд буюу 36 дугаар зүйлийн 36.1.-д заасан ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авах ажил олгогчийн үүрэгтэй холбоотой. Шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А-439 дүгээр Бүтэц зохион байгуулалт, ажилтны тоог өөрчлөх, хэлтэс татан буулгах тухай тушаалаар Барилгын хэлтэс татан буугдаж, Барилга орон сууцны алба шинээр байгуулагдсан, ажил олгогч нэхэмжлэгчийг Барилга орон сууцны албаны харъяа нэгж, Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон байна.
Ажил олгогчийн зүгээс орон тоо хасагдаж цөөрсний улмаас уг албан тушаалд нэхэмжлэгчийг томилоогүй, ажилтныг ажилд эгүүлэн авах үүргээ тухайн орон тоо цомхотгогдсоноос болж биелүүлж чадахгүйд хүрсэн гэх нөхцөл байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасан зохицуулалт хэрэглэвэл зохих хэм хэмжээ биш юм.
3. Хэрэгт байгаа баримтаас үзвэл, Бүтэц зохион байгуулалт, ажилтны тоог өөрчлөх, хэлтэс татан буулгах тухай ажил олгогчийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А-439 дүгээр тушаалаар Барилгын хэлтсийн даргын албан тушаал Барилга орон сууцны албаны дарга болсон байх тул уг ажилд нэхэмжлэгчийг тогтоох үндэслэлтэй гэж үзнэ.
Үүнээс гадна хариуцагч нь байгууллагын бүтэц, зохион байгуулалтаа бүрэн эрхийн дагуу шийдвэрлэх эрхтэй боловч тухайн байгууллагын барилга, орон сууцны асуудлыг хариуцдаг нэгж, хэлтсийг удаа дараа өөрчилсөн үндэслэлээ хөдөлбөргүй нотлоогүй байв.
Өмнө байсан Барилгын хэлтсийн дарга, шинээр бий болсон Барилга орон сууцны албаны даргын эрх хэмжээ, харьяалах асуудал, бүрэн эрх, ажлын чиг үүрэг, цалин хөлс хоорондоо зарчмын ялгаагүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурлажээ.
Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх ба уг үнэлгээнд үндэслэн гаргасан дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Иймд магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1243 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА