Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2019/0121

 

      Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: “ЗТН” ОНӨААТҮГ-ын АҮЭХД Н.Т.

        Хариуцагч: ХУДЗДТГ

     Гуравдагч этгээд: “З*******” ОНӨААТҮГ болон тус газрын ажилтны  “Э*******” Үйлдвэрчний эвлэлийн хороо.

      Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын З******* ОНӨААТҮГ-ын “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн бүртгэл хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Э, нэхэмжлэгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “З******* ОНӨААТҮГ-т ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах З******* ОНӨААТҮГ-ын ажилтны нэгдсэн ҮЭХ, З******* ОНӨААТҮГ-ын автобусны 1-р баазын ажилтны ҮЭХ, З******* ОНӨААТҮГ-ын автобусны 2-р баазын ажилтны ҮЭХ, З******* ОНӨААТҮГ-ын автобусны 3-р баазын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хороо зэрэг 4 ҮЭХ үйл ажиллагаа явуулж байдаг. 2015 оны 8 сард Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 132 тоот тогтоолоор автобусны 1, 3 мөн ц******* гэсэн 3- н баазыг нэгтгэн нийлүүлж байгуулсан цагаас хойш 4 ҮЭХ-той болсон. Эдгээр ҮЭХороод гус тусдаа хамтын гэрээтэй, уг хамтын гэрээг мөрдөн ажиллаж байгаа.

        Гэтэл 4 ҮЭХ-дод мэдэгдэлгүй захиргааны санаачилгаар “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хороог шинээр байгуулж, 2017 оны 04 сарын 28-ны өдөр Хамтын гэрээ байгуулж, улмаар 2017 оны 07 сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар хууль бусаар бүртгэсэн байна.

          2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр З******* ОНӨААТҮГ-ын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооноос Хан-Уул дүүргийн хуулийн хэлтсийн тасгийн дарга н.Б*******д явуулсан 257 тоот албан бичгээр хууль бусаар ҮЭХ-г байгуулж, нийт ажилтны оролцоог хангаагүй хамтын гэрээ тул бүртгэхгүй байхыг мэдэгдсэн.

Манай энэхүү мэдэгдлийг хүлээн аваад Э******* ҮЭХ-д нийт ҮЭХ-дын оролцоог хангаж, хуулийн шаардлага хангаж хамтын гэрээгээ бүртгүүлнэ үү гэсэн албан бичгийг явуулсан байдаг. Гэтэл Хан-уул дүүргийн Засаг даргын тамгын газар энэхүү албан бичгийнхээ хариуг шаардахгүйгээр, хууль бусаар, нууцаар бүртгэсэн байсан.

      Хан уул дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Э-д “яагаад бүртгэсэн талаар шаардлага тавихад” З******* ОНӨААТҮГ-ын захиргаа, Э******* ҮЭХ, а******* баазын ҮЭХ, а баазын ҮЭХ, ажилтны төлөөлөгчдийн мэдэгдэж, а******* баазын ҮЭХ, а баазын ҮЭХ, ажилтны төлөөлөгчдийн хамт хуралдаж, уг хамтын гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож /2017.09.14-ны өдрийн Хурлын тэмдэглэлийг хавсаргав/ гэж шийдвэрлээд, хуулийн хэлтсийн Б*******, О******* 2-оос хариуг аваарай гэсэн. Гэтэл хариуг авахаар очтол хамтын гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон биш дээрх хурлаар шийдвэрлэсэн шийдвэрийг өөрчлөөд 7 хоногийн хугацаатай харилцан ойлгоц гэсэн хариуг өгсөн.

       Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А-д хууль бусаар бүртгэсэн хамтын гэрээг хүчингүй болгож, хуйвалдан бүртгэсэн тамгын газрын дарга Б.Э-д арга хэмжээ тооцож өгөхийг шаардсан гомдол гаргасан. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А хууль бусаар бүртгэсэн хамтын гэрээг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлээгүй, харин 7 хоногийн хугацаатай харилцан ойлголцох чиглэл өгсөн нь буруу биш байна гэсэн хариуг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 08/530 тоотоор өгсөн. Бид хамтын гэрээг хүчингүй болгох талаар ярьж байхад тэд өөр хариуг албаар гуйвуулан өгсөн.

Ингээд уг хариуг аваад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 6737 дугаар, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 7230 дугаар шүүгчийн захирамжаар тус тус хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Уг захирамжаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш байна гэж татгалзсан.

Ингээд Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад мөн л Иргэний хэргийн шүүхийн асуудал биш бүртгэлийг асуудлыг захиргааны хэргийн шүүхэд ханд гэж 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 13288 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ингээд захиргааны хэргийн шүүхэд үүссэн байсан захиргааны хэрэгтээ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өгөхөд нэмэгдүүлсэн хүлээн авахаас татгалзсан. Ингээд хуульчаас зөвлөгөө авч хариуцагч нь Оюуны өмч. улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын хамтын гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх үндэслэлгүй, шинээр хариуцагчаа зөв тодорхойлон захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гарга гэж зөвлөсний дагуу дахин нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын З******* ОНӨААТҮГ-ын захиргаа, “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017-2018 онд хэрэгжүүлэх байгуулсан хамтын гэрээг хууль бусаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар дээрх хамтын гэрээг бүртгэхдээ талуудын оролцоог хангаагүй өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж. байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т “...түүнчлэн аж ахуйн нэгж. байгууллагад хэд хэдэн үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь гишүүдийнхээ тооны харьцааг үндэслэн нэгдсэн төлөөлөгчид томилж хэлэлцээ хийх болон хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад оролцоно", Үйлдвэрчний эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Тухайн байгууллагад хоёр, түүнээс дээш үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь тохиролцож, хамтарсан төлөөлөгчид томилон захиргаа, эзэдтэй хамтын нэг гэрээ байгуулна" гэж тус тус заасныг зөрчиж бүртгэсэн. 4 ҮЭХ-дод мэдэгдэлгүй, хууль зөрчиж байгуулсан байна гэдгийг мэдэгдсээр байхад бүртгэснээс болж нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангуулах эрх нь зөрчигдөж байна.

Хан уул дүүргийн Засаг даргын тамгын газрын бүртгэсэн З******* ОНӨААТҮГ-ын захиргаа, “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017-2018 онд хэрэгжүүлэх байгуулсан хамтын гэрээг хууль бусаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулж өгнө үү.

 З******* ОНӨААТҮГ-ын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын бүртгэсэн З******* ОНӨААТҮГ-ын захиргаа, “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017-2018 онд хэрэгжүүлэх байгуулсан хамтын гэрээг хууль бусаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт гуравдагч этгээдийн “Хөдөлмөрийн тухай хуулийн 14.5 дах заалтын дагуу 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон” гэх тайлбартаа танилцаад дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгааг хүлээн авна уу.

Хан уул дүүргийн Засаг даргын тамгын газрын бүртгэсэн З*******
ОНӨААТҮГ-ын захиргаа, “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017-2018 онд
хэрэгжүүлэх байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн
бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилж байна”  гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...З*******” ОНӨААТҮГ-т “З*******” ОНӨААТҮГ-ын “Ажилтны нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн хороо”, “З*******” ОНӨААТҮГ-ын “Автобусны 1 дүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, “З*******” ОНӨААТҮГ-ын “Автобусны 2 дугаар баазын үйлдвэрчний эвлэлийн хороо”, З*******” ОНӨААТҮГ-ын “Автобусны 3 дугаар баазын үйлдвэрчний эвлэлийн хороо” гэсэн 4 үйлдвэрчний эвлэлийн хороо үйл ажиллагаа явуулж байсан. Эдгээр дээр “З*******” ОНӨААТҮГ-ын “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хороог шинээр байгуулагдаж, нийт 5 үйлдвэрчний эвлэлийн хороо үйл ажиллагаа явуулах болсон.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 132 дугаар тогтоолоор “Автобус 1 дүгээр бааз”, “Автобус 3 дугаар бааз”, “Ц*******” ХХК-ийг нэгтгэснээс хойш ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулсан. “З*******” ОНӨААТҮГ-ын захиргааны санаачилгаар “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулж 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хамтын гэрээ байгуулсныг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 2017 оны 07 дугаар сарын 20-ны хууль бусаар бүртгэсэн.

2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “З*******” ОНӨААТҮГ-ын “Ажилтны нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн хороо”-ноос Хан-Уул дүүргийн  Хуулийн хэлтсийн тасгийн дарга н.Б*******д 257 тоот албан бичгээр хууль бус үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулж нийт ажилтны оролцоог хангаагүй хамтын гэрээг бүртгэхгүй байхыг мэдэгдсэн. “Эв  нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хороонд нийт үйлдвэрчний эвлэлийн хороодын оролцоог хангаж, хуулийн шаардлага хангасан хамтын гэрээг бүртгүүлнэ үү гэсэн албан бичгийг явуулсан. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг дарга энэхүү албан бичгийнхээ хариуг шаардахгүйгээр хууль бусаар “З*******” ОНӨААТҮГ болон “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн. Яагаад хууль бус хамтын гэрээг бүртгэсэн гэдгийг тодруулахад Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “З*******” ОНӨААТҮГ-ын захиргаа, “Эв  нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хороо, “Автобус 1 дүгээр бааз”-ын үйлдвэрчний эвлэлийн хороо, “Автобус 3 дугаар бааз-ын үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөгчдийн хамт хуралдаж уг хамтын гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэлийг хэрэгт хавсаргаж өгсөн.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга н.Б*******, тус хэлтсийн мэргэжилтэн Б.О******* нар дээрх хурлаар шийдвэрлэсэн шийдвэрийг өөрчилж 7 хоногийн хугацаатай харилцан ойлголцох чиглэл өгсөн. Хууль бус хамтын гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, тус гэрээг хуйвалдан бүртгэсэн н.Энхболдод хариуцлага тооцохыг шаардаж гомдол гаргасан. Гэвч Хан-Уул дүүргийн Засаг дарга хууль бусаар бүртгэсэн бүртгэлийн асуудлыг шийдвэрлээгүй, харин 7 хоногийн хугацаатай харилцан ойлголцох чиглэл өгсөн нь буруу биш байна гэсэн хариуг өгсөн. Бид хамтын гэрээг хүчингүй болгуулах талаар гомдол гаргаж байхад тэд албаар гуйвуулан өөр хариуг өгсөн. Ийм учраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 730 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг тус шүүхийн харьяаллын маргаан биш гэж үзэн хүлээн авахаас татгалзсан. Бид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад мөн Иргэний хэргийн шүүхийн харьяалах асуудал биш тул Захиргааны хэргийн шүүхэд ханд гээд хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд дахин нэхэмжлэлийн шаардлага гаргахад хүлээн авахаас татгалзсан.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын “З*******” ОНӨААТҮГ-ын захиргаа “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2017 оноос 2018 оны хооронд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч 1 жилийн хугацаатай байгуулсан хамтын гэрээ хүчингүй болсон гэж тайлбар өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...2017-2018 онд “З*******” ОНӨААТҮГ-ын захиргаа “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хороо хамтын гэрээ байгуулсан. Энэ хамтын гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг хамтын гэрээг байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт “Улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар, мэргэжлийн түвшинд, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагад хэд хэдэн үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь гишүүдийнхээ тооны харьцааг үндэслэн нэгдсэн төлөөлөгчид томилж хэлэлцээ хийх болон хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад оролцоно” гэж заасан. “З*******” ОНӨААТҮГ-т 5 үйлдвэрчний эвлэл үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдоно. “Ажилтны нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн хороо”, “Автобусны 1 дүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хороо”, “Автобусны 2 дугаар баазын үйлдвэрчний эвлэлийн хороо”, “Автобусны 3 дугаар баазын үйлдвэрчний  хороон”-д мэдэгдэхгүйгээр зөвхөн ажил олгогчийн санаачилгаар “Эв  нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хороотой дангаар нь хамтын гэрээг байгуулсан. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт заасныг зөрчсөнийг мэдсээр байж хууль зөрчиж хамтын гэрээг бүртгэсэн.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хамтын гэрээ нь хугацаагаараа хүчингүй болсон тул бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Xөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлд Засаг даргын Тамгын газар талуудын байгуулсан Хамтын гэрээ, хэлэлцээр ажилтны эрхийн байдлыг хууль, тогтоомжид зааснаас дордуулсан зохицуулалт байгаа эсэхийг хянан бүртгэхээр зохицуулсан.

2018 оны “З*******” ОНӨААТҮГ-ын захиргаа, ажилтны “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулан бүртгүүлсэн хамтын гэрээг тус үйлдвэрийн, газрын бусад үйлдвэрчний эвлэлийн хороод хууль зөрчиж байгуулсан гэж үзэн маргаж 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Засаг даргын Тамгын газарт “З*******” ОНӨААТҮГ-ын захиргаа, ажилтны “Э*******”, “З*******’ үйлдвэрчний эвлэлийн хороодын төлөөлөгчдийг оролцуулан уулзалт зохион байгуулж 7 хоногийн хугацаатай харилцан ойлголцох чиглэл өгсөн.

“З*******” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн талууд харилцан ойлголцолд хүрээгүй тул ‘З*******” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооноос Засаг даргад хандаж 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хамтын гэрээний бүртгэлийг хүчингүй болгох талаар шаардлага ирүүлснийг Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 08/530 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн.

Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч “З*******” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

 Дүүргийн Засаг даргын Тамгын газар Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар “З*******” ОНӨААТҮГ-ыг захиргаа, өөрийн байгууллагын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээ, хэлцэл ажилтны эрхийн байдлыг хууль, тогтоомжид зааснаас дордуулсан зохицуулалт байгаа эсэхийг хянан бүртгэхийг зохицуулсан.

Өөрөөр хэлбэл Засаг даргын Тамгын газар талуудын байгуулсан гэрээний нөхцөлийг хянахаас биш гэрээний талуудыг тодорхойлж хөндлөнгөөс оролцохыг хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д хориглосон байдаг.

Мөн тухайн байгууллагын ажилчид Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-т заасны дагуу хамтын гэрээ хууль, тогтоомжид нийцээгүй гэж үзвэл түүнийг биелүүлэх байхаар зохицуулсан байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийг иш татаж тайлбараа гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд талуудыг хамтын гэрээ байгуулах талаар зохицуулсан. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлээр хамтын гэрээ хэлэлцээрийг бүртгэх асуудлыг зохицуулсан бөгөөд хуулийн энэхүү зохицуулалт нь хариуцагчид хамааралтай юм.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар байгуулсан хамтын гэрээг бүртгэх үүрэгтэй. Нэхэмжлэгч тал хамтын гэрээтэй холбогдуулж мараагүй. Хууль бус байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн нь хууль бус гэж маргаж байгаа. Хамтын гэрээг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаагүй бөгөөд дээрх хамтын гэрээг хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хамтын гэрээг үйлчлэлийн хугацаагаараа хүчингүй болсон гэдэг. Гэрээ хугацаагаараа хүчингүй болсон болохоор хамтын гэрээг хууль бус болохыг тогтоогоогүй. Хамтын гэрээг хууль бус болохыг тогтоогоогүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан хариуцагчийн бүртгэсэн асуудал хууль бус болохгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжүүлэх явцад төрийн ба төрийн бус, шашны байгууллага, улс төрийн нам, иргэн, албан тушаалтны зүгээс талуудын хууль ёсны эрхийг хязгаарлах буюу эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж заасан. Хамтын гэрээ эрх зүйн актын хувьд заасан хугацаандаа үйлчлээд хүчингүй болсон. Байгуулсан хамтын гэрээтэй маргаагүй байж бүртгэлтэй холбоотой маргах нь үндэслэлгүй. Хамтын гэрээ нь хууль бус болж байж бүртгэл хууль бус болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Гуравдагч этгээд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.А******* болон Хөдөлмөрийн хуулийн  3.1.7.“ажилтны төлөөлөгчид” гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдийг гэж заасны дагуу 28 ажилтны  төлөөлөгчдийн хамт “ З*******” ОНӨААТҮГ-ын захиргааны 3.1.6-т “ажил олгогчийн төлөөлөгчид” гэж аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, ажил олгогчоос эрх олгосон этгээд буюу дүрэмдээ ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн байгууллагыг гэж заасны дагуу 29 төлөөлөгчидтэйгээр тэнцүү тоотойгоор “Хамтын гэрээ” байгуулж хуульд заасны дагуу 2017 оным07 дугаар сарын 20-ны өдөр №23 тоот бүртгэлээр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгэгдсэн.

            Уг хамтын гэрээг байгуулахдаа Хөдөлмөрийн хуулийн 14.5 дах заалтын дагуу
1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд 2018 оны 07дугаар сарын 20-ны өдөр
дуусгавар болсон тул нэхэмжлэгч Н.Т*******ын нэхэмжпэлийн шаардлага хүчин
төгөлдөр бус болсон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            Тус нэгтгэл нь НИТТ-ын 2014 оны 132 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан бөгөөд “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хороо нь үйл ажиллагаагаа сэргээн ажилчдын эрх ашгийг хамгаалан ажилласаар ирсэн бөгөөд гурван баазын ажилчдын төлөөллийг оролцуулан 2017-2018 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан.

Хамтын гэрээг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуульд  зааснаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлсэн.

Уг гэрээний 1.2 дахь хэсэгт гэрээний үйлчлэлийн хугацааг бүртгүүлснээс хойш 1 жил байхаар заасан бөгөөд өнөөдрийн байдлаар гэрээний хүчин төгөлдөр хугацаа дууссан болно.

Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******  шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Манай байгууллага Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 132 тоот тогтоолоор үүсгэн байгуулагдсан. “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хороо нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг гэнэт байгуулагдсан үйлдвэрчний эвлэлийн хороо биш. Тухайн үед байгуулагдсан байж байгаад үйл ажиллагаагаа сэргээгээд 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1230 гаруй ажилчдыг хамруулан хурлаа хийсэн. 2017 оноос 2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан. Уг гэрээг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлсэн бөгөөд уг гэрээ нь энэ өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн. Өнөөдрийн байдлаар гэрээний хүчин төгөлдөр хугацаа дууссан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан ч 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр татан авсныг тус шүүхийн шүүгчийн захирамжаар баталсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хөөн хэлэлцэх хугацааг анхаарч үзнэ үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч З******* Олон нийтийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Н.Т Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын З******* ОНӨААТҮГ-ын “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн бүртгэл хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйл ажиллагааг эрхлэгч “А*******”, “А”, “Ц*******” ХХК-иудыг нэгтгэн Нийслэлийн Засаг даргын захирамжаар “З*******” олон нийтийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар(ЗТНОНӨААТҮГ)-ыг байгуулжээ.

Энэхүү үйлдвэрийн газарт харьяалагддаг ажилчдын эрх ашгийг хамгаалж үйл ажиллагаа явуулдаг бааз тус бүрийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос гадна эдгээр 3 баазын Үйлдвэрчний эвлэлийн хороог нэгтгэсэн “Ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо”, “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хороод тус тус байгуулагдан үйл ажиллагаа явуулдаг байна.

Нэхэмжлэгч З******* Олон нийтийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Н.Т-аас Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газар ЗТНОНӨААТҮГ-ын захиргаа “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг хууль бусаар бүртгэж “Ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо”-ны эрхийг зөрчсөн гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог;” ойлгоно, 15 дугаар зүйлийн 15.1-д “Ажил олгогч нь өөрийн оршин байгаа нутаг дэвсгэрийн сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт хамтын гэрээг түүнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 10 хоногийн дотор бүртгүүлэхээр хүргүүлнэ.”, 10.5-д “Энэ зүйлд заасан бүртгэх эрх бүхий этгээд нь хамтын гэрээ, хэлэлцээрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянаж, хууль тогтоомжид нийцэж байвал түүнийг бүртгэх бөгөөд хэрэв нийцэхгүй бол бүртгэхээс татгалзана.”, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй.”,4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдвэрчний эвлэлүүд нь мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан чөлөөтэй явуулна.” гэж тус тус зохицуулжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ЗТНОНӨААТҮГазрын захиргаа “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн үйл баримт хууль бус байсан эсэхийг хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд тухайн хамтын гэрээ хууль тогтоомжид нийцэж байсан эсэхэд дүгнэлт өгөөгүй  болно.

У******* нь ажил олгогч ажилтны хооронд байгуулагддаг хамтын гэрээ хуульд нийцсэн эсэх асуудал нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэж дүгнэлт өгөх  маргаанд хамаарахгүй байна.

Харин ЗТНОНӨААТҮГ-ын “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хороо байгууллагын захиргааны хооронд байгуулсан 2017-2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг хариуцагч Хан-уул дүүргийн Засаг даргын тамгын газар хууль тогтоомжид нийцсэн гэж үзэж бүртгэсэн бүртгэлийг хууль зөрчиж нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн гэж үзэхээргүй байна гэж дүгнэв.

У******* нь хамтын гэрээг ажил олгогч, ажилтны төлөөлөл үйлдвэрчний эвлэлийн хороотой тохиролцож байгуулах, харин нэгэнт тохиролцоонд хүрч байгуулан бүртгүүлэхээр ирүүлсэн хамтын гэрээг бүртгэх үүрэг нь дүүргийн Засаг даргын тамгын газарт хуулиар олгогдсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагын захиргаа (ажил олгогч) “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хорооны байгуулсан хамтын гэрээг хууль тогтоомжид нийцсэн гэж үзсэн бүртгэх байгууллагын шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгчийн хамтын гэрээг нууцаар бүртгэсэн, тус хамтын гэрээг хүчингүй  болгуулах хүсэлтэд хариуцагч албаар гуйвуулж өөр агуулгатай хариу  өгсөн, энэ хамтын гэрээ ажилчдын эрх ашгийг хамгаалж үйлчилж байсан өмнөх гэрээний нөхцөлийг дордуулсан гэрээ байхад бүртгэсэн гэх шаардлагуудыг хүлээн авах боломжгүй.

У******* нь дүүргийн Засаг даргын тамгын газар ЗТНОНӨААТҮГ-ын бүртгүүлэхээр ирүүлсэн “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран хэрэгжүүлэхээр байгуулсан гэрээний талаар бусад үйлдвэрчний эвлэлийн хорооноос маргаан үүсгэсэн тул эвлэрүүлэх үүднээс талуудын оролцоог хангаж зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан бөгөөд хамтын гэрээг бүртгэхдээ өөр этгээдэд мэдэгдэх талаар үүрэг хүлээгээгүй байна.

Түүнчлэн хариуцагчаас тухайн онд хэрэгжүүлэх хамтын гэрээний талаар 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр маргалдаж байгаа талуудыг оролцуулан уулзалт зохион байгуулсан бөгөөд уг уулзалтаас “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хороо, байгууллагын захиргааны хооронд байгуулсан хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан талаар ямар нэг шийдвэр гараагүй байна.

Тус уулзалтын талаар нэхэмжлэгч өөрийн гар утсаар бичлэг хийсэн гэх тэмдэглэлийг цаасан дээр буулгаж хэрэгт нотлох баримтаар ирүүлснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл  болохгүй.” гэж заасны дагуу дүгнэлт өгөөгүй болно.

Нөгөө талаар хамтын гэрээ хүчин төгөлдөр мөн эсэх, өмнөх гэрээнээс нөхцлийн хувьд дордуулсан   эсэх талаар дүүргийн Засаг даргын тамгын газар дүгнэлт өгч шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш юм.

Энэ утгаараа хариуцагч дүүргийн Засаг даргын Тамгын газар дээрх хамтын гэрээг хуулийн хүрээнд хянаж хууль,тогтоомж зөрчөөгүй гэж үзэж бүртгэсэн гэх хариуцагчийн шийдвэр нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий хамтын гэрээг бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг буруутгахааргүй байна.

Харин дээрх асуудлаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсгэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч Н.Т “З******* ОНӨААТҮГ, түүний “Э*******” ҮЭХ-ны байгуулсан хамтын гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хэдий ч нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Т нэхэмжлэлээ татаж авсан тул тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/02825 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл хамтын гэрээг хууль тогтоомж зөрчсөн эсэх талаар дүгнэж шийдвэрлэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад уг хамтын гэрээг бүртгэсэн бүртгэл хууль бус байсан гэж дүгнэх хууль зүйн боломжгүй бөгөөд хамтын гэрээ хууль тогтоомж зөрчсөн, өмнөх гэрээний нөхцөлөөс дордуулж ажилчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх эрх зүйн үр дагавраас шалтгаалж уг хамтын гэрээний бүртгэл хийгдэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр   Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын З******* ОНӨААТҮГ-ын “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн бүртгэл хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 15 дугаар зүйлийн 15.1, 15.4, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын З******* ОНӨААТҮГ-ын “Э*******” үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн бүртгэл хууль бус байсан болохыг тогтоолгох З******* Олон нийтийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Н.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.           

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.НАСАНДЭЛГЭР