Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2017/02250

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,.............. дүүрэг, ........р хороо, .... плаза...... тоот хаягт байрлах Г ХХК /РД:............./-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, ........р дүүрэг, .....р хороо,....... А блок 4 давхар 404 тоот хаягт байрлах Х  ХХК /РД:........../-д холбогдох

383.820.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т......, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д.......... нар оролцов.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г ХХК нь 2016 оны 12 сарын 22-ны өдрөөс Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах Саус гоби сэндс компанийн нүүрсний уурхайд Хово 371 дамп маркийн 2924 ТТА улсын дугаартай №131, 2923 ТТА улсын дугаартай №132, 0401 ТТА улсын дугаартай №133, 0203 ТТА улсын дугаартай №134, 0400 ТТА улсын дугаартай №135 дугаартай 5 ширхэг машиныг нүүрсний хөрс хуулалтын ажилд 12 сарын хугацаатай түрээслүүлэхээр Х  ХХК- тай 2016/12.01 тоот “Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ” байгуулсан. Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.5-д, 6.1.6-д “Түрээслэгч түрээсийн төлбөр болон бусад төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, биелүүлээгүй тохиолдолд тоног төхөөрөмжийн ажиллагааг зогсоож, тоног төхөөрөмжийг буцаан татах эрхтэй, Түрээслэгч гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээг цуцалж, тоног төхөөрмжийг үл маргах журмаар буцаан авах эрхтэй” гэж зааснаар түрээслэгч тал болох Х  ХХК нь гэрээгээр ажилласан техникийн түрээсийн төлбөр болон барьцааны төлбөрийг хугацаандаа төлөөгүй учир түрээслүүлэгч тал болох Груван тамга ХХЗ нь гэрээнээс татгалзаж, гэрээг дуусгавар болгон 2017 оны 2 сарын 24-ний өдөр тоног төхөөрөмжөө эргүүлэн татсан болно. Эхний сарын төлбөр 2016 оны 12 дугаар 24-ний өдрөөс 2017 оны 1 сарын 24-ний өдөр хүртэл түрээсийн төлбөрт эхний сарын түрээсийн төлбөрөөс урьдчилгаа 10.000.000 төгрөгийг хасч, 0400 ТТА улсын дугаартай №135 машин засвартай байсан ба /машины сэлбэг бэлэн байсан, хоног алдаж засварын хэлтэсээс зөвшөөрөл авч өгөөгүй удсан/ 18 хоног алдаж засвартай байсныг 21.600.000 төгрөгийг хасч, 0203 ТТА улсын дугаартай №134 машин засвартай 2.5 хоногийн 2.900.000 төгрөгийг тус тус эхний сарын түрээсийн төлбөрөөс хасч 145.500.000 төгрөгийг нэхэмжилсэн болно. Хоёр дахь сарын төлбөр 2017 оны 1 сарын 25-ны өдрөөс 2017 оны 2 сарын 24-ний өдөр хүртэл төлбөр 180.000.000 төгрөг. Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.3-т зааснаар түрээсийн хугацаанд түрээсийн сарын үндсэн төлбөрөөс гадна илүү цагаар ашигласны төлбөр, эсхүл хугацаандаа төлөөгүйгээс алданги тооцогдсон бол түрээслэгч нь нэхэмжлэхэд заасны дагуу тэдгээр төлбөрийг түрээсийн үндсэн төлбөр дээр нэмж төлөх үүргийн дагуу 2017 оны 2 сарын 25-ны өдрөөс 2017 оны 6 сарын 13-ны өдөр хүртэл 108 хоногийн алданги төлбөр гарсан тул: Хоёр дахь сарын түрээсийн төлбөр 180.000.000 төгрөг, алданги 1 хоногийн 0.3 хувь, алданги тооцох хугацаа 108 хоног, 1 хоногийн алданги нь 540.000 төгрөг, 108 хоногийн алдангийн нийт дүн 58.320.000 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу эхний сарын төлбөр 145.500.000 төгрөг, хоёр дахь сарын төлбөр 180.000.000 төгрөг, 108 хоногийн апданги 58.320.000 төгрөг нийт төлбөр 383.820.000 төгрөгийг Х  ХХК-аас гаргуулж өгнө үү.” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус Х  ХХК-ийн Ерөнхий захирал Г.Т..........миний бие 2016 оны 12 сарын эхээр Баруун баян транс ХХК-ийн захирал Н.П......... тавьсан санал хүсэлтийн дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Саусгоби сэндс ХХК болон Баруун баян транс ХХК-ийн хооронд 2016 оны 12 сарын 7-ны өдрийн 808/928 тоот гэрээг үндэслэн Баруун баян транс ХХК-тай хөрс хуулалтын хамтран ажиллах гэрээ байгуулсан болно. Г ХХК-тай 2016 оны 12 сарын 1-ний өдөр машин механизмын түрээсийн гэрээ байгуулсан болно. Иймд Баруун баян транс ХХК-д ажлын гүйцэтгэлийн мөнгө болох төлбөрийг Саусгоби сэндс ХХК-аас удаа дараа шилжүүлсэн боловч манай байгууллагад ажлын гүйцэтгэлийн төлбөр өдийг болтол нэг төгрөг ч төлөөгүй. Манай байгууллагын санхүүгийн байдал маш хүнд байгаа учраас Г ХХК-ийн түрээсийн төлбөрийг гэрээнд заагдсан эрх үүргийн дагуу төлж барагдуулаагүй нь үнэн. Манай байгууллага нь Баруун баян транс ХХК-ийг залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр улсын мөрдөн байцаах албанд шалгуулахаар 2017 оны 7 сарын 6-ны өдөр гомдол өгсөн. Манай байгууллага санхүүгийн хувьд хүндрэлтэй байна. Г ХХК-ийн ажлын хийсэн гүйцэтгэлээр нь 145.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Х  ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 383.820.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг 145.500.000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 100 дугаар зүлийн 100.3 дахь заалтад “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хэргийг  хянан шийдвэрлэнэ” гэж заасан, нэхэмжлэгч тал хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г ХХК болон хариуцагч Х  ХХК нарын хооронд 2016 оны 12 сарын 22-ны өдөр “Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ” нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Г ХХК нь Хово 371 дамп  маркын тээврийн хэрэгслийг  сарын 36.000.000 төгрөгөөр, нэг тээврийн хэрэгсэл нь хоногт 21.5 хүн/цаг ажиллах нөхцөлтэй, сард ажлын үргэлжлэх хугацаа нь 28 хоног/дамп байхаар Х  ХХК-д түрээслүүлэх, Х  ХХК нь гэрээнд заасан төлбөрийг Г ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Талуудын хооронд үүссэн харилцааны талаар шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тодруулахад Г ХХК нь Х  ХХК-тай гэрээ байгуулан өөрийн Хово 371 дамп  маркын 5 ширхэг тээврийн хэрэгслийг 10 жолооч, 1 механик, 1 засварчны хамтаар Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах нүүрсний уурхайд 2016 оны 12 сарын 24-ний өдрөөс 2017 оны 1 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нүүрсний хөрс хуулалтын ажилд ажиллуулсан гэж тайлбарлаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь “Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ” нэртэй байх боловч талуудын хооронд үүссэн харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан, Г ХХК нь өөрийн тээврийн хэрэгсэл болон  жолооч, механик, засварчны хөдөлмөрийн үр дүнгээр хөрс хуулалтын ажил гүйцэтгэх, Х  ХХК нь хэлэлцэн тохиролцсон хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Г ХХК болон Х  ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 343.1 дахь заалтад зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 12 сарын 24-ний өдрөөс 2017 оны 1 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нүүрсний хөрс хуулалтын ажилд өөрийн тээврийн хэрэгсэл болон жолооч, механик, засварчныг ажиллуулсан гэдэгт болон энэ хугацааны төлбөр 145.500.000 төгрөг болсон гэж нэхэмжилсэнтэй хариуцагч маргаагүй бөгөөд шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Г ХХК-ийн ажлын хийсэн гүйцэтгэлээр 145.500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбар гаргасан тул нэхэмжлэгчийг 2016 оны 12 сарын 24-ний өдрөөс 2017 оны 1 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 145.500.000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзэх ба гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 145.500.000 төгрөгийг Х  ХХК нь Г ХХК-д төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч өөрийн тээврийн хэрэгсэл болон жолооч, механик, засварчныг 2017 оны 1 сарын 24-ний өдрөөс хойш нүүрсний хөрс хуулалтын ажилд ажиллуулаагүй, 2017 оны 2 сарын 24-ний өдөр буцаан татсан гэх боловч 2017 оны 1 сарын 24-ний өдрөөс 2017 оны 2 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрт 180 000 000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба үндэслэлийг шүүх хуралдаанд тодруулахад хэрэв хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлсэн байсан бол гэрээ цуцлагдахгүй байсан бөгөөд хариуцагчтай гэрээ байгуулаагүй байсан бол өөр газарт ажил гүйцэтгэж энэ хэмжээний буюу 180.000.000 төгрөгийн орлогыг олох байсан гэх үндэслэлээр нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтад “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан хэдий ч нэхэмжлэгчид 2017 оны 1 сарын 24-ний өдрөөс 2017 оны 2 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 180.000.000 төгрөгийн орлого зайлшгүй орох байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 58.320.000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.3 дахь заалтад “Түрээсийн хугацаанд түрээсийн сарын үндсэн төлбөрөөс гадна илүү цагаар ашигласны төлбөр, эсхүл хугацаандаа төлөөгүйгээс алданги тооцогдсон бол түрээслэгч нь нэхэмжлэхэд заасны дагуу тэдгээр төлбөрийг түрээсийн үндсэн төлбөр дээр нэмж төлөх үүрэг хүлээнэ” гэж заасан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд алдангийг зайлшгүй олох байсан орлого буюу 180.000.000 төгрөгийн шаардлагад хоногт 0.3 хувиар тооцож,  58.320.000 төгрөгийн алданги нэхэмжилсэн, гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 145.500.000 төгрөгөөс алданги тооцож нэхэмжлээгүй гэж тайлбарласан, гэрээнд хоногт тооцох алдангийн хувь хэмжээний талаар талууд тохиролцоогүй, мөн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бус олох байсан орлого буюу хохирол гэж үзэж буй мөнгөн дүнгээс тооцож нэхэмжилсэн, нэхэмжлэгч 2017 оны 1 сарын 24-ний өдрөөс 2017 оны 2 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 180.000.000 төгрөгийн орлого зайлшгүй олох байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн алдангид нэхэмжилсэн 58.320.000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Х  ХХК-аас 145.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 238.320.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Х  ХХК-аас 145.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 238.320.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 6 сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 2.077.050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х  ХХК-аас 885.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч Х  ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УУГАНБАЯР