Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/02295

 

Г т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02250 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г т ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х г г ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэг, алдангид 383 820 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г т ХХК нь 2016 оны 12 сарын 22-ны өдрөөс Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах Саус гоби сэндс компанийн нүүрсний уурхайд Хово 371 дамп маркийн 5 ширхэг машиныг нүүрсний хөрс хуулалтын ажилд 12 сарын хугацаатай түрээслүүлэхээр Хүннү голомт групп ХХК- тай 2016/12.01 тоот Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулсан.

 Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.5-д, 6.1.6-д Түрээслэгч түрээсийн төлбөр болон бусад төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, биелүүлээгүй тохиолдолд тоног төхөөрөмжийн ажиллагааг зогсоож, тоног төхөөрөмжийг буцаан татах эрхтэй, түрээслэгч гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээг цуцалж, тоног төхөөрмжийг үл маргах журмаар буцаан авах эрхтэй гэж ан. Түрээслэгч түрээсийн төлбөр болон барьцааны төлбөрийг хугацаандаа төлөөгүй учир түрээслүүлэгч тал болох Гурван тамга ХХК нь гэрээнээс татгалзаж, гэрээг дуусгавар болгон 2017 оны 02 сарын 24-ний өдөр тоног төхөөрөмжөө эргүүлэн татсан.

 Эхний сарын төлбөрийн тооцоо:  2016 оны 12 дугаар 24-ний өдрөөс 2017 оны 01 сарын 24-ний өдөр хүртэл  урьдчилгаа 10 000 000 төгрөгийг хасч, 0400 ТТА улсын дугаартай №135 машин засвартай, 18 хоног алдаж засвартай байсны 21 600 000 төгрөгийг хасч, 0203 ТТА улсын дугаартай №134 машин засвартай 2,5 хоногийн 2 900 000 төгрөгийг тус тус  суутган тооцож,  145 500 000 төгрөгийг нэхэмжилсэн.  Хоёр дахь сарын төлбөр 2017 оны 01 сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 сарын 24-ний өдөр хүртэл төлбөр 180 000 000 төгрөг. Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.3-т зааснаар түрээсийн хугацаанд түрээсийн сарын үндсэн төлбөрөөс гадна илүү цагаар ашигласны төлбөр, эсхүл хугацаандаа төлөөгүйгээс алданги тооцогдсон бол түрээслэгч нь тэдгээр төлбөрийг түрээсийн үндсэн төлбөр дээр нэмж төлөх үүргийн дагуу 2017 оны 2 сарын 25-ны өдрөөс 2017 оны 6 сарын 13-ны өдөр хүртэл 108 хоногийн алданги тттоцож байна.  Хоёр дахь сарын түрээсийн төлбөр 180 000 000 төгрөг, алданги 1 хоногийн 0,3 хувь, алданги тооцох хугацаа 108 хоног, 1 хоногийн алданги нь 540 000 төгрөг, 108 хоногийн алдангийн нийт дүн 58 320 000 төгрөгийг нэхэмжилж байна. Эхний сарын төлбөр 145 500 000 төгрөг, хоёр дахь сарын төлбөр 180 000 000 төгрөг, 108 хоногийн апданги 58 320 000 төгрөг нийт төлбөр 383 820 000 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х г г ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Манай компани нь 2016 оны 12 сарын эхээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Саусгоби сэндс ХХК болон Баруун баян транс ХХК-ийн хооронд 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 808/928 тоот гэрээг үндэслэн Баруун баян транс ХХК-тай хөрс хуулалтын хамтран ажиллах гэрээ байгуулсан. Г т ХХК-тай 2016 оны 12 сарын 01-ний өдөр машин механизмын түрээсийн гэрээ байгуулсан. Баруун баян транс ХХК-д ажлын гүйцэтгэлийн мөнгө болох төлбөрийг Саусгоби сэндс ХХК-аас удаа дараа шилжүүлсэн боловч манай байгууллагад ажлын гүйцэтгэлийн төлбөр өдийг болтол төлөөгүй. Манай байгууллагын санхүүгийн байдал хүнд байгаа учраас Гурван тамга ХХК-ийн түрээсийн төлбөрийг гэрээнд заагдсан үүргийн дагуу төлж барагдуулаагүй нь үнэн. Манайх Баруун баян транс ХХК-ийг залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр улсын мөрдөн байцаах албанд шалгуулахаар 2017 оны 7 сарын 06-ны өдөр гомдол өгсөн. Гурван тамга ХХК-ийн ажлын хийсэн гүйцэтгэлээр нь 145 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Х г г ХХК-аас 145.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г т ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 238 320 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 6 сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 2 077 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х г г ХХК-иас 885 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2016/12-01 тоот гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ биш, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ юм. Шүүгч нэхэмжлэгчийн төлөөлөгч надаас тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэх мэтээр хөтлөх асуултууд асууж, ажил гүйцэтгэх гэрээ гэж үнэлснийг зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх манай компанийн 2017 оны 01 сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 сарын 24-ний өдөр хүртэл түрээсийн төлбөр 180 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Түрээслэгч гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлаж, тоног төхөөрөмжийг үл маргах журмаар буцаан авах эрхтэй. Түрээсийн төлбөр болон барьцаа төлбөрийг хугацаандаа төлөөгүй, хөрс хуулалтын талбай дээр ажил зогсоод 1 cap болоход түрээслэгч тал утсаа салгаад ор мөргүй алга болсон учир "түрээслүүлэгч" тал болох г та ХХК нь 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гэрээг цуцлаж, тоног төхөөрөмжөө эргүүлэн татсан. 2 дахь сарын түрээсийн төлбөрийн тухайд 1 сарын ажил хийгдээгүй ба түрээслэгч "Х г г" ХХК нь ямар нэгэн хэл чимээ, бичгээр мэдэгдэл өгөөгүй алга болсон тул манай компани 1 сарын хугацаанд холбогдох болов уу гэж хүлээсэн. 1 cap ажлын талбайд хүлээж гэрээг цуцлахаар шийдэж хөрс хуулалтын талбайг орхиж машин техникээ эргүүлж татсан.  2 дахь сарын түрээсийн тапбөр 180 сая бол "Хүннү голомт групп" ХХК-иас заавал авах ёстой түрээсийн гэрээний төлбөр болно. Гэрээнд зааснаар 2017 оны 2 дугаар сарын 25 ны өдрөес 2017 оны 6 дугаар сарын 13 ны өдөр хүртэл 108 хоногийн алдангийн нийт дүн 58 320 000 төгрөгийг Гурван Тамга ХХК нь авах ёстой төлбөр.  Иймд 2 дах сарын түрээсийн төлбөр 180 000 000 төгрөг, алданги 58 320 000 төгрөг, нийт 238 320 000 төгрөгийг нэмж гаргуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч “Г т” ХХК нь хариуцагч “Х г г” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр, алдангид нийт 385 897 050 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 145 500 000 төгрөгийн түрээсийн төлбөрийн хэмжээнд зөвшөөрч,  үлдэх төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2016/12-01 тоот тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулагдаж, түрээслүүлэгч “Гурван тамга” ХХК нь хово 371 дамп маркийн 5 ширхэг тээврийн хэрэгслийг 1 бүрийг нь сарын 36 000 000 төгрөгөөр 12 сарын хугацаатайгаар түрээслүүлэх, түрээслэгч “Х г г” ХХК нь төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэрээ цуцлагдаж,түрээслэгч нь түрээсийн зүйлийн буцаан татан авчээ.

 

Талууд 5 ширхэг хово дамп маркийн хөрс хуулах машин 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байсан үйл баримтад, техник нэг бүрийг сарын 36 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсонд, эхний сарын түрээсийн төлбөрт барьцаа, засварын хугацааны төлбөр зэргийг суутган тооцож 145 000 000 төгрөг болсон зэрэг үйл баримтад тус тус  маргаагүй.

 

Харин хариуцагч “Х г г” ХХК нь дараагийн сарын буюу 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацааны төлбөр болох 180 000 000 төгрөг, алданги 58 320 000 төгрөг, нийт 238 320 000 төгрөг төлөх эсэхэд  маргаантай байна. Тэрээр сүүлийн сарын түрээсийн төлбөрийг төлөхгүй гэх шалтгаанаа  өөрийн харилцагч Баруун баян транс ХХК төлбөрөө хугацаандаа хийгээгүйтэй холбон тайларлаж байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэн, дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч “Гурван тамга” ХХК нь хариуцагч “Х г г” ХХК-ийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө буюу нэр бүхий тоног төхөөрөмжийг шилжүүлэх, хариуцагч “Х г г” ХХК нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөхөөр харилцан тохиролсон байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Иймд түрээслэгч буюу “Х г г” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс гэрээ цуцлагдсан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөр 180 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй болно. Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан анзыг нэхэмжлэгч шаардах эрхгүй юм. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт зааснаар өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлслөн авагч хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг хүлээн зөвшөөрсөн түрээсийн төлбөр 145 500 000 төгрөг, дараагийн сарын түрээсийн төлбөр 180 000 000 төгрөг, нийт 325 500 000 төгрөг гаргуулж, алданги 58 320 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод хуульд заасан журмын дагуу хувиарлан хариуцуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02250 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3” гэснийг “318 дугаар зүйлийн 318.1” гэж “145 500 000” гэснийг “325 500 000” гэж, “238 320 000” гэснийг “58 320 000” гэж, 2 дахь заалтын “885 450” гэснийг “1 785 450” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г т” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 349 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

                                                                     Ш.ОЮУНХАНД